Categories
редакцийн-нийтлэл

Шинэ Монголын сэргэн мандалтын АНХНЫ НААДАМ

БОГДЫН ХУВЦАС

ЯМАР БАЙВ

 

Төрийн наадмаар Богд хаан ямар
хувцастай байна ард түмэн тэр жилдээ тийм өнгөтэй байдаг гэлцдэг ээ. Уг ойлголт
мэдээж Богдын үед байсан хэрэг шүү дээ. Өвгөд хөгшдийн ярианаас л  үүдэн дээрх тодорхойлолтыг хэлж байна. Ер нь
төр засгийг удирдан залж яваа эрхмийн наадмын гоёл ёс зүйн хувьд ч тэр, бэлгэ
дэмбэрэл талаасаа бодсон ч тэр ард иргэ­дийнхээ ахуй амьдралтай ямар нэгэн
байдлаар нягт холбогддог ажээ.

Богдын үед байсан тэрхүү уламжлал
энэ цаг үед ч хамаарч байгаа билээ. Үүний тод илрэл нь манай үе үеийн
Ерөнхийлөгч на­рын наадмаар гоёдог дээл, малгай юм. Төрийн наадмын нээлтийг
үзэж баясахаасаа илүү төрийн тэргүү­нийхээ дээл хувцас, малгай бүсийг сонжих
гэж нэг хэсэг нь Төв цэнгэл­дэхэд цугладаг. Тийм нэг бичиг­дээгүй хууль хэдийнэ
бий болжээ. Хэвлэл мэдээллийнхэн бол бүр ч гярхай харж, нарийн гэгч нь ажиг­лана
шүү дээ. Жаахан зохимжгүй санагдах аваас шүүмжлээд эхэлнэ. Ямар сайндаа Манжийн
амбаны малгай, урт шар дээл, алтан малгай, Сүбээдэй малгай гэсэн нэр хоч зүүж,
зарим нэг нь хааны сэнтийгээс буухдаа уг нэртэйгээ л үлдэж байхав.

Үнэндээ ч Богд нь (төрийн
тэргүүнээ ийн нэрийдэж байна) арван саяын алтан малгай чи­хэлдүүлж ард олон
арван юанийн ч үнэгүй, Эрээнээс бөөндөж ав­чир­сан нэг муу кепикээр гангарч бай­сан
цаг саяхан юм аа.

Тэр үед төр засгийн удирд­лагууд
нь ардчилал энэ тэр гэж ярьдаггүй, ардчилсан үзэлтэй хүмүүс ад болж байсан үе.
Мон­голын эдийн засаг, нэр хүнд элгээрээ хэвтчихсэн, манай улс дэлхийн хамгийн
ядуу орнуудын тоонд орж байлаа. Амьдрал ийм байхад Ерөнхийлөгч нь алтан малгай
толгой дээрээ тавьж, ард түмнээрээ тохуу хийгээд урт шар дээлтэй ёстой л нөгөө
Манжийн амбан шиг залардаг байлаа шүү дээ, бурхан минь.

Тэгвэл олон түүхт ой давхацсан
өнөө жилийн наадмыг нээсэн ардчилсан Ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай ямар
байв аа. Маш товчхоноор тайлбарлах юм бол энгийн байлаа. “Ерөнхийлөгч маань
ямар энгийн сайхан хараг­даж байна аа” гэх ард олны яриа­наас үүдээд нэгэн
тодорхойлолтыг хэлж болохоор. Тэр нь юу вэ гэхээр эгэл ардын Ерөнхийлөгчийн
гоёл хүртэл энгийн байдаг юм байна гэх ойлголт. Олон түүхт ой давхацсан ерэн жилийн
наадмын онцлог ерөөсөө л бүх зүйл энгийн хийгээд утга төгөлдөр байсанд оршиж
байна.

Өнөөдөр Монгол Улс дэлхийн баян
орнуудын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа. Газар доорхи ашигт малтмалын
баялгаараа тэр. Энэ бүгдээс харахаар Ерөнхий­лөгчөөсөө аваад хүн бүр сүржин
загнавал загнахаар л байгаа юм. Бараг л алтан малгай духдуулаад явж байхад
гайхахааргүй баян улс болсон биз дээ. Гэтэл тэгсэнгүй. Амьдрал энгийн байх
тусмаа сайхан гэдэг шиг ардчилсан Ерөн­хийлөгчийн наадмын гоёлоос аваад бүх
зүйл энгийн болдог байна шүү.

Ийнхүү ардчилсан төрийн тэр­гүүн
маань эгэл даруу хувцаслаж, төрт ёсныхоо наадмыг нээснээр Монголын ард түмэнд
амар амгалан амьдралын үүд хаалгыг нээж, цаашид юм бүхэн элбэг дэлбэг байж
өөдлөн өргөжих, дэвжин дээшлэхийн бэлгэ ерөө­лийг агууллаа. Үүний төлөө энгийн
бид баярлахаас өөр яах билээ дээ.

СЭРГЭН МАНДАЛТЫН

АНХНЫ НААДАМ

 

Монгол төрийн наадам хэн бүхний
цэнгэлийн манлай байдаг аа. Наадмын нээлт ямар болох, бөхийн барилдаан хэрхэн
өрнөх, үрээ морьдын шандас хийгээд эрхий мэргэн харваачдын онч ямар байхаас
наадмын өнгө харагддаг. Дээр нь төрийн тэргүүний дээл хувцас ямар байхаас
наадмын өнгө тодорхойлогдоно. Энэ тухай дээр тодорхой өгүүлсэн буюу.

Ерэн жилийн ойн наадмын нээлт
нижгэр болсон. Юу нь нижгэр болов гэхээр бүх зүйл утга учиртай байлаа. Нээлтэд
оролцсон уран бүтээлчдийн байр байдал, ая дан, үзүүлж буй тоглолт, хэлж буй
үгс, дуу хоолой нь талын монголчуудын сэтгэл зүрхний дуудлагыг сэрээж, ер бусын
гэрэл гэгээ рүү хөтөлсөн билээ. Морин хуурчдын бөмбөрсөн аялгуу, уртын дууны
эгшиг шуранхай, найман зууны тэртээх хүлэг баатруудын сүр жавхаа, шинэ зууны
шинэ эриний эзэд, бид бүхний ирээдүй болсон хүүхэд багачуудын цог золбоо
наадамчин олны омог бахархлыг төрүүлж, 
дотоод сэтгэлийнх нь мөн чанарыг жинхэнэ утгаар нь хөндсөн юм аа.

Тиймийн учир хүн бүр цаанаа л нэг
хийморьтой, цог жавхаатай, бөхчүүд нь хүчтэй, ажнай хүлгүүд нь хурдтай, эрхий
мэргэн харваачид нь ончтой байсан биз ээ. Монгол бөхөд нэгэн шинэ үе гарч
ирлээ. Аваргатай, арслантай, бүх л цолтонтой наадам боллоо. Нэгэн үе монгол бөхийн
зүлэг ногоон дэвжээнд хэдхэн хэлхгэр эр бөх ёс юм шиг ноёрхож, зарим нэг нь бүр
арав гаруй жил түрүүлдэг байсан уйтгартай үе цагийн эрхээр ард хоцорчээ.
Аагьсан идэр хөвгүүд ир бяраа сорьж, аварга арслангууд ээлж дараалан төрж
байна. Хэдхэн жилийн өмнө начин хэмээх цолны төлөө л шинэ залуу хүчтэнүүд
өрсөлддөг байсан бол өдгөө начин цол тийм ч үнэтэй биш санагдаж, бүгд аваргын
төлөө өрсөлдөх болжээ.

Хүй долоон худагийн буурал дэнжид
газар газрын морьд цуглах боллоо. Цөөн хэдэн уяачдын морьд айраг түрүү хүртэж,
гадны цустай өндөр тоомсгууд төв асрын өмнө цоллуулдаг байсан бол нар салхинд
гандан байж холоос зорьж ирсэн уяачид наадмын түрүү аваад буцдаг болжээ. Энэ
бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр эзэн Чингэсийн Монголд дахин сэргэн мандалтын
наадам эхэлж буйг илтгэж байгаа хэрэг ээ. Аливаа зүйл өөр өөрийн гэх цаг үетэй
байдаг. Ардчилсан Ерөнхийлөгч төр засгийг удирдаж буй энэ үеийг шинэ Монголын
сэргэн мандалтын үе хэмээн олон түмэн тодорхойлж байна. Тэрхүү тодорхойлолт нь
ерэн жилийн түүхт ойгоор эхэлж байна.

Тэгэхээр бид Монгол төрийн сэргэн
мандалтын анхны наадмыг үзсэн шинэ цагийн сэхээтнүүд боллоо. Сэргэн мандалтын
наа­дамд аварга ч төрдөг юм байна. Арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд
ээлж дараалан төрлөө. Алс холын үл таних уяач­дын магнайд баярын од харвалаа.
Сэргэн мандалтын наадам гэдэг үнэндээ өөр байдаг ажээ. Төрийн тэргүүн нь эгэл
даруухнаар нээж, түмэн олон утга учиртай цэнгэдэг байна. Нар хур нь ч тэгширч,
намжаа дэлхий тэр аяараа баясдаг байна. Даанчиг сайхан юм аа.

 

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Асашёорюү Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар ямар цолонд хүрэх вэ?

Өнөө жилийн наа­дамд Асашёорюү
Д.Даг­ва­дорж, олимпийн авар­га Н.Түвшинбаяр нар зо­доглох нь нэгэнт тодор­хой
болоод байгаа. Д.Даг­вадоржийн хувьд бөхийн бэлтгэлдээ эртнээс гар­сан гэх дам
мэдээ бий. Сумогоос  зодог тайлж
ирснээсээ хойш үндэс­ний бөхөөр хичээллэх болсон юм даг уу даа. Түүнийг
наадмаар зодог­лох нь гэхийг сонсоод хүмүүс тэгтлээ их гай­хаагүй. Учир нь
нэгэн мянга есөн зуун ерэн зургаан онд Дагваа аварга улсын наадмын хүүхдийн
барилдаанд зодоглон, түрүүлж байв. Тэр жил төрсөн ах Д.Сумь­яабазар нь долоо
давж заан цол хүртэн, аавынхаа цолонд хүрч байсан түүхтэй.

Н.Түвшинбаярын хувьд үндэсний
бөхөөр хичээллэж байсан турш­лагатай нэгэн. 2006 онд Их Монгол Улс байгуу­лагд­саны
түүхт найман зуун жилийн ойгоор Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан
Ч.Батзоригоор дө­рөв давж, начны даваанд тулж ирэн Ш.Уламбаяр начинд өвдөглөж
байлаа. Тийнхүү улсын цолны үзүүр дээрээс атгаад алд­сан удаатай. Тэрээр ерэн
жилийн ойд барилдах эсэхээ Ч.Насантогтох баг­шаасаа асууж байж өн­гөр­сөн сарын
эхээр шийд­жээ. Насаа багш нь Түвшээг үндэсний бө­хөөр барилдуулах тун дургүй
байсан аж. Жү­догийн бэлтгэлээ эрчим­тэй хийхийг хатуу үүрэгд­сэн байна. Мань
эр баг­шийнхаа үгнээс зөрж, циркт болсон нэгэн барил­даанд зодогложээ.
Үндсэндээ нууцаар барилд­сан хэрэг. Гэтэл түрүүлчихсэн байна. Тэрхүү мэдээг
сонссон багш нь “За яахав, тэгж их дурлаад байгаа юм бол наадмаар барилд даа.
Гол нь бэртэж гэмтэхээс л болгоомжлоорой. Түү­нээс цолонд хүрэх эсэх чинь онц
биш” гээд Бул­ганы бөхчүүдтэй наад­мын бэлтгэлд гарахыг нь зөвшөөрчээ.

Тэгэхээр сумогийн их аварга,
олимпийн аваргууд хэдхэн хоно­гийн дараа эхлэх наадмаар хэрхэн барилдахыг
урьдчилан тааварлая. Нэгийн даваа бол тэр хоёрын хувьд огтхон ч асуудал биш.
Залуу бөхчүүдтэй учраа таараад гарын үзүүрээр л хумхиад шидчихнэ. Тэгээд л есөн
хөлт цагаан тугаа баяр бахдалтай тойрно. Хоёрын даваанд Н.Түвшинбаяр бас л гар
хөнгөн давах магадлалтай. Айм­гийн наадамд нэг түрүүлж, улсад нэгэнтээ дөрөв
давсан амжил­таараа аймаг, цэргийн цолтнууд дундаа багагүй дээгүүр эрэм­бэлэгдэж
байгаа. Тиймээс хоёрын даваанд аймгийн начин юм уу, залуу бөхтэй таарна. 512
бөх барилдвал хоёрын даваанд үе тэнгийнхээ шижигнэсэн арслан­гуудын нэгтэй таарна
л даа. 1024 бөхөд бол тэгэхгүй. Арай зөөлөн учраа оногдоно. Харин Дагваа аварга
аймаг, цэргийн ямар нэгэн цолгүй учир хоёрын даваанд айм­гийн арслангуудын
нэгтэй таарах магадлалтай. Ч.Сан­жаа­дамба, Ш.Жаргалсайхан, Р.Пүрэв­дагва,
А.Отгонбаатар, Ш.Мөнгөн­баатар, Б.Сангисүрэн нарын хэн­тэй нь ч таарч болно.
Эндээс л ерэн жи­лийн наадмын сонин хачин эхэлнэ шүү дээ. Ухаандаа, Санжаа­дамба­тай
хоёрын даваанд оноол­тоор таарчээ гэж бодъё. Тэгвэл гоё юм болно. Хүмүүс
шуугиад л яв­чихна. Санжаадамба бол заал танхимын томоохон барил­даа­нуудад
олон түрүүлсэн, өнөө жил өндөр цолонд хүрнэ, ер нь түрүүлж ч мэднэ гэж яригдаж
байгаа бөх. Наадамчид сүүлийн хэдэн жил л түүний тухай ярьсан. Цолонд хүрнэ,
хүрэхгүй, түрүүлнэ, түрүү­лэхгүй гэж. Гэтэл Сан­жаа­дам­батай Дагваа аварга
таарчихвал, тэр хоёрын дунд ёстой гал авалцах нь мэдээж.

Асашёорюү дайрдгаараа л дайрна,
хүмүүс орилолдох тусам улам хүч бяр нь орж тулгуухан үзнэ. Санжаадамба мэдээж
мөчөөгөө өгөхгүй. Цүппаридах маягтай дай­рал­тыг сөрж орон элэг бүсдэж аваад мушгина.
Дутуудангуут нь дахиад мушгина. Наадамчдын анхаарал бол тэр хоёр дээр л
тогтоно. Наана нь өндөр цолтой бөхчүүд залуучуудад “яваад өгөх”-ийг ч анзаарах
сөхөөгүй.

Цэргийн хурц арслангийн муш­гиа,
баруун, зүүн хавираанд тогтож үлдсэн, барилдааны суурь сайтай сумогийн их
аварга учраагаа хоёр сугаар нь тэвэрч, бараг л толгой дээрээ өргөөд гаргаад
ирнэ. “Ин­гээд Санжаадамбын наадам дуус­лаа, ёстой нэг наадмын одгүй бөх юм аа,
энэ олон залуус дундаас очиж очиж Дагвадоржтой таараад  байхдаа яахав дээ” гэж олон түмэн шогширч
байтал Сан­жаадамба хоёр хөл дээрээ бууна. Тэр даруй хөл гэж адуу юм аа гэх
бодол наадамчдад төрнө. Сумо­гийн их аваргын хүчтэй сэгсрэлтэд хоёр хөл дээрээ
тогтож чадсан цэргийн хурц арсланг наадамчдын нэг хэсэг балиа­шиглана аа. Түүнд
нь идэр залуу хүчтэн улам урам зориг орно. Ингээд нэг мэдэхнээ Ар, Өвөр
хангайнхан хоёр хувааг­даж, түүнээ дагаад цэнгэл­дэхийн үзэгчид ч баруун,
зүүнээрээ хувааг­дана. Барилдаан ингээд л цааш өрнөнө дөө. Хэрхэхийг тэр өдрийн
тэнгэр мэднэ биз ээ. Гэхдээ Дагваа аварга арай ч Санжаадамбатай таарахгүй байх.
Залуу начин­гуу­дын нэгтэй таараад хаях боломж­той.

Гурвын даваанд хоёр аварга бусдын
адил татаасаар явахыг эрмэлзэнэ. Н.Түвшинбаярыг Бул­ганыхан дамжилчихна л даа.
Гурав дээр Ц.Цогтжаргал начин авах байх. Эсвэл нэг сургууль (“Аварга” биеийн
тамирын сургууль)-ийнх гэдгээрээ Б.Адьяахүү, Ж.Гансүх нарын начингууд ч авч
мэднэ. Дагвааг Өвөрхангайнхан авч таар­на. Хэн авах магадлалтайг харъя л даа.
Б.Ганбаатар арсланг мань хүн мундагдаж мэдэх юм. Гэхдээ цаа­дах нь хөдлөхгүй.
Хүргэн (аймгийн арслан Б.Батдорж)-ээ авна гээд тас гүрийчихнэ. Тэгэхээр
З.Дүвчин заан руу ярина. Бас л нааштай хариу сонсохгүй. Уран барилдаанч заан
гарын ганц шавиа амлаж, гар хөнгөн давуулдаг уламжлалаараа Санжаадамбыгаа авна.  Тэгээд начингууд руу хэлнэ дээ. Д.Пүрэв­сүрэн,
Л.Наранбаатар, Да.Батбаяр гээд Өвөрхангайн начингууд олон. Тэдний нэг сумогийн
аваргаа ам­лаж, даваа өгсөхөд нь сайхан гэгч дэвсгэр болж өгнө. Ингээд Дагваа,
Түвшээ хоёр төвөггүй гурав давна.

Харин дөрвийн даваа бол тун эвгүй.
Есөн хөлт цагаан тугаа гурвантаа тойрсон 128 хүчтэн энэ даваанд цолныхоо
эрэмбээр оноол­­тоор таарч барилдах нь тодорхой. Хамгийн өндөр цолтой нь даян
аварга Г.Өсөхбаяр байна. Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын аваргууд зодоглохгүй
тохиолдолд эрэмбээрээ Өсөхөө аварга зүүн жигүүрийг магнайлна шүү дээ. Түүнтэй
дөрвийн давааны оноол­тод таарах бөх нь хэний хэн бэ гэвэл Асашёорюү
Долгорсүрэнгийн Дагвадорж.

Дагваагаас өөр Өсөхөө авар­гатай
таарах залуу бөх гурав давахгүй байх. Давлаа гэхэд эрэм­бээрээ сумогийн их
аваргын дээр бичигдэх учир Өсөхөөгийн дараа­гийн цолтнууд болох Б.Ганбат,
До.Ганхуяг нартай таарна. Ийнхүү ерэн жилийн түүхт ойн бөхийн барилдааны
дөрвийн даваа Өсө­хөө Дагваа хоёртой эхлэх нь мэ­дээж. Хоёр аваргын хувьд ямар
барилдаан өрнөхийг тааварлахад бэрх. Дагваа бол мэдээж Өсөхөө аваргаас айна,
бэргэнэ гэдэг гонж. Сумогийнхоо дэвжээнд хүч сорих гэж байгаа юм шиг эрэмгийхэн
гарч ирнэ. Наадамчид ерөнхийдөө түүнийг дэмжинэ. Өөрийг нь дэм­жиж буйг мань
хүн аль хэдийнэ гадарлаж, багагүйхэн шоу хийгээд авна. Өсөхөө аваргад дургүйдээ
наадамчид өрсөлдөгч бөхийг нь дэмжиж байгаа юм биш. Сумогийн их аварга барилдаж
байгаа, наа­дам гэдэг монголчуудын цэнгэл баярын манлай гэдэг утгаар нь Дагвааг
дэмжих билээ.

Өсөхөө аварга өрсөлдөгч авар­гынхаа
хүчтэй дайралтуудыг эрх­биш тогтооно л доо. Өнөө цагийн бөхийн өнгийг
тодорхойлж яваа, төрийн наадамд хэд хэд түрүүлс­ний хувьд бяр заана, туршлага
бас зааж таарна. Дагваа хэд хэд хүчтэй дайрч, аваргыг сандарган, наа­дамчдыг
уухайлуулсны эцэст цуцах магадлалтай. Хоёр гар нь бүр мод болоод шуудагдахад
бэрх болж эхэлнэ. Тэр үед нь Өсөхөө аварга ажиллана даа. Ирийг нь дарж, удаан
гэгч ноцолдон, цуцааж байж  л даян аварга
хаяхгүй бол шуудхан үзэх юм бол юу юугүй хумхиул­чихна. Дагваа бол нэг хэсэгтээ
л тогтооход бэрх байж, залуухан буур шиг л цамнана шүү дээ. Харин ир нь
дарагдаад, хоёр гарынх нь шуу хүндрээд ирвэл унах магадлал өндөр болно.

Уг хоёр бөх заасан хугацаанд
хаялцахгүй барьц сонгооны бай­дал руу шилжиж мэдэх юм. Тэгвэл хэн хэнд нь
асуудалтай. Шоо хэ­нийх нь талаар эхэлж бууна, тэр хүн хаяна. Тухайлбал,
Дагваагийн талаар буухад, сумогийн их аварга, Монгол Улсын даян аваргыг хүүхэд
шиг л дээр өргөж гаргаж ирээд шидчихнэ.

Өсөхөө аваргын талаар буувал
аралтай, бяртай хүчит аварга Даг­вааг бас л сарвайлгаж гаргаж ирээд хаячихна.
Хоёулаа л өндөр цол бодож, өгсөж барилдах бөхчүүд. Ухаандаа, Өсөхөө аварга
түрүү үзүүрт шалгарах юм бол дархан аварга хэмээх монгол бөхийн хамгийн дээд
цолыг хүртэх учир­тай. Дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан сумогийн их аварга
төрийн наадамд нэгэнт зодоглох юм бол начин, харцага гэх цол бодохгүй байгаа
байх. Дор хаяж заан, цаашлаад арслан, аварга л бодож байгаа. Дагваа нэг ч
уналгүй шууд түрүүлбэл аварга цол авах боломжтой билээ. Өсөхөө Дагваа хоёр
дөрвийн даваанд таарахгүй байх нэг боломж бий.

Тэр нь юу вэ гэхээр, бараг сумын
ч цолгүй залуу бөхийг гурав давуулах явдал. Тэгэхдээ өндөр цолтой бөх амлаж
аваад элэг бүсээ тайлж, Өсөхөөтэй учраа тааруулах нууц төлөвлөгөө юм. Тэрхүү
нууц төлөвлөгөөг Ж.Мөнхбат, Д.Цэ­рэнтогтох нарын аваргууд сайтар гүйцэтгэж
байсан. Тэр нь мэдээж дөрвийн давааг оноолтоор барил­дуулах журамтай болсноос
хойших (2002 он) явдал шүү дээ. Мөөеө аварга П.Дагвасүрэн, Л.Со­сор­барам нарын
арслангуудаар гур­вын даваанд хэн ч үл таних залууг амлуулж, элэг бүсийг нь
тайлуулан дөрвийн даваанд өөртэйгээ таа­руулж байв. Д.Цэрэнтогтох аварга ч уг
жишгийн дагуу Б.Ганбаатар арсланг нэг, хоёр жил гурвын даваанд барилдааныг нь
дуусгаж байсан түүхтэй. Ахмад аваргуудын энэхүү уламжлалаас Өсөхөө су­рал­цах
аваас гар хөнгөн дөрөв давах боломжтой. Харин золионд хэн явах вэ гэдэг
асуудалтай. Жаа­хан харьж байгаа юм даа гээд Д.Мөнх-Эрдэнэ арслангаар залуу бөх
амлуулах гэж үзнэ. Нөгөөдөх нь чадахгүй, ерэн жилээрээ би гурав давмаар байна
гэж пээдийнэ. Нутгийн ах минь, энээ тэрээ гэж гуйна, тэгээд ч тусыг эс олох
болов уу. За энэ ч яахав, Өсөхөөгийн нууц төлөвлөгөө. Маньд падгүй.

Өнөө Дагваа, Түвшээ хоёр хэр­хэн
барилдах таамаг руугаа эргээд оръё. Дагваа Өсөхөө аваргатай бус, До.Ганхуяг,
Х.Мөнхбаатар нарын арслангуудтай таараад давлаа гэж бодъё. Начны даваанд
наагуур цаагуур их юм болно оо.

Өө, нөгөө Түвшинбаяр дөрвийн
давааг яажшуухан гатлахыг хэлэл­гүй орхих гэж байна шүү дээ. Ма­най хүн 2006
онд Ч.Батзориг заан­тай таарч байсан. Энэ удаад бол залуу начнуудын нэгтэй
таарах байх. Хөвсгөлийн Ц.Содномдорж, Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүй, өндөр
Ч.Баянмөнх нарын нэгтэй таарвал бас ч хэцүү. Гэхдээ олимпийн авар­га маань нэр
нүүрээ бодож, бэлтгэл сургуулилтаа сайтар базааж ба­рил­дах нь мэдээж. Ямар ч
байсан начны даваанд тулж ирнэ. Хэрвээ начны даваанд тулаад ирвэл түү­нийг
улсын цолонд хүргэчих бөх­чүүд гараад ирнэ. Олимпийн аварга хэн дээр ч очсон
үгүй гэхгүй байх. Хамгийн түрүүнд нутгийн ах И.Дорж­самбуудаа хэлнэ дээ. Гарь­дын
хувьд тавын даваанд ацан шалаанд орно. Өөрөө шөв­гөр­чихмөөр байдаг. Хүргэн хүү
(айм­гийн арслан А.Отгонбаатар)-гээ цолонд хүргэчихмээр байдаг. Нут­гийнхан,
Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл нарын гишүүд олимпийн аваргыг авчих гэдэг. Ёстой нэг
баларна.

Дагваа аварга бол тавын да­ваанд
санаа амгалан байх биз ээ. Хэн ч амласан яахав, үзнэ дээ гэсэн бодолтой. Гар нь
ихээхэн цуцаатай бол хэцүү. Хэн нэгэнд хандахаас аргагүй. Дагваад гар л цуцна
уу гэхээс хөл бол суурь сайтай. Үндсэндээ ул сайтай гэсэн үг. Үе тэнгийн
залуустаа хэлэхэд, түүнийг начин болгочих хүн мун­дахгүй. Эрхбиш нэр байна, сүр
байна даа, болно. Харин зур­гаагийн даваанд түүнийг амлах хүн гарахгүй. Аягүй л
бол тунана. Тунах тунахдаа шинээр начин цолд хүр­сэн залуусынхаа нэгтэй тунах
болов уу. Ч.Санжаадамба, Ш.Жар­галсайхан, Б.Сангисүрэн нар на­чин цолд хүрэх юм
бол тэдний нэгтэй тунах магадлал бүр ч өндөр. Олимпийн аварга энэ даваанд
тунахгүй. Түүнийг найз нь амлана.

Жудогийн олон улсын хэм­жээний
мастер, Э.Энхбат начин. Тэрээр өнөө жил заан цол горьдож байгаа бөх. Заал
танхимын барил­даанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан. Өнгөрсөн сарын эхээр
Эрдэнэт хотод болсон нэгэн томоохон барилдаанд Х.Мөнх­баатар, Д.Рагчаа,
Ө.Даваабаатар, Ч.Санжаадамба гээд бүгдийг нь хаяад түрүүлсэн байв. Түвшээ
найзаасаа гуйна. “Миний хөгшинд олон наадам байгаа. Найз нь энэ жил барилдаад
дахиж барил­дах­гүй. Тэгэхээр маньдаа өгчих” гэж. Энхбат бол гүрийнэ л дээ.
Хичнээн дотно найз ч наадам гэдэг наадам, барилдаан гэдэг барилдаан л байдаг
хойно. Ийм жишгээр ерэн жилийн ойн бөхийн барилдаан үргэлжилж, бөхөө дээдэлдэг
олон түмэн олимпийн аварга, сумогийн аваргатайгаа наадна шүү дээ. Н.Түвшинбаяр
начны, Д.Дагвадорж  харцага юм уу, зааны
үзүүрээс атгах болов уу.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Өнөө жилийн наадмын бөхийн өнгийг шинжихүй

Өнөө жил хэн гэдэг залуу хүчтэ­нүүд шинээр улсын цолонд хүрч, хэн хэн цолоо ахиулах ма­гад­­лалтайг урьдчилан
таамаглая. Начин болох бөхчүүдийн нэрсийг жаг­саавал элбэгхэн
гуч, дөч хүрнэ. Тэднээс цолонд баттай хүрнэ гэж бөх сонирхогч олон хүлээж байгаа идэрхэн хүчтэнүү­дийг нэрлэе л дээ. Эхлээд өнөө Ч.Санжаадамба гайх­лын талаар өгүүлье. Сүүлийн
хэ­дэн жил, наа­дам дөхөхөөр л түүний
тухай ярьдаг. Мань эрийг начин байтугай заан, арслан бүр түрүү болгоод авдаг. Гэтэл яг наадмаар
хоёр, гурваас дээш дав­даггүй.
Одоогоос гурван жилийн өмнөх наадамд санагдана. Цэргийн хурц
арслан маань Б.Бат-Эрдэнэ авар­гад дөрвийн
даваанд яваад өгдөг байгаа. Аварга, бараг Их хурлын
танхимаасаа ирээд л Сан­жаа­дамбыг шороодуулчихсан. Түүний дараа жилийн наадамд хоёрын да­ваанд үе тэнгийнхээ за­лууд уналаа. За
тэгээд Д.Лхагвадорж начинд нэг айхтар унасныг манай­хан мэдэж байгаа.

Өнөө жил яах бол. Хоёр давах нь баталгаатай
байх. Гурвын да­ваанд Д.Хишигдорж заан юм уу (Хишгээ заан амлах магадлал бага. Учир
нь өнгөрсөн жил гурвын даваанд амлаж гар хөнгөн давуул­сан), З.Дүвчин багш нь амлах  байх. Гар хөнгөн давуулъя гэж. Эсвэл үе тэнгийн
залуусын нэгтэй нь ту­наанд үлдээе, бие халаалт болог гээд орхиж ч магадгүй. Тэгвэл
түүний хувьд сайн муу хоёр талтай. Сайн тал нь барилдаан хийж, бие халааж дараагийн
даваануудад бие барих ч юм уу, ямар нэгэн асуудал гаргахгүй. Шуудхан явах магадлалтай.
Муу тал нь үзэгчид түүний эсрэг орилж, нөгөө бөхийг илт дэмжих зэргээр сэтгэл санааны
дарамт үзүүлбэл мань хүн балар­даг. Өнгөрсөн цагаан сарын барил­даан шиг зүйл болно.
Хэрвээ сэтгэл санааны дарамтад гурвын да­ваанд орчих юм бол дөрөв, тавын даваанд
унаад өгөх магадлалтай.

Харин тав давчих юм бол ба­рил­даан
нь улам задгайраад эвгүй болно шүү. Хоёр жилийн өмнөх цагаан сараар Өсөхөө аваргаас
аваад бүгдийг нь гарын үзүүрээр бөмбөрүүлж түрүүлсэн шиг л юм болж магадгүй. Тэгвэл
цэргийн арслангаас, улсын аварга цол(ес давбал арслан, арав давбал авар­га болно)-ыг
шууд хүртэж монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ рекорд тогтоох юм. Санжаадамбын тухайд
ийм.

Түүний дараа улсын цолонд хамгийн
ойр яваа залуусын нэг Өвөрхангайн Б.Сангисүрэн. Ма­найх­ны хэлдгээр материалтай
нэгэн. Заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилддаг түүнийг цолонд хүргэх
гэж Өвөрхангайнхан бодол болж байгаа. Гуравт хэн авах уу, дөрөвт оноолт яах бол,
тавд хэнээр авахуулах уу гээд л. Б.Сангисүрэн болохоор хүчээрээ үзнэ ээ л гэж байгаа.
М.Жамьян­пүрэв, Л.Наранбаатар, Р.Ганхуяг нарын начингууд гурвын даваанд амлах магадлалтай.
Эсвэл Б.Ган­баатар арслангаар авахуулах гэнэ. Мань хүн болохоор хүргэнээ авах гэнэ.
Санал зөрөлдөнө. Д.Цэрэн­тогтох аварга мундагдана. Тэгээд ч асуудал шийдэгдэхгүй.
Ганбаа арслангийн хүргэн Батдорж гэж бие хаа тэгш сайхан залуу бий. Өнгөр­сөн жил
Өвөрхангайд аймгийн арслан болсон байх шүү. Санги­сүрэн дөрвийн давааны оноолтыг
өөрийн хүчээр давна. Харин тавын давааг бол нарийн тооцож, Өвөр­хангайн хүн хүнтэй
тулж ярина даа. Ер нь наадмаар аймаг, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид төв
цэнгэлдэхэд жинхэнэ ажлаа хийж, цолтой бөхчүүдийг царайчилдаг билээ. Сангисүрэнгийн
асуудал явж явж нутгийнх гэдгээрээ Б.Сайн­баяр заан дээр л буух болов уу даа. Үндсэндээ
Сайнбаяр Сангисүрэнг начин болгоно гэсэн үг. Гэвч цаана нь Ц.Чимэддорж гэж Хужирт
сумын залуу бий. Яагаав, өнгөрсөн цагаан сарын барилдаанд хоёрын да­ваанд И.Доржсамбуу
гарьдын төвөггүйхэн орхичихоод яваад өгдөг нөхөр шүү дээ. Улсын цолонд бас л сүүлийн
хэдэн жил яригдаж байгаа. Уг залууг Д.Долгорсүрэн зааны хүүхдүүд нэг сумынх гэд­гээрээ
дэмждэг. Тийм дээ ч “АСА” группээр цоллуулдаг биз ээ. Д.Сэрж­бүдээ начинг зарим
нэг хүмүүс зодоглоно гэж яриад бай­гаа. Түүнтэй утсаар холбогдоход зодоглохгүй гэдгээ
албан ёсоор хэлж байна. Д.Сумъяабазар аварга ч барилдахгүй байх гэсэн яриа байна.
Энүүхэндээ гэхэд аварга зодоглохгүй гэдэг яриа Сэржбүдээ начны л таамаг юм. “АСА”
группын ерөнхийлөгч нь зодоглохгүй боло­хоор Ц.Чимэддоржид эвгүй болоод явчихна.
Гэхдээ Сумьяа аварга, цаашлаад Асашёорюү Д.Даг­ва­дорж анхаарах биз ээ. Чимэддорж
аймгийн начин цолтой зодоглох юм бол дөрвийн давааны оноол­тод залуу арслангуудтай
таарна. Б.Ганбат, До.Ганхуяг, Х.Мөнх­баа­тар нарын нэгтэй таарах байх. Тэгвэл тун
эвгүй дээ.

Одоо хүн хүнээр нь биш аймаг, аймгаар
нь ярья. Үсгийн дарааллыг нь бодсон ч тэр, алдарт аваргуудын нутаг гэж үзсэн ч тэр
Архангайгаас эхлэх нь зөв байх аа. Архангайнхан өнөө жил дээр өгүүлсэн Сан­жаадамбаа
харж байгаа. Цаана нь хэд хэдэн иртэй залуус байна аа. Тухайлбал, Р.Пүрэвдагва гэж
эвгүй­хэн аймгийн арслан байгаа. Мөн ч шартай барилддаг, шазуур зуусан залуу. Өнгөрсөн
жилийн наадмын дөрвийн даваанд залуу заан Б.Со­рон­зонболдод өвдөглөсөн. Жаа­хан
хайнга барилдсан байж болох. Дээр нь төрийн наадам гээд биеэ барих асуудал гарсан
байх. Түрүү жилийн наадмаас хойш Пүрэв­дагва арслангийн барилдаан маш их өссөн дөө.
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн шигшмэл ба­рил­даанд хэд хэд түрүүлээд бай­гаа.

Рэнцэндашийн Цоггэрэл гэж начны дүү
Р.Түвшинбаатар гэж аймгийн арслан бий. Одоогоос арван жилийн өмнө буюу наян жилийн
ойгоор начинд яригдаж байсан нэгэн. Гэвч дөрөв даваад тавын даваанд Г.Ганхуяг харцагад
унаад, уйлаад юм юм л болж байсан. Түвшинбаатар арсланг гурвын даваанд гар хөнгөн
да­вуулах бөх олдоно. Эрх биш ахынх нь нэр нүүр байна даа, харин дөрвийн давааны
оноолт бэрх дээ. 

Баянхонгор, Булганыхны тухай таамгаа
хандуулъя. Хонгор нутгаас улсын цолонд баттай хүрэх бөх­чүүдийн нэг Ж.Чулуунбат
арслан. Санжаадамбыг цагаан сараар хаяж шөвгөрөн шуугиан дэгдээсэн нэгэн. Улсын
наадамд хэд хэдэн удаа гурав давж дөрвийн даваанд унаад байгаа түүнийг өнөө жил
Баянхонгорынхон баттай цолонд хүргэхээр нарийн тооцоолсон байгаа. Гурвын даваанд
том Сүх­бат гарьд авна. Гар хөнгөн да­вуулна. Дөрвийн оноолтод мань эр харцагуудтай
таарах магадлалтай. Хэрвээ дөрөв давчих юм бол Баян­хонгорынхон наагуур цаагуур
баа­хан давхилдана. Улс төр, бизне­сийн төлөөллүүд “том” Сүхбатаа өмнөө бариад Чукагаа
ава­хуулах хүн хайна. Уул нь Д.Батболд харцага бий л дээ. Гэвч өөрөө заан цолны
төлөө зүтгэх болов уу. Зүтгэдэггүй юм аа гэхэд түүнд дүү нь байгаа. Д.Энхбат гэж
аймгийн арслан бий. Хүний ах л болсон хойно дүүгээ цолонд хүргэх гэж найз нөхдөөсөө
тус дэм хүсэх нь мэдээж. Д.Энхбатыг цолонд хүрчи­хэд хэн ч гайхахгүй ээ.

Булганыхан гэж цаана чинь будлиантай
нөхдүүд байна аа. Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа на­рын ах дүү, алдарт аваргуудын нутгаас
өнөө жил нэгээр тогтохгүй начин төрөх магадлалтай. Олим­пийн аварга Н.Түвшинбаяр,
айм­гийн арслан А.Отгонбаатар нарыг цолонд найдлагатай хүрнэ гэсэн яриа байгаа.
Ер нь үнэн байх. Хоёулаа л начны даваанд унаж байсан бөхчүүд. Н.Түвшинбаяр 2006
онд Ч.Батзориг заанаар дөрөв давж, Ш.Уламбаяр начинд унаж байсан. А.Отгонбаатарын
хувьд хоёр жилийн өмнө мөн л дөрөв даваад Өсөхөө аваргад өвдөглөж байсан. Тэгэхээр
хоёу­лаа л “юм” дуулгах байх. Харин И.Доржсамбуу гарьдын хувьд хэ­цүү­хэн зүйл тулгарч
магадгүй. Учир нь Түвшээ гарьдаас гуйна. Дүүгээ цолонд хүргэнэ биз дээ гэж. Нут­гийн
нөлөө бүхий эрхмүүд ч “Дооёо, Түвшээгээ цолонд хүргэчих юм байгаа биз дээ” гэж тулгана.
Тэгтэл гарьд өөрөө арслан, аваргын тө­лөө зүтгэх гэж байдаг. Өнөө А.От­гонбаатар
хүргэн нь байж байдаг. Тавын даваа яг эхлэхийн өмнө “Ах аа, та дүүгээ авна биз дээ”
гэдэг. Ингээд Доржсамбуу гарьд ацан шалаанд орно.  Юм юм л өрнөнө л дөө.

За одоо Увс, Завхан, Ховдынх­ны тухай
өгүүлье. Увсаас цолонд хамгийн ойр байгаа нь Намс­рай­жав харцагын хүү Батсуурь.

Тэрээр Өсөхөө аварга, Мөнх­баатар
арслан, өндөр Ганбаа гарьд гээд энэ цагийн өнгө болсон хүчтэнүүдийг сав л хийвэл
бөгсөөр нь суулгачихаад байгаа. Хүнээс айж бэргэнэ, цэрвэнэ, биеэ барина гэсэн ойлголт
түүнд байдаггүй шиг. Гэхдээ наадам бол наадам байдаг л даа. Сайн залуус дор унаад,
тааруухан гэж бодож байсан улсын цолтнууд зодгондоо багтаж яддаг билээ. Тэгэвч тэрсэж
гарч ирэх залуу бол яалт ч үгүй Батсуурь л даа. Түүнийг гурвын даваанд амлах бөх
бас л мундахгүй. Аавынх нь нэр байна. Дээр нь Увс нутаг олон бөхтэй. Хэнээр авахуулах
уу гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Бо­лох­гүй бол Намсрайжав харцага өөрөө авчихна
шүү дээ. Ямар ч л байсан тунаанд үлдээхгүй байх. Дөрвийн даваанд Өсөхөө авар­гатай
таарч магадгүй. Тэгвэл ч гоё юм болно доо. Өнгөрсөн цагаан сараар бужигнуулж байгаад
хаядаг шигээ аваргыг унагачих юм бол бүүр ч сонин юм болно. Гэхдээ энэ цагийн идэр
аварга арай тэгж дор даваанд унахгүй байлгүй дээ. Хий­морь лундаа гэж нэг юм байна
шүү дээ.

Увсаас зоолттой яригдаж бай­гаа залуус
бол аймгийн арслан П.Бүрэнтөгс, С.Батсуурь нар. Бү­рэн­төгсийн хувьд өнгөрсөн жил
Баян-Өлгий аймгийн өндөр ойд найм давж түрүүлэн, аймгийн арс­лан болсон. Бие томтой,
аралтай, чацтай түүнийг начнаар тогтохгүй бөх гэдэг. Насны хувьд ч бага. Наян долоон
онд төрсөн байна уу даа. Сүхбат аваргын “Олимп” сургууль дээр бэлтгэлээ базаадаг
нэгэн. Ойрмогхон нэг яриа дуулдах бол­лоо. Бүрэнтөгсийг “Олимп” сур­гуулиас гарч,
О.Балжинням аваргыг бараадсан гэж. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм. Хэрвээ нутгийн авар­гаа
бараадсан бол өнөө жил гур­вын даваанд тунаанд үлдэнэ гэж айхгүй байх. Балжаа аварга
авчих­на. Дөрвийн давааг мачийж байж л туулна даа. За дөрөв давчих юм бол айлтгүй
ээ. Д.Бумбаяр, О.Од­гэрэл нарын заанууд, А.Бямбажав нарын харцагууд байна. Тэд л
Бүрэнтөгсийг, С.Батсуурийг амлах нь гарцаагүй. Б.Гантогтох гарьд барилдвал бас л
ус нутгаасаа нэг начин төрүүлэх биз ээ.

“Урт гарт” Маамын Лхагва арс­лан,
хулгар Дэндэв зааны нутаг болох Завханыхан Ширбазарын Жаргалсайхан гэж идэрхэн арс­лан­гаа
харж байгаа.

Жаргалсайханы хувьд бараг сүүлийн
арваад жил улсын цолны тааварт явсан. Гэвч нэг л болж өгөхгүй байгаа. Энэ жил түүнийг
начнаар тогтохгүй биз ээ гэх таамаг­лал бий. Гол нь Завханыхан, ялан­гуяа Идэрийнхэн
бүр ч илүү харж байгаа. Жаргалсайханаас гадна Д.Батжаргал гэж бас Идэр сумын арслан
бий. “Шинэ Ази” группын шижигнэсэн хоёр арслан ерэн жилийн ойн есөн хөлт цагаан
тугийг хэдэнтээ тойрохыг хэн ч мэдэхгүй. Тэр өдрийн тэнгэр, тухайн бөхийн од хийморь
л мэдэх байх. Ш.Жар­галсайханы хувьд гурав, дөрвийн даваа асуудалгүй болов уу. Тавын
даваанд яах бол гэдэг л байна. Ш.Уламбаяр начин амлаж, нутгийн ахын хувьд тахимаа
өгч мэдэх юм, гол нь өөрөө харцага, заан цолонд зүтгэхгүй бол шүү дээ.  М.Баяр­жавхлан заан Жаргалсайханыг авна биз ээ
гэж зарим нэг хүн бодож байж магад. Тэгвэл үгүй. Баяржавхлан өөрийн дүү (ах нь билүү)
Баярсайханаа начинд зүт­гүүл­нэ. Баярсайхан нь сая Завхан аймгийн наадамд түрүүлсэн
бай­сан. Тэгэхээр нэг юм хэлээд байгаа хэрэг. За тэгээд Завханаас Б.Гон­чигдамба
гэж залуу байна. Саяхан болсон Отгонтэнгэрийн тахилгад түрүүлсэн дуулдсан.

Ховд аймгаас өнөө жил баараг­гүй нэг
начин төрөх байх. Хамгийн өндөр магадлалтай нь Чанд­ма­нийн Ч.Цогбаяр. Түүнийг өнгөрсөн
жил Заяамандахыг яаж цолонд хүргэсэн шиг Ховдын заанууд (Ч.Бат­зориг, Ц.Мягмарсүрэн)
өвөр өврөө дамжуулаад л гаргаад ирнэ. Ямар ч асуудал байхгүй. Гуравт Ц.Лхагвасүрэн,
Н.Батзаяа нарын начингуудын нэг нь авчихна. Тэгээд л болоо.

Харин Сүхбаатарынхан их дог­долж байгаа.
Цагаан сарын түрүү бөх Ш.Мөнгөнбаатарыгаа юун начин бараг түрүүлэх л юм бодож байгаа.
Мөнгөнбаатар арслан зүүн ташаагаа өгөөд барилдвал ч бүг­дийг нь туучихаж магадгүй.
Гэвч наадам санаснаар болохгүй л дээ. Мөнгөнбаатараас гадна Б.Бат­жаргал гэж “Олимп”
дээд сур­гуулийн залуу байна. А.Сүхбат аваргын шавь нарын нэг. Түүнийг есөн хөлт
цагаан тугийг тав той­роод гүйж явахад огтхон ч гай­хахгүй. Бас Ч.Булганхүү гэж
олон жил цол зүүдэлж яваа ахимаг айм­гийн арслан бий. Өнгөрсөн жил Магалжавыгаа
гурвын даваанд хүчээр буулгаад, Г.Ганхуяг хар­цагаар дөрөв даваад, арай гэж начны
даваанд тулж иртэл Өсөхөө аварга амлаад хаячихсан. Бул­ганхүүгийн хувьд өнөө жил
эцсийн найдвар. Ер нь Булганхүү гэлтгүй Архангайн Р.Түвшинбаатар, Бул­ганы А.Сүмбээ,
Баянхонгорын Р.Дамдин, Давж.Батбаяр, Увсын Н.Ганзориг, Хөвсгөлийн Г.Бат­пүрэв, Говь-Алтайн
С.Багахүү нарын аймгийн цолтнуудын хувьд ерэн жилийн ой сүүлийн боломж. Энэ жил
цолонд хүрч чадахгүй л бол ирэх жилээс дахиж горьдолт­гүй гэсэн үг.

Цолонд хүрэх магадлалтай залуучуудын
үргэлжлэлд, Дунд­говийн А.Алтанхуяг, Говь-Алтайн Л.Цэрэнтогтох, Ж.Амартүвшин, Төв
аймгийн Б.Батмөнх,Ч.Батчулуун нарын хүчтэнүүд зүй ёсоор нэр­лэгдэнэ. Дээр нь Өмнөговийн
С.Идэр­сүрэн гэж арслан байна. Түүний ар талыг “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ даах болов
уу. Харин Дундговийн Алтанхуягийг “Мон уран”-ны Б.Наранхүү анхаарна биз ээ. Энэ
мэтээр цолонд хүрэх бөхчүү­дийн нэрс өдрөөс өдөрт тодрох буй заа.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл
бий

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Цэнхэр униар дунд талстах цагаан сувд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хөх пансан хөшиг шиг униар дундаас
чанх дээшээ пуужин харвах гэж байна уу гэмээр сонин бодол төрөх ажгуу. Дундаа ямар
ч завсар зайгүй жижигхэн талбарт нүүр нүүрээрээ наалдан байж, улам л өөдөө дүүлсэн
нарийн шовх барилгуудыг нь харах бүрийд тийм нэг сэтгэгдэл тархинд харвана. Үндсэндээ
бодол санаа жингүй­дэж, сайхан гэгч уртаар амьсгал авмаар санагдаж байгаа хэрэг
ээ.

Онгоцноос буухуйд л хүлэг морин адил
угтаж авсан шар автобус маань уухилсаар байгаад ноёлог уулсын оргилд гараад ирлээ.
Азийн цагаан сувд Хонкон­гийн хамгийн өндөр цэг дээр хүрч ирсэн минь энэ.

Тэрхүү тэгш өндөрлөгөөс л сүүлийн
он жилүүдэд эдийн зас­гийн хөгжил, бүтээн байгуулал­таараа дэлхийд тэргүүлж, цээжний
морьд шиг өнгөлж яваа уг орныг бүрэн тольдох боломжтой ажээ. Унаа минь өнөөх өндөр
уулыг хэдэнтээ бүслүүрдэн ороож, нарийн замаар тэлүүрдэн зүтгэсэн. Хажуугаар машин
өнгөрөх нь яг л шүргэчихэж байгаа юм шиг санаг­дана. Зам нь тийм нарийн. Энгийн
олон барагтай л бол уг өндөрлөг рүү зүтгэдэггүй гэсэн. Учир нь нарийн зам дээр шүргэлцэх
юм уу, ямар нэгэн аваар хийхэд оргил руу зүтгэж байгаа бүх машин нам зогсох аж.
Хэргийн эзэн бараг л толгойгоо тасдуулахаас наагуур юм болдог гэнэ. Төлбөр тооцоо
нь ч санаанд оромгүй өндөр. Тэнд бол жуулчид л автобус хөлөглөөд очно.

Үндсэндээ жуулчдын заавал үзэх газрын
нэг тэрхүү ноёлог сайхан уул бөлгөө.

Уул гэхээр манайхан алсаас дүнхийж
лүглийсэн уулс шигээ бодож байж магад. Гэвч хонконг­чууд уулыг үнэндээ “амьтан”
болгосон байгаа юм. Дундуур нь нүхлэх, ар өврөөр нь жимбийтэл байшин барилга сүндэрлүүлэх
бол наад захын асуудал даа. Ер нь арлын орныхны амьдрал тийм билээ. Жинхэнэ ногоон
хот, ногоон байгууламж, ногоон ирээдүй гэж үүнийг л хэлэх байх гэх бодол өөрийн
эрхгүй төрж байв. Түмэн зүйлийн цэцэгсийн содон сайхан үнэрт илбүүлж, нов ногоон
мөчир дээрээс нисч буух шувуудыг харахуйд гэгээн тунгалаг орон зайд яалт ч үгүй
умбана даа. За тэгээд үзэж харах зүйл мундахгүй. Орон орноос ирсэн залуустай цуг
л туугаад байна шүү дээ. Дэлхийн алдартай одод, нэр­тэй удирдаг­чидтай тэнд нэг
уул­заад авна. Ухаандаа Барак Обама­гийн ширээнд тухалж, утсаар нь ярьж, Жорж Буштай
гар барьж, Мерлин Монротой патераа та­туулж, Дэвид Бэкхэмтэй хөлбөмбөгийн ногоон
тал­байд өрсөлдөх эрх олдож байгаа хэрэг.

Шөнө оройхон буудлаасаа гарлаа. Гол
зорилго маань ганц нэг пиво уух санаатай. Төөрч будлиад балрах вий гэсэндээ бидний
хэсэг залуус түр орогнож байгаа гэрээсээ холдохыг бодсонгүй. Тэрүүхэнд байх нэгэн
уушийн газар орлоо. Шөнийн 00:00 цагийн үед юм. Мухлаг адил жижиг, жижиг өрөө­нүүдэд
хүн пиг дүүрэн. За даа, нөхдүүд ч нам авч байна даа гэсэн юм бодтол бүгд хоол идэж
байна. Манайхаар бол үдийн цайндаа орж байгаа мэт хоолыг таваг тавгаар нь гөрж байна
шүү. Шар айраг шимж суугаа хүмүүс олны дунд бас чиг байх юм аа. Харин бид хэдийг
нэг дор захиалга өгөхдөө арваад “шил”-ийг авч байхыг хараад зарим нь гайхаа байлгүй.

Уушийн газрын эзэн шар халимаг­тай
эмэгтэй. Үйлчлэгчдээ хятад аялгатай хэлээр жаахан зандрангуй. Наашаа хандахдаа англиар
яриад туяарангуй. Шар халимагаа гялалзтал тосолчихож. Үснийх нь тос нүүрэнд нь тунараа­гүй
байлтай, нүүр ам нь бас л гялтганаад. Мань хүн шөнө арван хоёр цагт ороход ямар
нэгэн зүйл идэж байсан, гурван цаг орчим суугаад гарахад ам нь бас л завгүй байв.
“Та хэд Японоос ирсэн үү” гэж асууж байсан. Ер нь хонконгчууд ихэвчлэн Японых уу
гэж асуугаад байсан шүү. Бид шар айрагтаа жаахан халамцсан ч байх. Учир нь нэгэн
дуугаар далайн эрэг дээр очъё, бараг л далайд сэлнэ гэх нь холгүй гадуур багагүй
сэлгүүцсэн. Гайхалтай нь буудлын ойр хавьд далай байгаагүй л дээ. Тэгээд яахав,
сүүлдээ эцээ биз. Савлуур дээр сууж доторх халуунаа бага ч болов гадагшлуулаад
“Regal” бууд­лынхаа зүг алхсан даа, хөөрхий.

Амрагчид нэг давхрын ресто­ранд өглөөний
цайгаа ууна. Төрөл бүрийн хоолноос юу дуртайгаа сонгох буюу. Арван хэдэн давхар
буудалд хэдэн зуун хүн байрлаж байгаа нь тодорхой. Цайны цагаа­саа жаахан хождонгуй
ороход зарим үед суудал ховор. Гадны­хантай хамт сууна. Нэг өглөө энэтхэг хоёр бүсгүйтэй
суудал зэрэгцэж таарлаа. Бие галбир тэгш сайхан, дөлгөөхөн хар нүднээс нь ухаарал
гэрэлтсэн, тийм нэг гоё “амьтад” байв. Хоорондоо хаа нэг шивэр авир хийх юм. Би
ямар ойлгох биш. Цай, кофе авахаар босоход араас нь ширтэх л харин аятайхан шүү.

Тийн суух ахуйд хоёр хоногийн өмнө
усан онгоц дээр тунгалаг нүднээсээ нулимс унагаж, гуниг гутралаа дааж ядахдаа далай
руу үсрэх гэж зүтгэсэн турьхан бүсгүйн дүр төрх нүдэнд харагдаж байлаа. Зэргэлдээ
ширээнд хар арьст хоёр бүсгүй, цагаан арьст хоёр залуугийн хамт цайлж суув. Энэ
тэрийг ярилцан инээд цацрааж суусан нь их л жаргалтайн шинж. Залуу хосууд гар гараасаа
барил­цахыг нь ажихуйд алаг эрээн бөмбөг шиг л харагдаж байлаа. Бүсгүйчүүдийнх нь
буржгар үс шанх түүшээ дагаж намирсан нь даанч нэг анзаарагдахгүй дээ. Харин амраг
залуу нь бүсэлхийгээр нь тэврэх бол өөр. Хар берзинтэн гэрийг цагаан шар бүслүүрээр
ороосон юм шиг тодоос тод.

“МИАТ” компанийн Хонконг дахь төлөөлөгчийн
газрын менеже­рүүд зав л гарвал “За та хэд шопинг хийх үү” гэнэ. Зочид “тэгье” л
гэнэ. Тэгээд л гарч өгнө дөө. Олны хөлгүй урсгалд залуургүй завь шиг явах нь бий.
Тодорхой нэгэн газрын үүдэн дээр цаг товлож, эргэж уулзах болзоо тавиад тал тал
тийшээ бутарч одно. Цаг болоогүй байгаа, болзсон газраа эргээд олох байгаа гэсэн
бодол бүгдийнх нь сэтгэлд хадаатай боловч дэлхийн олон арван орны мянга мянган хүн
зөрж өнгөрөх үйлчилгээний газрын хаалгыг татсан л бол хэсэгтээ ухаанаа алдана. Манайхаар
бол “Нарантуул” зах шиг газар том том брэнд дэлгүүрүүдийн ойролцоо байх аж. Захаас
нь худалдаа хийхгүй бол өнөө брэнд дэлгүүрээс нь санаснаа авна гэдэг бэрх. Үнэ гэдэг
нь талийж өгнө шүү дээ. Захынх нь гудамжны үзүүрээс нэг л атгасан бол хөлгүй их
далайд тэр чигээрээ умбалаа гэсэн үг.

Өнөө болзоо молзоо ор тас мартагдаж
байгаа юм. Гэхдээ тэр ирсэнгүй гээд нэгийгээ хүний нутагт хаяад явахгүй нь дамжиггүй.
Хонконгийн зах чинь үнэ өртгөө буулгана гэдгийг харин ч нэг үзүүлж өгдөг юм байна.
Эхлээд хэлсэн үнээр нь худалдаа хийгээд байсан маань буруудлаа гээд явсан газрынхаа
сониныг дуулгана даа. “Нэг нөхрөөс үүнийг сонирхтол хоёр зуун хонконг доллар гэдэг
юм. Үнэтэй байна гэсэн чинь өөрөө хэдэд авах юм гэв. Тэгэхээр нь тавин доллар гэлээ.
Уурлаад тооныхоо машиныг шидчихдэг байгаа. Цаашаа эргээд явтал араас ирж зүүгдээд
жараар ав даа гэсэн дээ” хэмээх яриа буудлаа зорих замд өрнөж байлаа.

Ч.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүйтэй Хонконгийн
төвөөр түр алхлаа. Өмнө нь Швейцарьт амьдарч байгаад хоёр жилийн өмнө арлын энэ
оронд хөл тавьсан гэнэ. Тэрээр Монгол орноо ихэд санаж буйгаа, багадаа урлаг соёлд
тун сонир­холтой уран нугардаг, хөгжим тоглодог байснаа дурссан. Манай сониныг ихэд
таашаадаг, болж өгвөл интернэтээр уншдагаа хэлсэн юм. Ер нь намайг “Өдрийн сонин”-ы
сэтгүүлч юм байна гэдгийг нэрийн хуудаснаас минь мэдчи­хээд их л нааштай хандаж,
амьдарч буй хотынхоо сонин хачнаас мэдэх бүхнээ л ярьсан билээ.

Задгай хоолны газраас би шар айраг,
мах, ороомог маягийн зүйл авч, мань хүн хүйтэн ундаа шимсэн шигээ хол ойрыг хуучлав.

Түүний ярианаас ямар нэгэн нэмэр хачиргүйгээр
хүргэе л дээ. “Цэнхэр униар татаад, болортон тунгалагшаад гээд өөрөө их уянгын зүйрлэж
хэлэх юм. Ингэж саарал­таад байгаа чинь униартаад, манантаад байгаа зүйл огтхон
ч биш ээ. Энэ бол утаа юм. Гэхдээ манай Улаанбаатарын утаа шиг хоолой хорсгохгүй.
Хятадын үйлдвэрлэлийн томоохон цөм нь болох Гуанжу муж эндээс холгүй байдаг. Тиймээс
тэрхүү үйлдвэр­лэлийн утаа тортог нь наашаа ирж агаарыг бохирдуулж байгаа хэрэг.
Хонконгчууд агаарын бохирдлын тухай сүүлийн үед их ярьж байгаа. Томоохон бодлого
ч хэрэгжүүлж байгаа. Хоёр жилийн өмнө би анх ирчихээд цэнхэр манан татсан хот байна
даа гэж бодож байв. Яг үнэндээ үгүй юм билээ” гэв.

Мөн тэрээр нэг зүйлийг ихэд бухимдангуй
ярьсан юм.

Чухам юу вэ гэвэл нэг хятад хөгжимчин
өөрийгөө монгол гэж олонд зарлаад, Хонконгийн нэгэн театрт юм уу даа тоглолт хийсэн
аж. Дээгий монгол хөгжимчний тоглолт гээд ихэд баяр баяс­галантай, ажил алба бүх
зүйлээ орхиод очжээ. Тэгээд ой нь гутаад, өнөө тоглолтыг нь шууд орхиод явсан гэнэ.
Тэнд байсан бүх хүмүүс Монгол гэж л ойлгож байгаа. Ийм урлагтай, тийм нэг ядмагхан
ард түмэн л гэж бодно ш дээ хэмээн чин сэтгэлээсээ хэлэхэд хоолой нь зангирч байсан.
Тэрхэн агшинд харь нутагт суугаа залуу бүсгүйг өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрж
байлаа.

Ази тивдээ “Дэлхийн улс” гэж өөрсдийгөө
цоллох дуртай, түүндээ ч бүрэн дүүрэн хүрч чадсан Хонконгт цөөн хэд хоносон тэмдэг­лэлээ
тоймлон хүргэхэд ийм байна. Нисэх онгоцны буудал руу өнөө л шар автобустайгаа галигуулж
явахад далай зөөлнөөр давал­гаалж, усан онгоцууд зөрөлдөн, цонх бүрээсээ хувцас
хунар зүүлттэй, ойроос анзаарч харсан хүнд нэвсийсэн мэт санагдахаар байшин барилгууд
нь ард хоцорч байлаа. Цагаан саарал униар дунд цагаан сувд хот үлдэж байгаа нь энэ.
Дөнгөж ирсний шөнө далайн хөвөөн дээр сувдран талстаж байсан тийм л өнгө жавхаагаар
сэтгэлд минь үлдлээ дээ, Хонконг.

Н.ГАНТУЛГА
Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар

Categories
редакцийн-нийтлэл

М.ЧИМЭДЦЭЕЭ: Өнөөдөр хятад судлал шиг чухал зүйл алга байна

Монгол Улсын их сур­гуу­лийн багш, хятад суд­лаач доктор, профессор М.Чимэдцэеэтэй ярилц­лаа.

Өөрийг тань Күнзийн сур­гаалыг орчуулсан, хя­тад суд­лалын нэртэй эр­дэмт­дийн нэг гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Гэхдээ дэндүү даруу байдаг шиг санагддаг. Танаас эхлээд Күнзийн сургаалын үндсэн философийг сонирх­моор байна?

-Хятадын
соёл, гүн ухаан хоёр том урсгал чиглэл, дэг сургуулиар явж ирсэн байдаг. Үүний нэг нь Күнзийн сургаал номлол, нөгөө нь Даогийн ёс. Эдгээр сургаал нь арга бэл­гийн  ёстой холбогддог. Үнд­сэндээ Күнзийн сургаалыг арга, Даогийн сургаалыг бэ­лэг гэж үздэг. Күнзийн сур­гаалд хүний нийгмийн бодит байдлыг номлосон. Хүн ний­гэмд хэрхэн оршин амьдрах, яаж хувь хүн болж төлөвших тухай сургасан бол Дао-д цэвэр оюун ухааны талаар өгүүлсэн байдаг. Бясалгал, хий хоосноос дэлхий ертөнц үүссэн гэж үздэг. Ялгаа нь ийм юм.

Хятадын бодлоготой Күн­зийн сургаал хэр нийц­дэг бол?

-Өнөөдрийн
байдлаас харахад Хятад улсын явуулж байгаа гадаад болон дотоод төрийн бодлого нь ерөн­хийдөө Күнзийн сургаал дээр үндэслэгдэж явдаг. Хятадын үе үеийн удирдагчид илэр­хийлж хэл­сэн баримтууд бий. Жишээлбэл 2000-гаад оны дундуур Хятадын Ерөнхий сайд АНУ-д айлчилж, Харвар­дын их сургуульд лекц ун­ших­даа “Манай улсын тө­рийн бодлого эртний их сэт­гэгч Күнзийн сургаал номлол дээр үндэслэж явдаг” хэмээн хэлсэн байдаг. Мөн НҮБ-ын жаран жилийн ойн нэгдсэн хуралдаан дээр Ху Жинтао илтгэл тавьж, үг хэлэхдээ “Манай улсын төрийн гадаад бодлого эрт­ний сэтгэгч Күн­зийн сургаал дээр үн­дэс­­лэж…” хэмээн бас мэдэгдсэн байдаг.

Күнз “Зохирол бол бүхнээс эрхэм” гэж сургасан. Энэ нь хүн төрөлхтөн тэрсэж биш зохирч амьдрах ёстой гэдгийг хэлсэн хэрэг. Хятадад өнөө­дөр зохирол гэдэг үгийг маш өргөн хэрэглэж байгаа. “Зохи­ролт дэлхий ертөнц”, “Зохи­ролт нийгэм”, “Зохиролт гэр бү­лийн­хэн” гэдэг ч юм уу.

Яриагаа энгийн болгох үүд­нээс наад захын асуул­тууд тавья л даа. Хятад хүн гэж яг ямар хүн бэ. Гол онцлог нь юу юм бол оо?

-Наад
чинь харин маш чухал асуулт байна шүү дээ. Учир нь манай хоёр улс хувь заяаны эрхээр айл хөрш оршиж байна. Мон­голчууд бид Хятадын тухай сайн мэд­дэг юм шиг хэрнээ төдийлөн сайн мэддэггүй байхгүй юу. Тэгэ­хээр эхлээд хятад хүн ямар хүн байдаг, бусдаас ямар онцлогтой байдгийг мэдээд авъя л даа. За тэгээд Хятадын бодлого, соёл, сэт­гэл­гээний онцлогийг мэдье гэвэл зайлшгүй судлах шаард­­­­лагатай. Хятадууд бус­даас их олон зүйлээр онц­гойрдог. Нэгдү­гээрт, аливаад цогцоор хандаж, сэтгэдэг. Хоёр­дугаарт ямар ч зүй­лийг бүр нарийн углуургаар нь ухаж ойлгодог. Юмыг боди­тойгоор харж тусгадаг. Хийс­вэрлэн сэтгэх сэтгэлгээ бага байдаг гэсэн үг. Дөрөвдүгээрт, дотоод сэтгэл, оюун бодол нь учир битүү­лэг, шууд хараад таньж мэдэхэд төвөгтэй бай­даг ч юм уу, ийм зүй­лүүд мэд­рэгддэг. Ер нь хятад хүний сэтгэл­гээг дотогшоо хандсан гэж үздэг. Өрнө дахины сэт­гэлгээ гадаг­шаа хандсан бай­даг. Хятадын соёл, сэт­гэл­гээнд дандаа төв рүүгээ тэ­мүүлэх хүч үйлчилдэг. Харин өрнө дахинд бол төвөөс зуг­тах хүч үйлчилдэг. Цаад на­рийн мөн чана­руудыг нь таньж мэдээгүй учир бид хя­тад хүмүүсийг зөв өнцгөөс харж байгаагүй. Дотуур та­мир­тай, манж зантай, нэг муу хужаа гэсэн байд­лаас л харах нь бий. Мэдээж сэтгэл­гээний дээрх онцлогуудыг мэдэх аваас хятад хүнийг таних боломж нээгдэнэ. Бид хята­дуудыг муугаар хэлэхээсээ илүүтэйгээр таньж мэдэх хэ­рэг­тэй. Дотоод ахуйд нь нэвт­рэх учиртай. Тиймээс хятад судлал өнөөдөр маш чухал болоод байна шүү дээ.

Хятад улс дэлхийд хү­чир­хэгжиж байна. Хятадын зуун ч гэж ярьж, бичиж байгаа. Тийм болохоор бу­сад томоо­хон улс орнууд хятад суд­лалыг бод­логоор бий болгож байна. Харин манай улс энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Хятад судлаач гэхээр хуруу дарам цөөн эрдэм­тэд л байдаг?

-Манайд
хятад судлалын газ­рууд байна аа.Тухайлбал, Олон улс судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академи болон их, дээд сургуулиудад хятад судлалын тэнхим бай­на. Харин нэгдсэн гол бод­лого байхгүй гэж хэлж болно. Үндсэндээ нэг дор зангиддаг  төв цэг гэж байхгүй байна. Эрдэмтэд судалгаа хийгээд л байдаг, түүнийг нь хэрэг­жүүл­дэг газар гэж байхгүй.  

Өвөр Монгол, Түвдээс гадна хятад гэж тусдаа бай­даг. Тэр хятадуудыг дотор нь яаж ангилдаг бол. Ма­найх шиг аймаг, сумаар зааглагддаг болов уу?

-Хятад
56 үндэстэн яст­наас бүрддэг. Гол үндэстэн нь хан үндэс­тэн буюу өөрийн тань хэлээд бай­гаа хятад үндэстэн. Нийт хүн амын ер гаруй ху­вийг хан үндэстэн эзэл­дэг. Бидний яриад бай­гаа Хятад үндэстэн Хөх, Шар хоёр мөр­ний сав гольдрол дагуу аж төрж ирсэн. 56 үн­дэс­тэн ястан бүгд өөр өөрийн гэсэн соёл­той. Ихэнх нь өөрийн гэсэн хэл, бичиг үсэг­тэй. Хятадад хэлний найман том аялгуу байдаг. Хойд нут­гийн хүн өмнөд хэсэгт очоод ойлгол­цож чадахгүй. Бээ­жин­­гийн хүн Шанхайд очоод Шан­хайн хэлээр ярьж чадахгүй. Хоёр шанхай хоорондоо ярил­цаж бай­хад Бээжингийн хүн ойл­гохгүй. Хэлнийх нь аялга тийм их зөрүүтэй. Бүр харь хэл юм шиг. Бичиг үсэг нь бол мэдээж нэг байна. Ярианых нь хэл тийм өөр байдаг. Тэр хэл ярианы хувьд Монголтой адил биш байгаа биз. Мон­голчууд олон үн­дэстэн ястан, үг яриа нь аял­гатай ч шууд л ойлголцдог ш дээ.

Манайхан хятадууд гэ­хээр дээхнэ үед манайд ногоо тарьж амьдарч бай­сан тариачин өвгөд, өнөө­дөр барилга дээр ажиллаж байгаа залуучуудаар л тө­сөөл­дөг. Яг өнөөдөр  хятад тариач­дын энгийн амьдрал ямар байгаа бол. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бид
жаахан явцуу ойлгож ир­сэн. Хятад хүн гэхээр хөх хувцастай тариачин буудаг. Тийм биш. Хүн амын дийлэнх хувь нь газар тариа­лан эрхэл­дэг ч шинэ зуунд хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байгаа том гүрэн. Гэхдээ тэнд сайн муу хосолж байгаа. Дийл­дэхээ байсан баян хүмүүс байхад өнөө маргаашаа яая гэж байгаа ядуу тариачид ч байна. Харин төрийн бодлого нь нээлттэй байдаг. Анзаа­раад байх нь ээ, хүн рүүгээ чиг­лэсэн бодлого явуулдаг юм билээ. Сургууль соёл, эмнэлэг гээд бүх албан бай­гуул­лагуудынх нь төлбөр ерө­н­хийдөө өндөр байдаг ч иргэд­дээ үзүүлэх хөнгөлөлт их байдаг л даа.

Дэлхийд хөгжлөөрөө ман­лайлж байгаа энэ том гүрэн­тэй хаяа залгаа бай­гаа­гийн сайн болоод муу талыг нь хэлэхгүй юу?

-Монгол
Улсын хөгжилд Хята­дын хөгжил маш их үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Хятад орон ямар нэгэн халдлагад өртөхгүй, чимээ аниргүй хөг­жөөд л байх юм бол манайх адилхан өнгө зүс ороод л байна. Энэ талаас нь хара­хад, Хятад улстай хаяа залгаа байгаа минь сайн. Бас сөрөг муу зүйл байна л даа. Тэр нь Хятад гүрэн ямар нэгэн байд­лаар донсолж эхлэх юм бол манайх бас л дагаад ганхана. Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Ер нь аль ч талаас нь аваад үзэхэд бидэнд ашигтай даа.

Цаашдаа найзалж, нө­хөр­лөж явах нь зөв гээд байна аа даа?

-Ерөөсөө
л тийм. Манай улсын хөгжил дэвшилд ихээ­хэн нөлөө үзүүлнэ. Тэгэхээр нөхөрлөж, бүр ах дүү шиг дотносохоос аргагүй. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Хятадын “хил залгаа хөрш орнуу­дад явуулах бодлого” гэж байдаг. Үүнийгээ төрийн бодлогын түв­шинд авч үздэг. Тоймлоод хэлэх юм бол хөрш орнууд маань бидэнтэй адил хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлэх ёстой гэх ойлголт. Манай­хыг бусад хөрш орнууд шигээ баян, хөгжилтэй, амга­лан байгаасай гэж үздэг.

Хятад улсын тухай, хя­тад хүний сэт­гэл­гээний онц­лог гээд олон сонир­холтой зүйл ярилаа. Одоо харин өөрийн тань талаар асуумаар байна. Хэзээ, хаа­на сургууль соёл дүүр­гэ­сэн бол оо?

-Миний
бие Монгол Улсын их сургуулийн хятад хэлний ангийг 1979 онд дүүргэсэн. Дараа нь Хятадад мэргэжил дээшлүүлж, сурч боловсорч байсан он жилүүд бий. Ер нь өнөөг хүртэл туулж ирсэн амьдрал маань хятад суд­лал, Хятадтай холбоотой байсан. Миний судалдаг зүйл бол маш тодорхой. Би хятад хэ­лийг судал­даг, судлаач, ор­чуулагч. Харин сүүлийн үед Хятадын соёл сэт­гэлгээ бо­лоод хятад хүний онц­логийг ихээхэн судалж байна. Ор­чуулгын хувьд Күнзийн сур­гаал номуудыг орчуулсан. Мөн “Хята­дын сон­годог утга зохиолын дээж” гэх нэрээр хэд хэдэн бүтээлийг цув­ра­лаар гаргасан.

Тухайлбал?

-Күнзийн
сургаалын ном байна. “Сүнзийн дайтахуйн ухаан” гэж бүтээл байна. Уг номоороо би утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” 2006 онд хүр­тэж байлаа. Орчуулгын төрөлд шүү дээ. Дэлхийд багагүй шуугиан тарьдаг уг ном Мон­голд орчуу­лагдаагүй байсан. Миний бие анх удаа ор­чуул­сан нь  тэр юм. Мөн эрт­ний Хятадын гүн ухааны сэт­гэл­гээний сонгодог судар болох “Их суртахуй” номыг Монголд анх бү­рэн эхээр нь орчуулж олонд хүр­гэсэн. Одоо “Хятадын соёл, сэт­гэлгээ” гэсэн томоохон хэм­жээний бүтээлээ хэвлэлд бэлт­­гээд байж байна.

Чой.Лувсанжавын нэ­рэмжит шагналыг саяхан хүртсэн дээ?

-Тийм
ээ, Монгол Улсын их сургуулийн олон улсын шагнал болох “Алтан од”-ыг хүртсэн. Хэл судлалын сал­барт томоохон ам­жилт гар­гасан нэг эрдэмтэнд гурван жилд нэг удаа олгодог нэр хүндтэй шагналын эзэн болсондоо ихэд баяр­ладаг. Хятад суд­лалын сал­барт гаргаж буй амжил­тыг минь үнэлсэн шагнал. Сонир­хуулахад, “Алтан од”-ыг хүрт­сэн дөрөв дэх хүн нь болж байгаа юм билээ. Өмнө нь гадаадын хоёр Монголын нэг эрдэмтэн дээрх шагналыг хүртэж байсан юм билээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд хонзогнуур хүмүүс биш

Монгол
Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ээлжит титэм үгээ тэрэлжээ. Түүнийг ард түмэн­дээ
хэрэгтэй сургаал бичдэг хэмээн хүмүүс ам сайтай байдаг. Мөн  энд тэндхийн зүйр цэцэн үгийг цуг­луулаад биччихдэг
хэмээн муу хэлэх нь ч бий. Бас далд утгатай үгийг хэн нэгэнд зориулан нийт­лэлээ
бичдэг нь нууц биш. Хэвлэл мэдээллийнхэн ч үүнийг нь андах­гүй  олон түмэн уншигчдадаа тай­лан хүргэдэг. Тиймээс
Ерөнхийлөгч асны сүүлийн нэг нийтлэлийн талаар шүүмжлэл өрнүүлмээр байна. Тэрбээр
“Зуун найз бага, нэг дайсан их” гэсэн нийтлэл тэрлэжээ.

Уг
нийтлэлийг Ардын намын­ханд зориулж бичсэн бололтой юм. Бүүр тодруулбал Ардын намын
дарга болон ерөнхий нарийн бич­гийн дарга нарт зориулжээ. Тэр нь   намын дарга байсан Н.Энхбаярыг хэрхэх тухай юм
шиг байна лээ. Хэнд зориулж юу бичих нь түүний эрх учир маньд падгүй хэрэг юм. Гагцхүү
уг нийтлэлийн утга санаа нь бараг айн цочмоор харгис байгаа нь л уншсан хүнийг сэрт­хийлгэж
байна. Тэрбээр дайснаа хэрхэн дахиж босож ирэхгүй бол­тол нь нам дарах тухай өөрийнхөө
баримталж ирсэн сургаалаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ бол  өнгөрсөн зууны гучаад оны дундуур үүссэн цэвэр
коммунист сургаал юм. 

Энэ
сургаал ертөнцийн бүхий л үеийн гэгээлэг сэтгэгчдийн, дээр нь бурхад, шашны бүх
сургаа­лын эсрэг байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Ёстой л ад мөрийн сургаал гэж
ийм байдаг байх. Тэгвэл бурхад юу гэж сургадаг вэ. Христ “Чиний нэг хацрыг чинь
алгадвал нөгөө хац­раа тавьж өг” гэдэг. Энэ нь юмыг өнгөрөөж сур. Хүлээцтэй бай
гэсэн сургаал юм. Будда “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд байгаа
бүхнээ бүү харамла” гэж  сургадаг. Энэ нь
дэлхийн бүхий л зүйлийн төлөө санаа сэтгэлээ зовоож түүн дотроо дайсандаа ч хүртэл
тус бол гэсэн үг мөн биз дээ. Мухаммед болохоор “Хилэг­нэх сэтгэлийн эсрэг хилэнт
бодол  агуулбал Аллахын сэтгэлд ний­цэхгүй”
хэмээн үздэг. Эвдрэл­цээнээс эвдрэл л үүсдэг гэсэн сургаал юм.

Тэгвэл
биднийг найман жил удирдсан Монгол Улсын нэр нүүр болж явсан хүн юу гэж сургаж байна
вэ. “Чамтай дайсагнасан хорон санаатны өмнө хүлцэнгүй ноомой үхээнц дорой царайлан
битгий бөхөлз. Тэгэх юм бол чамайг номхчлон дураараа дээрэлхэж бах таваа хангана.
Тулалдсан хүн л гагцхүү ялдаг юм. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо. Чи гөлөг
муурын дүртэй байвал дайснууд чамайг нүдээр олзлон дээрэлхэнэ. Арслан барсын дүртэй
байвал айн сүрдэнэ. Арслан ангийн олзондоо биш ялалтандаа баярладаг гэдгийг мэд.

Цохиж
байгаа бол өвдтөл цохь. Нэг жил тахиа мэт амьдарснаас нэг өдөр шонхор мэт амьдар
гэдэг үгсийг хатуу санаж өстөнтэй тэмц. Хэрэв хэн нэгэн танд халдах юм бол хариуг
нь хоёр дахин илүү хүчтэй өг. Хэн нэгэн тэнд хор хохирол учруулсан бол яг адилхан
хариуг нь барь, гэхдээ өөрөөс нь илүү ихээр хариугаа ав” гэхчлэн сургажээ. Мөн бут
цохиогүй дайсан шинээр босч ирнэ. Чамд хор хүргэж чадахгүй болтол дайсныг дарахгүй
бол амар заяа үзэхгүй, амгалан тайван унтахгүй. Дайсанд өршөөл үзүүлж буй хүн өөрөө
энэрлээс татгалзаж байгаа хэрэг. Өстөн дайсан өр зүрхний нөхөр болох нь юу л бол
гэх мэтчлэн сургасан байна.

Энэ
бүх сургаал ямар ёс сурта­хууныг номлоод байна вэ. Ийм цэвдэг өрөвдөх сэтгэлгүй
үзэл бодол зөрөлдөж байвал заавал устгаж байж бодьгалынх нь хувьд байхгүй болгож
байж санаа нь амардаг цэвэр коммунист үзэл одоо цагт хоцрогджээ. Зүгээр ч хоцрогдсон
үзэл биш. Бүүр хоригло­­вол зохилтой харгис үзэл санаа юм.

Тэгээд
ч монголчууд ингэж их өс хонзонг үе удам дамжуулан аваад байхыг боддоггүй. Яагаад
гэвэл ингээд хэрэггүй гэдгийг тэд яс махаараа мэдэрсэн байдаг. Бага хаадын үеийн
хонзогнол, баруун зүүн монголчуудын хонзогнолоос хойш ийм зүйл хийж, ярихаас цэрвэж
ирсэн нь илт харагдаж байдаг.

Язгуурын
монгол ухаанд “юмыг өнгөрөөж сур” гэж л сургадаг. Энэ бол талын монголчуудын үндсэн
философи юм. Олон юман дээр монгол эрчүүд нэг гараараа нөгөө гараа барин хэлээ хазан
юмыг өнгөрөөдөг. Нөгөө уужуу тайван монгол эр хүн гэж үүнийг л хэлдэг байсан. Энэ
зан чанар улаантнууд Монголд орж ирэх хүртэл оршин тогтнож байсан юм.

Харин
улаан коммунистууд, тэдний үзэл санаа нийгэмд ялан мандсан гучаад оноос хойш л улс
төрийн өс хонзон манайд дэлгэр­сэн. Тэд харин ч үзэл санаа ний­лээгүйн хонзонг сайн
авсан даа. Гучаад мянган иргэдийг зөвхөн өөр үзэлтэй байсных нь төлөө толгойд нь
сум зоосон юм. Энэ бүхэн  коммунистуудын бут
цохиогүй дайсан дахин босч ирнэ. Хэн нэгэн танд хор учруулсан бол хоёр дахин хариуг
нь барь. Арслан олзондоо биш ялалтандаа баярладаг гэсэн сургаалын дагуу явагджээ.
(Уул нь арслан хий хоосон ялалтад биш хоолондоо л баярламаар юм) Энэ үзэл санаа
энэ хорон сургаал бол коммунистуудын үндсэн сургаал араншин юм. Үүнийг ч МАХН буюу
Ардын намын гаргаж байгаа ави­рууд батлан харуулсаар байдаг.

Уг намаас сонгогдон ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхий­лөгч асан ийм харгис дээрэнгүй  хонзонч үзэл бодолтой хүн байсан юм байжээ хэмээн бодоход одоо өн­гөр­сөн хойно нь үнэмшмээргүй  санагдана. Юун хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах байх вэ. Түүний сэтгэлд сэв суулгасан хүн бол өөрийнх нь хэлснээр “далд дайсны удаан зажилдаг эрүүнд өртсөн хүн л хамгийн өрөвдөлтэй”
гэгч болох буй за. Тэрбээр одоо ч нийгэмд нэр нөлөөгөө алдаагүй байгаа бөгөөд хамгийн өндөр цалинтай ажил буюу Оюу толгойн ТУЗ-д ажилла­даг. Тиймээс энэ хонзон авах коммунист үзлээсээ ангижрахгүй бол бас л аймаар хэвээрээ аж. Тэгээд дээрээс нь залуу хүмүүсийг  ийм харгис сургаалаар дөгөөж  өөрөө таагүй ханддаг хүнээ тэд­ний гараар даруулж уулын орой дээ­рээс барсын тулалдахыг хара­хаар зүтгэх нь нийгэмд таагүй сэтгэгдэл төрүүлж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Энхбаярыг НАМНАХ нийгэм дэх их ав

Хэдэн жилийн өмнө юмсан. Редакцийн их ажлын
заваар “Өд­рийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Ж.Мяг­марсүрэнгийн өрөөгөөр орж цай уун дэмий
юм ярин сууж байтал хаалга тас саван Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэн­жаргал
орж ирэв. Тэрбээр манай Угтаалын унаган хүүхэд бөгөөд бид багадаа нэг дор өссөн
улс билээ. Түмээ гавьяат энэ удаа нэлээд бухим­дуу ууртай явж байв.  Энэ нь манай сонинд нийтэл­сэн нэг материа­лаас
үүдсэн байжээ. Бид түүнийг “Түмээ ах” гэж авгай­лах. Түмээ ах уурла­хаараа  тас ширвэн шилбэлздэг, бас яагаад ч юм манай сонины  Ерөнхий эрхлэг­чид гомор­хон айл­гадаг зантай
билээ. Харин сайхан зантай үедээ марзан мар­зан хууч ярин элэг хөшөөчихөө алдана.
“Хэн гуай намайг бага байхад тэгж хэлдэг байсан юм. Тэр үед нь би шоолоод л байдагсан.
Одоо бодож байхад тэгж хэлсэн үг байж” гэж ирээд л алхам тутамдаа нээлт хийн монгол  үгийг тал талаас нь тайлан өдөр бүр оролдож  байдаг зантай. 

Энэ удаа тэрбээр ууртай шил­бэлз­сээр орж
ирлээ хэмээн дээр дурд­сан. “Чи ганц удаа ч болтугай  манай даргыг муу хэлэлгүй өнгөрч чадсангүй юу.
Хаа хамаагүй бо­лоод өнгөрсөн “Болор цом”-ын тэмцээн Энхбаяр даргад ямар хамаа байна
аа” хэмээн  Ерөнхий эрхлэгчид хандан мэн­дийн
хариу­гүй үглэж эхэлсэн юм.  Энэ цаг дор манай
Түмээ ах Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын зөвлө­хөөр ажиллаж байлаа. Болор цом дөнгөж
болоод өнгөрсөн байсан. Уг тэмцээнд Ж.Мөнхбат 
гэдэг залуу гэнэт гарч ирэн түрүүлж шуугиан тарьж бай­сан цаг аа, тэр үед.
Тэр залуу МАСЗХ-ны гишүүн бөгөөд Ерөн­хий­лөгчид ид хүчээ өгөн зүт­гэж,  нөгөөдөх нь ч мөнгө төгрөг, эрх мэдлээрээ “Болор
цом” наадамд түрүүлүүлж шоу хийн гайхуулж байсан үе л дээ. Бас дээр нь Ерөнхийлөгч
Н.Энхбаяр өөрөө очин шагналыг нь гардуулж өгч байсан. Үүнийг л манай сонин  “Энхбаярын оролцохгүй юм гэж байхгүй боллоо. Одоо
байчихаад “Болор цом”-д хүртэл оролцож  өөрийн­хөө
хүнийг мөнгө өнгөөр түрүүлүүлж байна” хэмээн шүүм­жилж бичсэн юм. Хүн толгойтой
болгон нь Энхбаяр даргаа хэмээн мөлхөөд гүйсэн, түүнийг шүүмжлэн хэлэлцсэн болгон
нь эргүү тэнэг мэт үзэгдэн нийгмийн дайснаар тодордог хүнд үе байсан. Түүний хаанчлал
ид бүрэн хүчин чадлаа­раа ажиллаж, хаант засаг тогтоход ойрхон болж цорын ганц хаанаа­раа
Энхбаярыг сонгоход ойрхон очсон цаг байлаа. Энэ хүнд цаг үед  энэ том дарагуйлагчийн өөдөөс  үнэн үг хэлж шүүмжилж чаддаг ганц сонин нь манай
“Өдрийн сонин” байсныг одоо эргэн дурсахад сай­хан байдаг юм.

Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсү­рэн “Танай даргыг
шүүмж­­лэхгүй байж бололгүй яахав. Танай Энх­баяр чинь энэ ард түм­нийг тэнэг гэж
боддогоо болих хэрэгтэй шүү дээ. Сая “Болор цом”-оор юу болсныг хүн бүр л мэдэж
байгаа. Харин айгаад ч юм уу долигоноод л хэлэхгүй байгаа боло­хоос. Бас дээр нь
нэмж хэ­лэхэд одоо улыг нь долоочихоо алдаад гүйлдэж бай­гаа энэ дол­дойнууд чинь
цагаа болохоор хаяад гүйнэ дээ. Хаяад гүйхээр барахгүй бүүр тал талаас нь боор­лож
барьж иднэ гээч. Ашиг­гүй болохоор нь буюу албан ту­шаа­­лаас нь буусан хойно хэн
ч түүнийг тоож харахгүй. Бүүр доли­гонож байснаа нуугаад, тэгж байс­ныг нь хүн мэдчих
вий гэсэн дээ тасдаж иднэ гээч. Тэр үед л танай даргыг өмөөрий дөө. Тэгээд ч нийгэм
тэр аяараа үзэж чадахаа болих цагт бид л түүнийг өмөөрч дуугараад ад үзэгдэх байх
даа” хэмээн тоглоом болгоод өнгөрөөж байсан юм. Түмээ ах ч тэгэс ингэс­хийгээд тайвшран
гаргах гэж бай­гаа но­мынхоо тухай хүүрнэн 
хууч дэлгэж байсансан.

Энэ үйл явдлыг эргэн санаг­дуулах үйл явдлууд
“гурав дахь” Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг албанаасаа буус­наас хойш олон­таа тохиол­дож
байгаа нь сонин. Тэр үед яригдаж байсан ярианууд яг л бодитоор биелэгдэж эхлэх нь
тэр. Энхбая­рыг алба даягтай бай­хад нь яаж уралдан долигонож байлаа, одоо яг түү­нийхээ
эсрэг хэн нь түүнийг илүү сайн муу хэлж чадах вэ гэсэн уралдаан зарласан мэт шороо
самардан цацаж байна. Түүний эсрэг. Нэгэн цагийн шүтээн явсан түүнд энэ бүхнийг
тэсвэрлэн давж гарах нь ямар хэцүү байдаг бол. Хүнийг ингэж элдэв дээдээр элэг­лэн
гутаах кампанит ажил зохион байгуулах нь арга үгүй л коммунист угшилтай хүмүүсийн
зан гэж манай үеийн нэрт нийтлэлч Баабар хэл­сэн нь үнэхээр аж. Ерөнхий сайд Сү.Батболд
түүнээс салдаггүй анд нөхдүүд явсан. Нөгөө манай сонин дээр гарч, Түмээ ахын өмөөрч
бидэн дээр давхиж ирэхэд хүргэж байсан Ж.Мөнхбат нь хүнээс дут­чих­вий гэсэн шиг
сонин­оор хуучин даргаа гутаан дээрэлх­сэн. Хаяж л орхих­гүй, залуу хүнд ийм юмыг
нүдээ аниад өнгөрөө­чихдөг юм гэж хэлж өгсөн хүн байхгүй байгаа л даа. Гэхдээ үүнийг
заавал хүнээр хэлүү­лэх юу байхав. Өөрөө л мэдэх хэрэгтэй.

Түүнийг тахин шүтэж явсан бүхий л нөхдүүд нь одоо нэг нэг­нээсээ
өрсөн түүнийг гутааж байна. Энэ нь эргээд нийгэмд, монгол­чуудын ёс суртахуунд асар
муу нөлөө үзүүлж байна. Монгол хүн гэдэг ямаршуухан зан сурта­хуун­тай байх ёстой
вэ гэдгийг нийгмийн элит хэсгийнхний гаргаж байгаа зан авир тогтоож өгдөг. Тэгвэл
нийгмийн нэр цуутай гэсэн болгон нь ийм адгийн урвагч сурта­хууныг сурталчлаад байхад
нийгэм юу гэж ойлгох вэ. Урвалт бол байж боло­хоор барах­гүй зан суртахууны зайлшгүй
байх ёстой үзэгдэл гэж ойлгодог юм байгаа биз дээ. Ний­гэм дэх Н.Энх­баярыг намнах
их авыг харж суу­хад манай эрхлэг­чийн “Цаг нь болохоор бид л ний­гэмд өмөөрч дуугарах
байх даа” гэж хэлж бай­сан үг санаанд орох юм. Ингээд нэг өдөр түүнээс “Энэ Ерөнхийлөгч
асан Н.Энхбаярыг өмөөрөх цаг нь ирж байгаа бус уу. Муу ч сайн ч Монгол төрийн тэргүүн  байсан хүн. Одоо бүүр байчихаад хувийнхаа мэдлийн
хэвлэл дээр юу бичихийг нь зааж зааварлан, түү­нийг нь хөндлөнгийн хүмүүс их л бах­тайгаар
өөгшүүлж байна. Бид ард­чилалтай оронд байна уу үгүй юу” хэмээн асууж билээ. Тэгэхэд
Ерөн­хий эрхлэгч Ж.Мягмарсүрэн надад “Адилхан хэвлэлийн сал­барт ажил­ла­даг хүний
хувьд, дээр нь Засгийн газар УИХ-ын эсрэг хатуу шүүмж­лэл өрнүүлж байгаа­гийнх нь
хувьд өмөөрөх цаг болж байна. Харин ганц юм л санаа зовоогоод байх юм. Иргэншиж
өгөхгүй нь, жирийн сайхан иргэн болоод үнэн үгийг нь улаан нүүр дээр нь хэлээд явж
байхгүй нь хэцүү юм. Өөрийгөө хэд дэх ч гэнэ үү Ерөнхийлөгч гэж зарлаад л үзээд
байх нь төвөгтэй байна. Бид энэ төр засгийг шүүм­жилж байгаа дээр нь нэг фронт болон
зогсох хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийг шүүмжлээд бай­гаа нь зөвхөн ялагдсан хон­зонгоо
муу хэлж байж л тайлж байгаа явуургүй арга гэдгийг нь өдий олон жил хэвлэл мэдээллийн
салбарт ажил­лаж байгаа хүнийхээ хувьд  ялгах­тайгаа
байна” хэмээн хэлсэн юм.

Categories
редакцийн-нийтлэл

Зуд болоход эхлээд хүн дараа нь бусад нь

Уул нь бид чинь хүнээ дээдэл­сэн, оюун ухаан суу билгийг нь шүтэн биширч, хүндэтгэн хайрла­сан хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үүгээрээ ч бахарх­даг. Гэтэл өнөө хүнээ дээдэлдэг нийгэм маань малаа дээдэлдэг малынхаа өмнө сөхөрчихсөн, нэг эргүү хурга мажийхад эмгэнэн гашууддаг болжээ. Малын буян их л дээ. Гэхдээ яаж ч бодсон ухаант хүнтэй харьцуулж болмооргүй санагдаад байгаа юм. Манайхан болохоор мал мал л гээд байх. Зуд боллоо өнөө хэдэн мал минь гэнэ. Амьд мэнд онд ордог байгаа даа гэж дээд доодгүй санаа зовно. Цаана нь хүн яаж зовж зүдэрч, туйлдаж байгааг анзаарч санаа тавьж, сэтгэл гаргаж байгаа нь нэгээхэн ч үгүй. Ийм ядмаг сэтгэл­гээтэй, ухаант хүнээ ухна ишигнээс дорд үздэг болохоор нийгэм маань хаана хаанаа ой гутмаар болоод байгаа юм. Олон аймагт зуд нүүр­лэж, өвөлжилтийн байдал хүндэрч гамшгийн хэмжээнд хүрлээ гэсэн мэдээлэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирж, яамны нөхдүүд сандралдаж, төр засагтаа дуулгаж, онцгой комисс нь яаралтай хуралдаж онц байдал зарлаад сүйд. Энэ нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэж, өнөө жил л гэнэт өвөл цас орж байгаа биш юун сүржин юм гэх бодлыг төрүүлээд байгаа. Ингэж бодох нь арга ч үгүй юм аа. Хөдөөд гамшиг боллоо гэхэд сайндаа хэдэн мал цасанд даруулна л биз дээ. Ер нь хэдэн мал зуданд мажийх, за тэгээд хашаа хороо, малын нэмнээ зэрэг нь хүнийхээ дараа орох хоёрдмол асуудал. Харин Улаан­баатарын иргэд өдөр бүр гамшиг­тай тулгарч байна. Хотын утаа, эх захгүй архидалт, замын бөглөрөл гамшиг биш гэж үү. Их хотод аж төрж байгаа олон хорт утаагаар амьсгалсаар амьд явах боломжоо алдаж байгаа. Шинэ төрсөн хүүх­дүүд Монголын эмгэнэлт нийгэмд хичнээн жил наслахаар ирж бай­гааг үнэндээ таашгүй. Онцгой комисс хорт утааны, эх захгүй архидалтын эсрэг онц байдал зарлаж, хотынхоо иргэдийг жин­хэнэ “зуд”-наас салгах тал дээр анхаарвал зохилтой юмсан.

Чоно хүртэл осгож үхмээр идэр есийн тэсгим хүйтэнд орон гэргүй хүмүүс нэг муу уранхай пүүзтэй орцонд хоноглож байна. Тэд хүний шаарууд л даа. Гэхдээ хүнлэг сэтгэлээр хандаж, өнөө малдаа тавиад байгаа анхаарлаа тэдэнд бага ч болов хандуулах аваас наад зах нь архидан мансуурах нь багасч, улмаар зөв сайхан амьд­рахыг бодож эхлэх бус уу. Ямар ч хүн хүний хайраар, энэрэл нигүүл­сэнгүй сэтгэлээр дутдаг. Орон гэргүй тэнэмэл нөхдийг шууд ажил­тай амьдралтай болгочих гэж бай­гаа юм биш л дээ. Гол нь өдөр бүр сэтгэл хандуулаад, бага багаар нөлөөлөөд байх нь чухал.

Тэгэхээр малдаа биш хүндээ анхаарал хандуулдаг, хөдөөний бус хотын “зуд”-тай хатуу тэмцдэг, урьдчилан сэргийлдэг, өвөлжөөн­дөө байгаа хурга ишгэнд нэмнээг нь бэлдэж явуулахаас өмнө, өв­лийн хүйтэнд осгож үхэж байгаа нэгнээ боддог болмоор байна шүү дээ.  

Хурга ишгэнд нэмнээ хүргэнэ гэснээс нэг зүйлийн талаар саналаа хэлэхийг хүслээ. Манай төр засаг малчдын хотонд өвс хүргэж өгөн мал сүргийг нь ма­жийхаас сэргийлдэг хэрнээ хотын захын дүүргийн айлын хашаанд бензингүй зогсож байгаа машинд яагаад шатахуун хүргэж өгдөггүй юм. Хавар мал төллөхөөр очиж бөөцийлөх нь холгүй байдаг байж хэн нэгэн иргэний хашаанд дөрвөн дугуйгүй хэвтэж байгаа тэргийг нь босгоод өгөх тал дээр анхаардаг­гүй юм бол оо. Яагаад ийм ялга­вартай ханддаг юм бэ? Мал тухайн малч­ны хувийн өмч, машин ч гэсэн адилхан хэн нэгэн иргэний хувийн л өмч биз дээ. 

Ер нь зуд турхан гэх нэрийн дор хэдэн мал боддог өрөвдмөөр сэт­гэл­гээнээсээ болж бид дандаа алддаг. Ганцхан жишээ татахад одоогоос арван жилийн өмнө яалаа. Их хурлын гишүүн Ш.Отгон­билэг тэргүүтэй гадна дотны олон сайхан иргэд нэгэн малчны гадаа нисдэг тэрэгтэйгээ осолдож амиа алдацгаасан. Тэдгээр эрхмүүд ердөө зудаас болж, хэдэн малаас болж хорвоог орхисон билээ. Ганц­хан зуд гэлтгүй үер, түймэр гэх байгалийн гамшиг тохиолдоход хүнээ боддоггүй. Дандаа бусдыг боддог. Хүний амь нас эрсдэхэд бид юугаар төлөх билээ, хэдэн мал үхэх юм уу, тэнд нэг ой шатахад нөхөн сэргээгдэж болно доо гэсэн ухаалаг шийдвэр Монголын төрд алга. Ийм ухаалаг шийдлийг бий болгохгүй бол ганц мод шатах, ганц модон гүүр усанд автахын өмнөөс хүний алтан амь үгүйрсээр байх нь ээ. Үүнтэй уялдуулж бас нэг жишээ иш татъя л даа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд түймэр унтраах нэрээр онцгой байдлын аврах залуучууд амиа алдсан даа, хөөрхий. Усан бороонд унтарч байгаа түймрээс болж шүү дээ. Ингээд бодохоор цас зуд, байга­лийн гамшгийн үед эхлээд хүн дараа нь бусад нь гэх ойлголтыг ягштал мөрдөх нь зүйн хэрэг байгаа биз.  

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Эрх баригчид мэдээллээ хааж байгаад сэтгүүлчид буруутай

Бидний хэдэн сэтгүүлчдэд хийх ажил мөдхөн олдохоо болих нь байна даа. Энэ маягаараа бол Их хурлын хамгийн гол үйл явдал өрнөдөг байнгын хороо хаалттай боллоо. Мэдээллээ хаасан юм гээд уншигчид мэдээлэл авахгүй суу­гаад байхгүй. Тэд харин бүр ч илүүтэй хаалттай хуралдаанаар  чухам юу хэлэлцэв хэмээн  сонир­хох болно. Хортой алим хамгийн амттай гэдэг  биз дээ.  Тэгээд олон түмэн уншигчдадаа яаж мэдээлэл хүргэх вэ.  УИХ-ын  байнгын хороон дарга гэж  хүмүүс мэддэггүй албан тушаал бий. Тэнд очсон нөхөр “Өнөөдөр байнгын хороогоор тийм юм хэлэлцлээ” хэмээн дуулгаж байх болсон. Хүссэн хүсээгүй түү­ний л үгийг  дамжуулаад сууж байх болно.

Бас болоогүй ээ. Тэр байнгын хороон даргын дургүйг хүргэсэн сэтгүүлч тэнд очиж мэдээлэл авах  нүүргүй болсон. Яагаад гэвэл дэгийн тухай хуульд тэр тухай  заачихсан байгаа. Гэхдээ юу гэж “зэвүүн хулгайчийг оруулахгүй” гэхэв дээ. Их цэвэрхэн бичнэ  шүү дээ. УИХ-ыг сурвалжлах сэтгүүлч­дийн туршлага мэдлэгийг харгал­зан сурвалжлах эрх олгоно гэсэн шүү юм бичихээ бас мэднэ. Энэ нь гишүүдийг шүүмжилдэг, тэдэнтэй найзархаг бус харьцдаг, элдэв булхайг нь олж хардаг хүмүүс тэнд хоншоороо шургуулах эрхгүй гэсэн үг юм.

Одоо тэгвэл  байнгын хорооны хуралдаан яг жинхэнэдээ юу болох вэ. Тэд үнэхээр хуралдах уу, ху­ралдчихаад бидэнд үнэн зөв мэдээлэх үү  гэдэг бол өөр асуудал.  Байнгын хорооны хуралдаан хуу­чин маягаараа бараг  хуралдахгүй.  Хэдхэн бүлэглэлийн толгойлогч гишүүд цуглаж суучихаад бүх  асуудлыг тохируулж, хуйвалддаг үүнийгээ чуулган гэх үзэгчдэд зориулсан жүжигтээ бэлтгэдэг  газар болж хувирна. Тэнд хэзээ ч ирц бүрдэхгүй бөгөөд бас ямар ч шүүмжлэл өрнөхгүй харин энэ хэний юм, тэр юуных юм, чуулган дээр тэр тэгж хэлнэ, энэ ингэж шүүмжилнэ хэмээн жүжгээ бэлтгэ­сээр байгаад  таарна. Харин бүлэг­лэл хоорондын тэмцэл хурцадвал л ганц нэг гишүүн гүйж гарч ирэн шударгаар нөгөөдүүлээ шүүмжлэн хэлэх биз ээ. Гэвч юу боллоо гэж тэнэгүүд шиг  байдаг бүхнээ түмний дэргэд дэлгээд байхыг бодох би­лээ. Энэ тохиолдол маш ховор байх болно. Парламент шинэ үед л ганц нэг удаа ингэж магадгүй  юм. Мөн сөрөг хүчинтэй тэр нь бас шинэвтэр байх үед л ганц нэг удаа ийм юм болно. Харин ингэж сай­хан “ивлэчихсэн” одооны парла­мен­таас тийм ухвар мөчид зүйл гарахгүй.

Манай сэтгүүлчид өнгөрсөн хойно нь  элдэв юм ярьж “мэдээлэл  авах эрх хумигдлаа” гэх зэрэг  зүйл хэлэх нь зүгээр жүжиглэл шахуу. Түүнээс ийм юм болох нь эртнээс нааш бараг хүн бүрт мэдэгдэж байсан. Яагаад гэвэл сэтгүүлчид  шүүмжлэлтэй хандаж байх ёстой төрийн түшээдэд хэтэрхий  найлан­хай хандаж тэдний хувийн найз нөхөд нь болчихсон шахуу байв даа. Сонин телевизийн  парламен­тыг сурвалжилдаг сэтгүүлч бүр нэг нэг гишүүдийн хувийн нарийн бичгийн дарга мэт аяглаж зөвхөн тэр гишүүнийхээ л сайн сайхныг бичдэг, үзүүлдэг болоод удаж бай­на. Мөн өөрийнхөө сайн гишүүнтэй муудсан юм уу маргасан бусад гишүүнийг элдэв шар мэдээ нэрийн доор доромжлоод дуусдаг. Дээр нь захиалгаар юу л бол юу хийж мэдэхээр болчихсон байхад эрх­биш амьд хүмүүс байна зай авахыг бодолгүй яахав дээ. Хэвлэл мэ­дээлэлд хамгийн харш зүйл болох хувийн бодол хувийн дүгнэлтээ нүүр дүүрэн, эфир дүүрэн явуулаад байхлаар чинь бусад нь дургүй байдаг юм байгаа биз дээ.

 Ийм найзархах харилцаатай, шүүмжлэн хэлэлцэж чадахгүй бол­чихсон хэвлэл мэдээллээс наад гишүүд чинь юу гэж айхав дээ. Айх гэж элдэв рекэт мэт зүйлийг хэлээгүй байна. Зүгээр л “миний энэ шударга бус үйлдлийг олон тү­мэнд дэлгэчих вий дээ” хэмээн эмээхээ больсон гэх гэсэн юм. Хэрэв тэгж эмээж ичдэг бол дээр нь бид бүх­нийг хүндэлдэг бол ингэж хэвлэл мэдээллийг хааж боож чадахгүй байх байсан. Бид юуных нь дөрөв дэх засаглал байхав дээ, зүгээр л засаглалын толгойд байгаа эрхмүү­­дийн магтан дуулагч  найрал дуучдын нэг болоод удлаа.  Үүний­хээ шанг ч амсаж байх шив.

Саяын шинэ жилийн үеэр
бол­сон тэр олон шилдэг шалгаруулах арга хэмжээнүүдийг
эргээд нэг саная даа хэдүүлээ.
Манай сэт­гүүлчдийн  энэ олон 
байгууллага  бусад байгууллагуудаас
юу гэж  дутах вэ гэсэн шиг олон олон удаа
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Ул­сын их хурлын дарга  зэрэг төрийн
өндөрлөгүүдийг
хэвлэл мэдээл­лийн шилдэг, тэргүүний,
ээлтэй гэх зэрэг цол гуншингаар шагнаж  хундага
тулгацгаав даа. Үүн дот­роос
парламентын сэтгүүлчид гэх
хэдэн нөхдүүд өөрсдөө
дур мэдэн  шинэ жил зохион байгуулж УИХ-ын
тамгын газрын дарга Ц.Ша­рав­доржийг хэвлэлд ээлтэй хүнээр шалгаруулаад бүхий
л мэдээллийн хэрэгслээр сурталчлаад бай­гаагүй
билүү. Дур мэдэн гэдэг нь
лав л ямар ч редакци, телевизийн зөвлөлөөс зөвшөөрөл авч шинэ жил хийж дээр нь хэвлэлд ээлтэй хүнээр тэрийг шалгаруулъя гэж хэлээгүй гэдгийг бид сайн мэдэж байна.
Тэгээд нөгөө хэвлэл мэ­дээлэлд ээлтэй Ц.Шаравдорж
маань дээрх дэгийг батлуулаад  бид бүхнийг мэдээлэлгүй болгож орхи­лоо шүү дээ. Ингэлээ гээд тэр ажлаа хийсэн
Ц.Шаравдоржид гом­дох уу. Их хурал талаасаа дээрх дэгийн заалт маш зөв  шүү
дээ.  Хэн нэгэн гишүүн телевизийн дуран хараад хяналтаа
алдаад элдэв дэмий юм орилоод байхгүй.
Элдэв нууц гадагш задрахгүй
гэх зэрэг. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид биш харин ийм долдой, дээр нь
ийм хулчгар хэвлэл мэдээлэлд л гомдохоос өөр
яах юм. Эрх баригчид мэдээллээ хааж байгаад эцсийн эцэст сэт­гүүлчид  бид л буруутай шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Архинаас нь салгахыг Архичин Монголын Ард түмэн хүсч байна

Энд нэг хэлэх үнэн байна. Архи нь байсан цагт монгол хүн уухгүй байна гэж хэзээд ч бай­даггүй  юм. Тэд биеэ даагаад дуртай юмнаа­саа татгалзаж, дээр нь сонголт хийж сураагүй. Хэдийгээр архи уух нь эрүүл мэндэд муу гэж мэддэг боловч “За энэ хогоор яах вэ” гээд той­роод явж байсан түүх үгүй. Бас дахиад нэг үнэнийг хэлэхэд архи нэг л амссан бол монгол хүнд тааруулж ууна гэсэн ойл­голт гэж хэзээд ч төрж байгаагүй юм. “Үхсэн, түрүүний жоохон юм одоо бараг гарчихлаа ш дээ. Хурдан дараа­гийнх нь архийг олъё. Сэтгээч ээ. Түргэлээч ээ”  гээд л гүйгээд байдаг. Монгол­чуу­дын тухай ганц үнэ­нийг эцэст нь дуулгахад согтуу монгол эр тавьтар­тай байсан түүх бараг байдаггүй билээ. Бид сог­тохлоо­роо энэ бүрзгэр­хэн бас эмзэгхэн  амьдра­лаа бүрмөсөн хөмөрч ор­хидог. Эрүүл болсон хой­ноо толгойгоо шаан тү­мэнтэй харам­савч бүх юм өнгөрсөн байдаг.

Бид ийм л ард түмэн. Одоо бидний  хоёр хүний нэг нь  архичин хэмээх алдар гуншинтай. Өглөө босоод хийдэг үндсэн ажил нь архи олж уух.

“Сайн уу? сайн, юу байна? юмгүй,
юу хийж байна? юу хийхэв, архиа уугаад л явж байна”. “Та­ван зуун цаас өгчих, ганц юмны гуя болгох гэсэн
юм” …Ихэнх  харцуу­лын ярь­даг яриа ийм л
хэмжээнд эргэлддэг. Тэд бас “Ганц кг гурилын мөнгө олд­доггүй байж ганц шил архины мөнгө хаанаас ч олддог” гэж ярих дуртай. Өнөөдөр
тэр ууж байна. Надаас ганц юмны тал гуйлаа. Байвал өгчихье, яагаад гэвэл маргааш намайг ууж байхад хэн
нэг нь мөн ингэж бодоод тал
шил юмны мөнгө өгнө
гэсэн  фило­софи энд үйл­чилдэг.

Нэгэнт уухаа больдоггүй, уух­лаа­раа тасартал уудаг, уусан хойноо тавьтаргүй монголчуудын амьдрал тамд байгаа мэт харгис байх нь зүйн хэрэг биз дээ. Дэлхийн хамгийн халуун цэг Ирак, Афганис­танд нэг шөнийн дотор нэг гэрийн найман хүнийг гэртэй нь цуг уст­гачих­жээ гэж дуулддаг уу? Тэгвэл Монголд энэ бол ердөө цочирдох мэдээ биш болсон. Хөгшин залуу хүүхэд үүхэдгүй цугларч архидаж байгаад нэг шоронгийн шаар тас­ра­хаараа цөмийг нь алаад гэрийг нь галдаад өөрөө бас угаартаж унаад цуг шатчихсан. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй. Хэрэв хариуцлага яривал гэртээ архидаж байгаад бие биенийгээ алаад шатчихсан хулгайч нарыг би яах болж байна гэж хороон дарга, хэсгийн төлөөлөгч нар нь барьж иднэ биз. Үнэндээ ч бараг тийм. Манай дарга нар ийм мэдээг ямар ч цочирдолгүй хүлээж аваад сур­чихчээ.

Монголын нийгэм архичдын нийгэм болоод удлаа. Ийм нийгэмд юу ч хийгээд нэмэргүй. Ямар ч шударга ёс ардчилал эрх чөлөө гэж яриад ямар хэрэг байна вэ?  Ийм нийгэмд ардчилал тэгш эрх, шударга ёс энэ тэрийг яриад хэрэг­жүүлэх гэж оролдвол   харин ч  гай болдог. Дээрх эрхэм зүйлс хүний нийгэмд байдаг болохоос архич­дын нийгэмд харш зүйл юм. Албан ёсны судалгаагааар манай хүн амын 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай нэг хүнд жилд 33 литр архи  ноогдож байгаа ажээ. Дээр хэлсэн хоёр хүний нэг нь архаг архичин гэдгийн учир энэ юм. Олон улсын хэмжээнд нэг хүнд ноогдох архи жилд найман литрээс хэ­тэрсэн тохиолдолд аюулын ха­ран­га дэлддэг жишигтэй юм байна. Байдал ийм болсныг Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн газраас анхаарч үндэсний аюулгүй байд­лын зөвлөлөөр ойрын хугацаанд  Монгол дахь архидалтын байдлыг хэлэлцэх гэж байгаа нь цагаа олсон хэрэг боллоо. Энэ тухай зүгээр хэлэлцээд орхих биш, энэ хүнд байдлаас гарах гарцаа олцгооё хэмээн үзэж байгаа биз ээ. 

Монголд архидалт ингэтэл хавт­гайрч байгаа энэ байдал нь олон жил үргэлжилж байгаа, архи­дал­таас үүдсэн гэмт хэрэг үүнээс нь үүдсэн хүн амины хэрэг хэрээс хэтэрч байгаа энэ цаг үед тэгээд дээрээс нь хорлож байгаа юм шиг хоёрын хооронд хорь гучин мянган төгрөг зүгээр байхад нь архины чинь мөнгөнд нэмэр гэж төрөөс өгөөд байх болж  байгаа энэ цаг үед төр архин дээр хатуу бодлого гаргах цаг болсон.  Үүний тулд яах ёстой вэ. Монгол Улсад архи сог­тууруулах ундаа үйлдвэрлэх, ху­далдаалж борлуулах, ууж хэрэг­лэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна.  Ердөө л ийм хууль хэрэгтэй.  Үүнийг зөрчигсдөд эрүүгийн хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг төр олон нийтийн олон байгууллагуудыг байгуулж төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүхний үр дүнд яах вэ? Эхлээд архигүй болно. Архи нь байхгүй байхад архичин байна гэж байх уу?

Дуугаар эхэлж уйлаанаар төгс­дөг архидалт байхгүй болно. Хун­дага тулгалтаар эхэлж нударга зөрүүлэлтээр төгсдөг архидалт зогсоно. Гоёлын даашинзтай бүс­гүй осгож үхэхээ болино. Архи хорихоор далд наймаа шаг хөгж­дөг гэсэн яриа байдаг. Хөгжөөд хөгжөөд ил зарснаас мянга дахин багасах нь дамжиггүй бус уу.  Элдэв үнэртэн ууж үхдэг юм гэсэн тэнэг яриа байдаг. Тэгнэ  л биз дээ. Тийм болтлоо архинд орчихсон юм ер нь хэзээ хэнд хэрэгтэй юм бэ. Архи байхгүй болохоор эхэндээ жаахан уйтгартай байж магадгүй, гэвч жаа­хан удаж байгаад хүмүүс ажил хийгээд эхэлнэ. Ядахдаа хашаа хороогоо хадаж гэр орноо янзлаад эхэлнэ. Олон, олон жил дайн ту­лаанд яваад эзгүй байсан эрчүүд эргээд ирж байгаа мэт. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, янхандалт бөөдөлт бүгд байхгүй болно. Ядуу учраас архи ууж байна гээд байдаг юм. Үгүй  шүү, архичин учраас ядуу байгаа юм. Архигүй нийгэмд ард­чилал эрх чөлөө энэ тэрээ ярьж болно доо. Ажилгүй учраас архи ууж байна гэсэн яриа байдаг юм. Үгүй дээ, архи уугаад байгаа учраас л өөр ажил хийхгүй  байгаа юм шүү дээ. Архидалт гэдэг асар том хор­лонт ажил. Архигүй болохоор хүн архидахаас өөр ажлыг хийгээд эхэлдэг юм. Яагаад гэвэл хүн ерөө­сөө зүгээр суудаггүй онцлогтойгоор бүтээгдсэн байгалийн аугаа их бүтээл билээ.

Хуурай хууль АНУ-д туршсан, асар их хор нөлөөтэй гэж яригсад бий. Энэн шиг худлаа юм байхгүй. Ийм яриаг архи уудаггүйчүүд гол­дуу гаргадаг. Монголд архи уудаг­гүй цөөхөн
хүн бий. Та нар ажиг­лаарай.
Тэр хэд бүгд Монголын бүх өөдтэй өнгөтэйг нь өөрийн болгоод авчихсан байдаг юм
ш тээ. Тэд архи уудаггүй учраас
л баян бас эрүүл байгаа юм.
Харин ард түмэн архи­чин байх
нь тэдэнд амар байдаг. Архи нь асуудалгүй
олдож л байвал тэдэнд өөр
юу хэрэгтэй гэж. Архины хуурай хуулийг архи­чингууд яасан их дэмжих бол. “Биднийг
энэ хар хорноос салгаад өгөөч ээ. Төр засаг гэж юм байна уу?” гэж тэд
орилол­дож байдаг юм. Жирийн олон ардчиллын сайхныг мэдрэхээсээ илүү ташуурын амтыг мэдэрэхийг хүсч байдгийг угсаа муутай манай
ноёд яаж ч мэдэх билээ дээ. Энэ социализмын ха­раал архин далай­гаас гарч чадвал
монголчууд би­дэнд хөгжил
гэдэг чинь юухан байх вэ дээ.