АНУ-д тус улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгч асан хүнийг эрүүгийн хэргээр шүүх хурал товлогдов. Нью-Йорк мужийн Дээд шүүхийн шүүгч Хуан Мерчан “Төрийн тэргүүнээр дахин сонгогдох гэж буй АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2016 оны сонгуулийн кампанит ажилд зориулан цуглуулсан хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 15-нд болно” гэж мэдэгдэв.
Яг жилийн өмнө Манхэттэний прокурорууд Трамптай бэлгийн харьцаанд ордог байсан порно жүжигчин асан Сторми Даниэлст сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээс 130.000 ам.доллар төлсөн явдлыг нуун дарагдуулахын тулд түүнийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж буруутгасан. Даниэлс ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Энэ явдлыг дэлгэнэ” гэж сүрдүүлсэн аж. Шүүхийн яллах дүгнэлтэд 130 мянган ам.доллар Даниэлсийн “амыг хамхих” мөнгө байсан гэж дурдсан билээ.
Нэрт порно жүжигчин асанд төлсөн мөнгийг Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн өгсөн бөгөөд тэрээр уг шүүх хуралд яллагдагчийн гэрчээр оролцох аж. Хэргийн учир нь порно жүжигчинд төлсөн мөнгийг “хууль ёсны төлбөр” гэж бүртгэж тайлагнасан явдал ажээ. Харин Дональд Трамп Даниэлстэй дотно харилцаатай байгаагүй бас сонгуулийн хөрөнгийг хууль бусаар ашиглаагүй гэж мэдэгдсээр байгаа юм. Трампын шүүх хурал энэ сарын 25-нд эхлэх байсан ч түүний өмгөөлөгчид уг хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах шаардлагатай хэмээн уг шүүх хурлыг 90 хоногоор хойшлуулахыг шүүгчээс хүссэн юм. Харин шүүгч Трампын өмгөөлөгчдөд 20 хоногийн хугацаа өгсөн билээ.
Нью-Йоркийн шүүх Дональд Трампын эсрэг үүсээд байгаа дөрвөн эрүүгийн хэргийн зөвхөн нэгийг нь энэ удаа хэлэлцэнэ. АНУ-ын ерөнхийлөгч асан мөн нууц бичиг баримттай хууль бусаар ажилласан, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүчингүй болгох оролдлогод оролцсон гэх үндэслэлээр холбооны эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Мөн Жоржиа мужийн прокурорууд Трампыг энэ мужид сонгуулийн дүнг өөрчлөхийг оролдсон гэж буруутган хэрэг үүсгээд байгаа юм. Эдгээр бүх шүүх хурал энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуусах ёстой байсан ч тус улсын ерөнхийлөгч асан халдашгүй дархан эрх эдлэх эсэх тухай Улсын дээд шүүхийн шийдвэр гартал хойшлогдсон билээ. Иймээс Нью-Йоркийн энэхүү шүүх хурал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр болох нь тодорхой болсон Дональд Трамптай холбоотой цорын ганц шүүх хурал болж байна.
Дональд Трамп энэ шүүх хурлын дараа давж заалдах хүсэлт гаргахаа мэдэгдэж, шүүх хурал бол ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож буй явдал гэж үзэж байгаагаа онцолсоор байна. Дональд Трамп “Ерөнхийлөгчийн сонгуулийн дундуур шүүх хурал хийж байгааг би төсөөлж ч чадахгүй байна” гэж мэдэгдсээр байгаа билээ.
Нью-Йоркийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампыг бизнесийн залилангийн хэргээр ял сонссоны дараа төлөх барьцааны хэмжээг эрс бууруулсан шийдвэр гаргасан байна. Уг шүүхээс экс ерөнхийлөгч шүүхийн дансанд ердөө 175 сая доллар байршуулах, эсвэл энэ мөнгийг батлан даах хуулийн этгээдийг олох ёстой гэж мэдэгдэн түүнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх 10 хоногийн хугацаа өгөв. Шүүх ерөнхийлөгч асан болон түүний хоёр хүүг зээл болон даатгалын илүү сайн нөхцөл бүрдүүлэх гэж гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгийг олон жилийн турш олон тэрбумаар зохиомлоор өсгөсөн гэм буруутай гэж тооцсон билээ. Иймээс хоёрдугаар сарын дундуур Трампыг санхүүгийн залилан хийсэн бүх хугацаанд 355 сая доллар, хөвгүүдийг нь нэмж дөрвөн сая доллараар торгох ялаар шийтгэсэн байсан юм. Нийт дүн нь бараг 454 сая доллар болсон.
Үүнээс гадна Трамп болон түүний хөвгүүдийг Нью-Йорк мужид компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жилээр хассан. Экс ерөнхийлөгч заасан хугацаанд мөнгөө бүрэн төлөхгүй бол Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс Трампын эд хөрөнгийг хураан зарж, 454 сая долларыг суутгаж авахаар болсон юм. Тэгвэл Трампын санхүүтэй холбоотой бас нэгэн сонин явдал болж өнгөрөв. Учир нь Дональд Трампын эзэмшдэг “Trump Media&Technology” компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ NASDAQ биржийн арилжааны эхний өдөр нэгж хувьцааны үнэ 49.95 ам.доллараас 79.38 ам.доллар болж нэг хагас дахин өссөн ч хаалтын үед 57.99 ам.доллар болж буун уг компанийн Трампын эзэмшлийн хувь (58 хувь) 4.6 тэрбум доллараар үнэлэгдэж эхэлснийг “Financial Times” онцлов. Харин санхүүгийн судалгааны “Great Hill Capital”-ийн нэрт шинжээч Томас Хэйс “Үүнийг бизнесийн төлөв байдлын үзүүлэлт гэхээсээ Трампын дэмжигчид түүнд урам зориг өгөх гэсэн явдал гэж үзэх хэрэгтэй. NASDAQ-ийн дүрмээр Трамп зургаан сарын хугацаанд хувьцаагаа зарах эрхгүй.
Хагас жилийн дараа юу болохыг харцгаая” гэж хэлснийг “Reuters” онцолжээ. Ийнхүү Дональд Трампыг тойрсон адал явдал үргэлжилсээр байна. Гэхдээ санхүүгийн эрүүгийн хэрэг иргэний хэрэг биш учир Трампын хувьд “тоглоом” биш юм.
Г.АМАРСАНАА