Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа

-ҮНДСЭН ХУУЛИЙН УГ ЭХИЙГ ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛНЭ-

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд өнөөдөр заллаа.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар түр залж байна. Үндсэн хууль ямар байдлаар батлагдсан байдгийг иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж үзэх боломжтой болсон” гэлээ.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд залах ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Эрдэнэсийн санд эх хувь нь хадгалагддаг Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны цагаан чулуун тамга, Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны мөнгөн тамга, Шашин төр хоёрыг хослон өрнүүлэгч Эх дагинын мөнгөн тамга, Богд Живзундамбын алтан тамга, Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Живзундамба ламын алтан тамганы хуулбаруудыг Монголбанкнаас Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулж олны хүртээл болгохоор хүлээлгэн өгсөн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Богд хааны үеийн таван тамгыг монголчууд хуулбарыг нь хийгээд Төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө. Эдгээр тамганы зөв хуулбарыг хийлгэхэд нэлээд их хугацаа орсон. Үндсэн хуулийн баяраар иргэдийн хүртээл болж байгаад баяртай байна” гэлээ.

Төрийн түүхийн музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр бий аж. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *