Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалтын дүнг 22:30 цагт танилцууллаа.
М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсныг дөнгөж танилцуулав.
АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгээгүй. Тиймээс хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар дотоод сонгуулийн үйл ажиллагаа өрнүүлж буй.
М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1.953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна. Бусад нэр дэвшигчийн хувьд,
- Р.Амаржаргал 1.826.03
- Ц.Оюунгэрэл 1.719.03
- Л.Гүндалай 1,463.92
- Д.Ганбат 637.28 оноо авчээ.
О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдээд байна.
С.Эрдэнэ “Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах цахим сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Намын гишүүдийн оролцоо өндөр байлаа. Миний хувьд сонгуулийн дүнд баяртай байгаа ч нөгөө талдаа маш том үүрэг хариуцлага ирж байна. Бид өнөөдөр хэн илүү оноо авах нь чухал бус. АН ард иргэдийнхээ төлөө багаараа, хамт олноороо эв, найртай хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Бид мэдээж энэ үүрэг хариуцлагыг бодит үр дүн болгохын төлөө хичээн ажиллана. Дараа дараагийн сонгуульд өөрийн нөөц боломжийг дайчлан ажиллах болно. Саналаа өгсөн нийт гишүүддээ баярлалаа” гэв.