АНУ-д сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналын эздийг зарлалаа.
Юуны түрүүнд Миннеаполис Стар Трибун Америк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаарх нийтлэлээрээ, Бостон Глоб эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн байна. Харин орон нутгийн мэдээллийн шилдгээр Флоридагийн Тампа Бэй Таймс шалгарчээ. Тус сонин өнгөрсөн 2020 онд Паско тойргийн цагдаагийнхан албан тушаалаа урвуулан ашигладгийг илчилсэн цуврал материалуудыг дэлгэж шуугиан дэгдээж байсан билээ.
Тодруулбал, Нью-Йорк Таймсийнхан олон нийтэд Ковид 19 цар тахлын талаарх мэдээ мэдээллээрээ Пулитцерийн шагнал хүртсэн байна. Мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой олон өнцгүүдийг хөндсөн Уэсли Моррисийн нийтлэлүүдээр шилдэг шүүмжлэлт нийтлэл номинацын шагнал хүртсэн аж. Пулитцерийн шагналын шүүгчид энэ жил өнгөт арьст Жорж Флойдыг цагдаагийн ажилтан өвдөглөж улмаар хоолой нь боогдсоноос болж амиа алдсан мөчийг гар утсандаа бичсэн 18 настай Дарнелла Фрейзерт нэр хүндтэй энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна. Түүний бичлэг дэлхий даяар цагдаагийнхны хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаан хийхэд хүргэсэн бөгөөд сэтгүүл зүйн салбарт иргэд ч чухал үүрэгтэйг нотолсон хэмээн шүүгчид тодорхойлсон байна.
Түүнчлэн Ассошэйтэд прессийн Испани дахь зурагчин Моренаттигийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгчдийн жагсаалын үеэр хийсэн фото сурвалжилга шилдгээр шалгарчээ. Харин 1950-иад оны үед газар нутгийнхаа төлөө индианчуудын хийж байсан тэмцлийн тухай өгүүлсэн Луиза Эрдричийн “Шөнийн харуул” номыг шилдгээр тодруулж Пулитцерийн шагнал олгожээ. Харин шилдэг намтар номинацын шагналыг иргэний эрхийн төлөө тэмцэгч Малькольм Искийн тухай өгүүлсэн номонд олгожээ.
Шилдэг яруу найргийн цомгоор Натали Диазийн колоничлолын дараах үеийн хайрын шүлгүүд ном шалгарчээ. Пулитцерийн шагнал нь сэтгүүл зүйн салбартаа хамгийн эртний хамгийн хүндтэй шагнал. Хамгийн анхны шагнал гардуулах ёслол нь 1917 оны зургадугаар сард болж байжээ. Шагналыг 15 мянган ам доллар дагалддаг.