АШУҮИС-ийн багш нар болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо БСШУСЯ-ны гадаа 3 хоног жагсахаа мэдэгдлээ.
АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны зургадугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмонг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тус шийдвэрийг Г.Батбаатар эрхзүйн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасны дагуу гурван шатны шүүхээр түүнийг үндэслэлгүй халсныг тогтоосон.
Тус сургуулийн багш нар жагсаалийг хоёр шалгаанаар хийж байна.
1. Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гарсан ч өнөөг хүртэл үүрэгт ажилд нь томилохгүй байгаа.
2. Сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь АШУҮИС-ийн багш нарт профессор цол тэмдгийг шагнал мэтээр олгож байна.
Жагсаалд ородцогчдын төлөөллөөс тодруулга авлаа.
МОНГОЛЫН БАГШ НАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Д.МӨНХБААТАР:
-Ямар шаардлага тавьж байгаа вэ?
-АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг Ц.Цогзолмаа сайдын үед буюу 2018 оны зургадугаар сард санхүүгийн зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас нь халсан. 2019 оны наймдугаар сард ажлаас халах үндэслэлгүй гэдэг нь гурван шатны шүүхээр тогтоогдсон ч үүрэгт ажилд нь буцаан томилохгүй байна. Үүнд “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны АШУҮИС-ийн багш нар энэ асуудлыг улс төржиж намын харъяалалтай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Өнөөдрийн жагсаал нь Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох, АШУҮИС-ийн тогтвортой хөгжлийг хангах шаардлага тавьж жагсаж байна. МАН-аас томилогдсон Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмон гэж хүнд Монголын төр, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ямар өртэй юм бэ? Шүүхийн шийдвэр гарсаар байтал хүний хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгаа нь хууль зөрчиж байна гэж бид үзэж байна.
-Энэ жагсаал нь хэд хоног үргэлжлэх вэ?
-Гурван хоног үргэлжилнэ. Тухайн хугацаанд асуудал шийдэгдэхгүй бол тэмцлийн дараагын хурц хэлбэрийг сонгож үргэлжлүүлнэ.
-Албан бичиг хүргүүлсэн үү?
-Албан бичгийг зургаан удаа өгсөн. Ажиллаж байна, шалгаж байна гэсээр сүүлийн таван сарыг өнгөрөөсөн. Өчигдөр мөн адил ажилд нь томилохоор ажиллаж байна гэх хариу өгсөн.
-АШУҮИС-ийн үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон болон багш нар хооронд ямар нэгэн асуудал байгаа юу?
-Багш нарын хувьд захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход эсэргүүцэж байсан одоо хүртэл эсэргүүцсээр байгаа. Энэ бол мэргэжлийн томилогоо биш гэж харж байна. Ж.Цолмон гэх хүн нь олон хууль бус гэж хэлж болох үйлдлүүдийг гаргаж. Тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан.
АШУҮИС-ИЙН ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН Ц.БАТХУЯГ:
-Профессор цол тэмдэг олгож байгаа гэсэн. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Ж.Цолмон нь албан тушаалын журмаар шагналыг хоёр жилийн хугацаатай профессор цол тэмдэгийг олгож байгаа нь академик соёлд байхгүй зүйл. Хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг манай багш нар эсэргүүцэж анаагаахын ухааны их сургуулийн үнэт соёлыг алдагдуулж байна гэж үзэж байгаа.
-Нийт хэдэн багшид профессор цол олгосон бэ?
– 7, 8 багшид профессор цол олгоод байгаа.
-Энэ жагсаалд АШУҮИС-д ажиллаж байгаа багш нараас оролцож байна уу?
-Одоо эхнээсээ ирж байна.
-Та ямар шалтгаанаар ажлаасаахалагдсан бэ?
-Би АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Ж.Цолмон нь анх ирээд “Нам намайг томилсон та нарт хамаагүй. Чи сошиалоор миний талаар юм бичдэг би чамайг ажлаас чинь хална. Би албан тушаалтан би багаа бүрдүүлнэ та ажлаа өг”гэсэн. Тэгээд дараа нь хууль бус олон зүйл гаргаж авилгалтай тэмцэх газар өгсөн. Би өөрөө тэрийгээ шалгуулж үнэн зөвөө тогтоолгоод гурван шатны шүүхийн шийдвэр гарсан ч ажилдаа ороогүй жил гаран болж байна.
АШУҮИС-ИЙН ДАРХЛАА СУДЛАЛЫН БАГШ С.ЦОГТСАЙХАН:
-Ажиллаж байгаа хүний хувьд ямар ямар асуудал гарч байгаа талаар дэлгэрэнгүй яриач. Халагдсан багш нарын ажилдаа буцаж орох арга уу?
-Өнгөрсөн оны сүүлчээр үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь тушаал гаргаад захиргааны зөвлөлийн гишүүдэд профессор цол олгосон.Манай сургууль 1959 оноос хойш профессор цол олгож эхлэсэн. Энэ хугацаанд профессор цолыг олгохдоо хамт олноос нэрийн дэвшүүлж шат дараалласан хэлэлцүүлэгээр орж болзол хангасан хүмүүсийг нууц санал хураалтаар эрдмийн зөвлөл шийдвэрлэж цолыг олгодог байсан. Иймтом цолыг шагнал мэтээр олгож байгаад манай хамт олон дургүйцэж сургуулийн дотоод сүлжээгээр нилээд эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн өчигдөр ажил тарж байх үед цалин нэмсэн гэх яриа гарсан тэр нь хүмүүсийн дургүйцлийг дарах гэсэн оролдлого байх. Одоо 11 цагаас энд жагсаалтай гэхэд хурал зарласан, баахан материал бүрдүүлж 11 цагаас өмнө өг гэсэн. Өчигдөр эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид хуралдаад олгосон цол тэмдэгээ хүчингүй болгосон. Багш нарт дарамт их, залуу багш нарыг ажлаас чинь хална, тушаал зэргийн бууруулна гэх мэтээр дарамтладаг. Ийм асуудлууд маш элбэг болсон. Их сургуулийн академик соёл, уламжлал гэдэг бол бидний үнэт зүйл энийгээ л бид хамгаалж байгаа. Тэрнээс хэн нэгний суудлыг эргэж олгох гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж байна. Шийдвэр гарсан ийм тохиолдолд хариуцаж ажиллаж байгаа сайд нь биелүүлэх л үүрэгтэй гэж бодож байгаа. Яагаад биелэгдэхгүй яваад байгааг ойлгохгүй байна. Магадгүй ямар нэгэн байдлаар сонгуультай холбоотой МАН-д сөрөг оноо өгнө гэж байгаа бол бохироосоо эртхэн салаад тэрийгээ олон нийтэд зарлах нь хүмүүст илүү оноо өгөх болов уу гэж иргэн хүний хувьд бодох юм. Хамгийн гол нь бид нарт тийм их мэдээлэл байдаггүй цөөхөн хүний хүрээнд шийдэгдээд байгаад л эрдмийн хамт олны дургүйцлийг хүргэж байна.
АШУҮИС-ИЙН БАГШ
Д.АНГАРМӨРӨН: “Хүрэлсүх сайдаа энэ хүнээ аваа. Энэ хүн чин АШУҮИС-ийг самраад дууслаа” гэлээ.
У.МӨНХ-ЭРДЭНЭ