“Аравт” морин цэргийн уралдааны 130 км-ийн холын зайн маршид эхний гараанд явсан Казахстан, Киргиз улсын баг тамирчид өнөөдөр бариандаа орж, Монгол Оросын баг гараанаас гарлаа.
Цэргийнхэн дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой” гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Олон улсын цэргийн наадам”-д манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг эх орондоо зохион байгуулж байна.
Цэргийн алба хаагчийн бэлтгэл сургуулилт, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорих алсын зайн морин маршид Казахстан, Киргизийн баг тамирчид өчигдөр гараанаас гарсан бол өнөөдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид уралдааны замд гарах аж. Монголын баг өглөөний 08.00 цагт гараанаас гарсан бол, Оросын баг 10.00 цагт хөдөлсөн. Баг тамирчдыг “Аравт” уралдаан зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй удирдлагууд гаргаж өгөв.
Холын зайн марш нь 130 км-т морьтой усан болон минийн саад туулж, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгаврыг гүйцэтгэнэ. Монголын багийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулсан юм.