Categories
мэдээ нийгэм

Ардын экспертүүд Ерөнхийлөгчид дүн тавихаар хуралдаж байна

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж байна. Монголын медиа корпорациас зохион байгуулж буй уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд оролцож Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд дүн тавихаар цуглажээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт дүн тавих юм. Ийнхүү сэдэвчилж байгаа нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал нь өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

Зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэх, тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлтээ гаргах юм. Мөн энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн МЕС судалгааны төв хянах бөгөөд дүнг нэгтгэн гаргах ажлыг тэд хариуцах юм. Тиймээс өнөөдөр болж буй Зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцогчид нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд хараат бусаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой ажээ.

Нөгөөтэйгүүр, дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *