Categories
арын-нүүр булангууд мэдээ

Атлантын нуруу тэнийв

Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” ном нь америкчуудын хувьд бараг л Библийн дараа орохоор алдартай гэгддэг. Айн Рэнд Оросын Санкт Петербургт 1905 оны хоёрдугаар сарын 2-нд төрсөн бөгөөд 1957 онд “Атлантын нуруу тэнийв” романыг хэвлүүлсэн нь түүний хамгийн том амжилт болжээ. Энэ ном бол түүний уран сэтгэмжит зохиолуудынх нь нэг байв. Тэрээр романдаа ёс суртахуун, метафизик, эпистмологи буюу танин мэдэхүйн онол, улс төр, эдийн засгийг нягт холбож, эр эмийн харилцаа болоод нийгэм дэх жендерийн асуудлыг ч хөнджээ. Түүнийг “Хорвоо дээр амьд явах гүн ухаан” гээчийг шинээр томъёолсон гэж хэлэх хүн ч олон таардаг. Ер нь Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” роман төдийгүй бусад бүх зохиол нь уншигчдыг соронздож байгаа шалтгааныг “Айн Рэнд энэ хорвоод 77 жил амьдрахдаа, амьдралын философиороо, бодит хандлагын ёс суртахуунаараа, стандарт бус сэтгэлгээгээ урьд өмнө нь хэний ч хүрч байгаагүй хэмжээний төгс төгөлдөр аргаар тунхаглаж чадсаных”гэж тайлбарлах уншигч судлаачид бий.

“Жон Галт гэж хэн бэ. Тэрээр Атлантидийг олсон гэлцэх юм билээ. Тэгээд тэндээсээ Дэлхийг зогсоох хөдөлгүүрийг олж авсан гэх юм. Жон Галт гэж хэн юм болоо. Жон Галт гэж хэн бэ. Тэрээр нэгэн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд тухайн үйлдвэрийг өөрчлөн шинэчлэх эхний хурал дээр үйлдвэрийн дарга үг хэлж байхад яриаг нь таслан босож ирээд “Та нарыг би үгүй хийх болно” гэж тангараглаад алга болсон гэнэ. Дараа нь сонсох нь ээ түүнийг Жон Галт гэдэг байсан гэнэ лээ. Энэ явдлаас хойш 12 жилийн турш түүнийг хаана ч хараагүй гэх юм билээ. Жон Галт гэж хэн бэ. Энэ үг бараг хэлц үг болоод 12 жил болж байгаа.

Энэ асуулт галт тэргэнд дуулдана, энэ үг цайны газарт дуулдана, энэ үг замаар зөрөх хүмүүсээс дуулдана. Хараал ид гэж ер нь Жон Галт гэж хэн юм бэ”. Романингэж эхэлнэ. Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг уншиж байхад хаа сайгүй л энэ үг гарна.Эхчүүд хүүхдүүдээ айлгахын тулд сонгож авсан үлгэр ч юм билүү. Энэ хорвоо ертөнцөд Жон Галт гэгч байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй гэж үү. Түүний зорилго юу вэ. Зай завсаргүй асуулт.

“Атлантын нуруу тэнийв” зохиолд Америк мөрөөдлийн талаар түлхүү хөндсөн байдаг. Оюунлаг хүмүүсийн шим шүүсийг сорон авагч паразитууд оюун ухаант хүмүүсийг боолчилж, тэдний бүтээснийг өөрсдийн мэт ашиглан хэрэглэж, тэдний хийсэн бүхнийг хянан удирдаж тэдний хүчээр улам илүү баялгийг цуглуулсаар. Ингэж шулж шулчихаад дараа нь ашиглаж дууссан нефтийн цооног шиг мартаж орхидог болохоор номонд дурдагдсан тэмцэл хийгдэх бололтой. Энэхүү шимэгчдийн бүлгэмд хуульч, жирийн ажилчин, энгийн иргэд, улстөрчид, уран илтгэгчид гээд гараараа юм хийж бүтээгээгүй, зохион бүтээгч биш хүмүүс ордог.

“Би сэтгэж байгаа болохоор би үйлдвэрлэж чадна. Би сэтгэж байгаа болохоор бүтээж чадна. Би сэтгэж байгаа болохоор бас сүйрүүлж чадна” ийм хувиа хичээсэн үзэл номын гол шугам нь болж өгдөг.”Үндсэрхэг үзлийг шороонд булж орхи. Ашгаа ол. Баян нь улам баяж. Ядуу нь сүйрээд тэр чигтээ үлд. Баян бүтээгч 999 үе баян амьдарч. Энэ эхлэлд бүтээж чадаагүй нь 999 үе шал шүүрдээд амьдраад байж.

Айн Рэндийн зохиолд дараах зүйлсийг номлодог.

– Оюун ухаан бол юмыг танин мэдэх цорын ганц зэвсэг. Хүний аливаа үйлдэл түүнд захирагдах ёстой. Зүрх сэтгэл гэдэг бол дэвшилтэт хүний дайсан.

– Хүний амьдралын гол зорилго нь өөрийгөө болон өрөөлийг золиослохгүйгээр хувийн аз жаргалыг олж авах.

– Капитализм бол хүн төрөлхтний хамгийн агуу, хамгийн нандин ололт. Чөлөөт бизнес бол бүх нийтийн аз жаргал, хөгжил цэцэглэлтэд хүрэх цорын ганц арга зам.

– Төр засгийн цорын ганц зорилго бол хувийн өмч, хувь хүний эрхийн халдашгүй байдлыг хангах явдал. Бусад нь бүгд засаглалын дарангуйллын хэлбэрүүд.

– Шашин, хүнлэг зан, нийтэч үзэл, өрөөлийн төлөө өөрийгөө золиослох, үнэнчээр албаа хаах, зөн совин, мэдрэмж ба төсөөлөл гэх мэт нь бүгд чөлөөт нийгэм дэх чөлөөт хүний заналт дайсан бөгөөд гэрэлт ирээдүй, хөгжил дэвшлийг удаашруулан сатааруулагч бартаа саад юм.

– Хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч нь зохиолчид, зураачид, гүн ухаантнууд, яруу найрагчид болон эрдэмтэд биш харин бизнес эрхлэгчид юм. Мөн бизнес эрхлэгчид бол манай өнөө цагийн хамаг хатуу хүтүүг үүрэгчид гэсэн санаануудыг тусгасан байдаг.

Асар өргөн цар хүрээ, гайхалтай сэтгэл түгшээм бичлэгээрээ “Атлантын нуруу тэнийв” зохиол таны урьд өмнө уншиж байсан ямар ч номтой адилгүй. Энэ бол хүний биеийг хөнөөсөн тухай биш, харин түүний оюун санааг алж устгасан, дахин төрүүлсэн тухай нууцлаг хүүрнэл юм. Та алдарт зохиолч Айн Рэндийн энэхүү гайхамшигт номонд гарч буй хачирхалтай эрэгтэй эмэгтэй хүмүүс, тэдний амьдралыг сүйрүүлсэн толгой эргэм үйл явдлуудын цаад учир шалтгааныг олж мэдсэнээр дээр дурдагдсан асуултын хариуг олж авах болно. Эл алдарт бүтээлийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй монгол хэлнээ буулгасан нь эрэлт ихтэй ном болжээ.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *