Categories
мэдээ улс-төр

Анхдугаар чуулган ирэх долоо хоногт хуралдах бололтой

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр МАН-65, АН-9, МАХН-1, бие даагч 1 суудал аваад байгаа. Хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаж, түр үнэмлэхийг өнөөдөр олголоо. Мөн УИХ-ын гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм. Үүний дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах зарлиг гаргана. Одоогоор анхдугаар чуулган хуралдах тов гараагүй ч ирэх долоо хоногт хуралдах байх гэсэн таамаг байна. Өмнөх 2012 оны анхдугаар чуулганыг долдугаар сарын 6-нд зарлан хуралдуулах зарлигийг Ерөнхийлөгч гаргаж байжээ.

Анхдугаар хуралдааныг шинээр бүрдсэн парламентын хамгийн ахмад гишүүн даргалан явуулдаг заалттай. Өмнөх парламентыг бүрдэхэд хамгийн ахмад гишүүн нь 72 настай Д.Дэмбэрэл байлаа. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүнээр Ч.Улаан тодроод байна. Тэрбээр 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эдүгээ 62 нас хүрч байгаа аж.