Гаалийн Баатарын ярилцлага болон тэр үеийн үйл явдалтай холбоотой хүмүүсийн дурсамж ярилцлага манай сонин дээр гарч байгаа. Уг дурсамжинд шоронгоос бичсэн захиа гэж нэг шуугиантай үйл явдлын талаар тал талаас нь ярилцсан нь бий. Баатар болохоор миний захиа өдөр тутмын нэгэн сонин дээр гарсан. Би уул нь дарга нартаа зориулж бичсэн тэр захиаг сонин хэвлэл дээр гаргамааргүй байсан юм. Ц.Оюунбаатар өмгөөлөгч миний захиаг сонинд худалдсан. Хүний мөсгүй байхын сонгодог жишээ бол тэр мөн гэх маягийн юм ярьсан. Хэргийн эзэн болох Ц.Оюунбаатар би сонин хэвлэлд тэр захиаг өгөөгүй. Гэтэл өдөр тутмын нэг сонин дээр гарсан. Миний өмгөөлж байсан хүн болох Арслан гэдэг иргэний хөдөлгөөний тэмцэгч миний компьютерээс хулгайлаад авчихсан. Тэгээд л сонинд захиаг зарсан гэх зэргээр ярьжээ. Нөгөө өдөр тутмын нэг сонин гэдэг нь ямар сонин байсан юм бэ гэсэн асуулт гарч байна. Яагаад ч юм энэ ярилцагч нар нөгөө захиаг нийтэлсэн сонины нэрийг огт дурдахгүй юм. Санаатай тэгээд байдаг юм уу, аль эсвэл нэрийг нь хэлчихвэл болохгүй байх гэж бодсон ч юм уу.
Захидал бичигдэж байх үе буюу 2000-2005 онуудад Монголд ганц “Өдрийн сонин” л эрх баригчдын луйвар булхайг илчилж бичдэг байсан. Тэгэхлээр “Өдрийн сонин”-оос өөр ямар сонин тэгж Х.Баатарын захидлыг нийтэлж зүрхлэх билээ. “Өдрийн сонин” Х.Баатарын захидлыг олж түүнийг сонин дээрээ тавьж нийтэлсэн юм.
Гаалийн Баатарын захидал гарсны дараа тэр үеийн МАХН буюу одооны МАН ямар ч захидал байгаагүй гэсэн кампанит ажил өрнүүлж байсан. Бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өдрийн сонин” ээлжит худал мэдээллээ тарааж манай нам болон Х.Баатарыг гүтгэж байна хэмээн гомдоллож байлаа. Тэгээд мэдээж дараа нь нэр төрд халдаж гутаан доромжилсон хэргээр шүүх цагдаа болсон доо. Одоо тэгвэл өөрсдөө захидал бичсэн, захиагаа манай сонинд алдсан талаар ярилцлага өрнүүлж байгааг уншицгаалаа. Монголд ганц “Өдрийн сонин” л үнэн хэлдэг гэж дэмий ч нэг бичээгүй юм шүү.
МАХН буюу одооны МАН-ыг төр барьж байх 2000-аад оноос хойш Монголын чөлөөт хэвлэлийн нэр нүүр туг нь “Өдрийн сонин” байсаар ирснийг манай олон мянган уншигчид андахгүй. Зөвхөн чөлөөт хэвлэлээр тогтохгүй ардчиллын бат цайз бэхлэлт байж зарим үед сүүлчийн ганц найдвар түшиц болон дэнжигнэх ч үе бишгүйдээ тохиолдож байсан. 2000 онд УИХ-ын сонгуулиар ардчилагчид хуйгаараа ялагдан улс төрийн тавцангаас арчигдаж, гадаад дотоодод таран одсон. Тэр хүнд үед ардчиллын төлөөх сонин болох “Өдрийн сонин” ганцаараа ард түмний найдвар, өмөг түшиг болон үлдэж байв. Ардчиллын төлөөх өөр сонин байтугай ардчиллын төлөөх ганц нам нь хүртэл МАХН-ын барьцаанд орчихсон яахаа мэдэхгүй дэнжигнэж байсан. Эдгээр он жилүүдэд нийгэмд ардчиллын голыг тасалчилгүй хамгаалан авч гарсан гавьяа бол “Өдрийн сонин”-ых гэдгийг хэний ч өмнө нүүр бардам хэлэх эрхтэй юм. Ер нь ардчилсан нийгэм бий болоход оруулсан манай сонины хувь нэмэр улс төрийн намаас ч, ардчилсан хувьсгалын партизануудаас ч дутахгүй их билээ. Хувьсгалчид яг жинхэнэдээ гурван цуглаан хийж хоёр өлсгөлөн зарлачихаад л таран одсон. Хувьсгалыг гүйцээгээгүй дутуу хаясан гэдгийг бид мэднэ. Харин одоо л тэр үеийнхээ дутуу болгоныг гүйцээх сайхан цаг ирсэн байна гэдгийг үгийн дашрамд хэлмээр санагдаад байна.
Хувьсгалчид энэ үед зарим нь дарга болон зарим нь партизан болон гавьяа шагналаа дуудуулцгааж байгаа. Энэ буруу ч биш, ингэх ёстой. Гэхдээ манай сонин 1997 оны хавар байгуулагдсанаасаа хойш ардчиллын төлөө ардчилсан нийгэм, ардчилсан үзэл бодол Монгол оронд тогтоохын төлөө сүүлийн арван тав зургаан жил хүч тэнцвэргүй үнэн хэцүү хүнд тэмцэл явуулж иржээ. Энэ олон жил “Өдрийн сонин” шүүх цагдаад байсхийгээд л дуудагдан шалгагдаж өчнөөн олон удаа шүүгдэж байв. Ардчилсан үзэл санаа, ардчиллын үндэс болсон чөлөөт хэвлэлийг Монголд бий болгохын тулд ямар ч улс төрийн намаас илүү эрх баригчдын дарамтад орж өдөр бүр халуун чулуу тэвэрч явж дээ гэж одоо бодогдож байна. Тэгээд яаж энэ их дарамт шахалтан дунд манай сонин тэсч үлдэж чадав аа гэсэн асуултыг бид өөрсдөдөө өдөр бүр тавьж байдаг. Энэ бүхэнд олон арван мянган захиалагчдын, олон мянган уншигчдын халуун дэмжлэг л биднийг тэсч үлдэхээр барахгүй сонин хэвлэлийн талбарт тэргүүлж Монголын нэр нүүр брэнд болгож чадсан. Ингэж хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлж ард түмний хүсэн хүлээдэг сонин болгож чадсан гол гавьяатай хүн бол манай сонины ерөнхий эрхлэгч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн яалт ч үгүй мөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
“Гаалийн
Баатарын хэрэг” “Бурхны телевизийн хэрэг”, “Их өр төлсөн гэх хэрэг”, “Германаас хүн хулгайлсан хэрэг”, “Ц.Нямдоржийн тагнуултай холбоотой хэрэг” гэх зэрэг одоо ч нэрийг нь дурдахаас яс шархирам хэргүүдийг нийгэмд ил тодоор баримт нотолгоотой нь мэдээлж чадаж байсан. Манай сонины ерөнхий эрхлэгчийн уран бүтээлийн хамтран зүтгэгч бага залуугийн анд Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн тоймч энэ бүгдийг бичиж нийтэлж байсан. Энэ хоёр хүн хар залуугаасаа утга зохиолын, уран бүтээлийн хамтрагчид юм. Тэр хоёр Монголд анх удаа Төв аймгийн намын хороо, захиргааны төв хэвлэл болох “Анхдугаар таван жил” сониныг нам захиргааны мэдлээс салгаж “Ардын элч” хэмээн нэрийг нь өөрчлөн эрхлэн гаргаж байсан хүмүүс билээ. Монголд анх удаа сонин дээр зар мэдээ нийтэлж, сонин дээр анх удаа реклам тавьж, сониноо анх удаа хот оруулж ирэн бэлэн мөнгөөр борлуулж байсан хүмүүс юм. Энэ бүхэн ерээд оны сүүлээр болж байгаа хэрэг шүү дээ. Мөн Төв аймагт Ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоог үүсгэн байгуулсан хашир туршлагатай тэмцэгчид билээ. Байгуулаад зогсохгүй хөдөө орон нутагт анх удаа засаг захиргааны хүнд суртлын эсрэг өлсгөлөн зохион байгуулж, түүнийг нь Ж.Мягмарсүрэн удирдан амжилтад хүрч улс төрийн шинэчлэл хийлгэж чадаж байсан юм. Ийм л хүн манай “Өдрийн сонин”-ыг эрхлэн, ийм л тоймч манай сонинд эрэн сурвалжлах нийтлэл бичиж байсан учраас ард түмэн олон түмэн уншигчдын урам хугарч байгаагүй билээ. Ардчиллын хүнд жилүүдэд энэ сонин, энэ хоёр хүн л Монголын ардчиллыг нуруун дээрээ үүрч явсан даа. Энэ бүхнийг судалдаг хүн байдаг бол судалж тодруулж баймаар санагддаг.
Түүхийг мартагнуулахыг оролдох мэт Х.Баатарын захиаг
нийтэлсэн сонины нэрийг хэлэхгүй
байгаа нь энэ бүгдийг дурдахад
хүргэлээ. Дашрамд сонирхуулахад
захидал нийтлэгдэх тэр үед
би сониндоо сэтгүүлч байсан.
Хаагуур яаж дамжиж ирсэн юм бүү
мэд нэг өдөр Ерөнхий эрхлэгч намайг дуудан “Гаалийн Баатарын захидлыг
нэг хүн өгнө. Түүнийг
очоод аваад ир” гэсэн үүрэг
өгч байсан. Би ч тэр хүнтэй нь уулзаад аваад л ирж байлаа.
Лав л би мөнгө төгрөг
өгч байгаагүй юм даг. Ер нь манай сонинд мэдээлэл
ирэх, мэдээлэл авах асуудлууд маш оньсого шиг нууц байдалд болж өнгөрдөг.
Хэн ч мэдэхгүй хэний ч санаанд
орохгүй хүн зүгээр л хуучин сонин өгч байгаа юм шиг л энийг эрхлэгчид аваачаад өгчих
гээд л ямар нэгэн бичиг цаас, флаш диск оруулж өгчихөөд л явдаг. Нөгөө материал
нь хэвлэгдэх хүртлээ
хэнд ч мэдэгддэггүй. Олон
тохиолдолд л лав тэр цаас оруулж өгч
байгаа хүн яаж ч бодсон
дамжуулагч л байдаг байх. Харин өглөө босоод сониноо уншихад шуугиан
тарьсан материал байж байдаг нь манай сонины нэр нүүр юм даа.
Жирийн уншигчдаас авахуулаад төрийн
томчуудын хэнийх нь ч байж мэдэх нууц луйвар булхай тэнд нийтлэгдэж байдаг. Энэ
бүх оньсого хэзээ тайлагдах
юм бүү мэд. Бараг тайлагдахгүй өнгөрөх биз ээ. Яагаад гэвэл манай сонинд
нэг хатуу журам байнга мөрдөгдөж байдаг. Тэр
нь хэнээс ямар мэдээлэл авсан нь хэнд ч хамаагүй.
Гагцхүү мэдээлэл нь үнэн бодитой байх ёстой гэсэн журам.
Мэдээллийн эх сурвалжийг мэдээлэл бичигч тоймч л ганцаараа мэдэж байдаг. Хэн ч тэрийг тодруулах
гэдэггүй. Хэн нэгэн нь тэрнийг
сонирхох, хэн нэгэнд тэр тухай хэлэх зэрэг нь манай сонины хатуу хориотой ёс заншил
юм. Бид яагаад үргэлж шуугиан
тарьсан, үнэн зөв мэдээллийг мэдээллийн зах зээлд
нийлүүлж чаддаг юм бэ гэдгийг
танд бичлэгийнхээ төгсгөлд дуулгах гэсэн юм. Яагаад гэвэл ард түмэн
болон олон мянган уншигчид бидэнд найддаг учраас, манай эрхлэгчийг мэддэг учраас манай нийтлэлчдэд
итгэдэг учраас ийм нарийн нандин мэдээллийг бидэнд дуулгадаг юм. Бид ч олон түмнийхээ итгэлийг алдаж байгаагүй гэдгийг бэлээхэн та мэдэх билээ.