Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ улстөрчдийн нүүрсний машиныг илрүүлснээс болж Авлигын дагнасан шүүх УИХ дээр гацсан бололтой DNN.mn

Монгол Улс Авлигын дагнасан шүүхтэй болох хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногийн хуралдааны дараа УИХ-д өргөн барьсан. Энэ төслийг маргаашаас нь нэн яаралтай горимоор хэлэлцэхээр болсон. Харин ХЗБХ-ны хурал болсонгүй. Гишүүдийн ирц бүрдээгүй байна. Ачир дээрээ тус байнгын хорооны гишүүд зугтжээ. Дийлэнх нь утсаа салгаад алга болжээ. ХЗБХ-ны дарга нь Д.Цогтбаатар, гишүүд нь Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын 18 хүн байдаг. Гишүүд нь ингэж алга болсны дараа Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Авлигын дагнасан шүүхийн талаарх байр сууриа хэвлэлээр дамжуулан хүргэв. Тэрбээр тун бөөрөнхий илэрхийлжээ. “Шүүхүүдийг тодорхой чиг үүргээр салгаж, ачааллыг тохируулахыг дэмжиж байгаа. Харин анхан шатны шүүхийг алгасаж, шууд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх зүйл заалтад эргэлзэж байгаа” гэжээ. Засгийн газар, ХЗДХ-ийн сайдын мэдээлж байгаагаар шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Авлигын дагнасан шүүхийг байгуулна. Тэр шүүхийг байгуултал авлигын хэргүүдийг давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ. Ингэж ярьсан. Тэгэхээр Д.Цогтбаатарын энэ тайлбар “Дэмжинэ, бас дэмжихгүй” гэсэнтэй адилхан.

Харин ХЗБХ-ны гишүүд ингэж бойкот гэж болохоор үйлдэл гаргасан нь цаанаа нарийн учир шалтгаантай юм байна. АТГ, ЭЦА-ны мөрдөгчид бүтэн жил нухаж байж нүүрсний машины эздийг тодруулжээ. Энэ нь маш ноцтой бөгөөд улстөрчдийн нэр бүхий урт жагсаалт болжээ. Ерөөсөө энэ нүүрсний хулгайн хамгийн гол хэрэг нь нүүрс тээврийн машинтай холбогддог байна. Нүүрсийг машинаар зөөж, далд эдийн засгийн маш том сүлжээ үүсгэж ирсэн гэдэг. Төмөр замыг ч гацаадаг. Үүнийг 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-той холбоотой маш олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашин бий. Түүнд манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адъяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэж байв. Мөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нүүрсний дөрвөн төрлийн хулгай байгаа” гээд шаардлагатай мэдээллийг авахаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Түүний зарласан нүүрсний дөрвөн хулгайн гуравдугаар “Нүүрсний тээврийн бизнес” гэж зарлагдсан.

Саяхан сайд болж, УИХ дахь Нүүрсний түр хороог даргалсан Б.Энхбаяр 2023 оны арваннэгдүгээр сарын 7-нд “Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой мэдээллүүдийг авах шаардлага үүссэн. Гаалийн байгууллагаас мэдээлэл нь зөрөөд байгаа тул газар дээр нь шалгалт хийх шаардлага үүсч байна. Мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэр хийжээ. Эдгээр компанийн харилцаа хамаарлыг нэг бүрчлэн тулгаж үзнэ. Нүүрсчид ихээхэн сандруу, мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж, гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Сэтгүүлчдэд хүртэл машин өгч амыг нь үдсэн асуудал гарч болзошгүй байна. Тиймээс нүүрсний хянан шалгалтын цар хүрээг өргөтгөж байж энэ ажлын ард гарна. Цаг хугацаанаас шалтгаалж зогсохгүй” гэж мэдэгдсэн. Энэ санамсаргүй үг биш бололтой. Үүгээрээ Б.Энхбаяр АТГ, ЭЦА-ны мөрдөгчид бүтэн жилийн турш ажиллаж байж олж тогтоосон нүүрсний машины эздийн талаар хөндсөн хэрэг. Хамгийн гол нь нүүрс тээврийн машинтай улстөрчдийн жагсаалтад УИХ-ын олон гишүүн бичигдсэн гэсэн мэдээлэл байна. Тийм учраас эхнээсээ ХЗБХ дээр Авлигын шүүхийг бойкотолсон болж таараад байна. Хэрвээ авлигын хэргүүд хурдан түргэн хийгээд ямар нэг нөлөөлөлгүйгээр шийдэгддэг болчихвол өөрсдөө хохирно гэж үзсэн бололтой. Учир нь АТГ “Нүүрсний хулгайтай холбоотой хэргийн 85 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн” гэж мэдэгдсэн. Тэгэхээр нэр нь ил гараагүй олон улстөрч, тэр дундаа УИХ-ын гишүүд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар прокурорт хянагдаж, дийлэнх нь шүүхэд очсон байж ч болзошгүй юм.

Дээрээс нь нүүрсний хулгай илэрсний нэг жилийн ой болох гэж байна. Энэ хулгайн хэрэг яаж шийдэгдсэнийг иргэд, олон нийт асууж сураглах цаг болчихсон.

Ингэж УИХ-ын ХЗБХ-ны гишүүд Авлигын шүүхийг гацаагаад эхэлсэн нь энэ асуудлыг нэгдсэн чуулган руу алхуулахгүй байх том хүчин ажиллаж байна гэсэн үг. Хэрвээ Авлигын шүүх байгуулах асуудал нүүрсний хулгайтай холбоотойгоор дарагдаж байгаа бол УИХ цаашид маш хүнд орно. Тэр тусмаа 2023 оны аравдугаар сарын 2-нд намрын чуулган нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр, тууштай зүтгэхийг хүсч байна. Та бид өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай зэрэг хуулийг баталсан. Авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгоо энэ чуулганд ч үргэлжлүүлж, дараагийн алхмуудыг хийх ёстой” гэснээсээ ухарсан явдал болно. Уг нь Г.Занданшатар өнгөрсөн хавар Нүүрсний сонсголыг гацаанаас гаргаж байсан юм. Тухайн үед нүүрсний сонсгол таг болчихоод, Ажлын хэсгийнхэн нь сонсгол хийх сонирхолгүй байгаа нь илтэд мэдрэгдээд эхэлсэн байв. Тэгэхэд Г.Занданшатар 2023 оны зургадугаар сарын 16-нд “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж байсан юм. Тэр үргэлжилж, одоо нүүрсний сонсголын бэлтгэл ажлыг хангаж байна. Одоо энэ Авлигын дагнасан шүүх дээр ч УИХ-ын дарга яах бол гэдгийг нийгэм анхаарч байна.

Ер нь “Авлигын дагнасан шүүх яагаад байгуулагддаг вэ” гэдгийг олон улсад маш олон жил судалж, бас хэрэгжүүлж иржээ. Тэгтэл яг л манайх шиг улсууд ийм шүүхтэй болдог юм байна. Авлигын нөхцөл нь хүндэрсэн. Авлига, албан тушаалын хэргүүд ар араасаа илэрсэн.

Авлигын хэргийг мөрдөх тусгай байгууллагатай. Өөр олон “шинж тэмдэг”-ээр Монголд Авлигын дагнасан шүүх байгуулах цаг нь болчихсон. Бараг хэтэрчихсэн байна. Хэрвээ ингэхгүй бол хэдхэн хүний нөлөөллөөр авлигын хэргүүд шийдэгдэлгүйгээр “булшлагдсаар” л байх бололтой.

Б.Тулгат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *