Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалдаг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 22 дугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 14-нд болж, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын явц, дээд түвшний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны үйл ажиллагаа, “АСЕМ Вилла” цогцолборын тохижуулалтын ажил зэрэг мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.
Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцохоор болсон байна. Уулзалтыг зохион байгуулах бэлтгэл хангагдсан гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулав.
Мөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах, гадаад, дотоодын сэтгүүлчид ажиллах “Хэвлэлийн төв”-ийн асуудлаар Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах тухай саналыг сонсож хэлэлцлээ. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо нь 56 орны 73 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, телевизийн мэдээ, мэдээлэл, спортын арга хэмжээ, олон улсын хурал, чуулганыг олон улсад шууд дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Тус холбоо нь 2010 онд Брюссель хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний 8 дугаар уулзалт, 2014 онд Миланд болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалт, Лондонгийн зуны олимп, “Евровишн” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажилласан туршлагатай аж.
Түүнчлэн, дээд түвшний 200 гаруй төлөөлөгч байрлах “АСЕМ Вилла” цогцолборын ногоон байгууламжийн ажилд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний жанжин штабын 100 гаруй цэргийн албан хаагч, ШУТИС-ийн 800 гаруй оюутныг оролцуулах бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр хотхоны 12 га газарт моджуулалт, зүлэгжүүлэлтийн ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр боллоо.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах сайн дурын ажилд Монголын хөтөч тайлбарлагчдын холбоонд бүртгэлтэй 300 орчим иргэн болон 18 их, дээд сургуулийн 1100 гаруй оюутан залуус бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн хүмүүсийг 4 чиглэлээр сургалтанд хамруулж, ялгах тэмдэг, хувцас, хэрэгслээр хангах бөгөөд тэдгээрийг удирдан зохион байгуулах түр штабыг Монголын хүүхдийн ордонд дөрөвдүгээр сарын 18-аас ажиллуулахаар болов.