“Амьдрал
гэдэг энэ бурхны найран дээр турж үхэх ухаангүйчүүд дэндүү хайран” гэж эртний нэгэн яруу найрагч хэлсэн байдаг. Үнэхээр амьдрал бол зүгээр л хүмүүн төрөлхтөнд зориулж бурхнаас дэглэж байгаа найр шиг санагдах удаа олон бий. Тэгвэл найран дээр зочноор ирчихээд турж үхэх нь бас ч гэж дэндүү харамсмаар хэрэг буюу.
Амьдрал ядуу байна гэж бид сүүлийн хорин жил ярилаа. Ингэж харамсан ярихаар баян болдогсон бол өдийд монголчууд дэлхий даахгүй баячууд болохсон. Даанч эвэр хошуулан ядуу хоосноо гайхах тусам бурхны дэглэсэн найран дээр турж үхэх гэгч нь тулаад байна. Өвөг дээдсээс үеийн үед хадгалан харамлаж бидэнд үлдээсэн энэ сайхан оронд ядуу зүдүүгээ гайхахаа одоо болимоор юм.
Арчаагүй ядуу зүдүү байгаагаа хөөрөлхөхөөсөө өмнө ямар оронд амьдарч байгаагаа эргээд нэг санах хэрэгтэй байна. За яахав цаг агаар хүйтэн л юм биз. Ганц улавч ганц агтавчтай амьдраад байж болохгүй хэцүү байна гэж гомдоллож болох л юм. Гэвч дулаан байсан ч, хүйтэн байсан ч өөрөө хоол олж идэхгүй бол адилхан л турж үхэх биз ээ. Тэгэхээр хүйтэн гэдэг бол заавал ядуу байх хүчин зүйл биш юм. Улаанбаатарын хонхорт утаатай нь үнэн. Гэхдээ хотоос гадагш ганц км явахад л тал нутгийн цэнгэг агаар сэнгэнэж агь гангийн анхилам үнэр таныг угтах болно. Энэ хязгаар хярхаггүй цэнхэр талд тавиад сая мал бэлчээрлэж байна. Тэгвэл бид дөнгөж гурван сая хүн амь хүрэхтэй үгүйтэй билээ. Ийм байж ядуу хоосноо гайхах хэрэг байна уу. Гэхдээ би энд заавал мал маллаж амьдар гэх гээгүй байна.
Хүн бүр мал маллаж амьдардаг байсан бол одоо хүн бүр уурхайчин болж амьдрах бүрэн боломж байгаа. Манай орон шиг ийм ашигт малтмалаар баялаг орон ер нь энэ дэлхийд өөр байна уу. Монгол орны газар нутгийн гучаад хувийг судалсан, далаад хувийг судалж амжаагүй байна. Тэгвэл тэр судлагдсан гучаад хувь нь манай орныг дэлхийн ашигт малтмалаар баялаг орнуудын эхний 15-д оруулж байна. Тэгэхээр үлдсэн далан хувиас юу гарах вэ. Юу ч үгүй хоосон байхгүй нь л мэдээж. Юм бүхэн байна гэсэн үг. Ийм оронд амьдарч байж ядуу хоосноо гайхацгаавал ёстой заяа нь гомдох байлгүй. Ямар ч байсан ойрын тавиад жил бид газар шороогоороо амьдрах ирээдүй байна.
Тэгэхээр бид уул уурхай гэдэг юмыг мэддэг болох хэрэгтэй. Мөн түүгээр амьдарч, дээр нь хөдөлмөрлөж сурах ёстой. Хүрз бариад амьдарч болж байна. Энэ нь уурхайчин болох гэсэн санаа л даа. Хөдөө сумуудаар дүүрэн нинжа язганаж байгаа нь үүний л нэг хэлбэр юм шүү дээ. Гэхдээ уурхайд ажиллана гэдэг нь юу гэж түүнтэй адил байх вэ. Нийгмийн даатгал төлж, цалин нь өндөр байх биз.
Мөн уурхай эзэмшиж болно. Энэ нь уурхайн эзэн байж босс болж амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Яагаад хаа дуртай газартаа хүрзээр гишгэхэд чулуун нүүрс гарч байдаг орны иргэд уурхайн эзэн болж болохгүй гэж. Бараг худалч хүнд сохор таамгаар хөрсийг нь хуулахад л дээд зэргийн илчлэгтэй нүүрс сул хэвтэж байгаа юм биш үү. Тэгвэл хэдүүлээ нийлээд нэг нь ахлаад л ухаж эхлээч дээ. Уурхай хийх нь бараг төмс тарихаас хялбар болчихсон гэдэг яриа үнэний ортой. Эзэн байх хүсэл зоригийг нь бид өөрсдөө дэмжиж сурах ёстой.
Уул уурхайгаар амьдрах хамгийн түгээмэл арга зам нь хувьцаа эзэмшиж, түүгээр арилжаа хийж амьдарч сурах хэрэгтэй болжээ. Үүнийг мал малладаг шигээ, хөгшин морины наймаа хийдэг шигээ сурч дадах хэрэгтэй байна. Бидний ярианы сэдэв уул уурхайн хувьцаа болж айлд ороод гарахдаа “Таван толгойн хувьцаа өсөх шинжтэй байна. Панз Лувсан ойрдоо энэ хувьцааг хамаад байдаг боллоо. Тэр мэдэж байгаа” хэмээн ярьцгаадаг болбол бид жинхэнэ ёсоор нь сурч зах зээлд орж байгаа нь тэр юм.
Мөн уурхай дагасан дагалдах ажил хийж барахааргүй их юм. Адаглаад л ажилчдын бээлий оёод зараад байхад л болоод явчих биш үү. Хоол хош унаа тээвэр, үйлчилгээ цэвэрлэгээ гэх зэрэг ажил мундахгүй их гарна. Үгүй ядахдаа л уул уурхайн чиглэлийн хэвлэл мэдээлэл хэд хэд байх шаардлага бий боллоо. Хийх гэвэл барагдахгүй их ажил биднийг хүлээж байна. Хуучин бол мал маллах, тариа тарих, төсвийн ажил хийхээс өөр юм олдохгүй байсан. Тэгвэл газрын диваажин болсон манай орны үүц задарч хаашаа л харна ажил хөдөлмөр биднийг хүлээж байна. Ийм их баялаг ийм их боломжтой оронд амьдарч байж ядуу хоосон, гутрал гунигийн талаар ярих нь өөрсдийгөө ичгүүрэй байдалд оруулж байна.
Одоо зүгээр хэн хаана ямар ажил хийж болохоор байна түүн рүү дайрцгаая. Өөрөө өөрсдөдөө боломж гаргаж өгцгөөе. Бид өөрсдийнхөө төлөө санаа тавихгүй бол өөр хэн бидний төлөө санаа тавина гэж.
Таван толгойн тийшээ нүүцгээе. Оюу толгойд бууж хашаа хатгая. Ухаа худагт дөхөж очъё. Олон овоотод нутаглая. Тавих гэж байгаа төмөр зам, тавьж байгаа засмал замыг нь бараадъя. Одоохондоо хүрз бариад зүтгэе ээ, хүмүүс ээ. Удаж төдөлгүй л техник бариад хөдөлмөрлөх болно.
Уул уурхайн гадна дотны эздэд захих ганц л юм энд бий. Монголчууд бид эх орондоо байгаа эрх чөлөөтэй хөдөлмөрчин ард түмэн шүү гэдгийг л хатуу санаж байх ёстой. Хаана дуртай газраа ажилд орох эрхтэй, эрхээ хамгаалуулах төртэй ийм л ард түмэн бид. Түүнээс энд тэндээс цагаачилж, оргож босож ирсэн, иргэний эрхгүй, идэх хоолоор ажилладаг хүмүүс бид биш билээ. Ийм ялгаа заагийг харж мэдэрч сурах нь хаа хаанаа хэрэгтэй. Бид ямар гадаадад хөлсөөр ажил хийж байгаа биш. Эхлээд монголчууд, дараа нь гадаадын хөлсний ажилчид.
За тэгээд “нөхдөө” бурхны дэглэн тавьж байгаа найр
ямар байна. Танд зөвхөн гараа хөдөлгөөд
л найрын тавагнаас идээ авч идэх л дутуу байгаа бус уу.