Categories
мэдээ нийгэм

Ардчиллын дууч хөшөөнд мөнхөрлөө

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн ахлагч, “Хонхны дуу”-г зохиогч С.Цогтсайханы дургалд зориулсан нэгэн сайхан хөшөөт цогцолборыг өчигдөр нээсэн юм. “Ардчиллын өндөрлөг” хэмээн нэрлэсэн энэхүү хөшөөт цогцолборыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан байгуулжээ. Ардчиллын алтан хараацай, “Хонх” хамтлагийн дуучин Сосорбарамын Цогтсайханы гэрэлт хөшөөний нээлтийг “ТБД Андууд” их дэлгүүрийн урд талбайд хийж, хөшөөний нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар болон иргэд оролцсон юм.

“Ардчиллын өндөрлөг” хөшөөт цогцолборын нээлтэд оролцсон хүндтэй зочдын нэг бол С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа байлаа. Тэрээр “Энэ хөшөөг хараад бид 25 жилийн өмнө хамтдаа тэмцэж явсан анд нөхөд, бусад бүх
хүнийг дурсан санаж байна. Цогтсайханы хөшөөг босгох талаар хэдэн жилийн турш яригдсан ч мөнгө санхүүгийн боломж бүрдэхгүй байсан. Гэтэл бидний дотны анд, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилга, дэмжлэгтэйгээр энэ сайхан хөшөөт цогцолбор
бослоо. Цогтсайхан маань ардчилсан хувьсгалд гурван зүйлээр найз нөхөд, ард түмнээ манлайлан оролцсон гэж би боддог. Нэгдүгээрт, улс төрийн “Шинэ үе” бүлгэмийг үүсгэн байгуулж, монголд ардчилсан хөдөлгөөн өрнөхөд бүхий л хүч чадлаа зориулсан. Хоёрдугаарт, түүний зохиосон
олон дуу монголын ард түмнийг ардчилалд уриалан дуудаж байсан. Гуравдугаарт, монголын сэтгүүл зүйн салбарт шинэчлэл хийж, олон арван зохиол туурвиснаараа ардчиллын оюун санааны үнэт зүйлсийг бий болгож чадсан. Түүний маань зохиосон “Хонхны дуу” мянга мянган хүний сэтгэлд хоногшин үлдсэнээрээ өнөөдөр энэ хөшөө
сүндэрлэн босч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *