2016 оны эхний сард арьс ширний үйлдвэрүүд 1.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд 500 сая төгрөг, гадаад зах зээлд 1.5 тэрбум төгрөгийн арьс ширэн бүтээгдэхүүн борлуулсан байна.
Энэ оны нэгдүгээр сарын 5-наас нэг сарын хугацаанд түүхий арьс ширийг экспортод гаргахыг Засгийн газрын тогтоолын дагуу зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор арьс ширний экспорт 40 гаруй хувиар нэмэгджээ. Тухайлбал үхэр, адууны боловсруулаагүй ширний экспорт өнгөрсөн оны мөн үеэс бараг 7 дахин нэмэгдсэн байна. Ингэснээр зөвхөн түүхий арьс ширний экспортоос орж ирэх орлого 10 дахин нэмэгдэж, 5.4 сая ам.долларт хүрсэн бол боловсруулсан арьс ширний экспорт 60 гаруй хувиар нэмэгдэж, 1.2 сая ам.долларт хүрчээ. Ялангуяа БНХАУ-д гаргадаг боловсруулсан арьс ширний экспорт 5 дахин нэмэгдсэн болохыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.
Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сард 2.1 сая ам.долларын 30 тонн самнасан ноолуур экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс бараг 3 дахин нэмэгджээ. Хэдий тийм боловч ноолуурын үнэ 40 гаруй хувиар буурсан нь ноолуурын экспортын орлогод нөлөөлсөн байна. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард 11.4 сая ам.долларын нэхмэл бүтээгдэхүүн экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс 23 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Харин дотоод зах зээлд 21.8 тэрбум төгрөгийн нэхмэл бүтээгдэхүүн борлуулж, 9.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.