Өнөөдрийн улс төрчдийн бачимдаж байгаагаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ард түмэн турж үхэх гэж байгаа юм байна. Базарваань хум пад үнэн бол ийм л юм битгий болоосой. Тэдний ингэж ярихтай зэрэгцээд мэдээллийн хэрэгслүүдээр ард түмний тарга тэвээрэг хэтийдсэн тухай, хүн амын олонхийг хамарсан илүүдэл жинг бууруулах эм бэлдмэл, дасгал сургуулилтын талаар зогсоо зайгүй сурталчлах. Турж үхэх гэж байгаа ард түмэн- турахын төлөөх ард түмний аян… үнэн хаана нь байгаа юм бол доо.
За энэ ч яахав, гол юм руугаа оръё. Өнөөдөр АН-ын өөрөө өөрийгөө устгах механизм ажиллаад эхэллээ. Байгальд өөрөө өөрийгөө устгах үзэгдэл түгээмэл байдаг. Жишээ нь Африкийн нэг зэрлэг үхэр байдаг. Зүв зүгээр сайхан өсч үржиж байснаа гэнэт юу болов хэмээн бужигналдаж хэдэн мянгаараа бөөгнөрөн нийлж мөөрөлддөг. Дуу чимээнд нь байж суухын аргагүй гэлцдэг юм. Ингэж байгаад гэнэт цувж давхилдаад усгүй цөлд очоод сүргээрээ хатаж үхдэг юм. Тэгж явалгүй үлдсэн ганц нэг ард нь өсч үржээд эхэлдэг. Үүнийг эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс өнөөдрийг хүртэл тайлж чадаагүй байна. Гэхдээ үхэр сүрэгт ингэтэл нь үймүүлдэг, бусниулдаг, дагуулж цөл рүү давхидаг толгойлогчид байдгийг харин анзаарсан байдаг юм. Тэдгээр нь сэмхэн сугараад үлдчихдэгийг. Харин шашин талынхан болохоор энэ үзэгдлийг хилэнц нь ихдээд эрлэг номын орондоо очлоо, байгаль өөрийгөө цэвэрлэлээ гэдэг. Аль нь ч бай хамаагүй ерөөсөө Монголын улс төрд ийм үзэгдэл давтагдаад байдаг нь дээрх үхэр сүргийн хувь заяаг санагдуулах юм. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийнхэн төрийн эрхэнд гарч зүв зүгээр ажлаа явуулж байснаа гэнэт бужигналдаад тухайн үеийн МАХН-ынхантай сүлбэлдээд байгуулсан Засгийн газраа цувуулаад устгаж эхэлсэн. Ёстой нэг айл гэр болж тоглохыг үзүүлсэн дээ. Үр дүнд нь тэд бүгдээрээ сэнтийгүй тавиулж 2000 онд УИХ-д ганц суудалтай үлдсэн. Сугарч үлдсэнүүд нь гадагшаа явцгаасан. Дийлэнх нь замаа алдаж, архинд орж, өөрийгөө буудсан нь ч бий. Картын барааны өлсгөлөн сэтгэхүйтэй хүүхдүүдийг ойр тойрондоо шавуулсан нь Н.Алтанхуягийн алдаа байлаа гэж саяхан нэг архаг улстөрч ярьсан шиг яг эсрэгээрээ 2000 оны сүйрлээ мартсан нөхөд өнөөдөр айл гэр болж тоглож эхэлсэн нь харамсалтай. Мууг мартахгүй байх хэцүү, мартах нь бас аюултай хорвоогийн бас нэг зовлон энэ. Ийм үзэгдэл ганц АН-д ч тохиодог юм биш. 2012 оны сонгуулийн өмнө зүв зүгээр байсан МАХН гэнэт юу болов гэмээр бужигналдаж 90 жил гай болсон энэ нэрээ сольж хаяна хэмээн орилолдсон. Тэр үед энэ намд байдаг ганц нэг тулхтай хүмүүс “Сонгуулийн өмнө нэрээ сольдог нь зөв үү” гэсэн ч тоогоогүй яг л өнөө үхэр сүрэг шиг мөөрөлдсөн. Хэн ч намын нэрээ соль, улс төрийн үйл ажиллагаанд саад болж байна гэж хэлээгүй, нотлоогүй байхад шүү. Ийм тохиолдолд ашиглагсад, завшигсад заавал гарч ирдэг жамаар ганц нэг хүн хожсон, МАН хоёр хуваагдан сонгуульд ялагдсан.
Өнөөдөр улс төрийн орчинд болж байгаа үйл явдлыг эрүүл ухаантай хэн ч ойлгоход бэрх боллоо. Мэдрэл муутай хүмүүс л ойлгодог юм уу гэхээс. Засгийн эрх барьж байсан АН-ын удирдлагыг их бүтээн байгуулалтыг хийсэн гэж хэлэх хүн байхгүй байж болно. Харин хамгийн ажилсаг Засгийн газар байсан гэдэгтэй санал нийлэх хүн олон. Энэ Засгийн газрын тэргүүнийг ааг омгоо багтаасан, гадаад дотоодод тэнэсэн, ажил алба, ая тухаа зэрэгцүүлсэн Ерөнхий сайд байсан гэж хэлэхгүй. Хагас бүтэн сайнгүй ажилласан, ажилсаг шоргоолж шиг зүтгэлтэй нөхөр байсан гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Ийм Засгаа газраа АН дотроосоо “МАН-ынхан та нараар огцруулахгүй бид өөрсдийн гараар огцруулж хаяна” гэж хэлээд огцруулж байгаа нь “Би өөрийнхөө гараар алаад хаячихъя” гэж хэлээд эхнэр хүүхдээ гэртэй нь шатаасан Дарханы нөхөртэй мөн чанараараа агаар нэг юм гэж зүйрлэж бичсэн улс төр судлаач байгаа юм. Энэхүү огцорсон Засгийн газрын рейтинг 40 хувьтай байсныг анзаарсан УИХ-ын гишүүн ер нь байгаа болов уу. Ийм рейтингтэй Засгийн газар сүүлийн 25 жил байгаагүй. Өрсөлдөгч МАН-ын рейтинг 20 хувь дөнгөж гарч байв.
Одоо цаашид яах вэ?! Бүтээн байгуулалтын бүх ажил зогсоно. 1996-2000 оны байдал давтагдана. Монголын эдийн засгийн гол үзүүлэлт болсон уул уурхай дахь чанаргүй зээл 2008 оны хямралаас хол давчихсан байгаа. 1996 онд хоёр метрийн өндрөөс унасан бол одоо 200 метрийн өндрөөс унаж байгаа тийм эдийн засгийн орчин нөхцөлтэй байна. Тэр үетэй харьцуулшгүй аймаар хохирлыг ард түмэн амсана гэсэн үг. Ерөнхийдөө бол Түр Засгийн газар байгуулагдах юм шиг байна. Багцаагаар арваад хоногийн дараа Ерөнхий сайд тодрох юм болов уу даа. Түүнээс арав хоногийн дараа намын дарга нь тодорно гэх. Намын дарга тодроод их сайндаа хагас жил болоход дараагийн Ерөнхий сайд яригдах байлгүй. Энэ тооцоог би хийгээд байгаа юм биш МАН-ынхны хийж буй далд тооцоо. Тэд дөрөв дэх Ерөнхий сайдтай 2016 оны сонгуульд ороход бид ялахгүй яах юм гэсэн тооцоотой, тэгээд 2024 он хүртэл бууж харагдаач гэж ярьж байгаа юм шүү. Тэдний ийм л тоглолтонд нь АН-ын эрээвэр хурааврууд оролцчихсон, түүнийгээ ч мэдэж байгаа юмгүй улс орны эрх ашиг гэсэн юм яриад сүүлэрч явна. Р.Амаржаргалын Засгийн газрыг унагах шиг амархан юм даанч нэг байхгүй юм байх аа. МАН-Алтан гадас хоёр машиндаад хаячихна. Дараагийн засгийн сайдуудаа томилох гэж сар жилийн юм болно. Одооны эрх баригчдын давилуун яриагаар бол 2016 онд ялах гэнэ. Ялахад мөн ч хэцүү дээ.
Тэгэхээр ирэх сонгуулиар АН-д ялах хоёр л арга байна. Нэг дэх нь дарангуйлал тогтоож ялах. Эмх цэгц тогтооно, шударга ёсыг сэргээнэ, өлсгөлөн ард түмнээ хоолтой болгоно гэсэн цуурай хадааж, сөрөг хүчнээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж байгаад сонгууль явуулсан нэр зүүж ялалт байгууллаа гэж зарлах. Эсвэл сөрөг хүчнийхний байнга хардаад байдаг өнөө санал авдаг хар машин гээчээрээ санал луйвардах юм байлгүй дээ. Энэ хоёроос өөрөөр ирэх сонгуульд ялах арга одоо АН-д байхгүй. Яг л 2000 он шиг ялагдана. Ингэж хэлэхээр инээд нь хүрэх нөхөд Их хуралд сууж байгаа АН-ын гишүүд дунд байгаа. Тэд дээрээс бүгдийг харж байгаа учраас их бардам байгаа. Яагаад гэвэл могой гурав хуваагдсан ч гүрвэлийн дайтай гэгчээр АН яаж ч ялагдсан жагсаалтын 10-н суудлаа авах чадалтай үлдэнэ, түүнд нь бид орно гэсэн бардамнал.
Эрх баригчдын хувьд, АН-ын хувьд нөхцөл байдал ийм шившигтэй болсон үед шинэ үеийнхэндээ намаа шилжүүлснээр намаа шинэ өнгө төрхтэй болгох боломж бүрдэх бий. Өөрсдийгөө залуу гэж боддог, залуу үеэ дээш нь гаргадаггүй дардаг өвгөчүүл одоо насандаа сууцгаамаар байна. Одоо л карданаа татахгүй бол удахгүй та бүхэн залуу үедээ буг чөтгөр мэт харагдаж эхэлнэ шүү. Өнөөдөртөө ч арай тийм босоо ороолон мэт харагдахгүй байгаа ч наагуур нь байдаг амьтан жигүүртний нэрээр нэрлээд эхэллээ шүү дээ. Тэгж их найдаад байгаа жагсаалтын эхэндээ цоо шинэ залуу үеэ оруулаад олонд танигдсанууд нь тойрогтоо өрсөлдөцгөөмөөр байна. Ингэвэл үнэхээр гоё харагдаж, унаж сарниж буй нэр хүндээ дээш нь өргөөд сонгуульд орж явчихна. Тэгэхгүйгээр жагсаалтын дээгүүр өнөө өвөө эмээ нар сууцгааж байвал улам л муухай харагдсаар жагсаалтын санал ч үгүй үлдэх биз ээ. Үнэндээ ийм л дүр зураг харагдаж байна. Үнэнтэй эвлэр. Үнэнийг хэлсэн хүмүүсийг битгий зүх.
Дахин хэлье. Хэрэвзээ дарангуйллаар гарахгүй юм бол ардчилсан сонгуулиар ялах нь өнгөрлөө. Дарангуйллаар яллаа гэхэд урьдчилаад залбиран захих ганцхан л зүйл байна, сэхээтнүүдээ л түрүүлээд битгий хядчихаарай. Ядаж баруунд гарах боломжийг нь нээлттэй байлгаарай. АН-ынхнаас хүсэх зүйл энэ л үлдлээ дээ.