Categories
гадаад мэдээ

Аргентинд барууны үзэлтэн ерөнхийлөгч болов DNN.mn

Аргентины улс төрд “гаднын хүн” болох либерал эдийн засагч Хавьер Милей тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Албан ёсны дүнгээр сонгогчдын 56 орчим хувийн саналыг авч, одоогийн Засгийн газрын эдийн засгийн сайд, Перонист намын улстөрч Сержио Массаг ялсан байна. Түүний өрсөлдөгч эдийн засгийн сайд, зүүний үзэлт Сержио Масса ялагдлаа хүлээн зөвшөөрч “Мэдээж сонгуулийн дүн бидний хүлээлтээс өөр гарлаа. Би Хавьер Майлид баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөсөн. Учир нь тэр аргентинчуудын дийлэнх олонхын саналаар сонгогдсон, ирэх дөрвөн жилийн турш ажиллах ерөнхийлөгч шүү дээ” гэж хэлсэн байна.

Энэ хоёр хүн олон арван жилийн өр, санхүүгийн муу менежмент, валютын ханшийн савлагааны улмаас инфляцийн үзүүлэлт нь 142 хувьд хүрээд байгаа Латин Америкийн гурав дахь том эдийн засаг бүхий тус улсын ирээдүйг тэс

өөрөөр төсөөлж байсан юм.

Х.Майли ялалтаа тэмдэглэн улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоохоо дахин амлаж “Өнөөдрөөс Аргентиныг сэргээн босгох ажил эхэлж байна. Өнөөдөр Аргентины уналт төгсөж байна. Өнөөдөр түгээмэл болоод байгаа загвар буюу төр нь иргэдийнхээ олонхыг ядууруулдаг загвар дуусгавар болж байна” гэж хэт барууны үзэлт Х.Майли хэлжээ. Буэнос-Айрес хотын гудамж талбайд Милейг дэмжигчид олноор цугларч, улс төрийг элитүүдээс цэвэрлэх түүний сонгуулийн уриаг давтацгааж байна.

Милей улс орныхоо гүн хямарсан эдийн засгийг цочир аргаар эмчлэхийг амлаж байгаа бөгөөд түүний төлөвлөгөөнд төв банкийг татан буулгах, песог халж, ам.долларыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох, зардлыг танах зэрэг эрс шийдэмгий алхмууд багтаж байна.

Аргентины Засгийн газрын данс улайж, Олон улсын Валютын сантай 44 тэрбум ам.долларын өрөө хэрхэх талаар хэлэлцэж, инфляцийн хэмжээ нь 142 хувьд хүрээд байгаа юм.

Милейн ялалт Аргентины улс төрөөс гадна олон улсын харилцаанд ч бас нөлөөлж болзошгүй юм. Тэрбээр Хятад, Бразил улсуудыг байнга шүүмжилж, тэднийг “коммунистууд” хэмээн муулдаг байв. Харин АНУ-ыг гол холбоотноо гэж үзэж байна. Милей нь бас үр хөндөлтийг тууштай эсэргүүцэгч, галт зэвсгийн хэрэглээг чөлөөтэй болгохыг дэмжигч, нутаг нэгт Ромын Папыг шүүмжлэгч нэгэн юм.

Өдгөөгөөс 100 жилийн өмнө Аргентин дэлхийн хамгийн баян орнуудын нэг байсан. Хүмүүс тэнд Франц, Германаас илүү сайхан амьдарч, европчууд хөгжил цэцэглэлт, эд баялгийн төлөө энэ улсад цагаачилж ирдэг байв. Харин хэт зүүний үзлээс болж Аргентин нь хагас зуун жилийн турш хямралд ээлж дараалан ордог ядуу орон болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *