АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнөх мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт өнөөдөр нээлээ. Нээлтэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Б.Баясгалан, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Энэ мэдээллийн төв нь АСЕМ-ын уулзалт хүртэл байнгын ажиллагаатай, дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, мөн иргэдийг мэдээллээр хангана. Бэлтгэл ажлын албаныхан, судлаачид зэрэг холбогдох албаныхан энэ төвд тодорхой мэдээлэл хийнэ. Мөн энгийн үед ч танилцуулга, гарын авлага, мэдээллийг тогтмол байрлуулан нээлттэй ажиллах юм.
АСЕМ-ын уулзалтын үеэр олон улсын стандарт бүхий 1000 сэтгүүлчийг хүлээн авах мэдээллийн төвийг Шангри-Ла зочид буудалд ажиллуулна. Харин энэ хүртэл өнөөдөр нээлтээ хийж буй МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төв ажиллана.
Өнөөдрийн нээлтийн үеэр АСЕМ-ын бэлтгэл ажлын алба болон сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, өдөр тутмын сонины холбооны эрхлэгч Б.Ганболд, Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар гарын үсэг зурсан юм. АСЕМ-ын уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн хэмжээний үйл явдлыг Монгол Улсад зохион байгуулахад нэгдмэл байр суурьтайгаар үнэн зөв мэдээлэл түгээж, улс орныхоо нэр хүндийг өргөх үйл хэрэгт хувь нэмэр оруулан хамтарч ажиллахаа бататгаж байгаа хэмээн тайлбарлалаа.