Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Америк хүчтэй тэгээд ардчилсан байдаг нь дэлхий нийтийн зол юм DNN.mn

Орос улс Украин, Гүржийн газар нутгийн нэг хэсгийг цэргийн хүчээр булаан авч, тэднийгээ өөрсдөөр нь тусгаар улс гэж зарлуулсан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Улмаар Орос улс өөрөө Украинд халдан довтолсон нь бүрэн хэмжээний дайн болон өргөжив. Оросын хөлсний цэрэг “Вагнер” Африкийн зарим улсад цэргийн эргэлт хийж дайны голомт бий болгов. Бас л Оросын оролцоотойгоор Ази тив буюу Уулын Карабахад хоёр ч удаа дайн болж түр амсхийв. Оросын талын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам санаачлан Гүржийн ардчилсан ерөнхийлөгч Саломе Зурабишвилийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр парламентын гишүүдийн хангалттай санал авч чадалгүй дампуурав. Иран, Оросын оролцоотой Палестины ХАМАС хөдөлгөөн Израильд халдан довтолж, орос цэргүүдийн Украинд үйлдсэнтэй яг адил яргалал үйлдэж дэлхий нийтийг дахин цочоов.

Энэ бүхэн бол дэлхийн III дайны эхлэл мөн. Учир нь бид өнөөдөр албан ёсоор дэлхийн II дайныг 1939 оны есдүгээр сарын 1-нд фашист Герман Польш улсад довтолсноор эхэлсэн гэж үздэг.

Гэтэл энэ өдрийн дэлхий нийтийн сонин, сэтгүүлд дэлхийн дайн эхэлсэн тухай ганц ч өгүүлбэр байхгүй гэдэг нь хэтэрхий гэмээр ойлгомжтой зүйл. Энэ бол үнэндээ хожим түүхчдийн тогтоосон буруу цаг, хугацаа билээ. Учир нь энэхүү халдлагын өмнө болсон ЗХУ-ын Финляндад довтолсон дайн, Испанийн иргэний дайн, Япон Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авсан дайн юу байсан болж таарах вэ?! Өөрөөр хэлбэл дэлхийн I дайнд ялагдсан Германы өшөө авах гэж А.Гитлер дэлхийн II дайныг өдөөсөн бол Хүйтэн дайнд ялагдсан ЗХУ-ын өшөөг авах гэж В.Путин дэлхийн III дайныг өдөөсөн болж таарч байна.

Тийм ээ, өнөөдөр дэлхийн I, II дайн болж байсан яг л тэр газар нутгуудад дайны голомт үүсч цэрэг эрс төдийгүй энгийн иргэд амь үрэгдэж байна. Гол ялгаа нь дэлхийн II дайнд оросуудын талд байсан 16 улсыг тэргүүлж байсан АНУ, Их Британи өнөөдөр ОХУ-ын эсрэг зогсож буй 53 улсыг тэргүүлж байна. Оросын талд Хойд Солонгос, Иран зогсож байна. Олон улсад хууль бус гэж үздэг ерөнхийлөгчтэй Беларусь улс үнэндээ ОХУ-ын нэг муж болж хувирсан тул Оросыг дэмжигч улсад тооцогдох аргагүй болсон.

Харин Хятадын эрх баригчид Оросын зүүн хэсгийг өөрийн нутагт оруулан “зурж”, Социалист систем гэж байсан шиг доллараар бус юанаар гүйлгээ хийдэг Хятад системийн улсуудын холбоо байгуулахаар зүтгэж байна. Хятад Тайванийг нэгтгэвэл Евразийн эх газар энэ арал хоёрын завсрын Формозын хоолойгоор орж гарах бүх онгоцонд Бээжин дураараа татвар оногдуулдаг болно. Хамгийн гол нь Тайванийг нэгтгэснээр хятад үндэстний хувьд ардчилал бүрэн устах болно.

Маш товчоор ардчилал болон дарангуйллын тогтолцоо хоёр үхэх сэхэхээ үзэх дэлхийн дайн эхлэх суурь нэгэнт тавигдчихаад байна.

Хүмүүн бидний түүх ердөө 200 мянган жил. Энэ хугацаанд гарын таван хуруунд багтах улс л дэлхий нийтийг урагш нь чирч явсан бөгөөд тэд бүгд тухайн үедээ ардчилсан тогтолцоог бий болгож байжээ.

Эртний грекчүүд цэнгэлдэх хүрээлэндээ хар, цагаан өнгийн чулуугаар саналаа өгч, түүнийгээ тоолж асуудлыг олонхын саналаар шийдэн, хүнд суртлыг арилгаж, хурдтай хөгжин цэнгэлийн манлайд хүрэв.

Дараа нь ромчууд сонгуулиар бүрддэг Сенат гэх төлөөллийн парламент бий болгож Цезарь гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй болж бас л олонхын саналаар асуудлаа шийдэж байв.

Харин XIII зууны монголчууд “Их хуралдай” гэх байнгын бус парламентын олонхын саналаар улсын гол чухал шийдвэрүүдийг гаргаж, “Их засаг” хэмээх Үндсэн хуулиа батлан мөрдсөн бөгөөд энэ хуулийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн Чингис хаан хүртэл дагаж мөрдөж байв. Дэлхийн түүхэнд Ромын үеийг “Pax Romana”, Монголын үеийг “Pax Mongolica” буюу “Ром, Монголын их амар амгалан” гэдэг.

Англичууд сурвалжит давхаргаас бүтдэг, эзэлсэн нутгуудын эрх ашгийг илэрхийлэх парламентын танхимаас гадна сонгуулиар бий болж хууль баталдаг, хоёр шатлалтай сонгодог парламент бий болгов. Гүйцэтгэх засаглалыг ерөнхий сайд тэргүүлнэ.

Дараа нь АНУ Үндсэн хуульдаа Чингис хааны “Хөх тэнгэрийн дор бүгд адилхан” гэсэн философийг суурь болгон, олонхын саналаар шийдвэр гаргадаг байсан тогтолцоог хуулбарлан муж улс болгон бие даасан өөрийн хуультай нэгдсэн, цэл залуухан ардчилсан улсыг бий болгов. Дэлхийн тэргүүлэх гүрнүүд ингэж л ардчиллыг чирч ирсэн байдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден “CBS News сувгийн 60 minutes” нэвтрүүлэгт оролцсон. Сэтгүүлч түүнээс “Одоо Газын зурвас дахь дайн эхэллээ. Украинд өгөх тусламжаа багасгаж Изриальд тусламж өгөх үү, Хоёуланд нь тусламж өгвөл манайд хүнд биз дээ ” гэж асуусан. Ерөнхийлөгч Жо.Байден “Бид бол АНУ. Бурханы авралаар бид дэлхийн хамгын хүчирхэг гүрэн.Цаашлаад дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрэн байсаар байх болно. Бид эдгээр улсуудад хоёуланд нь туслахын зэрэгцээ өөрийгөө ч батлан хамгаалах чадвартай.Бидэнд ингэх нөөц боломж бий. Бид ингэх үүрэгтэй, хэрвээ бид биш бол өөр хэн хийх вэ” гэж хариулсан.

Өнөөдрийн дэлхийн тэргүүлэх гүрэн Америк ийнхүү дангаараа Украин, Израиль, Тайванийн ардчилсан тогтолцоог хамтад нь дарангуйллын халдлагаас хамгаалж чадна гэдгээ дэлхий нийтэд зарлаж чадаж байна. АНУ ардчилал бол технологи, технологи гэдэг нь мөнгө бас хөрөнгө, мөнгө хөрөнгө нь хүч чадал гэдгийг батлан харуулсан. АНУ-аас урьд байсан дэлхийг эрхшээн түүхийг урагшуулан чирэгч дөрвөн ардчилсан улс, гүрэн ч өөрийн цаг үед ийм л байсан байж таарна.

Иймээс өнөөдөр АНУ оршин байгаа нь дэлхий нийтийн хувьд үнэхээр том зол юм. Бас манай улсын хувьд бол тэнгэр тэтгэсэн завшаантай хэрэг гэдэг нь маргаангүй. Бид хэдийгээр түүхэн гүрэн ч энэ цаг дор таран бутарч олон хэсэг болон жижгэрч эдийн засгийн боломж муу, чадал хүчээр дорой мөчлөгт оршин байгаа нь нууц биш. Ийм ороо бусгаа цаг дор монголчууд ардчиллыг сонгосон нь тусгаар тогтнол гал голомтоо хадгалан үлдэх их хүслийн баталгаа болж байгаа билээ. Манай улсын хөршүүд хэтэрхий гэмээр том гүрнүүд. Тэдний их гүрний хатуу ширүүн гадаад бодлогыг тэсэн гарахад бидний сонгосон ардчилал амин чухал тустай юм. Тэгвэл дэлхийн тэргүүлэгч гүрэн Америк ардчиллыг хамгаалж чадна гэж баталгаа гаргаж байгаа нь манай тусгаар тогтнолд ч мөн баталгаа гаргаж байгаа хэрэг мөн.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *