Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад ”Шинэ ардчилал” клубын гишүүдээс захидал илгээлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбатад “Шинэ ардчилал” клубын гишүүдээс захидал бичиж хэлсэн
амандаа хүрэхийг хүссэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

   
    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танаа

Сайн байна уу Та? Таны зуны амралт сайхан, намрын ажил их байгаа гэдэгт АН-ын
жирийн гишүүд бид итгэж сууна.

Засгийн газраас сүр дуулиантай зарласан “Эзэн-100” хөтөлбөр
хэрэгжсэнгүй, эх орны хөгжил сайжирсангүй, ард түмний амьдрал дээшилсэнгүй,
Ардчилсан намд минь саналаа өгсөн иргэдийн итгэл алдрах цагаар бид Танд энэхүү
захидлыг бичиж байна.

Манай Засгийн газраас санаачилж, УИХ-аас баталсан “Эзэн-100”
хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгаа сэргээн босгоно гэж Засгийн газар 
амласан. Намын жирийн гишүүн бид ч 100 хоногийн хугацаанд эдийн засаг сайжирч,
амьдрал дээшилнэ гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь Ерөнхий сайдын амлалт
хэрэгжсэнгүй, бидний хүлээсэн шиг сайхан өөрчлөлт гарсангүй.

Сөрөг хүчин МАН “Эзэн-100”-ийн хүрээнд хийнэ гэсэн 70 ажлын аль нь ч
50 хувьдаа хүрээгүй, “Эзэн-100” хэрэгжих хугацаанд 17 хувьтай байсан
эдийн засгийн өсөлт 5.3 болж буурч, бүтээн байгуулалтын ажлууд зогсож, улсын
маань өр түүхэн дээд амжилт тогтоон, олон мянган аж ахуйн нэгж дампуурч,
иргэдийн маань амьдрал ч уруудан доройтлоо.

 Ардчилсан намын жирийн гишүүд бидний амьдралд ч гэсэн энэ 100 хоногт
сайхан өөрчлөлт нэг ч гарсангүй. Харин ч Атар талх, Алтан тариан гурил, цагаан
будаа, элсэн чихэр, хүүхдийн минь сургалтын төлбөр нэмэгдэж өргөн хэрэглээний
бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн минь
хэлснээр “Ард түмний нуруу тэнийсэнгүй”. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Та “Эдийн засагт эерэг дүн
гарахгүй бол олонх өөрсдөө бид Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн 2014
оны 5 дугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн. Бас манай намын
залуу гишүүн Б.Болор 2014 оны 7 дугаар сарын 24 өдөр “Эдийн засаг намар
гэхэд ямар ч өөрчлөлт гараагүй цаашлаад УИХ-аас өгсөн үүрэг даалгаварын
хэрэгжилт муу байгаа тохиолдолд бид Засгийн газартай хариуцлагын асуудлыг
ярихаас өөр аргагүй” хэмээн яриа өгсөн байна. Эдийн засаг сайжрах биш
муудлаа, УИХ-аас өгсөн үүрэг даалгавар биелэсэнгүй. Тиймээс Та бүхэн маань ядаж
хэлсэн ярьсандаа эзэн болж “Эзэн-100”-г хэрэгжүүлэгчидтэй хариуцлага
тооцож өгнө үү?

Ард иргэд “танай намын бодлогоор бидний амьдрал уруудан доройтлоо”,
“Ардчилсан намд саналаа өгсөндөө харамсаж байна”, “ардчиллынхан
төр барьж чаддаггүй” гэх мэтээр дайран довтолдог боллоо. Ардчилсан намын
жирийн гишүүд бид ч бас өөрсдийгөө буруутай мэт дуугаа хурааж явах боллоо.
Муухайн дээр улцан гэдэг шиг Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань саяхан ард түмэндээ
хандан үг хэлэхдээ намын нөхөд биднийгээ гэж гэмт хэрэгтэн, ялтан, хоригдлуудаас
бүрдүүлдэг торгуулийн сумангийнхантай зүйрлэн хэлж доромжилсонд их л гутарч
сууна даа.
Бид Ардчилсан намын гишүүний хувьд хүний өөрийнгүй ингэж доромжлуулж
адлуулмааргүй байна. Харин ч эдийн засгаа сэргээж, эх орноо хөгжүүлж чадсан
Ардчилсан намын гишүүн гэж бахархаж амьдрахыг хүсч байна. Тиймээс хариуцлагагүй
Ерөнхий сайддаа хариуцлага тооцож, хариуцлагатай, чадвартай гишүүдээрээ
удирдуулж шинэчлэлийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хүсч байна.

Ардчилсан
Нам дахь “ШИНЭ АРДЧИЛАЛ” клубын гишүүд 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *