Categories
мэдээ эдийн-засаг

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх шийдвэрийг хэвээр үлдээлээ DNN.mn

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх Дээд шүүхийн шийдвэр гарлаа.

Тодруулбал нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, ШӨХТГ, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр хэлэлцсэн аж.

Давж заалдах шатны шүүхээс энэ оны зургаадугааар сард арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр гарсан. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарах байсан юм.

Ийнхүү дээд шүүхийн шийдвэр гарсан тул 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй болж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай ЭНД дарж танилцах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *