Categories
мэдээ спорт

Архангайн С.Майнбаяр гурав дахь удаагаа түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн нэгдүгээр сарын барилдаан явагдаж өндөрлөлөө. Монгол бөхийн ирээдүйн өнгийг тодорхойлох аварга арсланууд эдэн дундаас л төрөх тул шимтэн үзэгчдийн хүлээдэг барилдаан болоод байгаа.

Энэ оны анхны барилдааныг Ховдын сумын заан Б.Баяраа, Б.Даваадалай, Хөвсгөлийн Ц.Цэнд-Аюуш, Архангайн С.Майнбаяр, Завханы Т.Хайдавдорж нар манлайлж 416 хүчтэн зодоглосон юм. Нэгдүгээр сарын барилдаанд өмнөх сарын түрүү бөх Хэнтийн Д.Алтанцоож, Увсын Б.Сэр-Од, Ховдын Б.Сосорбарам Архангайн Б.Сэнгэдорж нарын сайчуул зодоглосонгүй.

Нутаг нутгийн шилдэг залуу хүчитнүүдийн ээлжит барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр ес давж түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат сумын заан Ц.Цэнд-Аюуш найм давж үзүүрлэлээ. Барилдааны их шөвөгт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат “Аварга” дээд сургуулийн оюутан Д.Эрдэнэтулга, Өмнөговь аймгийн харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ нар шалгарсан юм.

Энэ өдрийн онцлох бөх Архангай аймгийн Хайрхан харьяат сумын заан О.Баярбаасан байв. Биеэр жижиг ч уран дайчин барилдаантай заан Хэнтийн жүдогийн Цэрэнням, Ч.Одхүү, бяртай заан Б.Даваадалай, Булганы хашир туршлагатай заан Ц.Цолмонбаатар нарыг өвөдг шороодуулж анх удаагаа шөвгөрсөн юм. Мөн Өвөрхангай аймгийн харьяат сумын заан О.Мягмардорж Увсын Т.Мөнх-Эрдэнийг модоход нь давуулж гуядаж давснаар шөвгөрсөн. Өөр нэгэн залуу хүчтэн энэ өдөр сайн барилдсан нь жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Алтанбагана. Тэрээр Хэнтийн Ц.Чинзориг, Увсын Т.Батсүрэн нарын сайчуулыг өвдөг шороодуулж Өвөрхангайн Н.Даваадоржийн дархан хонгодоонд нь өртөж тахим өгсөн.

Дээгүүр барилдах тааварт явсан аравдугаар сарын барилдааны түрүү бөх Увсын Д.Батмөнх тавын даваанд Говь-Алтайн Д.Эрдэнтулгад мордуулж унасан бол арваннэгдүгээр сарын түрүү Архангайн Ө.Батсуурь энэ даваанд Завханы Б.Лувсандоржийн зайлж хавирах мэхэнд тэссэнгүй.

Мөн Ховдын Ц.Төмөрцоож барилдааны гурвын даваанд Өвөрхангайн улсын начин Ганбаатарын хүү сумын заан Эрдэнэбаяртай удтал хүч үзээд барьц сонгуулж өвдөг шороодсон бол үндэсний бөхийн залуучуудын улсын аварга Х.Наранбаяр өнөөх бяртай заан Б.Лувсандоржид тахим өгнө лээ.

О.ДАШНЯМ

Гэрэл зураг Д.Мөнх-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *