Categories
мэдээ нийгэм

Арматур үйлдвэрлэгчид хөнгөлттэй зээл, цахилгааны хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл хүсэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнй худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сарын 25-нд байгуулсан. УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан тус ажлын хэсэг өчигдөр хуралдаж, арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар холбогдон, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ.

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэнээр гол нэр төрлийн барилгын материал болон түүхий эдийн үнэ ханш 80 орчим хүртэл хувиар нэмэгдсэн нь барилга, бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл үүсээд байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Байнгын хорооны зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтан, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр ажиллаж байна” гэж УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг уулзалтын эхэнд хэлжээ. Тэрээр барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд импортын хамаарлаас ангид байх, зайлшгүй татан авах бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах, эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал авна гэсэн байна.

Арматур үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг онцолжээ. Үүнд, хөнгөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл олгох зэрэг санал хэлсэн байна. Харин хөөсөнцөр үйлдвэрлэгчид хэлэхдээ, “Хөөсөн полистрол хавтангийн түүхий эдийг аюултай бүтээгдэхүүний жагсаалтад хамруулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр авто тээврээр тээвэрлэхгүй байгаагаас Эрээн хотод татан авалт хийгдэхгүй байна. Иймд түүхий эд, материалыг яаралтай нэвтрүүлэх шаардлага үүсээд байгаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *