Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дэд даргыг Үндсэн хуулийн цэцэд өгчээ

Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Тус байгууллагын зүгээс УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны 52 тоот тогтоолоор Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь хууль бус шийдвэр байсан гэж үзэж байгаа гэнэ. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

 “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамир “Авлигын эсрэг хууль”-нд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаагүй, сахилга, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй хүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилно гэж заасан байдаг. Гэтэл Б.Хурцын ТЕГ-т ажиллаж байхдаа үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэдэг боловч 2006 оны Өршөөлийн хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Мөн “Д.Энхбатыг хулгайлж ирсэн” гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэхэд шалгалт хийж эрүүгийн болон холбогдох бусад хариуцлага ногдуулах эсэх, эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ-аас түүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилсон нь гэмт хэргийг үнэн бодит байдлаар үргэлжлүүлэн шалгах ажиллагааг зогсоосон гэх үндэслэлтэй байна” гэж ярьсан.

Дөрвөн жилийн хугацаанд 120 багц цаг судалж эзэмшдэг эрхзүйч мэргэжлийг Б.Хурц нь гадаадад 10 сарын курст сурч олж авсан баримт түүнд бий аж. Мөн АТГ-ын удирдах албан тушаалд томилогдоход төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг дэд даргаар ажиллаж буй Б.Хурц хангаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа учир эдгээр асуудлыг нягтлуулж, үнэнийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *