Ерэн таван настай эмгэн 15 жилийн хорих ял авсан. Элдэв магадлан, найраа майраа байх биш, ялаа гүйцээгээд гарахдаа тэрбээр 110 настай байх болно. Гэвч энэ эмээ ялаа гүйцэд эдэлж чадах болов уу. Хэрвээ ирэх өвөл хорихын байранд нь осгоод үхчихвэл яах бол гэх зэрэг олон асуудал байна.
Бодвол эмгэний 15 жилийг нь гүйцээлгүй авч явах гэсэн эрлэгийн элч нар сайнаа үзэхгүй байлгүй дээ. Манай шүүхийхэн нэгэнт шийдчихсэн хойно ял завшуулахгүй гэдгээ мэдэхтэйгээ байгаа биз. Монголын болд мэт хатуу, дээр нь бүхий л төрлийн хууль номд нэвтэрчихсэн шүүгч эрхмүүд энэ орчлонд хэнийг ч тэгж давраахгүй. Гэвч энд нэг юм байна. Хэдийгээр манай шүүхийнхэн хичнээн хуулийн дагуу гэж зүтгэсэн ч орчлонгийн жам тэдний үгээр явахгүй нь харамсалтай. Жам ёс манай хэдэн шүүгчидтэй шүүгчидгүй авахыгаа авч, өгөхийгөө өгөн өчүүхэн ч тасалдал үл гарган эргэлдэнэ гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэгээд хүний шүүхээс хэдийнээ холдон жам ёсны шүүхийн босгонд тулж очоод байгаа тэр хөгшинд 15 жилийн ял өгч байгаа нь хэн нэгнийг тохуурхаж байгаа тохуурхал уу. Аль эсвэл манай шүүгчид ийм хөлдүү өчүүхэн ч сэтгэлийн хөдөлгөөнгүй хуулийн “зомби” болчихсон юм уу. Эрхэм шүүгчид маань энэ эмгэнийг хэд насална гэж ял өгөөд байгаа юм бол.
Ер нь тэгээд хаван нь тулчихсан, даралт нь хоёр зуу гарчихсан энэ хөгшин ямар хэрэг тарьчихсан хэрэг вэ. Тэжээмэл хүүгээ чаатаар захиалга өгч хүмүүсээр алуулчихсан гэж байгаа. “Хашраагаад өг” гэж гуйсан ч цаад хэд нь хэтрүүлчихсэн хэмээн өчдөг. Тэгээд одоо захиалгаар хүн алуулсан хэрэгт унасан. Манай шүүх ч ийм л философиор шүүгээд байгаа.
Нийгэмд чавганцыг шийтгэж харагдуулахгүй бол хүн болгон захиалга өгч, хэдэн халтар төгрөгийн төлөө төрсөн эхээ ч нухчихаж чадах зэрлэгшсэн залуучууд сүйд хийнэ гэж үзээ биз. Тэгвэл энэ хэрэг яг жинхэнэдээ юу болсон юм бол. Монголчуудын амьдралд ийм юм тохиолддог уу хэмээн жаахан л бодоход амьдралд хаа сайгүй байдаг зүйл л болоод өнгөрсөн биз хэмээн төсөөлөгдөж байна.
Хөгшний өвгөн нэг “золбин юм”-ыг тэжээжээ. Өвгөнийг амьд байхад ч яахав бүх зүйл хэвийн л байж таарна. Өвгөний үгнээс гарахгүй, түлээг нь хөрөөдөж хагалаад л, усанд гүйгээд л. Өвгөн ч “төөрч төрсөн хүү минь” гэж хөөргөөд л. Харин өвгөн нь өнхрөөд өгсөн хойно л бүх юм номондоо орж эхэлсэн биз ээ. Нөгөө муу тэжээмэл нь архидаад л тэнээд арилаа биз.
Тэр чигтээ арилахгүй ээ бас эргэн ирж архины мөнгө нэхэж эмгэнийг тамлахаа мэдэлгүй яахав. Эмгэн ч бас зүгээр байхгүй, мэргэлж түрэглээд хөөрхөн бизнес хийдэг нөгөө архичин шаарыг бодвол л мөнгө төгрөгтэй. Тийм болохоор түүнээс салахгүй эргэлддэг байгаа л даа.
Сүүлдээ архинд донтоод эмгэнийг дээрэлхэх нь бүүр хэтрээд ирсэн л дээ, мэдээж. Тэгээд яваандаа энэ тэнэгийн гарт үхэх нь гэж эмгэн мэдээ биз. Тэр тэнэг нь ч өдийд амьд байсан бол бараг алчихсан ч байж мэднэ. Ийм л юм болоод өдөр бүр залуу хүүгийн гарын шүүс болоод эхэлбэл амьд хүн байна даа, амьд мэнд дээрээ салахын түүс болдог юм байгаа биз дээ. Тэгээд л хэдэн хүүхдийг гуйж байгаад эцээхэн шиг хашраагаад өгөөрэй хэмээн захиа биз. Зүгээр ч үгүй эхлээд хөлсөөр хүн зодуулна гэж захиалга өгсөн гэдгийн. Өнгөцхөн харахад яалт ч үгүй гэмт хэрэг үйлдсэн байна.
Үүнд таарсан шийтгэл ч бэлэн бичээтэй байгаа биз. Гэхдээ л ер гарчихсан чавганцад хорь шахуу жилийн шийтгэл оноож суугаа шүүгчийг харахад нэг л ердийн биш юм шиг санагдаад байх юм. Хоёр жил болохгүй шахуу настай шүү дээ гэж бодогддоггүй юм байх даа.
Хууль ер нь амьдралд нийцэж байх ёстой юу. Аль эсвэл амьдрал нь хуулиндаа нийцэж байх ёстой юу. Хууль зохиомол байх ёстой болов уу, амьдралаас ургуулж түүнийг бичих ёстой юм болов уу.
Бас нэг жишээ байна. Нэг сартай нялх хүүхэдтэй хүүхнийг гурван жил гаруй хугацаагаар хорихоор болжээ. Тэр ч уул нь хулгайч л хүүхэн юм билээ л дээ. Хулгай хийгээд улаан гардуулсан. Мөн урьд өмнө нь хулгайн хэргээр шийтгэгдэж байсан. Нэг ёсондоо давтан хэрэгтэй шоронгийнхны хэлээр “нахиур” хулгайч юм билээ.
Ийм хүнийг шийтгэхэд мэдээж хуулийн заалт бэлэн байгаа. Эрүүгийн хуулийн төдийн төдөөр гурван жилээр хорьж шийтгэсүгэй. Мэдээж хүүхдийг нь асран хамгаалах хүнтэй бол түүнд нь өгөх. Тийм хүн байхгүй бол улсын асрамжинд өгөхөөр хууль ном бэлээхэн байж л байгаа.
Гэхдээ л хүн гэдэг амьтныхаа хувьд нэг сартай нялх хүүхдийг харангадуулаад эхийг нь шоронд ачих бас л ердийн биш болоод явчихаж байгаа биз. Энэ бүхнийг яг хуулийн дагуу л гүйцэтгэж байгаа. Хуульд юу гэж заасан байна түүгээр шүүгчид шийдвэр гаргаж байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байна.
Дахиад хууль ер нь ямар байх ёстой юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Манай хууль бидний амьдралыг нэг л муухай харгис болгоод байх шиг санагдаад байх юм. Бид хуулийнхаа үзэл баримтлалыг өөрчлөх хэрэгтэй болсон бололтой.
Бидний мөрддөг эх газрын хуулиас англи саксоны хууль хамаагүй энэрэнгүй байдаг. Энэ хуулийг хар үгээр хэлэхэд тухайн гарсан хэрэгтэй адил хэргийг урьд өмнө нь яаж шийтгэж байсан байна. Тэр жишгээр л шийдвэр гаргачихдаг гэсэн. Энэ бол арай л хүнлэг шийдвэр гаргахад боломж олгодог. Шүүгч тухайн хэрэг дээр чөлөөтэй сэтгэж, зөвтгөх буруутгах гарцуудыг олж харахад ч амар байдаг болов уу.
Монголчуудын язгуурын зан чанар бол шударга шулууныг эрхэмлэдэг. Дээр нь хүнлэг байхыг шударгаас илүү үздэг ард түмэн. Төр засаг нийгэмд хэдий чинээ шударга хандана хүмүүс төдий чинээ л шударга шулуун болж байдаг.
Төр засаг цаазаар авах ялыг түдгэлзүүлэхэд хувь хүмүүсийн сэтгэлийн мухарт байдаг төрөөс айх айдас байхгүй болж чөлөөтэй амьдарч эхлэх шиг болдог. Юунд ч юм зориг ороод амьдрах урам сэргээд ирдэг юм билээ. Гэхдээ ингэлээ гээд хэн нэгэнд хонзон санаж байгаа хүнтэй би л лав тааралдаагүй байна.
Явж явж цаазын ялыг байлгах гээд улайраад байгаа хэсэг бүлэг хүмүүс
төрийн хүн айлгах зэвсэг нь алга болчихлоо
хэмээн харууссандаа л тэгж байгаа хэрэг юм. Төр
айлгаж биш хүндлүүлж удирддаг болох хэрэгтэй юм даа. Манай хууль маниусдаа
гологдоод байгааг та анзаарч байна уу.