УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах саналыг гаргаж, эл асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн ч спикерыг хөдөлгөж чадаагүй. “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйл байхгүй” гэснээс өөр тайлбаргүй байсан УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ АТГ-ын Х.Энхжаргалыг огцруулахгүй гэдгээ баталлаа. Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.
Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.
Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.
Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ.