Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн гишүүн орнуудын уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
1989 онд Австрали, Шинэ Зеландын Ерөнхий сайд нарын санаачилгаар анхлан байгуулагдаж байсан АПЕК-ийн үндсэн зорилго нь эдийн засгийг нээлттэй болгож хөрөнгө оруулалтыг либеральчлах хэмээн тунхагласан байх юм. Нийт 21 гишүүн оронтой, 13 ажиглагчтай энэ байгууллагад хамгийн сүүлд 1998 онд ОХУ, Вьетнам, Перу зэрэг улсууд гишүүнчлэлээр элссэн. Түүнээс хойш шинээр аль нэг улсыг өөрийн эгнээнд багтаах асуудлыг царцааж хориг тавиад байгаа. Манай улс АПЕК-ийн уулзалтад ажиглагчийн статусаар тогтмол оролцдог. Эхний өдрийн уулзалтуудаас хамгийн их анхаарал татсан сэдвүүд нь эдийн засагтай огт холбоогүй өөрөөр хэлбэл улс төрийн талаар хурцадмал байгаа зарим нэг улсын лидерүүдийн нүүр тулсан учрал хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлтүүд байлаа.
Украйны асуудлаас шалтгаалан бие биесээ сүүлийн хэдэн сар хангалттай шүүмжилсэн В.Путин, Б.Обама нар хүссэн ч эс хүссэн ч энд яах аргагүй нүүр тулан таарав. В.Путин эхлээд гар сунган инээмсэглэн мэндчилэхэд Б.Обама хариу барьж уулзсан энэ яриа таван хормоос илүү удаагүй хэмээн бичиж байна. В.Путины хэвлэлийн албаны дарга С.Песковын хэлснээр энэ богино уулзалтын үеэр ямар ч асуудал шийдээгүй энгийн, дипломат харьцаанд байдаг асуулт, хариултаар дууссан гэнэ. Гэхдээ энэ хоёр лидер өнөөдөр дахин уулзах боломжийг үгүйсгэсэнгүй.
Газар нутгийн маргаантай байгаа Япон, Хятад улсуудын тэргүүнүүд ч мөн хүйтэн хөндий байдалтай хэсэг уулзаж ярилцлаа. Өчигдөр орой улс орнуудын төрийн тэргүүнүүдийн бие даасан уулзалтын дараа хамтарсан “патиар татах” ажиллагаа эхэлсэн. Анх 1991 онд БНСУ-д зохиогдсон АПЕК-ийн уулзалтын үеэр солонгосчууд уригдаж ирсэн “өндөр” зочдоо үндэсний хувцсаараа гангалж зургийг нь авч байсан бол хожим нь америкчууд савхин хүрмээр, индонезичүүд торгон цамцаар хувцаслан мөн л нутаг орныхоо онцлогийг дэлхий нийтэд таниулаад амжиж байж билээ. Гэхдээ энэ уламжлал тэгэсхийгээд зогссон байсныг хятадууд дахин сэргээж байгаа бололтой.
Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин нарын ганцаарчилсан уулзалт болж өнгөрсөн байна. Уулзалтын үеэр Хятадын Төрийн тэргүүн Си Жиньпин хэлэхдээ “Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагууд төр засаг, зэвсэгт хүчин болон энгийн ард түмний хоорондох харьцаа холбоо улам идэвхжиж хөгжөөсэй гэж би хувьдаа боддог” хэмээснийг Хятадын төв хэвлэл онцолжээ.
Б.ХУЛАН