Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардын нам автобусаа үнэгүй явуулж байгаа бол Ардчилсан намынхан архиа үнэгүй тараах хэрэгтэй DNN.mn

Ардын нам сонгууль дөхсөн биш ард түмнээ ёстой нэг бөөцийлж эхэллээ дээ. Ахмадуудаа бодож тэтгэврийг нь нэмэхээр болов. Ажилчдын цалин хөлсийг ч давхар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ард түмнээ хайрлах хүсэл нь бадарч ирэх 2024 оны төсвийн хоёр их наяд төгрөгийг халамжид тараахаар батлав. Залуучууддаа засаг төрийн тэтгэлгийг харамгүй өгнө л гэлээ. Нийтийн сайн сайхны төлөө нийтийн тээврийг ч үнэгүй болгочихлоо. Ёстой л нэг гараа тэнийлгэж, харсан үзсэн хүн болгондоо аль байдгаа л өгье, тусалъя гэж байна, Ардын намынхан маань. Ард түмнээ огцом ингэж хайрлаж, халамжлаад ирэхээрээ л МАН сонгуульд олонх болчихдог доо. Үүнийг эрх биш Ардчилсан намынхан энэ олон жил судалсан байлгүй дээ. Тиймээс сөрөг хүчнийхэн маань өглөгийн үүдээ нээсэн эрх баригч намын бодлоготой зэрэгцээд л боломжтой бүгдийг л үнэгүй болгож өгөх хэрэгтэй байна. Улс төрд адилхан аргаар л өрсдөлдөж байж, ялна. Ардын нам автобусаа үнэгүй явуулахаар болсон юм чинь Ардчилсан намынхан архийг үнэгүй болгоно гэдгээ зарла. Адилхан л тараа, адилхан л үнэгүй болгох бодлого гарга. Архиа үнэгүй болгоод тараачихъя гэж хэлэхээсээ айж ичээд байх ч зүйлгүй шүү, Ардчилсан намынхан. Та бүхэн өнгөрсөн долоон жил айж, ичиж суулаа. Одоо зоригтой байцгаа. Улс төрийн ууган хүчнийхээ явуулж байгаа бодлогыг анзаар. Тэдний бодлого байгаа онож байгаа учраас олонх болоод байна. Тиймээс одоо адилхан аргаар л үз. Энэ хоёр том нам ана мана үзэж байж ойролцоо суудал авч байсан улс төрийн бодит түүх ч бий. Тэртээ 2004 оны сонгуулиар Ардын нам “Эх орны хишиг” гэж нэг сая төгрөг иргэн бүрдээ амалж байхад Ардчилсан нам “Эрдэнийн хувь” гэж 1.5 сая төгрөг болгон ахиу өгөх амлалтыг өгч байсан. Үүнийхээ хүчинд ч УИХ-д хоёулаа ойролцоо суудалтай, гарын таван хуруунд багтах бие даагч болон бусад намын төлөөлөлтэй гарч ирсэн түүхтэй. Тиймээс энэ удаа ч гэсэн адилхан л амалж, адилхан өгөх хэрэгтэй байна.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *