Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нар өчигдөр уулзалт хийж, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
Элчин сайд Ричард Буанган “Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгт бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгаа. Шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь бэлэн” гэв.
Боловсон хүчин бэлтгэх ажлыг 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургахаар талууд тохирчээ.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахаар болсон байна.
Ингэснээр Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдах аж.
Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг энэ оны есдүгээр сард баталжээ.
Эх сурвалж: ЗТХЯ