Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний дэмжлэг хэвээр байна DNN.mn

Энэ удаагийн ИТХ-ын сонгууль АН, МАН хоёрын дунд л боллоо. МАН айхавтар багцлагддаг уламжлалаа хадгалав. АН арван хэсэг зулгаагдсан, Женкогийн хүн, Элбэгээгийн хүн, Эрдэнийн баруун гар… гэх шиг нөгөөх л ардчиллын ах нартаа хуваагдсан, биенээ хэмлэсэн, хардсан, зүдэрсэн хүмүүс орон нутагт өрсөлдөв. Дээр нь зөвхөн АН-ын саналаас, ардчиллын саналаас зулгаах, хумслах улс төрийн жижиг нам эвслүүд хэдэн арваараа өрсөлдөв. Тэднийг араас нь ивээн тэтгэж, турхирч сонгуульд өрсөлдүүлсэн нь мэдээж МАН. Хатуу, үнэнч гишүүнчлэлтэй МАН-ын хувьд энэ мэт улс төрийн хор найруулга хийх өөрсдөд нь ашигтай байдаг. Үүнийгээ мэдэрдэг МАН өрсөлдөгч гол хүчин болох АН-ын саналыг жижиг намуудаар сарниулдаг технологи үргэлжиллээ гэдгийг л хэлэх гээд байна.

Гэвч могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг АН авах ёстой саналаа авдгаараа л авлаа. Дахиад нэмэх боломж байсан гэвэл байсан. Гэвч хүчний төвлөрөл үнэхээр сарнисан хэвээр байна. Нэг цул болж сонгуульд орж чадахгүй байна. Нам доторх энэ олон фракц гэдэг юмуу, ерэн оноос хойш Монголын улс төрөөс холдож чадахгүй байгаа АН-ын ах нарын талцал сонгуульд муугаар нөлөөлсөн хэвээр байна. Одоо тэдэнд цэг тавих цаг нэгэнт болжээ. Ард түмэн ардчиллыг, АН-ыг уухайлан дэмжээд байдаг, өөрсдийнхөө байж байгаа царайг хар. Сонгуулиар л нэгдэж чадахгүй бол АН-д ялах тухай ойлголт үнэндээ алга. Сая харж байгаа биз дээ, өнөө нийслэлд “алаад” өгнө гэсэн ХҮН үсгүй арчууллаа. Яг цаг дээрээ тулахаар ард түмэн АН, МАН хоёрт л найдаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний сэтгэлд итгэл найдвар болон гэрэлтсээр байгааг ойлгуулж байна. Саяны орон нутгийн сонгуулиар хотоос 1000 км-ийн зайд, уулын мухарт байх малчин өвгөний ярихыг сонссоноо хүргэе. Өвгөн саналаа өгөхөөр ирэхдээ ингэж ярилаа, “Ах нь одоо 67 настай, хоёр нийгэмд амьдарч үзлээ. Нэгдэлд мал хариулж явлаа. Ардчилсан нийгэмд мянгат малчин, Улсын сайн малчин ч боллоо. Миний аав 51 настай бурхан болсон. Нэгдлийн ялтай малны хойноос шөнө өдөргүй зүтгэсээр өвчний үүр уурхай болж өнгөрсөн дөө. Би гомдолтой явдаг. Хэрэвзээ аав минь өнөөдөр мал маллаж байсан бол наад зах нь 80 наслах шийртэй хүн байсан юм. Ноосны төлөвлөгөөгөө гүйцээх гэж жалганд үхсэн малын сэг зэмнээс ноосыг нь зулгааж явлаа шүү дээ. Би хамт явдаг байлаа” хэмээн хоолой зангируулж хэлээд цааш нь “Хөгшин бид хоёр сайхан цагийг үзлээ. Үр хүүхэд, ач зээ нартаа “Та нар мөн ч азтай хүмүүс юм” гэж хэлдэг. Урьд нийгмийн тухай, аав ээжийнхээ нэгдлийн ялтай малны төлөө нойр хоолгүй зовж явсныг ярьж өгдөг. Энэ ардчилсан нийгэм гэдэг мөн ч ховор хувь тавилан шүү” гэсэн юм. Мэдээж тэр өвгөн, эмгэнтэйгээ, дунд хүү, бэргэнтэйгээ ирж саналаа АН-д сэтгэл хангалуун өгөөд буцна лээ.

Энэ бол ардчиллын үнэ цэнэ. Энэ үнэ цэнийг мэдэрсэн иргэд Монголд хэдэн зуун мянгаараа байна. Тэд АН-ыг дэмжмээр байдаг. Гэвч… Ялангуяа Монголын залуу үе ардчиллын төлөө тууштай байдаг нь судалгаагаар харагддаг. Гэвч тэдний сонгуулийн идэвх сул, өөрт хамаагүй мэт ханддаг. Саналаа өгсөн зарим нь таньдаг, мэддэг, сошиалаар харснаа дугуйлдаг. Тэгж нийгэмд нэр дэвшигчдээ таниулж чаддаг мөнгөтэй нь мэдээж бүтэн 34 жил Засгийн эрхэнд байгаа МАН. Тэгээд л саналаа өгсөн залуусын зарим нь тэдний нэр дэвшигчдийг сонгодог.

Сая нийслэлийн 45 мандатаас 40-д нь МАН яллаа. Нийслэлд нийт саналаа өгсөн сонгогчдын ирц 40 хувьтай байсан урьдчилсан дүн гарсан. Түүний 30 хувь нь МАН-д саналаа өгсөн бололтой. Энэ 30 хувь гэдэг ард түмэндээ, нийт сонгогчдын тоондоо харьцуулахад дэндүү бага биш үү. Гэвч ийм өчүүхэн хувиар л МАН төрийн эрхийг барих боллоо. Иргэн бүрийн оролцоог хангасан, төрийн эрх барих ардчилсан эрхээ эдэлсэн тийм сонгууль, тийм сонголт гэж хэлж болох уу. Сонгууль санал хураалт нэг ийм л болчихоод байгаа. Сонгуулийн реформыг орон нутгийн сонгуулийн хуульд хийх хэрэгтэй.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг харж байхад бүтэн найман жил улс төрийн гадна талд шидэгдсэн АН-д боловсон хүчин, хүний нөөцийн дутагдал үнэхээр нүүрлэжээ. Анхан, дунд шатанд нэр дэвшүүлэх хүмүүсийн асуудал лав л аймаг, сумдад хүнд туслаа. Боломжтой бүх хүнийг МАН өөртөө гишүүнээр элсүүлчихэж. МАН-д дургүй хэсгийг нь өнөө жижиг намууд гишүүний батлахаа өгчихөж. Энэ нь эргээд эхэнд хэлсэн АН-ын саналыг хуваах, АН-ын дэмжигчдийн хүчийг сарниулсан үйл явц болж байна. Энэ үйл явц цааш хэвээр үргэлжилбэл, МАН жижиг намуудыг ашиглан АН-ыг тарамдуулсаар байвал юунд хүрэх бол. Үүнийг иргэн бүр тунгаан бодох хэрэгтэй. Маш товчхондоо хоёр хөршийн зүгээс Монголын ганц намтай, ганц хүнтэй харьцах, нөлөөлөх сонирхол асар их шүү дээ. Хөршүүдийн энэ эрх ашиг монголчууд бидний хувь заяа байж болохгүй. Монголын төрийн эрхийг барьж буй улс төрийн нам нь хүчтэй сөрөг хүчний хяналт, дарамт дор байгааг хөршүүд ойлгож байх ёстой. МАН-ынхан аливаа дарамт шахалтын өөдөөс “Бид парламентын засаглалтай орон. Сөрөг хүчнээсээ, хамтарсан Засгийн газраас асуух ёстой. Тэгэхгүй бол бид өөрсдөө алуулна” гэдэг үгтэй байх ёстой. Ийм боломжийг нь иргэд сонгуулиар олгох ёстой. Тэр бол иргэн таны сонголт ямар байхаас шууд шалтгаална.

Наад захын ийм логикийг иргэд сонгогчид маань гадарладаг баймаар байна. Монголын засаглалын дархлаа өнөөдөр нийслэлийн авто зам шигээ эмзэг байгаа. Нийслэлийн нэг гол зам дээр нь осол гарахад 20 минутын дотор нийт замын урсгалд нөлөөлдөг. Монголын геоулс төр тийм эмзэг байгаа. Ардчиллын үнэ цэнээ хадгалж, гуравдагч хөршүүд үргэлж харж найдаж байдаг ардчилсан хүчин, АН-д эрх баригчид эрүүлээр хандах хэрэгтэй. Өрсөлдөгч байж болно. Эх орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, НҮБ-ын хяналтаас гарахад ч бэлэн болсон геополитикийн нөхцөл байдлууд… бүгд жижиг Монголд тусгалаа олно. Ийм эмзэг цаг үед эрх баригч МАН-ын зүгээс жижиг эрх ашиг, жижиг улс төргүй байж, ирэх сонгуулиудад өнөөдрийнх шиг байдлаар хандмааргүй байгааг хичээнгүйлэн хүсье.

Харин АН-ын тухайд бол “Ах нар”-ын нөлөө одоо болсон, АН-аас холдоцгоо. Яг МАН шиг залуустаа бүгдийг даатгаж, алсаас хар. Өнгөрсөн 30 жилд Ардчиллын нэрээр суух боломжтой бүх албан тушаалд сууж, төрөөс авах ёстой бүгдээ авсан, боломжийг үр хүүхэд, ах дүүсийнхээ хэмжээнд бүрэн ашигласан. Ардчиллын ах нарын хувьд одоо зүгээр л тайван амьдарч, урт наслахаа бод. Хүссэн хүсээгүй та нарын хүүхдүүд л Монголд боловсролтой нь байгаа. Хувь хүнийх нь төлөвшилд онцгой анхаарч, улс төрд оруулах нээлттэй. Ядаж хүний өөдөөс зөв хараад мэнд мэдэж сургах хэрэгтэй. Улс төрд эхнээсээ орчихсон, УИХ-ын гишүүд болсон биз дээ. Тэднийгээ өөрсөд шигээ битгий болгочихоорой. Монголын ардчилалд, АН-д таны оруулах хувь нэмэр энэ болог. Аль юм болгон тэрний фракц, энэний бүлэглэлийн залуус гэж яриа гаргах вэ. Энэ чинь сонгууль бүрээр гай болж, ялагдал хүлээж ирлээ. Одоохондоо АН нийгэмд бүтэн харагдсан хэвээр байна. Үүнийгээ хадгалж ирэх сонгуулиар ард түмний итгэлийг дүүрэн олж ав. Хүсэх юм энэ байна.

Б.Нямаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *