Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас Л.Гансүх нарын үйлдсэн гэх хэргийг дэлгэрэнгүй тайлбарлав

-Л.ГАНСҮХ НАРЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА ГЭЛЭЭ-

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ш.Баярбилэг нар өчигдөр “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнтэй хамт шалгагдаж байгаа хүмүүсийн эрхийг зөрчөөгүй гэдгийг тодотгосон юм.

Л.Гансүх нарын 10 холбогдогчтой “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн талаар Э.Амарбат “АТГ уг хэргийг 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогийн байдлаар 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Үүнээс зургаад нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэднээс гурвыг нь батлан даалтад гаргасан байгаа.

Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Багануур” ХХК, “Эм Жи Эл Эс Би” компаниудын хооронд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үүний өмнөх өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулганар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байсан. Энэ санхүүжилтийг 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан. Ингээд “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу нүүрс авахаар болсон. Нүүрс тээвэрлэх асуудлаар 2012 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Л.Эрдэнэбулган “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй гэрээ байгуулсан байна. Нүүрс тээвэрлэснийхээ төлбөрийг төлөхдөө “Багануур” ХХК-аас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ “Улаанбаатар төмөр зам”-д 40 мянган төгрөгөөр худалдаад тээврийн хөлснийхөө талыг төлсөн байдаг. Үлдсэн 820 сая төгрөгийн төлбөрийг бэлнээр төлсөн.

Нүүрсээ шигшүүлэх, ангилуулах ажлыг Багануур ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохирсон байсан. Энэ ажилтай холбогдох зардлыг “Багануур” ХХК-д олгоогүй. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХХК нүүрс шигшиж, ангилсны шатахуунд 399.3 сая төгрөг, тоног төхөөрөмж түрээслэхэд 63.9 сая төгрөгийн хохирол хүлээсэн. Эхний гэрээний дагуу нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Энэ гэрээний дагуу ажил явагдсан.

Э.Амарбат “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компанийн тухайд ярихдаа “Л.Гансүхийн найз 2010 онд “Эм Жи Эл Эс Би” компанийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Компани байгуулахдаа Л.Гансүхийн том охинтой хамтарсан байдаг. Улмаар 2012 оны аравдугаар сард нүүрсний жижиглэн худалдаа явуулахаар үйл ажиллагааныхаа чиглэлд нэмэлт оруулсан. Тэр үеэс Л.Эрдэнэбулган гэдэг хүнийг компанийнхаа захирлаар томилуулсан. Л.Эрдэнэбулган бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан нэгэн. Явцын дунд “Эм Жи Эл Эс Би” компанийг анх байгуулсан захирал нь Л.Гансүхтэйгээ санхүүгийн асуудлаас болж цаашид үйл ажиллагаа явуулахад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Ингээд 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Эм Жи Эл Эс Би Ди” компанийг шинээр байгуулсан. Энэ компанийнхаа захирлаар Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүүг томилсон. Улмаар “Эм Жи Эл Эс Би Ди” компани “Багануур” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Ингэхдээ нэг тонн нүүрсийг өмнөхтэйгээ адил 27500 төгрөгөөр авахаар болсон байна. Гэтэл үүнээс өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Багануур” ХХК-ийн ТУЗ хуралдаад нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах нь ашиггүй байна, тиймээс үнээ 39000 төгрөг болгоё гэдэг шийдвэрийг гаргасан. Ийм шийдвэр байсаар байтал Л.Гансүх нар “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга нарт нөлөөлж дахин ТУЗ-ийг хуралдуулж өмнөх шийдвэрийг нь өөрчлүүлсэн. “Эм Жи Эл Эс” болон “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөх М.Тулга ажиллаж байсан. Санхүүг нь хариуцсан ерөнхий нягтлангаар Л.Гансүхийн хадам дүүгийн охин ажиллаж байж. “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012, 2013 онд нийт 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Эргүүлээд 2012-2014 онд иргэдэд 80 мянган төгрөгөөр зарахдаа 19.9 тэрбум төгрөг олсон байдаг” гэв.

4.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН АТЛАА ЗАСГИЙН ГАЗРААС 854 САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛСАН ГЭВ

Э.Амарбат цааш нь ярихдаа, “Эм Жи Эл Эс Би” компани анхнаасаа төлбөрийн чадваргүй байсан учраас “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас авсан 1.5 тэрбум төгрөгөөр ажлаа эхэлсэн байна. Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрийг дэмжих ажилтнуудын цалин хөлс, бусад зардалд зориулж нөөц сангаас 854 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ энэ мөнгө гараагүй байхад буюу 2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр “Эм Жи Эл Эс Би” компаниас Л.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар Л.Гансүхийн гарын үсэгтэй хуурамч тайлан гаргаж ЗГХЭГ, Эрчим хүчний яам болон холбогдох газруудад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны улмаас компани алдагдал хүлээж байна. Тиймээс тусламж үзүүлээч гэж хандсан байна. Ингэж хуурамч тайлан гаргаж, хандсанаар 2013 оны ес, арваннэгдүгээр сард нийт 854 сая төгрөгийг гаргуулж авсан. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг мөнгийг зориулалтын бус, шаардлагагүй зүйлд зарцуулсан. “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” компаниуд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 4.915 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан нь тогтоогдсон. Ашгийг нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Би” компани 3.2 тэрбум, “Эм Жи Эл Эс Би Ди” компани 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг Үндэсний аудитын газар болон шинжээчид тогтоосон. Харин “Багануур” ХХК шигших ангилах ажлын зардал болон нүүрсний жингийн зөрүүнээс алдагдал хүлээсэн. Одоогоор 2.8 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн гэдэг дүгнэлт гарчээ. Хэрэгт холбогдсон хүмүүс дээрх аж ахуйн нэгжүүдийн касс, харилцах данснаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл шалгалтын явцад тогтоогдож байна. Одоогоор хэн, хэдэн төгрөг авч ашигласныг хэлэх боломжгүй” гэв.

ӨМГӨӨЛӨГЧИЙГ ШАЛГУУЛНА ГЭВ

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн зургаан холбогдогчийг цагдан хорихдоо хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжилсэн гэж АТГ-аас мэдээллээ. Цагдан хорих хугацаанд эргэлт, уулзалт оруулж байсан гэлээ. Мөн цагдан хоригдсон хүмүүсийг тухай бүрт нь эмчлүүлж байсан гэдгийг тодотгосон юм.

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн мөрдөн шалгалтыг хуулийн дагуу хийж байгаа гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тодотгоод Л.Гансүх нарын зарим өмгөөлөгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан гэдгийг мэдээллээ. Мөрдөн байцаагчийг хууль бус ажиллагаа явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулсан гэх үндэслэлээр өмгөөлөгчийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ хэллээ. Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь Урьдчилан хорих байранд Л.Гансүхийн өмгөөлөгчийн үлдээсэн баримтыг үндэслээд төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж цагдаад хандсан байна. Ө.Энхтөр энэ талаар “Л.Гансүхэд “Тулга өчигдөр эмнэлэгт гарсан. А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан. Миний хувьд нэлээд удах байх”, “Нэг дэх өдрийн орой Е.сайдтай уулзана. Өлсгөлөн зарлуулж байгаад эмнэлэгт гаргуулж авъя гэж яригдсан. Өчигдөр, өнөөдөр хоёр маш их мэдээлэл цацагдсан. Өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаа юу” гэсэн бичиг орсон. Цаасны ар талд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн албан бичиг байсан. Е.Сайд нь ямар сайд гэдгийг мэдэхгүй. Сайд гэдэг нь Төрийн өндөр албан тушаал учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад болох юм биш биз гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад хандсан” гэв.

*** *** ***

АТГ-аас ийм мэдээлэл хийсний дараа өчигдөр олон нийтийн сүлжээгээр багагүй хэлэлцүүлэг өрнөлөө. Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонхи нь АТГ-ыг хүний эрхийг зөрчиж байгааг онцолж, шүүх хэргийг шийдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлж байгаа нь буруу гэж байсан юм. Мөн “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байгаа нь арга ядсан хэрэг гэцгээж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл twitter хуудастаа “АТГ сэжигтнийхээ эсрэг нотлох баримт олохгүй болохоор өмгөөлөгчийнх нь эсрэг эрүүгийн хэрэг санаачилж яваа нь энэ байгууллага хүний эрхийг нэгмөсөн уландаа гишгэсний гутамшигт тохиолдол боллоо” гэж жиргэсэн байв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *