Орон нутгийн замд зорчиж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйгээс замын хажууд зогсож байсан мотоциклтой хүмүүс өртөж, нэг нь амь эрсэдсэн ноцтой осол өнгөрсөн долоо хоногт гарчээ. Учир нь Архангай аймагт нэг гэр бүлийн хоёр, цагдаагийн ажилтны дуудсан цагт амжиж очин жолооны үнэмлэхээ авахаар явахдаа ийнхүү амиа алдсан байна. Энэ бол хууль хүчний байгууллагын ажилтнуудын дарамт жирийн иргэд дээр ямар хүндээр тусч байгаагийн нэгэн тод жишээ гэж нутгийн иргэд ярьж байгаа юм. Хэргийн талаар эх сурвалжууд ингэж мэдээлж байна.
Шөнийн замд гэрлээ шилжүүлээгүй жолоочийн буруугаас гурван хүүхэд өнчирч үлдэв
Архангай аймгийн Чулуут сумын иргэн Ц “Манай сумын залуу гэр бүлийн төлөөлөл эхнэр, нөхөр хоёр зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэгт нутгийн иргэд бид туйлын гашуудаж байна. Нөхөр нь өнгөрсөн жил жолооны эрхээ хасуулсан юм билээ. Түүнээс хойш жолооны эрхээ сэргээхийн тулд байн байн сургалтад сууж байсан юм уу даа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт үдээс хойш 16:00 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас түүн рүү залгаад “Маргааш ирж үнэмлэхээ аваарай. Өглөө 09.00 цаг гэхэд бэлэн байгаарай” гэжээ. Манай сумаас аймгийн төв хүртэл 130 км зайтай. 65 км шороогоор явж байгаад засмал руу нийлдэг. Аймаг ортол бараг 3-4 цаг явдаг. Тэр өдөр сумаас аймаг орох машин байгаагүй тул эхнэр, нөхөр хоёр мотоциклтойгоо гарахаас өөр сонголт байгаагүй гэж нутгийн иргэд ярьж байна.
Яагаад гэвэл цагдаагийн дуудсан цагт буюу өглөө 09:00 цагт бэлэн байх ёстой. Машинтайгаа явах гэхээр жолооны эрхээ хасуулчихсан хүн мотоциклтойгоо хөдөлсөн бололтой. Ингээд тэднийг засмал руу нийлэх үеэр харуй бүрий болсон байж.
Гэтэл өөдөөс нь гэнэт мэлийсэн цагаан гэрэлтэй машин гараад ирсэн гэсэн. Тэгэхэд нөхөр нь “Мотоциклын гэрэл олигтой тусахгүй болохоор гялбаанд орох юм байна. Өнгөрөөж байгаад хөдөлье” гээд замын хажуу руу гараад дөнгөж зогсоод байтал ард нь явж байсан приус маркийн машин хамаад шидчихсэн гэсэн.
Тэр мөчид хурц цагаан гэрэлтэй машин ч хажуугаар нь өнгөрч, түүний араас явж байсан машиныг мотоциклтой хоёр мөргөөд унасан юм билээ. Ингээд эхнэр нь газар дээрээ амьсгал хурааж, нөхөр нь хүнд гэмтэл авсанд үнэхээр сэтгэл өвдөж байна. Орон нутгийн замд тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлдэггүйгээс болж ийнхүү сайхан гэр бүл хагацлын зовлонд унасан нь орон нутгийн иргэдэд хүнд цохилт боллоо” гэв.
Өөр нэг эх сурвалж Б “Осол гаргасан приус машиныг 21 настай залуу жолоодож явсан юм билээ. Түүнтэй хамт 19 настай найз эмэгтэй нь, бас нэг найз нь гээд гурвуулаа явж байсан гэсэн. Тэд ч бас хурц тод гэрлийн гялбаанд орсон гэж ярьсан байна лээ. “Гэрлээ шилжүүлээгүй орж ирсэн тээврийн хэрэгсэл нь автобус байсан. Өөдөөс нүд гялбатал тусахаар нь тоормосоо гишгэж хурдаа хассан. Ингэхдээ урд мотоциклтой хоёр хүн явж байгаа даа гэж бодоод хурдаа хассан. Гэтэл яаж ч тоормос гишгэсэн зогсож чадалгүй явсаар осол гаргачихлаа” гэж ярьсан тухай талийгаачийн ойр тойрныхон нь ярьж байгаа юм. Уг нь мотоциклтой хоёр хүн замаас гараад, тээврийн хэрэгсэл хажуугаар нь хангалттай зөрөх зай тавьсан байсан гэсэн. Гэтэл тэр приустэй залуучууд тэднийг хараагүй мөргөснийг бодоход гэрлийн гялбаанд давхар орсноос гарцаагүй байх” гэлээ.
Чулуут сумын иргэн Х “Талийгаач эмэгтэй их сайхан дөлгөөхөн хүн байсан. Зан ааль сайтай. Эднийх гурван хүүхэдтэй. Том нь наймдугаар анги. Бага нь энэ жил нэгдүгээр ангид орсон. Ослын улмаас нөхөр нь хөл, гар нь хугаралттай, тархи толгой нь хүнд гэмтсэн сурагтай. Томографикийн шинжилгээгээр сайнгүй л гарсан гэсэн. Цагдаа дуудсаны дагуу цагтаа амжих гэж яваад өөрөө хүнд гэмтээд, эхнэрээ алдчихаар ямар олиг байхав. Ах дүүс нь цагдаад “Яах гэж жолооны үнэмлэх ирж ав гэсэн юм бэ. Ингэж хүнд суртал гаргах хэрэг байсан юм уу. Та нарыг ингэж ир гэж дарамтлаагүй бол энэ гэр бүл ингэж хагацаж салахгүй байх байсан” гэж хандсан юм билээ. Тэгэхэд цагдаа нь “Жолооны эрхгүй байж яах гэж мотоцикл жолоод гэсэн юм бэ” гээд бурууг тэдэнд тохох янзтай ярьсан гэсэн шүү. Үнэхээр цагдаа нар жирийн иргэдээ дарамтлаад сурчихсан нь эндээс тод харагдаж байгаа биз дээ. Бүх юм цахимжиж байгаа гэчихээд алгын чинээ цаас ирж ав гэсэн цагдаагийн албадлагаас болж бага насны гурван хүүхэд өнчирч үлдлээ шүү дээ. Автобусны ард явж байсан машинтай залуус хүртэл хохирогч болчихож байгаа юм. Тэд Увс аймгийн залуус юм билээ. Урд нь том автобус явж байсан. Гэнэт өөдөөс нь мотоциклтой хүмүүс шидэгдээд ороод ирсэн. Манай машин ч бас эвдэрсэн. Гэхдээ бид мөнгө төгрөг нэхэхгүй. Харин ослын талаар цагдаад мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа шүү гэж хэлсэн байна лээ” хэмээн хоолой зангируулан ярив.
Өөр нэгэн эх сурвалж болох иргэн О “Ийм харамсалтай осол гарсанд их цочирдож байна. Ер нь жолооч нар маш хурц гэрлүүд машиндаа нэмэлтээр тавьсан байдаг. Энэ нь эсрэг урсгалаас ирж байгаа машинд урдах зам нь харагдахгүй байх эрсдлийг үүсгээд осол гаргах хамгийн том шалтгаан болдог гэж бодож байна. Шөнийн замд орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар ихэнхдээ холын гэрлээ шилжүүлж явдаг. Гэтэл 150 метрээс багагүй зайд явж байвал ойрын гэрлээ асаах ёстой гэдгийг жолооч нар ихэнх нь мэддэггүй. Тийм учраас бусдыгаа хүндэлж, гэрлээ заавал шилжүүлж, хол ойрын гэрлээ зөв тохируулж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр хохирч байж энэ бүхнийг ойлгох юм бүү мэд” гэсэн юм.
Ноцтой ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн дуудлага мэдээлэл 19:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж үзлэг хийсэн. Осолтой холбогдох тээврийн хэрэгслийг тогтоож, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ер нь орон нутгийн замд манай жолооч нар шөнийн цагаар ихэвчлэн гэрэл шилжүүлдэггүй тохиолдол их гардаг. Үүний улмаас гэрэлд цохиулаад, эсрэг урсгалын машин осолд өртөж хүний алтан амь хохирч байгаа харамсалтай дуудлагууд ирдэг. Замын гадаргууд гулгаа их үүссэн учраас жолооч нар тээврийн хэрэгслийнхээ дугуйг солиогүй байгаатай холбоотой ослын дуудлага мэдээлэл ирж байна. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос цасан бүрхүүл тогтож, даваа гүвээнд халтиргаа гулгаа их үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан мотоциклын хөдөлгөөнийг өвлийн улиралд тодорхой хугацаагаар хязгаарлах талаарх саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх гээд бэлтгэн ажиллаж байна. Халтиргаа үүссэн үед мотоцикл аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг” гэсэн мэдээлэл өглөө.
Г.Балгармаа