Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн нутгаас XIII-XIV зууны үеийн сууринг нээн олжээ

Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг Орхон голын баруун хөвөө, түүний нэгэн салааны баруун хажууд орших Сарлаг толгой хэмээх газраас археологич Г.Гантогтох, Д.Батсүх нар 2020 оны нэгдүгээр сард эртний хэрэм барилгын ор мөр бүхий сууринг илрүүлсэн байна.

Тэд уг сууринг нээн олохдоо нутгийн ардын аман түүхийн мэдээг сэжүүр болгосон нь сонирхолтой юм. Уг суурингаас баруун өмнө зүгт 2 км-т Дойтын цагаан нуур орших бөгөөд энэ нуурын орчимд эрт цагт байшин барилга бүхий суурин оршин байгаад үер усны аюулт өртөн сүйдсэн хэмээн нутгийн ардууд домоглон ярьдгийг Монголын ууган археологич Х.Пэрлээ 1950-аад оны үед тус нутаг орчмоор судалгааны ажлаар явах зуураа тэмдэглэн авсан байдаг. Үүнийг одоо ч Дойтын цагаан нуурын орчмоор нутаглах иргэд үе уламжлан ярилцсаар ирсэн нь сонирхолтой ба судлаачид домгийн мөрөөр сэжүүр хайн зайнаас тандан судлах ажлын явцад тус сууринг илрүүлэн олжээ.

“Сарлаг толгойн зүүн хормойгоос эхлэн эртний барилгын ор буюу эртний сууцнууд баруунаас зүүн тийш сунасан байрлалтайгаар 300 орчим метр урт нэгэн сувгийн ар, өвөр талаар цуварсан байдалтай оршиж байсан бөгөөд уг сууцнуудын баруун болон хойд талд залгаад эрт цагт бүхэлдээ Орхон голын салааг түшиглэсэн тариалангийн газар байсныг илтгэх ор мөр тодорхой мэдэгдэж байна” хэмээн судлаачид үзжээ.

Сарлаг толгойн орчимд суурин газар байсныг илтгэх халгай, дэрс ургасан олон тооны шороон овор байгаа нь сонирхол татах бөгөөд тус газраас олдож буй шаазан эдлэлийн хагархайнууд Монголын эртний нийслэл Хархорум хотыг малтан судлах явцад олдсон зарим төрлийн шаазан, эдлэлтэй ижилсэж байгаа нь хүн удаан хугацаагаар сууж, газар тариалан, магадгүй гар урлал эрхлэх нэгэн суурин газар оршин байсан бололтой хэмээн судлаачид үзэж буй.

Сарлаг толгойн суурингаас олдсон зарим төрлийн шаазан эдлэлийн хэлтэрхий дээр хулсан савхаар чанар шалгасан ул мөр бүхий нүхнүүд байгаа нь тус газарт үйлдвэрлэж байсныг батлах сэжүүр байж болох юм гэж тэд үзэж байна. Мөн Сарлаг толгойн зүүн урд 200 метр зайд дөрвөлжин хэлбэртэй дотроо барилгын ор бүхий нэгэн жижиг хэрэм байрлах бөгөөд бүтэц зохион байгуулалт нь он цагийн уртад мэдэгдэх төдий болсон ба уг Хэрэм урдаас хойш 116 м, хойд хананы урт баруунаас зүүн тийш 92 м урт бөгөөд хэрмийн баруун талын ханатай залгаж барьсан нэгэн тасалгаа мэдэгдэж байжээ. Хэрмийн урд хэсэгт үүдэвч бүхий барилгын ор мэдэгдэх бөгөөд дундаж хэмжээ нь 28х23, хэрмийн хоймор хэсэгт 14х15 м дөрвөлжин хэмжээтэй барилгын ор мэдэгдэх ба тус хэрмэн дотроос барилгын хар саарал өнгийн нөмрөг болон тосгуур ваар, барилгын тоосго газрын өнгөн хөрснөөс цухуйж гарсан байдалтай олон тоогоор мэдэгдэж байгаа нь ихээхэн сонирхол татаж байжээ.

Мөн хэрмийн ойр орчинд барилгын суурь боржин чулуунууд газраас цухуйсан байдалтай оршин байгааг судлаачид дурджээ. Тэд уг суурин сурвалж бичиг болон түүхэн газарзүйн мэдээнд үндэслэн 1247 онд Монгол нутгаар аялан явсан хятад аялагч Чжан Дэ Хуэй Хархорум хотыг зорин явах замдаа дайран өнгөрсөн гар урлал газар тариалангийн суурин байх магадлалтай хэмээн урьдчилан таамаглаж байгаа бөгөөд XIII-XIV зууны үед Орхон голыг түшиглэж байгуулагдсан гар урлал, газар тариалангийн чухал ач холбогдолтой газар байсан бололтой хэмээн үзэж байгаа юм байна.

Мөн уг суурингийн давхар тасалгаа бүхий хэрэм нь сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн XIII-XIV зууны үеийн Монголын их хаадын улирлын ордуудын нэг байх магадлалтай гэж тэд таамаглаж байгаа ажээ.

Тэд уг дурсгалыг нээн олсон тухайгаа 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд болсон “Хархорум-800” түүх, өв соёл Олон Улсын эрдэм шинжилгээний онлайн хуралд мэдээлэх зорилготой илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд цаашид мэргэжлийн судалгааны байгууллагууд анхааралдаа авч нарийвчлан судлах бизээ хэмээн онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *