УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Арьс, ширний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонсов. Асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уншиж танилцууллаа.
УИХ-ын 2012 онд “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол баталж, Засгийн газарт “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140.4 тэрбум төгрөгийн таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргах зөвшөөрөл олгосон байна. Засгийн газрын 2014 оны зургадугаар сард 30 тэрбум, долдугаар сард 110.4 тэрбум хүртэл төгрөгийн эх үүсвэрийг баталсан байна. Улмаар 2014 оны есдүгээр сараас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл эхэлсэн байна. Одоогоор 57 үйлдвэрт нийт 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны 69 хувийг эргэлтийн хөрөнгөд, 28 хувийг тоног төхөөрөмж шинэчлэхэд, гурван хувийг үйлдвэрийн барилгаа өргөтгөхөд зарцуулсныг Ерөнхий сайд асуулгын хариуд дурьджээ.
Мөн УИХ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан бөгөөд НЗДТГ-ын дэргэд “Эмээлтийн хөнгөн үйлдвэр технологийн парк” байгуулсан байна. Одоогийн байдлаар тус паркын цахилгаан хангамжийн эх үүсвэрийг байгуулаад байгаа юм.