Монголын нийт
газар нутгийн 80 хувь цасан бүрхүүлд автаж, цасны зузаан зарим газар хоёр метр хүрэн,
тэсвэрлэх аргагүй болоод байхад, тэсгим хүйтний эрч өдрөөс өдөрт чангаран, -50 хэм
хүрч хүн нь малтайгаа осгож үхсээр байхад төр засаг маань гялгар уутхан яриад байж
байх юм даа.
Ийм чиг харалган
төртэй байх гэж. Цас зуд, ханиад томуу, хүйтэн гээд гамшиггүй юм байхгүй, хэн хүнгүй
цөхрөлөө баран аврал эрж байхад очиж очиж гялгар уутны тухай шүү. Мөн таарч дээ.
Уншигч олон юуны тухай бичээд эхлэв гэдгийг мэдэж байгаа.
Хэдхэн хоногийн
өмнө УИХ-ын дэд дарга Г.Батхүү өрөөндөө Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар, Стандартчлал, хэмжил зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын
яамны холбогдох албан тушаалтнууд болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн
авч уулзсан.Тэнд Их хурлын гишүүдээс ч байлцсан. Эрхэм гишүүд саарал ордонд тэднийг
юуны учир дуудав, тэдэнд юу ярьж үүрэгдэв гэхээр ерөөсөө л өнөө алдарт гялгар уутныхаа
талаар. Бүр тодруулж хэлбэл, гялгар уутыг хэрэглээнээс гаргах тухай.
Өнгөрсөн оны зургадугаар
сард УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Э.Мөнх-Очир, Байгаль
орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Зарим нийллэг, хальсан уутны хэрэглээг
хязгаарлах тухай хуулийн төслийг өргөн бариадахсан.
Тэрхүү хуулийг нь Их хурал шууд ногоон гэрлээр дэмжиж, 2010 оны нэгдүгээр сарын
нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон билээ. Ингээд та бидний өргөнөөр хэрэглэдэг
хальс шиг нимгэн гялгар уутыг хилээр оруулахыг, дэлгүүр, үйлчилгээний байгууллагыг
хэрэглэхийг хориглож хууль зөрчвөл мөнгөн торгууль ногдуулахаар болсон юм. Мэдээж
хор уршгийг арилгахыг бодсон байх л даа.
Эрхэм гишүүд маань
“Энэхүү уутыг Хятадад хориглосон технилогиор нефтийн бүтээгдэхүүний хаягдлыг дахин
боловсруулж үйлдвэрлэдэг, 100 сая гялгар тор, нийлэг уутыг үйлдвэрлэхийн тулд
1.643.000 литр нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мөн ил задгай хаясан нийт хог хаягдлын
90 гаруй хувийг нийлэг уут эзэлдгээс гадна хөрсийг ихээр бохирдуулж, булчин задрах,
гэдэсний хижиг, цусан суулга, бруцеллёз зэрэг олон өвчин дэгдэх суурь болдог” гэж
тайлабарлаж байна лээ. Тийм юм байгаа биз. Гэхдээ энэ уутны тухай асуудал ерөөсөө
цагаа олоогүй л байгаа байхгүй юу. Ер нь тэгээд ад үзээд байгаа нимгэн хальсыг дэлхий
нийтээрээ хэрэглэхээ больсон биш дээ. Харин ч АНУ-аас аваад өндөр хөгжилтэй орнуудад
хүн бүр ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байгаа. Тэдний өдөр тутмын хэрэглээ гялгар уут
л байдаг шүү дээ.
Тэгэхээр үүний
цаана асар том бизнес явагдаж байгаа нь хэнд ч тодорхой . Хэнийх нь бизнес болоод
Их хурлын гишүүд минь ингэж улайран зүтгээд байна аа. Мэдээж нэгнийх нь шахааны
бизнес байж таараа. Тиймдээ л Гаалын ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Ганбаатар нарын төрийн албан хаагчдыг өрөөндөө
дуудан, нүүрийг нь улалзуулж, гөлөлзүүлж байхав дээ.
Тэрбум тэрбум
төгрөгийг өөрсөддөө хувиарилаад мантайтал инээгээд сууж байхаас өөр хийх ажил гэж
байна уу, эрхэм түшээд минь ээ. Хамгийн сүүлийн
үеийн мэдээг авахад эх орны баруун хязгаар Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Увс
аймгийн аймгийн Түргэн, Сагил сумдуудад байдал бүр гамшгийн хэмжээнд хүрч цасны
зузаан хоёр метр орчим байгаа дуулдана. Ялангуяа Ховдын Булганы Байтаг Богд, Алтайн
цаадах Бор цонжийн говь орчимд хичнээн ч метр цас уначихаад байгаа юм бэ дээ.
Хилээ манаж байгаа
хэдэн бор цэрэг морьтойгоо, заставтайгаа, тэр чигээрээ дасанд даруулчихаад амь наана,
там цаана байгааг саарал ордныхон эрх биш мэдэж л яваа байгаа даа, бурхан минь.
Энд гялгар уутхан яриад, хэн нэгнийхээ биенесийн төлөө ширэн нүүрлэчихсэн байгааг
нь харахад Монголд чухам юу болоод байгааг тэд мэдээгүй яваа юм шиг ээ. Эх орон,
ард түмнийхээ төлөө ганц хуруугаа ч болов хөдөлгөж үзээч ээ, 76 тэрбумтан минь.
Дандаа өөрсдийгөө бодож явдгаа болиоч, та хэдээс үнэндээ ичиж байна. Зовох цагт
нөхрийн чанар танигддаг гэдэг. Та хэд ард түмнээ тэтгэж гийгүүлдэггүй юм аа гэхэд бараг л амьсгал царцам
идэр есийн хүйтэнд цас, зуданд даруулчихаад аврал эрэн байхад нь нэг харж үзээч.
Хот, хөдөөгүй гамшиг нүүрлэчихсэн, хүн зон яая гэж байхад гялгар уут зэрэг нь яамай
л байна шүү, нөхөд минь.
Н.Гантулга