Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа (II)

-ХОЁР ГАЛЧИЙН БУРУУГААС БОЛЖ ЭМНЭЛЭГ ДЭЛБЭРСЭН ГЭВ-

Түрүүч нь 103, 104 (5368, 5369) дугаарт

Халгамаар хэцүү байна лээ, Ц.Ням-Оргилын гэрт очиход. Гурван настай хүү нь “Би ээж дээрээ очмоор байна” гээд өдөр бүр ааваасаа ээжийгээ нэхээд уйлах юм. Амьдралын хатуу хөтүүг ойлгох нь битгий хэл дөнгөж хэлд орсон ангаахай бяцхан хүүдээ ээжийнх нь талаар юу гэж хэлэх учраа олохгүй доошоо хараад суух аавд нь бүр ч хэцүү байгаа. Ц.Ням-Оргил “Сумын эмнэлэг нам даралтын зуухаа дотроо байрлуулаагүй байсан бол өдийд сайхан хань минь амьд мэнд байх байсан юм. Хүүхдээ эрүүл саруул болгох гэж эмнэлэгт хэвтүүлсэн болохоос ээжийг нь байшингийн нурангид даруулах гэж явуулаагүй. Би гомдолтой байна” гэж хоолой зангируулан ярьсан. Эхнэрээ харамсалтайгаар алдсан түүнээс бид ослын талаар асууж зүрхэлсэнгүй.

“Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед бүгд ажлынхаа байран дээр байгаагүй”

Харин эгч Ц.Нарангэрэлээс дэлбэрэлтийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Хүнд байгаа. Гавлын яс зүүн талаасаа цуурсан. Нүдний ухархай хугарсан, эрүү, нуруундаа гэмтэл авсан байна лээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй байсан юм. Бэр дүү маань төрөөд удаагүй байгаа. Эмнэлэгт очоод дүүг маань сахиж байна. Удахгүй бие нь сайжирч, эрүүл саруул болох байх гэж найдаад л сууж байна.

-Эмнэлгийн нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн юм бол. Танд энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Аав, ээж минь биднийг хар бага байхаас шударга бай гэж захиж сургаж, хүмүүжүүлж ирсэн. Тиймээс болж өнгөрсөн бүгдийг үнэн шударгаар хэлнэ. Миний бие Архуст сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Сумынхаа соёлын төвд ажилд ороод долоон жил болж байгаа. Манай байгууллага мөн л нам даралтын зухаар халдаг. Дөрвөн галч ээлж ээлжээр гардаг юм. Би галч нартаа хэд хэдэн зүйлийг байнга сануулж хэлж, ажлын хамгийн чухал мөрдлөг болгосон. “Та нар ажил дээрээ гарах болгондоо нам даралтын зуухны тогоогоо дүүрэн устай байлга. Галлагаа хийхдээ 60-70 хэмийн дулаантай байлга. Халууныг 60 хэмээс доош буулгах юм бол өвлийн улиралд шугам, паар хөлдөнө. Харин 70-аас дээш хэмийн халуунтай байлгах юм бол нам даралтын зуухны тогоо улайсаад дэлбэрнэ. Үүнийг анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгавар байнга өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа байнга өгдөг юм. Мөн ажлын ээлж хүлээлцэх болгондоо хэдэн хэмийн халуунтай байсан. Хаанаас хий авсан талаараа тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. . Хэрэв тэнд эвдрэл гарсан гэвэл нийлээд засч янзалдаг. Манай сумын эмнэлгийн үйл ажиллагаа сүүлийн үед илтэд сайжирсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажилтнууддаа надтай адилхан л өгдөг байсан. Нам даралтын зуухны тогоонд эвдрэл гарлаа гэхэд сигнал, дуут дохио өгдөг. Усны халуун дулааны хэмжүүр хүртэл байдаг. Юунаас болж дэлбэрэлт болсон бэ гэдэг нь тодорхой байгаа. Тухайн үед нам даралтын зуухны чайяны ус нь дундарчихсан байсан юм байна лээ. Чайяны ус нь дундарч, бага устай болохоор тогоонд байгаа ус гүйцэд эргэхгүй, даралтаар ирэх ус дутуу шахагдаад байхаар аль нэг шугамын хэсэгт хий хуримтлагдчихдаг. Шугамын ихэнх нь хийгээр дүүрэхээр дэлбэрэлт үүсдэг юм. Шуудхан хэлэхэд миний дүүгийн үхэлд дэлбэрэлт болохын өмнөх орой гарсан галч, тухайн үед гарч байсан галч залуу шууд буруутай. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр Т.Алтанхуяг гэх галч залуу ажил хүлээж авахдаа тогоонд байгаа ус ямар хэмжээтэй байсан, хэдэн хэмтэй байсан бэ гэдгийг огт мэдээгүй байна лээ. Эмнэлгийн дарга нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө аваад гадаад руу явснаас хойш ажил хүлээлцэх тэмдэглэл огт хөтлөөгүй байсан. Халаах тогоонд хэр ус байгааг огт мэдэхгүй Т.Алтанхуяг зуухандаа их хэмжээний нүүрс хийчихээд гараад явчихсан байсан. Тэгээд ус багатайгаас болж хийгээр дүүрээд дэлбэрэлт болсны дараа ажил дээрээ эргэж ирсэн байгаа юм. Энэ бүгдэд хоёр галч буруутай гэж үзэж байна. Тэдний ажилдаа хайнга хандаж, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс болж дэлбэрэлт болж, дүү маань амиа алдсан гэдгийг дахин хэлмээр байна.

-Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед ажлынхаа байран дээр байгаагүй гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар сонссон уу?

-Эмнэлгийн галч залуу ажлынхаа байран дээр байгаагүй нь бүх зүйлээр тодорхой байгаа. Нам даралтын зуухны чайяны ус дундарч багасах үед ёнгинож дуугардаг. Дуут дохио маш чанга дуугардаг. Үүний дараа паарнуудад чичрэлт өгч байгаад дэлбэрдэг. Тэгэхээр галч ажлынхаа байран дээр байгаагүй. Хэрэв ажил дээрээ байсан бол нам даралтын зуух дэлбэрэх гээд дуут дохио өгч байхад сонсохгүй байна гэж байхгүй. Мөн албан газруудад осол аваарын үед хэрхэн ажиллах нарийн заавар зөвлөгөө бүхий төлөвлөгөө гаргадаг. Үүнийг нь сумын Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Галч ажлын байрандаа байсан бол дэлбэрэлт болох шинж тэмдэг илэрсэн үед бүх хүнийг эмнэлгээс гаргах арга хэмжээ авах ёстой. Гэтэл үүнийг огт мөрдөөгүй нь шууд харагдаж байгаа. Мөн тухайн өдрийн ээлжийн ахлах сувилагч, асрагч нар байгаагүй. Дэлбэрэлт болсны дараа “Ойрхон явчихаад ирэхэд ийм зүйл болчихлоо” гээд зогсож байсан гэсэн. Галч залуу дүүгийн маань хүүхдийн амь насыг аварсан гэж сумаар яригдаж байгаа юм байна лээ. Тэр худлаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэр үед эмнэлэгт явж байсан жирэмсэн эмэгтэй хүүхдийн амь насыг аварсан байсан. Эмнэлгийн зүүн захаас баруун захад очиж аварсан гэсэн. Эхний тэсрэлтийн дуунаар очиж хүүхдийг аварсан. Дахиж тэсрэх үед барилгын таазны хавтан доош тэр чигтээ нурсан байсан. Тэгээд талийгаач маань дарагдчихсан юм билээ. Нам даралтын зуух дэлбэрч, гурван өрөөний ханыг бүхэлд нь цөм цохиж нураасан байсан. Тэгэхээр ямар хүчтэй дэлбэрсэн нь харагдаж байна.

-Та нарт дэлбэрэлт болсон гэдгийг анх хэн хэлсэн бэ?

-Эмнэлгийн эх баригч над руу утасдаж хэлсэн. Тэр үед 21:05 цаг болж байсан. “Та эмнэлэг дээр яаралтай хүрээд ир. Ням-Оргил, Мөнхтүшиг эгч нарыг дуудаарай гэж хэлээд л утсаа салгасан. Нөхөр бид хоёр “Хүүхдийнх нь бие муудлаа гэж хоорондоо ярилцаад ирсэн. Тэгсэн эмнэлгийн гадаа бөөн машин болчихсон, цагдаа нар хамгаалалтад авчихсан байсан. Бидэнд “Дэлбэрэлт болсон. Хүүхэд нь зүгээр байгаа. Ээж нь нас барчихлаа” гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс дэлбэрсэн газарт талийгаач дүүг маань дараатай байгаа гэсэн ойлголтыг өгсөн. Гэтэл аль хэдийнэ талийгаач дүүгийн маань цогцсыг гаргаад ирчихсэн. Хүлээн авахын өрөөнд аваачиж цус, шороог нь бүрэн цэвэрлээд тавьчихсан байсан. Маш богино хугацаанд энэ ажлыг эмнэлгийн ажилтнууд хийсэн байгаа юм. Бидэнд яагаад цогцос нь барилга доор дараатай байгаа гэж ойлгуулсан, цаг алдаж мэдээлэл өгсөн гэдгийг ойлгохгүй байна гэв.

Архуст сумын цэцэрлэг, сургууль, дотуур байр нам даралтын зуухаа барилга дотроо байрлуулжээ

Архуст сумын цэцэрлэг, сургууль, Засаг даргын тамгын газар гээд бүх төрийн байгууллага барилга дотроо нам даралтын зуухыг суурилуулсан байх аж. 50 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн нэгдүгээр давхарт нам даралтын зуух байрлаж байх жишээтэй. Гэтэл хоёрдугаар давхарт буюу яг дээд талд ахлах ангийн арав гаруй хүүхэдтэй анги байх юм. Ерөнхий боловсролын дунд сургууль гэхэд спорт заалтайгаа залгаад нам даралтын зуух байршуулаад олон жил болж байгаа гэнэ. Сургуулийн дотуур байрны хөндлөн модон барилга мөн л нэг өрөөндөө нам даралтын зуухтай юм байна. Засаг даргын Тамгын газар ч ялгаагүй, байшингийнхаа урд талд наалдуулаад жижигхэн амбаар бариад уурын зуухаа барьчихсан байна. Нам даралтын зуух дэлбэрч, олон хүн амиа алдахгүй гэсэн баталгаа байхгүй юм билээ. Зөвхөн Архуст сум гэлтгүй Монгол Улсын 300 гаруй сум, нийслэлийн хэдэн мянган айл өрх нам даралтын зуухаа ингэж байршуулчихсан байдаг юм байна. “Тэсрэх бөмбөг” байршуулчихаад юу ч болоогүй юм шиг олон жилийн нүүрийг үзжээ. Нийслэлд олон айлын нам даралтын зуух дэлбэрч, хүний амь нас нь хохирсон байдаг юм байна. Холбогдох газрууд үүнд огт анхаарлаа хандуулахгүй байсаар өдий хүрчээ. Нам даралтын зуух гэх “тэсрэх бөмбөг”-ийг ямар нэгэн хяналтгүйгээр энд тэдгүй байршуулчихсан. Хаана ч хэдийд ч тэсэрч дэлбэрч, хүний аминд хүрэхийг мэдэхгүй байгааг Онцгой байдал, мэргэжлийн хяналтын эх сурвалжууд хэлж байв. Нам даралтын зуухыг стандартыг баталж, албан газруудаас тусад нь барилга барьж байршуулах шаардлагатай байгааг ч онцолж байсан.

Ц.Ням-Оргил гэх 24 настай залуу гурван жилийн өмнө ногоон дэнж дээр шинэ гэрээ барьж, айл гэр болсон гэнэ. Тэд сайхан амьдралыг цогцлоон бүтээх гэж зорьж, тэмүүлж байжээ. Гараасаа хөтлөх хоёр ч сайхан хүүтэй болсон байна. Гэвч сумын эмнэлгийн зуух дэлбэрч, эхнэр нь харамсалтайгаар амиа алджээ. Жаахан хоёр хүү ээжгүй болон өнчирч, эр нөхөр нь залуухан эхнэрээсээ хагацсан байна. Талийгаач М.Отгонсүрэн хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэхээр гэрээсээ гарахдаа том хүүгээ үнсээд нөхөртөө “Удахгүй хүүгээ эрүүл болгочихоод эргээд ирнэ. Чи харин хүүгээ сайн харж байгаарай. Сумын төвийнхөн бид хоёрт хоол цай зөөж өгнө байх. Санаа битгий зовоорой ” гэж хэлээд гарсан гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа

Төв аймгийн Архуст сумын эмнэлэгт нам даралтын зуух өнгөрсөн сарын 27-ны орой дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас 24 настай М.Одсүрэн гэх эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрч, хүний амь насанд хүрсэн талаар сурвалжлахаар Архуст суманд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт очлоо. Тааралдсан сумын иргэд дэлбэрэлт болсон талаар янз бүрээр ярьж, тайлбарлаж байв. Хэн нэгнээс сонсч, дуулсан зүйлсээ ам уралдан ярих аж. “Хятадаас оруулж ирдэг нам даралтын зуух чанарын шаардлага хангахгүй нь тодорхой байгаа. Хоёр жил болоод дэлбэрдэг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энд тэнд зуух дэлбэрч, хүн амиа алджээ” гэсэн мэдээ байнга гардаг. Эмнэлгийн зуухны ашиглалтын хугацаа дуусаад дэлбэрсэн” хэмээн ярьцгаах аж. Мөн “Эмнэлгийн галч залуу буруу галлаж байгаад сүйд болгочихлоо. Тогоонд нь ус хийлгүй гал түлчихсэн гэсэн” гэх хүн ч олон байлаа. Архуст сумын дэлбэрэлт болсон газар буюу эмнэлэг дээр яваад очлоо. Сумын цагдаа нар хамгаалалтад гарсан байв. “Эмнэлгийн барилга нурах аюултай байна. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хүн оруулж болохгүй” гэж Ажлын хэсгийнхэн үүрэг даалгавар өгсөн гэнэ. Үүний дагуу цагдаа нар хамгаалалтад авчээ. Сумын иргэд эмнэлэг яаж дэлбэрснийг ойроос харах гэж ар араасаа цувж ирээд байгаа гэнэ. Бүр дунд сургуулийн сурагчид хүртэл хашаа давж харах гэж оролдсон байна. Иймд эмнэлгийн жижүүр болон цагдаа нар байнгын хамгаалалтад гарчээ. Нам даралтын зуух дэлбэрч, нурсан сумын эмнэлэг “Г” хэлбэртэйгээр баригдсан, нэг давхар цагаан байшин байв. Эмнэлгийн баруун талд дэлбэрэлт болжээ. Баруун хэсгийн гурван өрөө тэр чигтээ дэлбэрэлтэд өртөж нурсан байлаа. Цонхны шил, хүрээ, болон тоосгонууд нь хол шидэгдэж, хана тааз, дээвэр бүхэлдээ дотогш нуржээ. Барилгын 24-ийн хана ширээний тавцан шиг том том хэмжээгээр нурсан байв. Эмнэлгийн баруун захын өрөөнд уурын зуух байрлаж байжээ. Хажууд нь архивын өрөө, халдварт өвчтэй хүмүүсийг тусгаарлаж эмчилгээ хийдэг өрөө байсан юм байна. Тусгаарлах өрөөний хажууд насанд хүрсэн иргэд хэвтэж эмчлүүлдэг өрөө байрлаж байсан аж. Эмнэлгийн баруун талаас дотогш ордог бүргэд хаалга дэлбэрэлтээс үүдэн базсан цаас шиг хумигдаж, цэвэр усны худаг байрлах модон амбаарын ханыг цөм цохин оржээ. Даацын бетонон хана ч бутарч, нурсан байв. Нам даралтын зуух дэлбэрэх үед Ар хуст сумын айлуудад газар хөдөлж байгаа юм шиг доргилт мэдрэгдэж, байшингуудын цонх дуугарч, эд зүйлс унаж мэдрэгдсэн гэнэ. Мөн Архуст сумын нэгдүгээр баг буюу сумын төвөөс 12 километрийн цаана байх айлуудад дэлбэрэлт сонсогдсон байна. Энэ бүгдээс харахад эмнэлгийн нам даралтын зуух ямар хүчтэй дэлбэрсэн нь тодорхой байгаа юм.

“ЦЭВЭР УСНЫ ХУДАГТ АСГАСАН УСАА АРЧИХ ГЭЭД ГАРСАН ХОЙГУУР ЗУУХ ДЭЛБЭРСЭН” ГЭЖЭЭ

Дэлбэрэлт болох үед юу болсон талаар тодруулахаар эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлж байсан хүмүүстэй уулзсан юм. Энэ сарын 27-ны орой 20:50 цагийн орчимд дэлбэрэлт болсон гэх мэдээллийг хүн өгч байлаа. Ажлын цаг дууссан учир эмнэлэг дээр ээлжийн ахлах сувилагч, жижүүр сувилагч, асрагч, галч нар байсан гэнэ. Галч Т.Алтанхуяг ослын талаар “Нам даралтын зуухандаа цагийн хуваарийн дагуу нүүрсээ хийгээд гарсан юм. Тэр үед бүх зүйл хэвийн байсан. Цэвэр усны худгийн шалан дээр асгасан усаа арчих гээд гарсан. Усаа арчаад зогсож байтал гэнэт хүчтэй дуу чимээ гарсан. Гараад иртэл эмнэлгийн хана нурж, тоос шороо босчихсон байсан. Халдвартын өрөөнд байсан хүүг нурангинаас татаж гаргаж ирсэн. Тэгээд хажуудаа байсан хүнд өгсөн. Эргээд ээжийг нь гаргаж авах гэсэн боловч хэдийнэ дарагдчихсан байсан” гэх утга бүхий зүйлсийг цагдаа нарт мэдүүлсэн гэнэ. Харин талийгаач эмэгтэйн хажуугийн өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Т.Одгэрэл, Г.Нансалмаа, А.Батцэцэг нар дэлбэрэлтийн үеэр өрөөндөө байгаагүй аж. Хоёр нь ар гэрийнхэнтэйгээ эмнэлгийн үүдэнд уулзаж байжээ. Харин нэг нь сувилагчийн өрөөнд даралтаа үзүүлж байсан гэнэ. Дээрх гурван эмчлүүлэгч “Гэнэтхэн л их дуу чимээ гараад, шороо тоос манараад явчихсан. Эхлээд юу болж байгааг мэдээгүй. Их сандарч, айж балмагдсан. Хэрэв бид гурав өрөөндөө хэвтэж байсан бол дарагдаж амь насаа алдах байсан юм байна лээ. Азаар өрөөнөөсөө гарсан байсан болохоор амьд үлдсэн. Бидний хэвтэж байсан өрөөний баруун талын хана тэр чигтээ нурчихсан байсан” хэмээн ярилаа.

“УЛСААС ӨГСӨН ТӨСӨВ МӨНГӨ ХҮРЭХГҮЙГЭЭС БОЛООД ЭМНЭЛЭГ ДОТРОО НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БАЙРШУУЛСАН”

Талийгаач эмэгтэй бүх биеэрээ нурангид дарагдаж газар дээрээ амьсгал хураажээ. Харин хүү нь толгойндоо гэмтэл авсан ч амьд гарч чадсан юм. Дэлбэрэлт болж, хүний амь нас хохирсон гэдгийг мэдсэн даруйдаа сумын Засаг даргын Тамгын газрынхан Төв аймгийн Эрүүл мэндийн төв, Цагдаа, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгсөн байна. Архустын залгаа Эрдэнэ сумын их эмч ирж, дэлбэрэлтэд өртсөн хүүд яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Удалгүй аймгийн Эрүүл мэндийн төвөөс эмч нар ирсан байна. Хүүгийн биеийн байдал одоогоор хүндэвтэр байгаа гэсэн. Тархиндаа гэмтэл авсан учир ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ослын талаар Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгаравтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Осол юунаас болж гарсан талаар урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Манай эмнэлэгт үнэхээр харамсалтай осол гарч, эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Манай ээж хүнд өвчтэй, хорт хавдраа авахуулах гээд Энэтхэг рүү явсан юм. Аймгийнхаа Эрүүл мэндийн төвөөс зохих журмын дагуу чөлөө аваад ээжийгээ эмчлүүлэхээр явсан хойгуур ийм харамсалтай осол гарчихлаа. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн талаар одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Тиймээс энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин манай эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар галч залуу хуваарийн дагуу л галлагаа хийсэн гэсэн. Гэтэл зуух нь гэнэт дэлбэрчихсэн гэж ярьсан.

-Сумын эмнэлэгт их засвар хийгээд хэр хугацаа өнгөрсөн бэ. нам даралтын зуухаар халаалтаа шийдээд удаж байна уу?

-Эмнэлгийн барилга 1985 онд ашиглалтад орж байсан. Үүнээс хойш урсгал засвар бараг хийгдээгүй. Элэгдэлд ороод маш хэцүү байдалтайгаар олон жил болсон. Сумын удирдлагууд болон миний бие хөөцөлдөж байгаад 2014 онд урсгал засвар хийлгэх асуудлыг шийдвэрлүүлж, улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулсан. Ингээд хоёр жилийн өмнө эмнэлэгт их засвар хийсэн юм. Тэр үед л нам даралтын зуухтай болсон. Нам даралтын зуух тавихаас өмнө эмнэлгийн өрөө болгон зуухтай, зуух болгоныг галч галладаг байсан. Засвар хийлгэх гэж байхдаа нам даралтын зуухийг эмнэлгээс тусад нь барилга бариад байршуулах талаар хөөцөлдсөн. Гэвч улсаас өгсөн мөнгө хаанаа ч хүрээгүй. Зураг төслийн дагуу нам даралтын зуухыг эмнэлгээс тусад нь гаргаж чадаагүй юм. Ингээд л арга буюу эмнэлгийнхээ баруун талын өрөөнд байршуулсан. Бид “Эмнэлэг дотор нам даралтын зуух байршуулах нь эрүүл ахуйд нийцэхгүй байна. Тусад нь барилга бариад өгөх боломж байна уу” гээд олон газраас асуусан. “Өвсний үндэс” төслийнхөнд хүртэл хандаж үзсэн. Гэвч бүтээгүй. Бусад сумын албан газрууд нам даралтын зуухаа байгууллага дотроо байршуулчихсан байдаг. Энэ бүгдээс хараад аюулгүй байх гэж бодож байсан. Сумын эмнэлгийг өөд нь татах гэж олон жил баг хамт олноороо хөдөлмөрлөж, аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олон хүртэл болсон. Гэтэл эмнэлэг дотроо тэсрэх бөмбөг байршуулчихаад сууж байжээ. Үнэхээр харамсалтай байна.

-Талийгаач эмэгтэйн хүүхэд улаанбурхан туссан байсан гэж байна лээ?

-Тийм ээ. Сумын эмнэлэгт “Хүүхдийн бие тааруу байна” гээд дуудлага өгсөн байсан. Эмч нар дуудлагаар очиж үзээд халдварт улаанбурхан өвчин туссан, уушги нь хатгаатай байна гээд сумын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байсан. Ар гэрийнхний зүгээс “Багануур дүүрэг орж эмнэлэгт хэвтмээр байна” гэсэн санал тавьсан байсан. Хууль журмынхаа дагуу халдварт өвчин туссан хүнийг шууд тусгаарлах өрөөнд хэвтүүлж эмчилгээ хийх ёстой. Өөр эмнэлэг рүү явуулдаггүй юм. Манай эмч нар хууль журмаа барьж ажилласан.

СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ЭМНЭЛГИЙГ ТҮР БАЙРШУУЛЖЭЭ

Харин Архуст сумын Тамгын газрын дарга А.Амарбаясгалан “Эмнэлэгт нам даралтын зуух дэлбэрсэн даруйд бид аймаг руу мэдэгдсэн. Аймгаас шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарсан байгаа. Юунаас болж нам даралтын зуух дэлбэрсэн гэдгийг удахгүй тогтоох байх. Хүүхдийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжсэн гэх мэдээлэл бидэнд өгсөн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй Засаг даргын Тамгын газраас байнга уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Мөн сумын бусад нам даралтын зуухны галч нарыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бэлэн байдалтай ажиллуулж байгаа. Сумын эмнэлгийг сургуулийн дотуур байранд түр хугацаагаар шилжүүлээд байна” гэлээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эмнэлгийн барилгыг цаашид ашиглаж болох, эсвэл барилга бүхэлдээ нурах аюултай эсэхийг эцэслэн тогтоох ажлыг эхлүүлэхээр болжээ. Талийгаач эмэгтэйн буяны ажил даваа гаригт буюу өнөөдөр болж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *