Categories
гадаад мэдээ

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

ЗурагАНУ болон Өмнөд Солонгос хоорондын жил тутмын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Тус хоёр улсын хамтарсан сургуулилт жил бүрийн хоёр эсвэл гуравдугаар сард эхэлдэг уламжлалтай ч Пёнчаны өвлийн олимп болон паралимпийн наадамтай холбоотойгоор энэ оны сургуулилт хойшлогдон өнөөдөр эхэлж байна.

Хуурай зам, агаар болон тэнгисийн цэргийн хүчнийхнээс гадна тусгай хүчнийхэн хамрагдах “Бүргэдийн зулзага” сургуулилт нь дөрвөн долоо хоногийн турш үргэлжилнэ. Ирэх сарын дунд үеэс хоёр талын “Шийдвэрлэх ажиллагаа” команд-штабын сургуулилт эхлэх аж. Энэ хоёр сургуулилтад АНУ-ын талаас 23700 алба хаагч, Өмнөд Солонгосын талаас 300 мянган цэрэг оролцоно гэж АНУ-ын БХЯ буюу Пентагон мэдэгджээ.

Хоёр талыг хамтарсан цэргийн сургуулилт хийх бүрт Умард Солонгос эрс шүүмжилж, сургуулилтаа нэн даруй зогсоохыг шаардаж, баллистик пуужин харвах мэтээр сүрдүүлдэг байв. Харин энэ оны сургуулилт харьцангүй тайван нөхцөлд болох төлөвтэй байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрөгч сард Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ байр сууриа зөөллөж байгаагаа мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *