Өнөө жил 90 насны босго алхаж буй Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа гуайнд сар шинээр золгохдоо цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр Төв аймгийн Авдарбаян(хуучнаар) сумын хүн юм. Нэгэнтээ төрсөн нутгийг нь асуухад “Төв аймгийн Баян, Сэргэлэн аль аль нь миний нутаг. Би бол Баянгийнх гэж явдаг. Гэхдээ яг төрсөн газар маань Сэргэлэнгийнх. Манайх Цээл Шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урдхан Урт худаг гэдэг газар зусч байхад би төрсөн юм билээ” гэж ярьсан удаатай. Ерэн настай буурал найрагчийн яриаг ямар нэгэн нэмэр хачиргүйгээр уншигч олноо толилуулж байна.
-Дулмаа багш аа, Та нутаг усныхаа тухай ярихгүй юу?
-Миний төрсөн газар Дуганы овооны тийшээ бий. Хуучин Ламын хүрээ гэж байсан юм билээ. Олон лам хурдаг сайхан газар байсан. Би чинь төрсөн газартаа удаан байгаагүй хүн. Сургууль соёл гээд хойшоо урагшаа явчихсан. Манай Дуганы овоо, Чулуутын гол гэдэг чинь хүн мал багширч байдаг, айл амьтан зуны гурван сард цуглаж байдаг сайхан газар. Тэнд дутагдах гачигдах юм байхгүй. Ус ургамал гээд бүх юм нь тэгш дүүрэн. Сайхан зун болно. Мал сайхан таргална. Яахав, тэнд хуучин баргын дуган байгаад сүүлд байхгүй болсон. “Сүмийн ганжир алтарч байсан Баргын дуганын туурь Сүүмийх ч бараагүй аглаг хөдөө болсон байлаа” гэж би сүүлд шүлгэндээ бичиж байсан нь ийм учиртай. Тэнд чинь Ганжуур, Данжуур хурж байсан гэдэг. Гадны хүмүүс их ирж мөргөл эргэл ч болж байсан юм билээ. Чулуутын голын хөндий гэдэг чинь чухамдаа хүрээ хотын хооронд олон залуучууд давхиж, морины сайныг унаж, хүний сайнтай ханилж, эцэг эхийнхээ буяныг эдэлж хэрэглэж явсан буянтай хөндий. Дуганын овооны хүрээ хийдийг буянтай газар гэж нэрлэдэг. Лам хуврагууд нь ч тэгдэг, эгэл борчууд нь ч тэгдэг. Буян хурна гэж бас байна аа. Тэндээс олон сайхан эрдэмтэй залуучууд гарсан даа.
-За хэн хэн байна вэ?
-Лувсандорж, Гонгор, хоёр Нацаг, Дуламсүрэн гээд байлаа. Бадмаанямбуу гэж Доржжунай гуайн охин байлаа. Доржжунай гуайн хүү Мажиг гэж сайхан залуу байлаа. Адуучин хүн. Иртэй бяртай гэж жигтэйхэн. Нутагтаа нэртэй тийм хүн байсан. Эмнэг сургахдаа ёстой нүдэнд үзэгдэж харагдахгүй сургана. Дор нь номхруулна. Өөрөө их аж ахуйч. Мал хуйдаа сайхан сэтгэлээр хандана. Булгидаг, хангал догшин морь, хэцүү адуутай насан туршдаа ноцолдсон хүн. Чихнээс нь ганцхан мушгиад л унагачихдаг гэж манайхан хөхрөлддөг. “Мажиг ах аймаар шүү, эмнэг адууг чихдээд л унагачихдаг, аа яа яа” гээд ярина. Тэр бол иртэй бяртай байсны илэрхийлэл мөн биз дээ.
-Алдарт Билэгийн Дамдинсүрэн гуай, Мөрдорж гуай та хэд чинь нэг дорын хүмүүс байх шүү?
-Нутаг ойрхон. Билэгийн Дамдинсүрэн гуай бол Зараагийн нуурын хажууд төрсөн хүн байх. Мөрдорж гуай Дунд Өгөөмөрийн урагшаа төрсөн гэдэг. Зараагийн уул гэдэг чинь ёстой нэг сайхан уул. Зараагийн уулын ар өврөөр олон айл зусч өвөлждөг байсан. Сайхан хүүхэнтэй, сайхан харцуултай нутаг. Чулуутын баргууд гэж эвэр нь хувхайрсан дэнхгэр том шарнуудтай, тэд нь жим татуулаад л цувдаг баян айлууд байлаа. Ямар сайндаа баян баргууд малаа идэхгүй, шарнуудынх нь эвэр хувхайраад хөгширчихсөн байдаг гэж халхууд хэлж байхав.
-Танайх баян айл байв уу?
-Миний төрсөн эцгийнх их баян айл байсан даа. Баян Заных гэж хэлэгддэг байлаа. Төрсөн эцэг минь Дондогийн Зана гэж хүрээ хот явдаг, явахгүй газар гэж байхгүй мундаг хүн байлаа. Бээжин Улаанбаатар хоёрын хооронд хэд ч явсан юм мэдэхгүй. Хойшоо Хиагт руу бас явна. Өөрөө бол хурал хурж дуганад суудаг лам хүн байсан. Сайн лам. Манай суманд эм барьдаг ганцхан хүн байсан нь манай тэр аав. Ядарсан зүдэрсэн хүнийг нэг тунгаар босгоно гэж ярина шүү дээ. Чадалтай хүн байсандаа л тэгж хэлдэг байсан биз. 12 хүүхэд гарсан. Айлд намайг өгөөд миний эгчийг төрсөн дүүдээ өгсөн юм. Бусад нь гэртээ өссөн. Сайхан сайхан морь унасан харцуул байлаа. Миний төрснүүдээс сумын захиргаанд, мөн багтаа алба хашдаг хүн байсан. Аймагт албатай ч хүн байлаа. Зарим урт наслаагүй дээ, хөөрхий минь. Эгч нар маань гэж сунайсан сайхан хүүхнүүд байлаа. Би дороосоо хоёр дахь нь юм. Намайг ядуухан айлд өргүүлсэн дээ. (Одоогоос арван хэдэн жилийн өмнө Дулмаа гуайнд хуучилж суухад тэрээр айлд өргүүлснээ ингэж ярьж байсан. “Долдугаар сарын эхээр халуун зунаар би төржээ. Намайг төрүүлчихээд ээжийн маань хойдох нь цөглөдөггүй. Эхэс нь гарахгүй гурав хоночихгүй юу. Тэр халуунд чинь аюултай юм болно биз дээ. Гурав дахь хоногийн өглөө аав минь Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад “Энэ хүүхдийг танайх авбал ав. Гэртээ оруулбал эхийнхээ толгойг залгичих гээд байна” хэмээн сандрангуй хэлсэн гэдэг. Төрсөн эцэг минь бурхан шашны хүн учир нэг юм мэдсэн байх. Ингэж улаан нялзрай амьтан гэрийн гадаах сүйх тэрэгний мухлагт гурав хоноод айлд өргүүлсэн дээ” гэж хуучилсан нь санаанд буулаа)
-Энэ жил их сайхан жил гарлаа даа. Бар жилийн өнгийг хэлэхгүй юү?
-Сайхан жил гарлаа. Ер нь тэгээд хүн сэтгэлээ цэлмээж л амьдрах юм бол муухай жил тохиохгүй дээ. Муухай жил, муу амьдрал гэж байдаггүй юм шүү дээ. Хүний өөрийн сэтгэлийн ариуслаас их юм шалтгаална. Сайхан хүүхэнтэй ханилъя, сайн сайхан хүнтэй нөхөрлөе гэж бодож байгаа бол сэтгэлээ л ариун байлгах хэрэгтэй. Манай суманд Балдандорж гэж их гоё морь унадаг хүн байлаа. Манайхтай ойрхон айл байдаг байсан. Тэр бол сайхан залуу. Тэдний адуу мал, морьд нь их сайхан. Сүүлд нь Ичинхорлоо ч билүү, Сүрэнхорлоо ч билүү гоё хүүхэн баян айлаас бэр буулгаж авсан. Сайхан ч айл гэр болсон. Бараг арваад хүүхэдтэй болсон байх. Манай ус голын нэг сайхан айлын нэг болсон доо, тэднийх. Балдандоржийн ижий нь үргэлж маани уншиж байдаг. Надаас нэг их олон эгчгүй дээ. Тэр сайхан хөгшин хүн бүрт сайн сайхны ерөөл хэлнэ. Орж ирсэн хүүхэд бүрд атга чихэр өгдөг. Орсон гарсан бүхэнтэй инээд алдаж сайхан юм ярина. Их өглөгч, ёстой буян нь дэлгэрсэн хөгшин байлаа. Тэр хөгшний буян хүүхдүүдэд нь ирсэн. Зарим нь хойшоо сургуульд ч явсан. Тэр сайхан хүүхдүүдийн нэг нь Балдандорж. Хүний эцэг эхийн буян үр хүүхдүүддээ тэгж оршдог юм шүү дээ.
-Ер нь монгол хүний уугуул чанар гэвэл юу юм бэ. Өнөөдөр монгол хүний мөс чанар, жудаг ёс муудлаа гэх юм?
-Ээ тэгж муудаж базаасан юм байхгүй. Монгол хүн чинь дээрээсээ дэгтэй сурсан. Эцэг эхийн сургаал, аав ээжийн буян хаачихав дээ. Мал хуйгаа хайсан, эрэлд явж байгаа хүмүүс манайхаар ирнэ. Аяны хүнд аав ээж сайхан хоол цай хийж өгнө. Унаа морийг нь чөдөрлөж тавиад, эмээлийг нь хүндэтгэн гэртээ оруулаад, хазаар ташуурыг нь дээш өлгөөд, сайхан ор дэр засч амраана. Тийм нарийн дэг байсан. Тэр бол монгол хүний шүншгэнд нь, цусанд нь, чөмгөнд нь шингэчихсэн зүйл. Ийм сайхан заншил ямар ч залуу хүнд байж л байгаа. Түүнийг нь голохын хэрэг байхгүй. Яахав, сүүлийн үед хүмүүс хот суурин газар суугаад өөр болдог байлгүй. Тэглээ ч гэсэн эцэг эхийн сургаал, хийж байсан үйлдэл, хүнийг хүндэтгэж байсан үйл нь үр хүүхдэд нь өвлөгдөж л таарна.
-Явуу, Чимид, Гайтав, Лхамсүрэн гуайгаас аваад танайд ороогүй, таны гарын цайг уугаагүй зохиолч гэж бараг байхгүй. Бадарч, Сүрэнжав, Чойном танайхаар бараг амьдрах нь холгүй байсан гэдэг. 20 настайгаас тань бодоход та бүтэн 70 жил гэрээрээ зохиолч нөхдөө бужигнуулсан хүн. Яагаад төвөгшөөдөггүй байсан юм бэ?
-Манайхаар ороогүй зохиолч гэж байхгүй ээ. Олонтой бужигнаж байхад хүн сэтгэлийн таашаал эдэлж, тэр олон сайхан хүний сэтгэлийн жаргалаар өөрөө жаргадаг байхгүй юу. Манайхан бол хэцүү л дээ. Ууна иднэ, зарим нь юм хумыг маань аваад явсан байхыг ч үгүй гэхгүй. Гэхдээ олон түмэнтэйгээ явна гэдэг орчлонд хүн болсны бас нэг гавьяа юм шүү дээ. Айлд хүн орохгүй бол хэцүү биз дээ. Манай аав төрийн хар хүн байсан. Аавын ах лам хүн. Баргын дуганд сууж байсан Ванзий гэж баргын дуганыг бараг үүсгэсэн хүний нэг. Их ухаантай хүн байсан. Намайг юу ч мэдэхгүй хариугүй амьтан байхад тэр их ухаанаасаа надад сургажээ. Тэр хүний сургасан ухааны хүчинд би өдий зэрэгтэй явж байгаа юм. Олон түмэнтэйгээ насан туршдаа явах буяныг аав минь, аавын минь ах тэр сайхан хүн өгчээ гэж боддог. Хүний амьдрал өөрөөсөө болдог эд шүү дээ. Сайн сайхан байх тухай бодож явахад бүтдэг. “Энэ амьдрал ерөөсөө болохгүй байна, бүтэхгүй байна” гэж бодох тусам урууддаг. Хүүхдүүд сайхан торниж байна, мал хуй өсч байна, төр засаг сайхан байна гэж бодох тусам өөдөө дээшээ явдаг.
-Та нөхдөө үгүйлэх юм уу?
-Үгүйлнэ ээ үгүйлнэ. Гэхдээ аль болохоор тэд маань сайн сайхан яваа гэж боддог. Түмний тоосонд миний хэдэн шавь сайхан яваа гэж залбирдаг. Бүгдээрээ нэр алдартай. Хамгийн гол нь бүгд номонд хайртай, номыг хүндэтгэдэг хүмүүс болсонд нь би баярладаг. Төр засагтаа хүндэтгэлтэй хандаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, хань ижилдээ хань шиг хань байх чухал. Одоо та хэд айлын эзэн, төрийн хар хүн болцгоожээ. Төрдөө үнэнч яв, гэртээ эзэн бай. Тэгээд л болоо. Гэргий хүүхдээ тэгш дүүрэн аваад явна гэдэг чинь эр хүний их том үүрэг. Бусдын сайхныг их бодох хэрэгтэй. Зарим хүмүүс бусдыг магтахаар бусад хүмүүс мундаг болоод өөрөө муу болчих юм шиг санадаг. Харин бусдыг магтах, бусдын сайн сайхныг олон түмэнд хэлж өгөх тусам чи өөрөө манддаг байхгүй юу. Тэрийг л сайн бод. Найрагчид, миний шавь нар “За, ээж ээ нэг сайхан хоол идье. Айлаар хэссээр байтал өлсчихлөө гээд ирдэг. Нэг хүүхнийд очлоо, олигтой хоол унд идсэнгүй, аав ээжээс нь зовоод гээд ирнэ. Банш бууз бэлэн байгаа юм чинь чанаад өгнө. Ганц гожин юм гаргаад өгнө. Багш дээрээ ирээд л башийгаад явчихдаг юм гэхэд нь би ч баярлана. Эмнэлэгт хэвтэхэд нь шавь нараа бүгдийг нь би цай хоолтой эргэдэг байсан. Найрагчид маань сайхан сайхан бүсгүйчүүд дагуулаад л ирнэ. Тэгээд дуу дуулна, шүлэг уншина. Нөгөө бүсгүйчүүдээ уярааж өгнө, бишрүүлнэ. Гэхдээ зарим нь тэр гоё охидтойгоо суугаагүй л байдаг. Манай сургууль (Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль) их буянтай сайхан сургууль. Сүүлийн үеийн “Болор цом”-ын эзэд чинь миний шавь нар л болоод байна. Манай Ш.Цэнд-Аюуш багш чинь хүнд муу юм санадаггүй цагаан цайлган хүн. Ер нь хүнд муу юм санаад байвал үйлс бүтдэггүй юм шүү. Дандаа цагаан цайлганаар бодох хэрэгтэй. Би бол амьдралдаа хүнд муу санаж яваагүй хүн.