Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнд хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажлыг цэгцэлж, улсын төсөвт 17 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад байна.
Улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн энэ асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.
ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3600 зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн.
Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх юм байна.
Мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажээ.