Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН -ын даргын сунгаанд өрсөлдөж буй Ж.Батсуурь, Х.Баттулга нар Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхэллээ || DNN.mn

Ардчилсан намын даргыг тодруулах сунгааны нээлт өчигдөр боллоо. Өнгөрсөн 2020 оны сонгуулиас хойш Ардчилсан нам дотооддоо хагарал тэмцэлтэй, намын бүртгэл, тамга тэмдгийн асуудалтай, маргаан нь шүүх, хуулийн байгууллагуудаар одоог хүртэл хэлэлцэгдэж дуусаагүй байна. Энэ үед УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг, Н.Ганибал, Ц.Туваан тэргүүтэй Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны хурлын шийдвэрээр намын даргын сунгаа албан ёсоор эхэллээ. Тус сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэр дэвшээд буй юм. Энэхүү хоёр нэр дэвшигч өчигдөр Чингис хааны хөшөөнд ёсолж, намынхаа байранд нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Улмаар Хэнтий аймгаас эхлэн Монгол Улсын 21 аймгийг нар зөв тойрон иргэд, намын гишүүдтэйгээ уулзах ажээ. Улмаар ирэх сарын 3-нд Улаанбаатар хотод хаалтын хуралдаанаа хийж, намын даргын сунгаа зогсож, дөрөвдүгээр сарын 7-нд намын ээлжит бус Их хурлаараа ялсан нэр дэвшигчийг батламжлах юм.


Өчигдөр болсон Ардчилсан намын даргын сунгааны нээлтийн үеэр нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нараас дараахь тодруулгыг авлаа.


Ж.БАТСУУРЬ: ӨНГӨРСӨН 32 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АН ҮНДСЭНДЭЭ ЯЛЖ, ОЛОНХ БОЛЖ БАЙГААГҮЙ. МИНИЙ ХУВЬД ОЛОНХ БОЛЖ ЯЛАХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ


УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч Жамбын Батсуурь: -Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар улс төрийн нэг нам монополь тогтоож байна.

Бид бүхэн энийг засч, залруулж ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан парламентад суудалтай ялдаг нам байхын төлөө нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд Ардчилсан нам үндсэндээ ялж, олонх болж байгаагүй. Харин улам олуулаа болж байсан түүхтэй. Тэгэхээр миний хувьд олонх болж, ялахын төлөө зүтгэнэ. Ингэж ялахын тулд дунд бөгөөд анхан шатны намаа бэхжүүлж, дарга ангийн эрх мэдлийг дунд, анхан шатанд аваачиж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигч болж, парламентад олон суудал авна. Тэгснээр нийгэмд бухимдаж буй олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэдэг хүсэл эрмэлзэлтэй байна. Хамтын удирдлагын системээр ажиллана. Ард түмний 60 орчим хувь нь биднийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээв.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр энэ долоо хоногийн эхээр манай сонинд өгсөн ярилцлагадаа намын дотоод асуудлын талаар болон өрсөлдөгчдөө хандан хатуухан үг хэлж байсан. Тухайлбал “Энэ хүний өнгөрсөн 32 жилийн түүхийг хар даа. Ардчилсан намыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг бол Х.Баттулга шүү дээ. Энэ хүн Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, бүр Ерөнхийлөгч хүртэл хийчихээд өнөөдөр Ардчилсан намыг орох оронгүй, оочих аягагүй, талын нэг тараачихсан хүмүүсийн нэг шүү дээ. Өнгөрсөн 32 жил чадаагүй байж өнөөдөр гэв гэнэт ухаан орсон хүн шиг 33 дахь жилдээ чадна гээд гараад ирэхээр хэн итгэх юм. Тэр утгаараа чадахгүй гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна. Миний өрсөлдөгч Х.Баттулга дарга болчихвол энэ нам нэгдэх нь байтугай улам жижгэрч, салан бутарна” гэж хэлж байсан.


Х.БАТТУЛГА: АРДЧИЛСАН НАМД ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙХ, ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН БАЙХ ЦАГ ҮЕ ИРЭЭД БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Ардчилсан намын даргад нэр дэвшигч Халтмаагийн Баттулга: -“Би одоо 21 аймгаараа явна. Ардчилсан намын даргын сунгаа бол ганц намын асуудал биш. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн нь иргэдээ парламентад сонгодог парламент байх уу, үгүй юү гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Тийм учраас Ардчилсан намын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс парламентын засаглалтай байх эсэхийг тогтооно. Өнөөдөр төрд хэт олонх гарч, төрийн гурван өндөрлөг нь нэг намаас сонгогдсон. Ардчилсан нийгэмд ямар байгааг бид амьдралаараа, яс махаараа мэдэрч байна. Тийм учраас Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж өөрийгөө сонгуульд “сойж” байна” гэлээ.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно


Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад товчхон хариулт өгсөн юм.


-Энэ сунгааны ард дахиад хагарал уу, эсвэл эв нэгдэл үү. Та үүнийг хэрхэн харж байна?

-Эв нэгдэлтэй болгохын төлөө явна даа. Амьдрал баян, тэгээд харж л байя.

-Та одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ямар харилцаатай байгаа вэ?

-Энэ удаагийн сонгууль АН-ыг эв нэгдэлтэй байлгахын тулд болж байна. Үе үеийн ерөнхийлөгчид хоорондоо эв нэгдэлтэй байх учиртай.

-Ардчилсан намын тамга хэнд, хаана байгаа юм бэ?

-Тамга тэмдэг албан ёсоор О.Цогтгэрэл даргад байгаа.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал байна. Таны туслах, зөвлөх тэнд байсан гэсэн?

-Тийм зүйл байхгүй. Хөгжлийн банктай холбоотой надад хамааралтай ямар ч асуудал байхгүй. Энэ бол худлаа мэдээлэл шүү. Зөвлөх гэвэл надад зөндөө зөвлөх байсан.

-Та МоАХ-ны газрыг барьцаалаад зээл авчихсан юм биш үү?

-МоАХ-ны алга дарам газрыг 50 тэрбумаар барьцаалж зээл өгөх ямар ч тэнэг банк байхгүй. Бүтэн жил намайг гүтгэж, дайрч байна. Наадах чинь бүгд гүтгэлэг.

-Энэ сунгаа дуусаад Дээд шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Танайхыг хүлээн зөвшөөрөх үү?

-Улсын дээд шүүх хүлээн зөвшөөрөх ёстой. Эрх зүйн хувьд бид ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй.

-Таны өрсөлдөгч таныг АН-ын хагарал, уналтыг авчирч ирсэн хүн гэсэн байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол цэвэр гүтгэлэг. Би энэ намын төлөө ямар ч цагт ямар ч үед эв нэгдлийг, хангахын төлөө ажиллаж ирсэн. Ажилласаар ч байх болно. Одоо бидэнд эв нэгдэл, хүчтэй сөрөг хүчин байх цаг үе ирээд байна.


С.ЭРДЭНЭ: ЭНЭ ЯВАГДАЖ БАЙГАА СУНГАА ХУУЛЬ БУС. ХУУЛЬ ЁСНЫ АН-ынДАРГЫН СУНГАА УДАХГҮЙ ЗАРЛАГДАНА


Хоёр нэр дэвшигч ийнхүү АН-ын даргын сунгаагаа эхлүүллээ. Энэ сунгааг нөгөө тал буюу С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам хэрхэн харж байгааг тодрууллаа. Тэрбээр “О.Цогтгэрэл нь ч ахлаад байгаа юм уу, хэн ч ахлаад байгаа юм. Одоо тэднийд чинь ахлах, намын дарга гэх хүн байхгүй шүү дээ. Тэр бүү хэл Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж байхгүй. Улсын дээд шүүхийн тогтоолтой хэн ч байхгүй. Улсын бүртгэлтэй, хууль ёсны тамгатай нь хэн юм, байхгүй шүү дээ. Сая хоёрдугаар сарын 12-нд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр гарсан. О.Цогтгэрэл, Ц.Туваан тэргүүнтэй нөхдийн гаргасан Ардчилсан намын тамга тэмдгийг хүчингүй болгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан. Давж заалдах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан, О.Цогтгэрэл дээр байгаа тамга хүчингүй, ашиглах юм бол Эрүүгийн хэрэг болно гэсэн үг. Харин над дээр байгаа тамга хууль ёсны, бүрэн чадамжтай, хүчин төгөлдөр тамга байна. Үүгээрээ одоо ямар нэгэн тамгатай холбоотой маргаан байхгүй. Тиймээс энэ явагдаж байгаа сунгаа хууль бус аа. Эд нар олон түмнийг ингэж хуурч, үргүй хоосон зардал гаргаж явах ямар шаардлага байгаа юм. Хууль ёсны Ардчилсан намын даргын сунгаа удахгүй зарлагдана.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 01 ДҮГЭЭР ТОГТООЛЫГ С.ЭРДЭНЭ ТАЛТАЙ АН, 38 ДУГААР ТОГТООЛЫГ О.ЦОГТГЭРЭЛ ТАЛТАЙ АН ҮНДЭСЛЭЖ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА

Ардчилсан намын тамга тэмдэг С.Эрдэнэд байгаа. Мөн Ардчилсан намын албан ёсны үйл ажиллагаа, харилцаа С.Эрдэнэд байгаа тамгаар явагддаг болохыг Дээд шүүхийн 01 дүгээр тогтоолоос харж болохоор байна. Харин О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам үүнийг үгүйсгэж, өөрсдийн тамга тэмдэг болон гэрчилгээ байгаа, асуудал намын дарга сонгох тал дээр өрнөж буйг мэдэгдсэн. О.Цогтгэрэл талтай АН-ынхан Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолыг үндэслэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 01 дүгээр тогтоолыг С.Эрдэнэ талтай АН, 38 дугаар тогтоолыг О.Цогтгэрэл талтай АНүндэслэж байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл Улсын дээд шүүхийн 01 болон 38 дугаар тогтоол гэж юу вэ. Дээд шүүхийн 38 дугаар тогтоолд “О.Цогтгэрэлийн талын зохион байгуулсан их хурлыг хүчин төгөлдөр гэж зарласан, Үндэсний бодлогын хороог ч хүчин төгөлдөр байна гэж үздэг. Харин О.Цогтгэрэлийг намын Их хурлаараа ёсчлон батална гэсэн заалт ороогүй байна, өөрөөр хэлбэл процедурын алдаатай байна, тиймээс дахин сунгаа зохион байгуулаад дарга тодруулаад өргөн барь” гэсэн тогтоол ажээ. Уг тогтоолыг үндэслээд сая намын Дотоод сонгуулийн хорооноос дахин намын даргын сунгааг зарлаад байгаа нь ийм учиртай аж. Харин С.Эрдэнэ талтай АН-ынхны бариад байгаа Улсын дээд шүүхийн 01 дүгээр тогтоол нь 2017 оны гуравдугаар сарын 15-нд гарчээ. Тус тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа, Дээд шүүхийн албан ёсны сайтаас харчих боломжтой юм. Тус тогтоолыг үндсэлээд Улсын Ерөнхий бүртгэлийн газар Ардчилсан намын гэрчилгээг С.Эрдэнийн нэр дээр бүртгэжээ. Энэхүү бүртгэл нь одоо хүртэл хүчин төгөлдөр болохыг 01 дүгээр тогтоол баталж байгаа юм. Энэ утгаараа одоо явагдаж байгаа АН-ын даргын сунгаа амжилттай болж өндөрлөсөн ч гаргасан шийдвэрийг нь Улсын дээд шүүх хүлээж авахгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай байна. Учир нь аливаа үйл ажиллагаа албан ёсны тамгаар баталгаажуулах ёстой. Харин АН-ын нэр дээрх албан ёсны тамга С.Эрдэнэд байгаа юм. Тиймээс шүүх үүнийг харгалзан үзээд албан бичгийн шаардлага хангахгүй байна гэж дүгнэх магадлалтай юм. Юутай ч АН-ын даргын ээлжит сунгаа Хэнтий аймгаас эхэллээ.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

One reply on “АН -ын даргын сунгаанд өрсөлдөж буй Ж.Батсуурь, Х.Баттулга нар Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхэллээ || DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *