Categories
мэдээ цаг-үе

Ц.Бавуудорж: Зохиол бүтээл минь чиг шугамаа алдалгүй дорнын ай савд багтсан даа

Энэ үдэш та бүхэндээ онгод хийморьтой, цог золбоот яруу найрагчийн ярилцлагыг архиваа уудлан эргэн хүргэж байна.

Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад баян байсан” шүлгээрээ “Болор цом” хүртсэн жил. П.Бадарч, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо нар айргийн тавд үлдээд байгаа нь. 1999 он

Монгол Улсын тө­рийн соёрхолт яруу най­­рагч Цогдоржийн Ба­вуу­доржтой ярил­ца­хаар гэрийг нь зорилоо. Эр­хэм найрагчийнд зоч­ло­хуйд төрийн соёрх­лын алтан соёмбо энгэрт нь гялалзсан хүрэн кос­тюм хойм­рынх нь мо­дон сандал дээр тохоо­той байгаа нь юуны түрүүнд харц булааж байлаа. Цагаан сар мэт тавгийн идээ засаад, айраг сөгнөн төрийн шаг­налыг гэр бүлийн­хээ хэмжээнд тийм нэг утга төгөл­дөр тэм­дэг­лэж буй нь илт. Най­рагчийн гар утас энэ хэд хоног ёстой л улайсч байх шиг байна. “Найрагч нөхөд, эрдэмт мэргэн ах нар минь бүгд л ярьж баяр хүргэж байна. Хөдөө суугаа найрагчид минь аймгийнхаа утга зохио­лын нэгдлээс гээд ярих нь сайхан байна шүүгэж байсан. Тэр зуурт Бавуу найраг­чийн ижий нь ирж хүү­гийнхээ тө­рийн хиш­гээс хуваал­цан, алтан соёмбот тэмдгээс нь адис авсан юм аа. “Хоёр хөг­шин минь их л баяр­лаж байна даа. Гэхдээ энэ шагналын нарийн утга учрыг сайн ойл­гох­гүй байх шиг. Гавьяатаас том шаг­нал гэлүү гээд гайхаад байх юмхэ­мээн аядуу зөөлнөөр өгүүлээд инээм­сэглэж байлаа. Тухайн агшинд эл найраг­чийн

Борлог үүлс шуур­галаад ирэхээр

Бодлын минь энүү­хэнд миний л ижий

Тэрлэг дээлтэй жиндээд ирэхээр

Тэнгэрийн энүүхэнд миний л ижий…” гэх шүлгийнх нь садарсан цагаан аялгуу санаанд бууж, “Намрын цагаан сарны дорхэмээх олон сайхан бүтээлээ ижий­дээ зориулсныг эргэ­цүү­лэв. Найраг­чийн дүү Рэнцэнбавуу ижийнхээ хамт ирсэн юм. Авьяас билэгт дархчуудын нэг тэрээр ахынхааМон­голын их амар амгаланшүлгийг есөн эрдэнээр ганцхан хувь бүтээж Үндэсний төв номын санд хадгалуулж бай­сан түүхтэй. Ахтай­гаа тун чиг адилхан бас л нэг бавайсан нө­хөр байна. Ингээд эрхэм найрагчтай найз нөхөд болоод радио­гийнх нь хамт олон ир­чихсэн үндсэндээ зочдод да­руул­­чихсан байх ахуйд хөөрөлд­сөнөө хүргэе.

А.Эрдэнэ-Очир андтайгаа Равжаа хутагтын нутагт

Утга зохиол болоод оюун санаа, хэл соёлын хүрээнд нэгэн сайхан баяр тохиосон нь таны бүтээлүүдэд Монголын төр шаг­налаа хүртээ­сэн явдал боллоо. Хүмүүс ихэд баярлаж байна. Энэ өндөр шаг­налыг хүртэнэ гэдгээ та хэдийд мэдсэн бэ?

-Уран бүтээлч
бид бүхэн тэн­гэрийн хишиг
гэж аливааг бэлгэшээн боддог.

Түүн лүгээ адил Монголын төр дээдийн хишиг буян, хайр ивээлээ надад өглөө. Миний хувьд их л гэнэтийн зүйл боллоо доо. Улс тунхагласны баярын өглөө уг мэдээг дуулгаж Ерөнхий­лөгчийн Тамгын газраас ярихад нь гайхах, эргэлзэх, балмагдах бүгд л зэрэгцээд явчихсан. Итгэж өгөхгүй байгаа юм. “Энэ чинь одоо юу болоод байна аа” гэж хэсэг сууж ганцаараа бодлоо. Тэгээд бүтээл туурвилын минь буян юм даа хэмээн өөрийн эрхгүй л баяр төрөөд явчихсан. Автайсайн хааны өргөөнд уригдан орох, Ерөнхий­лөгчийн зарлигийг уншиж байх агшин, бүтээлүүдийг минь дурдах мөч, Монгол төрийн тэргүүн энгэрт минь төрийн шагналын тэмдгийг зүүж байх хором энэ бүхнийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. Хэдэн ном минь л сэтгэлд бодогдож “Би чинь ер нь ийм хэмжээний бүтээл туурвисан хүн мөн билүү” гэсэн тийм нэг эмээх зүйл ч мэд­рэгддэг юм байна лээ.

ТаныгМонголын их амар амгалан“, “Дорнобүлэг шүлэг, “Агайнайраглал, “Хүннү туульс“, “Хүрэл чонозэрэг бүтээлээрээ монгол­чуудын оюун санаа, сэтгэл­гээний гүн гүнзгий байдлыг гаргаж, дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, яруу сэтгэ­хүйтэй гэдгийг ха­руулж чад­сан хэмээн Ерөнхий­лөгч хэл­сэн үгэндээ онцолсон. Үүнийг хэрхэн хүлээж авсан бол?

-Надад
их л ахадсан тодорхой­лолт шиг санагдсан даа. Өргөө гэртээ бөхийж ордог шиг тэр том зарлигийн дор мэхийж л зогссон. Би чинь утга зохиолын ерээд оных­ны нэгэн төлөөлөл. Ерээд оныхон бол Монголын утга зохио­лын нэгэн сонгодог үеийнхний гол төлөөлөл шүү дээ. Хэдхэн шавилхан банди, охид саяхан л орж ирсэн байсан бол утга зохиолын ертөнцөд хорин хэдэн жилийг үдсэн байна шүү. Өөр өөрийнхөө зам мөрөөр давалгаа цалгиа үүсгэсэн байна. Ганцхан утга зохиол ч гэлтгүй Монголын оюун санааны ертөнцөд нэгэн том хуйлралт, шинэ сэрэхүйг өгчээ. Тэр том давалгаа, оюуны тэсрэлт на­майг өдий зэрэгт хүргэснийг төрийн хишгийг хүртэж байх агшинд бо­дож, эрхэм нөхөр А.Эрдэнэ-Очироо­соо аваад нандин сайхан найрагчдаа, үеийнхнийгээ хайр­лаж байлаа даа.


Данзангийн Нямсүрэн найрагчийн хамт. 1998 он

Яриагаа таны ус нутаг руу хандуулъя. Та бол Богд Очир­ваань Отгонтэнгэрийн хүү, олон хутагт хувилгаад төрсөн ариун дагшин нутгийн хүн дээ?

-Тийм
ээ, би Завхан аймгийн Шилүүстэй сумынх. Отгонтэнгэр хайрхан Очирваанийн орон. Очир­ваань бол тэрхүү хошуу нутгийг бус монголчуудын заяа буяныг даасан бурхан шүү дээ. Тэгэхээр бурхны л орон юм. Ийм ус нутагтай зүрх сэтгэлээрээ холбогдох хувь ерөө­лийг өвөг дээдэс минь хайрлажээ. Тэгээд л Отгонтэнгэр хайрхандаа дуу, шүлгээрээ мандал өргөж явна. Очирваанийн эргэн тойронд Мон­голын арван гурван тамгатай хутагт төрсөн гэдэг. Гэхдээ Богд хааны зарлиг шийдвэрт багтаагүй, там­гагүй хэрнээ олон л хутагт гэгээд увдистнууд тэр ус нутагт аж төрдөг билээ. Би чинь уран бүтээлчийн хувьд Монголынхоо сайхныг мэд­рэхсэн хэмээн олон л уулстай золгож, товшуур барьсан өвгөдийн аялгуулан дуулахыг сонсож явлаа. Гэвч Очирваанийн орон болох намайг өлгийдөн авсан ус нутаг арай л өөр шиг санагддаг. Ухаан­даа, манай Шилүүстэй суманд Нарванчин гэгээний дөрөв, таван дүр дахин дахин хувилж төрсөн байдаг. Мөн сонин юм шүү.

Шилүүстэйн юунд нь болоод гэгээнтний билиг билгүүн эргэн төрөөд байдаг юм бол гэж бодогд­дог. Мөн Монголын олон гайхам­шигтай судар, шастир зохиосон Агваанлувсан­пэрэн­лэй­жамц хэмээх хувилгаан сууж байсан. Хожуу үеийнхнээс гэвэл Цагаан дарь эхийн бүрэлбаа Андиа гэгээн­тэн Цэрэндондов гэж бий шүү дээ. Монголын сүүлчийн хувилгаан гэгддэг хүн.

Андиа гэгээнтний тухай та шүлэг зохиолдоо багагүй бичсэн байдаг?

-Саяхныг
хүртэл амьдарч бай­сан. Хүүхэд байхдаа маадаг тоглоод сумынхаа гудамжаар гүйж явахад Андиа гэгээнтэн таягаа тулчихаад л намуухан алхаж явдаг сан. Тэгэхээр төрийн шагналт Бямбажавын Цэнддоо ах бид чинь амьд гэгээнтний дэргэд өссөн юм. Андиа гэгээнтэнтэй би олон удаа уулзаж ер бусын энерги, номын авшиг, сэтгэлийн ариуслыг ава­хаас гадна найз нөхдөө дагуулж очин мөргүүлж, адислуулж байсан. Үүндээ их бахархдаг шүү. Андиа гэгээнтнийхээ тухай сүүлд нэг зүйлийг ухаарч бодож байлаа. Тэр нь юу байв гэхээр манай нутгийн­хан гэгээнтнээ бүхий л насаар нь агент болгосон. Тэгээд айл амьт­наас зайдуухан буулгачихдаг бай­лаа. Үүний цаана хөгшдийн минь маш том ухаан явж байжээ. Ухаан­даа, шуудай гурил хэн нэгнийх нь тэмээнд тэгнээд өгөхдөө сайн сайх­ныг шившээд, тарнидаад өгнө. Бор цаасанд атга чихэр боогоод өгөх­дөө мөн л шившчихэж байх жишээ­ний. Үүнд эрдэмт хүний оюун билиг, нууцлаг ид шид нь оршиж байж дээ. Ингээд бодохоор мон­гол­чуудын оюун сэтгэлгээ гэхээр гаднаас хайгаад байх том зүйл биш юм аа. Арагтай аргал шиг, хөхүүр­тэй айраг шиг, тоононд уясан халтар арвай шиг ойрхон байдаг юм байна. Энэ мэт нутаг орны онцлог гэвэл яриад баршгүй ээ.


А.Эрдэнэ-Очирыгоо “Болор цом” авдаг жил. 2002 он

-“Хоёр хөгшин минь их баяр­лаж байна аагэж та дээр хэл­сэн. Аргагүй дээ ийм най­рагч хүү төрүүлсэн хүмүүс баяр­лахаас яахав. Ингэхэд аав тань Архан­гайн хүн юм билээ. “Арын хан­гайгаар ну­тагтай ахан дүүстээ зориу­лавгэсэн Арын хангайн нэ­гэн сайхан уул Цогтсүм­бэрийн тухай бичсэн таны шүлэг. Мөн Чулуут голын тухайАавын нутагсайхан дуу ч бас бий?

-Тийм
ээ, аав минь Арын хангай нутгийн хүн. Тэнд миний ахан дүүс бий. Аавынхаа нутгийг санаж уул усыг нь сэтгэлдээ хадгалж явдаг хүүгийн ёсоор ганц нэг дуу шүлэг тэрлэсэн тал бий. Миний дүү зах зухаас нь хэллээ. Манай ижий аав хоёр бол эгэл жирийн л албан хаагчид явсан хүмүүс. Хүүгийнхээ энэ шагналыг их л том юм гэж бодоод байгаа. Тийм бодол оюун санаанд нь тэнгэрийн солонго шиг л буусан хэрэг.

Та хэддүгээр ангидаа анхны шүлгээ бичиж байсан бэ?

-Гуравдугаар ангийн сурагч байхад Бөөрөнхий гэж эрдэм боловс­ролтой сайхан багш минь надад нэг жаахан авьяасын хэлтэр­хий буйг олж харсан байдаг. Тэгээд уран зохиолын дугуйланд оруулж байлаа. Тэгэхээр би гэдэг хүн гуравдугаар ангидаа анхны шүлгүүдээ бичиж байжээ. Тэр чинь наяад оны эхэн үе шүү дээ. Авьяас гэдэг их л сонирхолтой зүйл байдаг юм болов уу, анх янз бүрээр илэрхийлэгддэг байх гэж хааяа бодогдох нь бий. Учир юу гэвэл, гуравдугаар ангийн сурагч байх тэр үеэс би сийлбэр хийж эхэлсэн шүү.

Өө тийм үү?

-Тэгээд
сумынхаа нэлээд олон айлд эвтэй дөрвөн амьтан сийлж өгсөн байдаг. Мөн баахан зураг зурсан байдаг. Тийм үедээ бурхан болоочийн хөрөг олныг зурсан даа. Нэг сонин дуулгая л даа. “Ну погоди”-гийн чонын толгойг цагаан футболкныхоо энгэрт зурчихсан чинь сумын төвийн бүх хүүхэд даяараа цагаан футболкны эрэлд гарч билээ.

Таныг дуурайх гээд тэр үү?

-Өө
хүүхэд бүр л над шиг энгэр­тээ чонын зурагтай явахыг хүсэхгүй юу. Тэгээд би бүгдэд нь чоно зурж өгсөн. Хичнээн ч хүүхдийн энгэрт чонын толгой зурлаа даа. Одоо­гийн хэллэгээр тийм нэг моод анх гаргаж байжээ. Намайг зургадугаар ангид орох жил манайх Улиастайн төв рүү шилжиж ирсэн. Найман жилийн хоёрдугаар сургуульд орлоо. Тэнд Цэрэнцолийн Бадам­жунай гэж багштайгаа учирсан. Утга зохиолын нарийн мэдрэмжтэй тэр хүн хичээлийн эрхлэгч маань байлаа. Сүүлд Монголын зохиолч­дын эвлэлийн “Утга зохиолын төлөө шагнал”-ын эзэн болсон юм. Бадамжунай багш зургадугаар ангийн балчирхан жаалыг аймгийн Утга зохиолын нэгдэлд аваачиж тушаалаа. Тухайн үед манай утга зохиолын нэгдэл Цэдэвдоржийн Цоозол найрагч ах маань байлаа. За тэгээд Хасбайн Лхасүрэн, Хасын Бат-Өлзий Ванчингийн Загдаа, Самдан багш маань бай­сан даа. Ах нар шинэ шүлгүүдээ уншаад л бужигнана. Утга зохио­лын тийм нэг халуун яриа тэнд өрнөж байгаа юм. Би бол юу ч ойлгохгүй жаахан хүүхэд хамгийн арын ширээнд гайхаад л сууж байдаг сан.


Отгонтэнгэр хайрханы бэлд Чилаа найрагчийн хамт

Адарсүрэн дуучин бас танай нэгдэлд байсан гэж дуулсан юм байна?

-Утга
зохиолын нэгдэлд анх элсэхэд монхордуухан хамартай нэг ах хамт элсэж, үнэмлэх авч байсан нь алдарт дуучин Адар­сүрэн байж билээ. Хэдэн сайхан дууны шүлгээ биччихсэн, түүнийгээ уншаад. Омголон л байсаан. Есдү­гээр ангийн хүүхэд “Пионерийн үнэн” сонинд шүлгээ гаргачих санаатай, гурван шүлгээ дугтуйд хийгээд явууллаа. Тэгтэл дахиад шүлэг явуулаач гэсэн захиа ирдэг юм. Би чинь бөөн баяр болно биз дээ. Удаа ч үгүй сонины редакцийн зүгээс жижигхэн өмнөтгөл бичээд гаргачихсан байсан. Тэр шүлгүү­дийг минь нийтэлж сурагч Бавуу­доржийг олонд анх таниулж байсан эрхэм бол хүүхдийн нэрт зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондог ах байсныг бүр сүүлд, хорин жилийн дараа мэдэж билээ.

-“Утга зохиолсониныТанай шинэ танилбуланд гаргаж шүл­гүүдийг тань өлгийдөн авсан хүн бол Дөнгөтийн Цоодол найрагч. Аравдугаар ангийн сурагч байхад чинь захиа явуулж байсан гэдэг ээ?

-Наад
чинь их л нандин юм байгаа. “Пионерийн үнэн”-д шүл­гүү­дээ гаргачихсан нөхөр чинь “Утга зохиол” сонинд гарахсан гэж бас бодно шүү дээ. Тэгээд Зо­хиолч­дын эвлэл рүү захиа бичлээ. Таньдаг мэддэг ганц ч зохиолч байхгүй учир “Монголын зохиолч­дын эвлэл”-д гээд хаяглаад явуул­лаа. Гэтэл төд удалгүй хариу захиа ирдэг юм аа. Нэг өдөр хичээлд байж байтал Бавуудоржид Мон­голын зохиолчдын хорооноос захиа ирлээ гээд өглөө. Би гэдэг хүн хаягийг нь ч уншилгүй шууд л магнайдаа хүргэж адислаад бөөн баяр болж билээ. Хичээл дээр сууж байгаад задлах гэтэл “Завхан аймгийн хоёрдугаар арван жилийн сургуулийн 10А ангийн сурагч Ц.Бавуудоржид Монголын зо­хиолч­дын эвлэл: Д.Цоодолоос” гээд гараар биччихсэн байдаг юм. Түүнийг задална гэсэн гар чичрээд болдоггүй ээ. Цоодол ах тухайн үед Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч байсан юм билээ. Энэ дурсамжтай уялдуулаад нэг нандин зүйлийг сүүлд мэдэж билээ.

Тэр маань юу билээ?

-Цоодол
ах өнөө захидлыг үзээд шүлгүүдийг минь уншин багагүй тоогоод сууж байтал Сүрэнжав ах ороод ирсэн гэж байгаа юм. Тэгээд хоёулаа ярил­цаад “Явуугийн нутгаас нэг сайхан авьяастай хүү төрөх нь дээ. Хоёулаа хэн нь дэмжих үү” гэж ярилцаж байгаад Цоодол ах захиа явуулсныг сүүлд би Сүрэнжав ахаас мэдэрж их баярласан. Аравдугаар ангийн сурагч хүүгийн шүлэг зохиолын тухай утга зохиолын хоёр том аварга яриад сууж байна гэдэг санаанд багтамгүй шүү дээ. Тэгээд “Таны шинэ танил” буланд “Толгод” тэргүүтэй дөрвөн шүл­гийг гаргаж өгсөн дөө. Ингэж л Дөн­гөтийн Цоодол гэж хүн намайг утга зохиолын ертөнцөд гаргаж ирсэн түүхтэй.

Таны анхны номБүгээн анир“. Ерээд оны эхээр хэв­лэгдсэн байдаг?

-Анхны
номоо ерэн нэгэн онд гаргасан. Тухайн үедээ дөрвөн мянган хувь хэвлэж байлаа. Манай Намсрайн Лутбаяр найрагч маань хэвлүүлж өгсөн. Тэрээр Их сургууль төгсөөд Зав­ханы “Туяа” сонинд эрхлэгчээр оччихсон байлаа. Намайг сонин­доо сэтгүүлчээр авч ажиллуулж байв. Миний ажил амьдралын гараа Завханы “Туяа” сониноос тийнхүү эхэлж байсан түүхтэй. Анх Улаанбаатарт ирэхдээ гур­ван хайрцаг номтой нөхөр л онгоцноос бууж байлаа. Тэгэхэд өнөөдөр яруу найргийн арван­нэгэн номтой, “Болор цом”-той, их зо­хиолч Д.Нацагдоржийнхоо шаг­нал­тай, Монгол Улсын төрийн шагналтай болчихоод сууж байна. Отгонтэнгэр хайр­ханы минь хишиг буян, Андиа гэгээнтэн тэргүүт хутагт хувил­гаадын ариун шүншиг л намайг харж, далдаас ивээж өдий зэрэгтэй явна гэж боддог.

Очирваань уулын цагаан үүл

Орчлонд намайг дагаж нүүдэг

Мөнхийн ногоон арц нь хүртэл

Мөр замыг нь хучиж ургадаг…” гэж бичсэн минь ийм л учиртай даа. Мөн ерэн долоон онд байна уу даа Монголын радиогийн босгоор алхахад Пүрэв­жавын Баярсайхан ах минь нэг эрээн гэр өгч түүнийгээ Шар хадны эцэст айлын хашаанд бариад манайх гэдэг айл төвхнөж байсан. Өнөөдөр орон байртай хоёр хүү минь зэрэг өсөөд айлын дайтай сайхан явна. Үүнд миний ханийн буян их юм аа. Бид чинь шүлэг зохиолоо л бодож ар гэрт нэг ч гавьяа байгуулдаггүй хүмүүс шүү дээ. За энэ бол яах вэ. Харин нэг нандин дурсамж сөхөхүйд “Бүгээр анир” номыг Данзангийн Нямсүрэн ах өлгий­дөж авах учиртай байсан. Анх уншсан хүн нь Нямсүрэн ах шүү дээ. Тэгээд өмнөтгөл үг бичих юм боллоо. Гэтэл мань хүн Завханд долоо хоног манаргаад өнөө өмнөтгөлөө ч бичиж амжилгүй нутаг руугаа явчихсан. Тэгээд ном гаргах болтол өмнөтгөл бай­даг­гүй. Анхны ном байж байдаг. Яг хэвлэлтэд шилжүүлэхийн өмнө Хасвайн Лхасүрэн ахыг шам­дуулж байж гурван өгүүлбэр бичүүлж билээ. Монголын оюун санааны нэгэн өндөрлөг, гайхамшигт үзэгдэл тэр сайхан найрагчаар анхны номыг адис­луулсан даа их баярладаг юм.

Нямсүрэн найрагч та хоёрын Отгонтэнгэрийн мөн­гөлөг ца­гаан оргилын наана авахуул­сан нэг сайхан зураг байдаг. Ер нь энэ найрагчтай хэдийд яаж уулзсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Ерэн
нэгэн онд Отгонтэнгэр хайрханы төрийн их тахилга болсон юм. Түүнийг тохиол­дуу­лаад зохиолчдыг урилаа. Үнд­сэндээ манай Лутаа л урихгүй юу. Зохиолчдыг тосох гээд онгоцны буудал дээр бид хоёр нэг муу пааз автобустай, түүнийхээ ард хоёр, гурван авдар архи аччих­сан давхиж очиж билээ. Миний ганц хүслэн бол Данзангийн Нямсүрэн гэж хүнтэй уулзаад үнсүүлчих санаатай. “Хаврын урсгал”, “Сэтгэлийн байгаль” номууд намайг ер бус болгож догдлуулж орхисон хэрэг. “Дөрвөн цаг”-аас аваад бүхий л шүлгийг нь цээжээр мэддэг, тэр хүн өчүүхэн миний итгэл биш­рэлийн дээд байлаа шүү дээ. Тэгээд Лутаадаа хэллээ. “Миний хөгшин Нямсүрэн ахыг л онгоцноос буух үед найздаа заагаад өгөөрэй” гэж.

Та бол өмнө нь ерөөсөө хараагүй хэрэг үү?

-Шүлгийг
нь цээжлээд л, өөрийг нь дээдлээд байснаас хараагүй шүү дээ. Лутаа “За Бавуу, цаана чинь Нямсүрэн ах гараад ирлээ” гэдэг юм. Тэгтэл миний төсөөлж байснаас огт өөр, хөгийн нөхөр буугаад ирдэг юм. Би бол нэг л тэнгэрлэг хүн, уулс шиг дүнэгэр амьтан л байх юм бодоод байгаа шүү дээ. Хавчийсан мөртэй, түүндээ таарсан богино савхин хүрэмтэй, индүүдлэгтэй хар өмдтэй тэлээний оронд цэрэг бүс туучихсан, цагаан пүүз углачихсан, бас болоогүй нэг дипломат цүнх барьчихсан ямар ч авцалдаагүй хувцастай сонин нөхөр буугаад ирж билээ. Тэгээд би гүйгээд очиход “Бавуудорж гэдэг чинь чи юу” гээд намайг үнсэж байлаа. Тэр бол давтаг­дашгүй агшин байсан даа. Даш­балбар ах, Мэнд-Ооёо ах, Пүрэв­жавын Пүрэв­сүрэн, Лам­жавын Мягмарсүрэн, Жигжидийн Бямбаа гээд авар­гуудыг тэгж нэг дор харж баясч байсан юм. Мягаа ах, Пүрэвсүрэн ах нар үнэндээ идэрхэн байж дээ. “Дарьгангын шадар гурав” гэгддэг Балбар ах, Ооёо ах, Нямсүрэн ах нар Явуу­гийнхаа нутагт ингэж ирдэг байжээ гээд л. Отгонтэнгэрт ер бусаар сүслээд л, Явуугийнхаа шүлгийг уншаад л. Дэргэд нь би гэдэг хүн навсайсан шүдлэн үрээ шиг л амьтан бараадаж явсан даа.

Таны хэдэн сайхан дуу бий. Ялангуяа Отгонтэнгэртээ зориул­сан, за тэгээд хайр дурлалын халуун залуу насны зүрх зүссэн аялгуун шүлэгтэй дуунууд байдаг. Харин анхны дуу гэвэлДөрвөн улирлын өнгөүү?

-Дуу
шүлэг гэж чухам юу байд­гийг би сайн мэддэггүй байлаа. “Бүгээн анир” гарсны дараахан Ц.Жамьян (урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч) багш дуудлаа. “Дотор жаахан муу байна аа” гэж байна. Яваад очтол багш төгөлдөр хуурынхаа ард сууж байна. “Бүгээн анир” номыг минь нугалаад арай л урж тасдаагүй харагдана. Номоо хартал сэтгэл сэрдхийгээд явчи­хаж билээ. “Багш ямар хайр найргүй…” гэсэн юм бодогдоод явчихлаа. Тэгтэл “Дөрвөн ули­рал” шүлгийн дор ноот бичээд хар бэхтэй үзгээр палийтал зур­чихаж. “Чиний номноос багш нь нэг сайхан дууны шүлэг оллоо. “Намрын борооноор цувгүй алхах­даа навчнаас дутуугүй гуниг тээдэг гэж чи ямар гоё хэлсэн юм. Би үүнийг чамд сонсгоё” гээд Батсүхийг дуудаад оруулаад ирдэг юм. Гавьяат жүжигчин С.Батсүх тэгэхэд Завхан аймгийн театрт дөнгөж ороод байсан шавилхан залуу л байсан даа. Ингэж миний анхны дуу төрсөн түүхтэй.

-“Дорнын намуухан Отгон­тэнгэргэж гоё дуу бий. Мөн хөгжмийн зохиолч М.Хатан­баатарын аялгууг нь тааруул­сан нэг сайхан дуу бий дээ?

-“Жаргаж
гуних хүний орчлон” гэж үү. Ийм шүү дээ. Би нэг өөрөө аялаадахъя л даа.

Аавтай хүн эрдэж туулдаг босго даваатай хүний орчлонд

Аавгүй хүн эмтэрч дуусдаг асга хадтай буурал замлинд

Сэтгэлийн торго минь сэмрээд л байна ай амраг минь

Сэрэвгэр үүлс нь зэрэглээнд ганхах юм ай амьдрал минь ээ…”. Манай Эрдэнэ-Очир (“Болор цом”-ын эзэн яруу найрагч) анх дуулсан дуу шүү дээ. Эрдэнэ-Очир маань их гоё, дууны ая дан, үгийн ид шид, дотоод амьсгал нугалааг нь гаргаж, мэдэрч дуулдаг. Намайг зарим нэг хүмүүс “Дууны шүлэг бичээд байх юм. Их том найрагч дууны шүлэг бичдэггүй л байхгүй юу” гэдэг. Чадал чансаа нь хүрч байвал утга зохиолын бүхий л төрөл жанраар асгарах учиртай юм. Сарны туяа усны мандалд, түүн доторх эрдэнийн чулуунд тусаад буцааж ойж байгаа юм шиг өөрт буй бүхий л гэгээ гэрлээ цацраах ёстой. Дууны шүлэг ч бай, туульсын найраг­лал ч бай түүнд орсон ганц­хан үгийнхээ өмнө яруу найрагч хариуцлага хүлээдэг байх учиртай. Манайхан үгийн өмнө хариуцлага хүлээхээ огт байсан. Юу дуртайгаа ярьдаг, бичдэг болсон.

Зохиолчийн урлан руу өнгийхийг хүмүүс их сонирх­дог. Энэ нь шүлэг зохиолоо хэдий үед бичдэг вэ гэх ойл­голт. Ухаандаа, туульсын то­моо­хон найраглалуудаа ямар хугацаанд бичив гэдгийг нь асуумаар байна. Үндсэндээ төрийн шагнал хүртсэн бүтээ­лүүд ямар хугацаанд төрсөн бол гэдэг хүмүүст сонин байх болов уу?

-Яруу
найргийн томоохон хэмжээний бүтээл туурвина гэдэг үнэндээ амаргүй юм аа гэдгийг мэдэрч л сууна. “Хүннү туульс” хэмээх туульсын томоохон хэм­жээний найраглал өнгөрөгч онд хэвлүүллээ. Энэ маань хоёр мянгаад оны үед бичиж байсан “Хүрэл чоно” шүлгээс минь улбаа­тай юм. “Хүрэл чоно”-оос хойш сэтгэлийн гүнд Хүннүгийн тухай нэг зүйл мэдрэгдчихээд хаягдаж гээгддэг ч үгүй намайг зовоогоод л явсан. Түүний дараа­хан “Хүннү Яньжи” хэмээх богино хэмжээний найраглалаа бичсэн. Тэгээд өнгөрөгч жил “Хүннү туульс”-аа бичлээ. Тэгээд өнгөрөгч жил “Хүннү туульс”-аа бичлээ. Тэгэхээр “Хүннү тууль”-ийн үр хөврөл миний сэтгэл оюунд арван жил болсон байгаа биз. “Монголын их амар”, “Дорно” тэрг үүт бүлэг шүлгүүдээ харж байхад ямар өгөгдөл байна гэдгийг анзаардаг. Өөрийнхөө зүг чигээ бодож байгаа хэрэг л дээ. Тэгээд л монгол төрхтэй, монгол тархитай, монгол зүрхтэй нэг “юм” туурвих гэж л зүдэрдэг хүн шүү дээ, би. Миний чиг шугам энэ. Надад бол дорнын гэх хандлага их байдаг. Дээрээс нь багш нараасаа дуулсан, өөрийнх өөрөө бодсон бясалгасан юм байна. Энэ маань явсаар байгаад хүн төрөлхтний оюун санааны хамгийн том ай сав болсон дорно хэмээгчид тулж ирээд багтаж байх

шиг. Ер нь тэгээд бидний амьдарч байгаа энэ бүлтгэр замбуулингийн дотоод шүншиг, амь амьсгал нь дорно юм уу даа. Хүн төрөлхтөн өнөөдөр дорно руугаа эргэж байх шиг. Тэгэхээр Монголын оюун санааны мэргэд, зохиолч найрагчид дорнын ай сав руу жаахан өнгийж тэр том өв соёлоос авахыгаа авах ёстой гэж бодогддог шүү.

Та өнгөрөгч жил гарамгай яруу найраг бүтээснийхээ төлөө олон улсын том шагнал хүртсэн. Их Явуугийнхаа захиснаар дэлхийн найргийн дэвжээнд шүлгэн хүлгээрээ уралдаж байгаа?

-Өмнөд Энэтхэгт ч, Хятадад ч, Мексикт ч найз нөхөд минь байна. Мексикт байгаа найз нөхдөөрөө

дамжуулж испани хэлт утга зохиолын ертөнцөд ганц ном гаргахсан гэж боддог. “Нүүдэлчдийн найрагч танд гүн хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлье” гэсэн утга бүхий захидлыг Колумбийн зохиолч бичсэн. Түүний буянаар Испанийн алдартай орчуулагчаар бүтээлээ орчуулуулах хувь надад олдож байлаа. Испани хэлт утга зохиолын ертөнцөд яруу найргийн аваргууд байна уу даа гэдгийг сүүлийн тав, зургаан жил дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцож явахдаа мэдэрсэн дээ. Нобелийн шагналт яруу найрагч Бродскийн нарийн бичгээр ажиллаж байсан Америкийн найрагч бүсгүйтэй би ихэд дотно. Тэр бүсгүй надад одоо ингэ тэг гэж хэлж санаа оноо өгч, чиний бүтээлийг тийм тийм хэл рүү орчуулахсан гэж эрмэлздэг гэдэг юм. Бас л хувь ерөөл юм шүү.

One reply on “Ц.Бавуудорж: Зохиол бүтээл минь чиг шугамаа алдалгүй дорнын ай савд багтсан даа”

However, women who fall into the following groups may be more likely to develop endometrial cancer [url=https://fastpriligy.top/]reddit where buy priligy[/url] Replication inevitability was the seventy nine year old It was really tively dependent S episodes although admissions were immediately from diabetic wipe,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *