Categories
гадаад мэдээ

АНУ, БНХАУ-ын цахим дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж, хоёр орны удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайсын мэдээлснээр, Э.Блинкен, Ван И нар 11 дүгээр сарын 12-нд утсаар ярьсан байна.

Тус уулзалт нь ашиг сонирхол нь давхцаж буй салбаруудад хамтран ажиллах замаар АНУ, БНХАУ-ын өрсөлдөөнийг хэрхэн хариуцлагатай зохицуулах талаар ярилцах боломжийг хоёр улсын удирдагчдад олгоно гэж Э.Блинкен утсаар ярих үеэрээ онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн дэлхийн эрчим хүчний хангамж, үнийн хэлбэлзэл нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд аюул учруулахгүй байх арга хэмжээ авах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдэхдээ, Тайванийн хоолойн энх тайван байдлыг Вашингтон чин сэтгэлээсээ дэмжиж байгаа бол арлын салан тусгаарлах үзэлтнүүдийг дэмжихээ зогсоож, Хятад-Америкийн гурван мэдэгдэлд заасан заалтуудыг, мөн “нэг Хятад” зарчмыг даган мөрдөж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч хүчинд худал дохио өгөхөө зогсоох ёстой гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *