Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан хувьсгалыг Жамбын Батмөнх агсан хийсэн болж хувирав уу

Арванхоёрдугаар сарын 10. Цагийн хүрдээр “Ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатны нэг Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөв” гэсэн мэдээ гарлаа. Мэдээ бэлтгэсэн сэтгүүлч юм мэдэхгүйдээ ингэж мэдээлсэн байж болох юм. Харин учир мэдэх, өөрсдөө ардчиллын төлөө тэмцсэн өнөөх ардчилагчид энэ өдрүүдэд хаачив. Бид тэднийг бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чадсан, оготнын хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн баатрууд гэж санадаггүй бил үү. Өөрсдөө ч бас үүгээрээ бахархдаг байгаагүй бил үү. Гэтэл гэрэл зургийн үзэсгэлэн гарсан, Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөсөн тухай мэдээлээд л өнгөрөв. Ардчилсан хувьсгалын баярыг хэн ч тоож тэмдэглэсэнгүй, тэгэсгээд л чимээ аниргүйхэн өнгөрөх шив. Хорь гаруй жил нөхцөл байдал ямар ч байсан тэмдэглээд ирсэн баярыг гэнэт ингэж хав дарж, хэн ч санахааргүй болгож байгаа нь зохион байгуулалттай бодлоготой юм явчихлаа. Хамгийн түрүүнд МоАХ мэдэгдэлд гаргасан. МоАХ-ны мэдэгдэл хэцүү бэрх, энэ үед баярлаж цэнгээд байх зүйлгүй гэсэн утгатай. Өнгөрсөн 25 жилд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо ашиглаж чадаагүй, хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улс төрийн намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зохисгүй зүй бус өрнөл эрчимжлээ. Өндөр албан тушаалд байгаа хүмүүс төрийн ажлыг гацааж, завхруулж байна зэргээр энэ хугацаанд ганц ч удаа өөд нар хараагүй юм л мэдэгдэлдээ дурдсан байна лээ. Ингээд өнөөх түүхт баяр нам дарагдав. Үнэн хэрэгтээ агуулга нь баяр тэмдэглэж, хундага өргөхдөө гол биш тэр өдөр бол түүх юм. Тиймээс сануулж, дурсаж тэмдэглэж байх ёстой. Ардчиллын төлөө тэмцсэн хүмүүсийн төдийгүй, ард нийтээрээ баярлах ёстой баяр юм. Гол нь ингэж тэмдэглэхгүй байгаа нь өнөөдөр Ж.Батмөнх агсныг ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатан гэж хэлж байгаа шиг ардчилсан хувьсгалыг өөр нам, өөр хүмүүс хийсэн гээд явах нь. Түүхийг ингэж гуйвуулдаг шүү дээ.

Мөн ардчилсан хувьсгалыг ялуулсан хүмүүс эрх барьж байгаатай холбоотой энэ түүхэн өдрийг мартуулав. Ямар ч хэцүү бэрх байдал, улс төрийн эвгүй нөхцөлд, сөрөг хүчин байхдаа ч энэ ойг тэмдэглэж, дуу хоолойгоо хүргэж байлаа. Олон түмэнд сануулж байлаа. Одоо эрх баригчдад тийм шаардлага үгүй болж. Ардчилагчдад энэ ойг тэмдэглэх хүсэл зориг байхгүй болж. Энэ хувьсгалыг эхлүүлж, нийгмийг өөрчилж, тэмцэж явсан тэр хүмүүст тэгэж явсан нь ичгүүртэй санагддаг болсон юм байна. Хувьсгал хийж, тэмцэж, ядуу хоосон, өлсөж, эрх мэдэлгүй явсан тэр үе нь одоо ичгүүртэй санагддаг болжээ. Том албан тушаалд очсон ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд угаасаа ийм тэнгэрт заяат дээд язгуурт, элит хүн байсан гэж өөрсдийгөө боддог болсон юм байна. Тэд бүгдийг мартаж. Юуны төлөө тэмцсэнээ, ямар байснаа, яаж явснаа мартаж, эсвэл мартахыг хүсчээ. Оргилсон их хүсэл тэмүүлэл, даарч хөрч, өлсөж, битүүхэндээ эмээж, нууцаар хуралдаж, эцэстээ үзэл санаа, зорьсон зорилгоосоо ухрахгүй гэж жагсаж, тэмцэж явсан тэр өдрүүдийг, залуу халуун омголон явснаа, зоригтой байснаа, халаасандаа улаан мөнгөгүй, сэтгэлдээ дүүрэн итгэл тээж явсан тэр өдрүүдээ санахаас ичдэг болж. Тэр үед партизан байгаагүй юм шиг тэнгэрийн хүн гэж өөрсдийгөө боддог болжээ. Амьдралаас бүүр тасарчихаж. Бодит үнэнээс хол явж. Дурсан санахаас дургүй нь хүрч. Угтаа бол НАХЯ-ны маш том, аалзны тор шиг том сүлжээний эсрэг зориглон, энэ нийгмийг өөрчлөх цаг болж, хүн төрөлхтөнтэй нэг замаар алхъя гээд зориг шулуудсан залуус байсан юм шүү дээ, тэд. Хувьсгалыг ухаантнууд хийж, үр шимийг нь тэнэгүүд хүртдэг гэдэгчлэн хувьсгал хийсэн ухаантнуудаас төрд байгаа нь үнэн. Гэхдээ үр шимийг нь сорж шимж, хүртсэн өнөөх тэнэгүүдтэйгээ эрх ашгаа нэгтгэсэн нь харамсалтай.

Мөн өнөөдрийн энэ дээдсүүдийн зарим нь ардчилсан хувьсгал хийх он жил, өдөр саруудад анхнаас нь яваагүй, жагсаж, цуглан, өлсөж цангаж яваагүй, замын дундаас орж ирсэн. Зарим нь мэдээлэгч хийгээд явж байсан. Ингэж хэцүү бэрх бүхэн ард хоцорсон хойно орж ирснээ битүүхэн нуудаг. Гэхдээ яаж яваад ч юм албан тушаал, эрх мэдэлд оччихсон. Хэрэв тэмдэглээд яриад, тэртээх хорин таван жилийн өмнөх өдрүүдийг дурсаад эхэлбэл эхнээс нь явсан хэдээсээ доогуур харагдчих гээд, тэр үед тэмцэж байгаагүй нь олон түмэнд мэдэгдчих гээд байгаа. Тийм нөхөд энэ жил ардчиллын баярыг хийхгүй байхыг хичээлээ, зорьсондоо ч хүрлээ.

Үнэн хэрэгтээ тийм хэсэг нөхөд анхны өлсгөлөн, анхны жагсаал цуглааны үед эсрэг байр суурьтай, эсэргүүцэн шуугиж явсан нь ч бий. Надад огт падгүй хэмээн чимээгүйхэн өөрийнхөө урдах амьдралаа зохицуулбал барав гээд явж байсан нь ч бий. Партизануудыг дуурайж ярих дурсамжгүй, бусад нь яриад эхлэхээр өөрөө баригдчих гээд байдаг нэг тийм цэмбэгэр, гял цал, хатуу хөтүүг мэдэхгүй болоод ч тэр үү, жигтэйхэн эмзэг, өнөөх замын дундаас орж ирсэн нөхөд тэр дурсамж, тэр үйл явдлыг сэдрээхийг хүсэхгүй байна. Ийм шалтгаануудаас болж тэмдэглэх нь бүү хэл улайм цайм түүхийг гуйвуулж, Ж.Батмөнх агсны гавьяа мэт ярьж эхэллээ. Замын дундаас ирсэн нөхдийг бодвол жинхэнэ партизануудаас юунд ч хүрээгүй, ардчилал ирэх нь л сайхан гэж бодон албан тушаалд нэг ч очиж үзээгүй хүмүүс бий. Ихэнх нь нас явж, зарим нь тэнгэрт одож. Одоо байгаа зарим нь албан тушаалд очих гэж ч гуйж яваагүй, ойн баяраараа ардчиллын төлөө яаж зүтгэснээ онгирч ярьж, сэтгэлээ цайлгадаг. Баярыг нь тэмдэглэхгүй, дурсамжийг нь яриулахгүй болохоор тэд мартагдаж эхэлж байна. Тэр өдөр гавьяаг нь дурсаж цэцэг өргөөд байсан Ж.Батмөнх гэж ямар гавьяатай хүн билээ. Хэдэн мянган жил залгамжилж ирсэн Монголын өндөр төрийн жолоог хорин хэдтэй, юу ч мэдэхгүй залуучуудын гарт хаяад л зугтсан хүн шүү дээ. Бидэнд амархан бууж өгсөн гэж л гавьяаг нь үнэлж байгаа юм биш бол өөрөөр яаж ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж явсан болохов. Гэтэл ардчилсан хувьсгалыг хийж явсан С.Зоригийн хөшөөнд баярынх нь өдөр хэн ч цэцэг өргөөгүй. Бидний баатар гэж бодож явсан өнөөх партизанууд гавьяагүй хэрэг үү. Тоож дурсагдсангүй, тоож санагалзсангүй. Анхны гэх хэдэн партизанууд уйлалдаад энд тэнд хэд арваараа цугласныг эс тооцвол энэ хувьсгалд хэн ч гавьяагүй мэт.

Ардчилагчдын нэр хүнд унасан болохоос ардчиллын нэр хүнд унаагүй. Хөр цасанд хөлдөж үхэх гээд өлсөж, амь нас, ар гэр, амьдрал нь яаж ч магадгүйг мэдсээр байж тэмцэж ардчиллын төлөө явсан нөгөө хүмүүс түүхэн баяраа ч тэмдэглэх гавьяагүй юм уу. Энд зөвхөн ардчиллыг авчирсан, тэмцсэн тэр хэсэг хүмүүсийн баяр төдий биш, нийт ард түмний баяр юм. Тэр өдөр бол түүх юм. Болсон явдал юм. Хэн нэгэн зохиож яриад байгаа юм биш. Тэрийгээ ардчилагчид та нар эрх барих үедээ ингэж мартагнуулбал, цаашид түүх яаж өөрчлөгдөж, яаж үгүйсгэгдээ билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *