Сүүлийн хоёр жил бидний ярьсан АСЕМ-ын хурал амжилттай болж өндөрлөлөө. АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг авлаа гэсэн эхний мэдээлэл жаахан гэгээтэй байсан байх түүнээс хойших бүхий л мэдээлэл эдийн засаг хэцүү байхад хурал хийх гэлээ, хурлаа зохион байгуулаад дампуурлаа зарлах уу, гаднаас татваргүй машин оруулж ирээд хэн хожих гээд байна, утга учиргүй зардал гаргасан энэ хурлаа өөрсдөө л хариуцаж хийгээрэй, хурлын үеэр иргэдээ хотоос хөөж гаргах нь гэхчилэн дандаа бүүдгэр, сөрөг мэдээлэл явж эхэлсэн дээ. Хар, сөрөг мэдээлэл нь давамгайлаад эхлэхээр АСЕМ-ын хурлыг зохион байгуулна гэдэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ажлын хэсгийн ахлагч Ерөнхий сайд, Гадаад хэргийн яамныхан, за тэгээд албаны цөөхөн хэдэн хүний ажил мэт болж үлдсэн гэхэд болно. Дэмжлэг гэхээсээ дандаа эсэргүүцэл дунд зохион байгуулагдсан энэ ажил үнэндээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар сайн зохион байгуулагдаж, дэлхийн төр засгийн тэргүүнүүд сэтгэл хангалуун буцаж байгааг хараад хүмүүсийн ч сэтгэл санаа өөрчлөгдлөө. Энэ хурлыг эх орондоо авчрах эхний алхмыг хийсэн Ерөнхийлөгч, амжилттай ард нь гарч зохион байгуулсан ажлын албаныхан, сайн дурынхан, салбар салбарын албаны хүмүүст талархлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Энэ үйл ажиллагаа бидэнд нэг бодол санаатай, эв нэгдэлтэй, зангидсан гар шиг байхын чухлыг эргээд нэг сануулж чадлаа. Монголчууд бид аливаад хүлээцтэй, ухаантай найрсаг улсууд юм. Уурлаж байснаараа бол сүйд болж байхаар байсан. Гэтэл тулаад ирэхээр хэрэндээ л хичээцгээлээ. Хотоос гаргах гэлээ гэж уцаарлаж байсан нөхөд бүгд шахуу урт амралтын өдрүүдээ тааруулаад хөдөө гараад яваад өгчихсөн байх жишээтэй. Сэтгэгдлүүд нь ч эерэг, санаа бодол нь ч таатай харагдана.
АСЕМ-ын хурлыг том зургаар нь авч үзвэл яавчиг Монгол Улсад ашигтай байсан. Хөрөнгө санхүү амаргүй үе таарсан ч Ази, Европын орнуудыг нэгтгэдэг энэ хурлын ач холбогдол өндөр. Дэлхийн хүн амын 60 хувь, дэлхийн худалдааны болон ДНБ-ий 60 хувь АСЕМ-ын гишүүн орнуудад хамаарагддаг. Европын 30 улс, Ази тивийн 21 улс, AСЕАН, Европын холбоог гишүүндээ нэгтгэдэг гэж байгаа. 2008 онд манайх элсч орсон атлаа найман жилийн дараа хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Энэ нь Монгол Улсыг үнэлж байгаа хэрэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр дундаа байгуулагдсаны 20 жилийн ойн хурал тохиож байна. Гишүүн орнууддаа хоёр жил тутам зохион байгуулагдана гэж үзвэл дараагийн зуунаас нааш бид дахин АСЕМ-ыг зохион байгуулахгүй. АСЕМ-ыг тааруулан төр засгийн тэргүүнүүд төрийн болоод албан, ажлын айлчлалуудыг хийлээ. Хоёр талын уулзалтууд олноор хийгдсэн. Энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн уулзалт гэхэд өглөөний 07:00 цагаас эхэлж дараагийн өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн хэмээж байсан. Шинэдэж, залуудаж, жулдаж байгаа нь анзаарагдсан ч Ерөнхий сайд маань ч завгүй хөлд дарагдав. Монгол Улс АСЕМ-ыг даргалж, хурлыг зохион байгуулж буй улс учраас анхаарлын төвд яах аргагүй байлаа. Тийм ч болохоор жилд авдаг албан болоод төрийн айлчлалуудыг энэ хэдхэн өдөрт хийж, албан уулзалтууд олноороо боллоо. Уулзаж байна гэдэг харилцаа нэг шатаар өгсч, нэг алхмаар хоорондоо ойртож байгаа хэрэг юм. АСЕМ-ын хуралд оролцохоор ирсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян албан айлчлалын үеэрээ тавь, жар мөн ерээд оны зээлийн үлдэгдэл болох 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн гэдгээ мэдэгдэв. Мөн 350 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг бүрэн барьж, тохижилттой нь гардуулан өгөхөөр болов. Монгол, Хятад хоёр улсын хувьд хүслээ гээд нэгнээсээ салаад явахын аргагүй мөнхийн хөршүүд. Хятадуудын хувьд хөршүүд нэг нь хожиж бус хамтдаа хожиж хөгжинө гэдгийг байнга онцлох болсон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хөрш маань билээ. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалаар хоёр тал харилцан визгүй 14 хоног зорчдог байсан нь 30 хоног болж, Мальта улсад дипломат, албан паспорттой иргэд визгүй зорчдог болсныг мэдэгдэв. Вьетнамууд Богд хаан, Чойжин ламын музейг засварлахаа мэдэгдэж, арьс ширний үйлдвэрүүд байгуулах болсноо илэрхийлэв. Польшийн Ерөнхий сайд уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой нэг сая еврогийн зээл олгохоо мэдэгдэж, хаачихсан байсан ЭСЯ-аа нээх болсноо мэдэгдлээ. Мөн энэ айлчлалуудаас анхаарал татсан нэгэн айлчлал нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал байлаа. Японы Ерөнхий сайд нэг улсад гурван удаа айлчлан очиж байсан тохиолдол анхных болж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад ирж байгаа гэдэг нь анхаарал эрхгүй татна. Угтан авах ёслолын үеэр дотно гэгч нь тэврэлдэн уулзсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Шинзо Абэ нар нийтдээ ес дэх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Албан уулзалтынхаа үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсыг бие даасан хөгжилтэй улс болгохын төлөө Япон улс чадах бүхнээ хийнэ хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Мөн Монголын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр нам хүчин засгийн эрхийг авсан ч хоёр улсын харилцаа урьдын адилаар үргэлжилнэ гэсэн нь манай нөхцөл байдлыг сайн мэддэг түнш гэдгээ баталж байгаа хэрэг. Түүнээс гадна стратегийн иж бүрэн түншлэлийг тогтоосон гүрний хувьд манайд эдийн засгийн амаргүй нөхцөл байдлыг хэрхэн даван туулбал зүгээр гэж харж байгаа талаараа нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байгаад зөвлөгөө өгсөн дуулдсан. Өөрийн улс орны онцлогт тохируулсан эдийн засгийн зөв бодлогыг гаргаж, абэномикс гэж нэршил гаргахад хүргэсэн улстөрчийн хувьд Монгол Улс эхлээд ОУБС зэрэг мэргэжлийн санхүүгийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, мөн олон улсад алдагдсан үнэлэмж, итгэл үнэмшлээ эргүүлэн авахад анхааран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа юм билээ. Өчигдрөөс БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн төрийн айлчлал эхэллээ. Энэ үеэр улс төр, эдийн засгийн арав гаруй гэрээнд үзэглэхээр төлөвлөгджээ.
Дэлхийн томоохон улс гүрний төрийн тэргүүн, төрийн өндөр дээд албан тушаалтны түвшинд зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ын үр өгөөжийг цөөн хэдэн албан айлчлалын хүрээнд авч үзэхийн аргагүй. АСЕМ Монголд зохион байгуулагдсаны ач холбогдол улс төр, эдийн засаг, соёлын салбарт тулгын гурван чулуу мэт ирж таарна. Монголын тухай мэдээлэл энэ өдрүүдэд дэлхийн таван тэрбум хүнд очсон гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Францад болсон террорист үйл ажиллагааг буруушаан эмгэнэл илэрхийлснээр эхэлсэн АСЕМ-ын уулзалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд шахам мэдээлсэн. Энэ бол Монголын гадаад сурталчилгааг хийх ихээхэн зардлыг хэмнэж байгаа хэрэг. Ер нь энэ өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Францын хэрэг явдал, Туркт гарсан цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого, Монголд зохиогдсон АСЕМ гэсэн гурван үйл явдалд анхаарлаа хандуулсан.
Улаанбаатарын тунхаглал нэртэй баримт бичгийг АСЕМ 11-ээр баталж, манай нийслэлийн нэртэй албан бичиг дэлхийн баримт бичгийн түүхэнд үлдэж байна. Гадны зочдод сонирхуулсан бэсрэг наадмаараа Монгол гэж чухам ямар үндэстэн гэдгийг харуулж өгч чадлаа. Дэлхий даяаршихын хэрээр үндэстэн онцгойрохын чухлыг нэгэнт ярих болжээ. Үндэсний онцлог маань ийм гэдгийг бид боломжоороо таниулж, тамгалж өгч чадав. Тиймээс ч зочид маань “Монголыг ямар улс гэдгийг бид мэддэг байсан. Харин одоо монгол үндэстэн ямар болохыг ойлголоо” гэж дуу нэг хэлсэн нь үүнийг батална.
Мөн АСЕМ-ыг зохион байгуулсан гэдэг нь бидэнд дараа дараагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах туршлага болж, тэр хэрээрээ ажлууд авах эхлэл болно. Албан аялал жуулчлал гэж том салбарын талаар бид юу ч мэддэггүй. Багагүй мөнгө эргэлдэж байдаг энэ салбарынхны анхаарлыг бид татаж чадвал иргэд нь найрсаг, байгаль нь тансаг, терроризмын аюул заналгүй Монгол Улс таатай сонголт болж таарна. АСЕМ-тай холбогдон ирж байгаа бодит эдийн засгийн ашиг, “бэлэг”-ийн талаар олныг нурших хэрэггүй биз. Улс төрийн талаасаа ач холбогдлыг нь авч үзвэл үлэмж их. Аливаа улс гүрнүүдийн хувьд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, бүс нутагтаа нөлөөллөө бий болгож, хүлээн зөвшөөрүүлнэ гэж томоохон үүрэг байдаг. Хэдийгээр дэлхийн том эзэнт гүрнийг байгуулж явсан гэж бахархдаг ч бодит байдал дээр улс орноо хүлээн зөвшөөрүүлэх том эрмэлзэл бидэнд бий. Энэ эрмэлзэл ямар ч том гүрэнд байж л байдаг зорилго. Тэгвэл АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой давхацсан хурлыг эх орондоо хүлээн авснаар бид тэднээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж омогших эрхтэй. АСЕМ бол тусгаар тогтнолын асар том үйл ажиллагаа байлаа. Цаашлаад Ази, Европыг холбох зангилаан дээр бид сууж байгаа гэдгээ харуулж, хоёр тивийн улсуудыг холбох коридор нь энд гэдгийг сануулж, хүлээн зөвшөөрүүлж байна. АСЕМ-ын улс орнуудын хэлэлцэх асуудлын мөнхийн сэдэв болж байдаг Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван байдал, Хойд Солонгостой ойлголцох асуудал дээр Монголын санаачилсан Улаанбаатарын яриа хэлэлцээр чухал гэдгийг 11 дэх удаагийн энэ хурал давхар баталж, итгүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ мэт АСЕМ-ын үр ашиг, өгөөжийн талаар цөөнгүйг дурдаж болно. Өнөөдөр харагдахгүй ч алсдаа дагуулах үр шим их. АСЕМ-ын үр өгөөж хурал болсон хоёр өдрөөр хязгаарлагдахгүй, алсдаа ирэх үр шимээр хэмжигдэнэ.