Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хяналтаас гарч буйг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама буруутгаж, агаараас довтлохоо өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ-ын нисэх хүчин тус бүлэглэлд эзлэгдээд буй Курд үндэстний Ирбил хот руу нисэгчгүй онгоцоор гал нээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Иракийн Засгийн газраас мэдэгдсэнээр тус дайралтын улмаас хамгийн багадаа 10 мянган иргэн дүрвэсэн гэв. АНУ 2011 оны сүүлээр цэргээ татсанаас хойш анх удаа Ирак руу довтолж байгаа юм.
Пентагоны тэргүүн Чак Хейгл хэлэхдээ “АНУ-ын нисгэгчгүй онгоц өчигдөр Иракийн хойд хэсэгт орших Синжар хот руу хоёр удаа агаараар довтолсон. Энэхүү довтолгооны үеэр “Халифын вант улс” бүлэглэл 100 гаруй эмэгтэйчүүдийг хулгайлсан. Бид тэдний ул мөрийг хайж байна” гэжээ. Иракийн хүний эрхийн яамны хэвлэлийн төлөөлөгч Камил Амин “100 гаруй эмэгтэй олзлогдсоны дийлэнх нь 35-аас доош насныхан байгаа бөгөөд одоогоор босогчдын хяналтад орсон Мосул хотын нэгэн сургуульд хорьж байж болзошгүй” гэж мэдэгджээ.