Монголын Ардчилсан залуучуудын холбооноос төрийн өндөрлөгүүдэд хандан уриалга хүргүүлжээ.
Уриалгад дурдснаар “Хөл нүцгэн явахдаа амь нэгтэй явсан ах нар маань хүчтэй, чадалтай болохын цагт улс үндэстний өмнө тулгамдсан амин чухал шийдэлд сэтгэл чилээхийн оронд, эвдрэлцэж буйг залуус бид хатуу буруушааж байна.
Ард түмний олонхийн саналаар сонгогдон төр барьж, улсаа удирдаж байгаа та бүхэн ард олныхоо хүсэн хүлээсэн ажлыг хийж, залуу үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийн оронд нам доторхи хувь хүмүүсийн ялих шалихгүй зөрчлөө буруу суртал болгож, залуус бидний хийж бүтээх, урагш тэмүүлэх итгэлийг мохох үйл хийж буйг эрс эсэргүүцэж байна” хэмээн дурджээ.
Хэдхэн хоногийн өмнө МАН-ын зүгээс хоёр хөршийн удирдагчид айлчлах гэж байгаатай холбогдуулан эв найртай байх уриалга гаргасан. Ардчилсан залуучуудын холбооны гишүүд ч уриалгандаа энэ талаар дурдсан байна.