Categories
мэдээ цаг-үе

Амжилт гэдэг нөр их хичээл чармайлт, тэсвэр хатуужил дээр нь цаг нь болохыг хүлээхийг хэлдэг

Гучаад жил зөвхөн сумогийн сурвалжлага, мэдээгээр дагнасан сумогийн алдарт эмэгтэй сэтгүүлч Ёконо Рейко, Мэргэжлийн сумогийн 70 дахь их аврага ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг 2016 оны нэг дүгээр сарын 30-ны “Оозумо пиа” сэтгүүлийн тусгай зочноор урин, түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.


-Энэ зун тохойны хагалгаанд орсон шүү дээ?

-Өвдөөд их зовиуртай байсан л даа. Чимээгүй тэвчээд л яваад байсан юм. Бүр тэвчихийн аргагүй болж, үүнээс илүү тэр чигт нь байлгавал барилдаж чадахгүй болно гэх хүртлээ явчихсан байсан. Тэгээд мэс засалд ч орлоо. Эхлээд бол жижигхэн мэс засал юу байхав, гурван өдөр болоод л эмнэлгээс гарчихна гэж бодож байлаа. “Хагалгааны дараа их өвдөх учир өвчин намдаагч морфин тариа хийлгэх үү” гэж эмч асуухад нь “Би чинь бөх хүн шүү дээ. Тэр тариа мариа хэрэггүй л гэлээ. Гэтэл орой нь унтахын аргагүй их өвдлөө. Бүүр аймаар өвдөөд “За даа, миний сумогийн амьдрал ч дуусч байгаа юм байна” гэж хүртэл бодогдов. Өглөө нь эмчдээ хэлж, морфин тариулсан юм. Ер нь эмчийнхээ үгийг сайн дагах хэрэгтэй юм билээ. (Инээв). Бөх ч гэсэн хүн л юм билээ гэдгийг тэр үед их сайн ойлгосон.

-Тэгээд тохой нь яаж байна?

-Бодож байснаас эдгэрэх нь удаан, бүрэн эдгэтлээ жил гаруй хугацаа хэрэгтэй гэсэн. Цаг хугацаа бас эмчилгээ юм даа. Яг үнэндээ баруун гараа сунгахаас нэг л айгаад байдаг болчихлоо. Сая барьц авахаас өмнө энэ айдсаа авч хаяад дайраад оръё ч гэсэн нэг л болж өгөхгүй өөрийн эрхгүй биедээ захирагдаад байлаа. Сэтгэлдээ бол энэ муу гарыг сунгаад өгье гэж бодсон ч яг барилдахад нөгөө л нэг айдас байгаад л байсан юм.

-Ёкозуна гэдэг байр суурийнхаа хувьд ч мэс засалд орно гэдэг том шийдвэр дээ?

-Өнөөг хүртэл би башёг амрахгүй байх нь маш чухал гэж бодож явлаа. Яаж ч өвдөж байсан барилдана л гэсэн хатуу бодолтой явдаг юм. Гэвч найм даваад аварга гэсэн хариуцлагыг авч явж байна гэж хэлэх аргагүй. Тэгээд л шууд хагалгаанд оръё гэж шийдсэн.

-Амарч байхдаа та юу ойлгож авсан бэ?

-Тэсвэрлэн тэвчихийн чухал юу байдаг вэ гэдгийг ойлгож авсан. Урагшаа, зөвхөн урагшаа дайраад оръё гэсээр өнөөг хүрсэн хүн чинь амрах, амсхийх хэмээх “түр ухралт”-ыг даван туулахын хэцүүг мэдэрсэн цаг үе байсан. Хүний амьдралд урагшлах, давшин орох гэхээсээ илүү хойшлох, ухрах шаардлагатай мөч бас чухал байдаг юм байна, Давшихаасаа илүү ухрахад зориг хэрэгтэй байдгийг бас ойлгосон. Ухрах цаг үеэ олно гэдэг бас хэцүү байсан. За тэгээд ганц сумод биш л дээ. Ерөөсөө л хүний амьдралд ч адил юм.

-Амрахыг төдийлөн сайн гэж боддоггүй аварга хүний хувьд энэ чөлөөндөө та юу хийж, яаж өнгөрүүлэв?

-Бэлтгэлээ хийж, зураг зурж, сэтгэлээ өөр зүйлд хандуулахыг зорьж өнгөрүүлсэн. Сумо харахаар нэг л сэтгэл өвдөөд байсан болохоор сүүлийн өдрийн барилдааныг л үздэг байлаа.

-Багаасаа л зурагт авьяастай таны хувьд хэдий хугацаанд хэдэн зураг зурчихав?

-Амарч байх хугацаанд сэтгэлээ тайван байлгахын тулд дөрвөн сард долоон зураг зурчихлаа. Гэрээс гадна урлангийн газар хөлслөөд тэндээ дуртай хөгжмөө сонсонгоо, нам тайван орчинд брэнди шимэнгээ сэтгэлээ шингээж, урлаж зурсан. Энэ л агшин миний хувьд маш чухал цаг мөчүүд байсан.

-Ямар хөгжим сонсонгоо…?

-Моцарт, төгөлдөр хуурын дан аялгуу, Нагабүчи Цүёошигийн дуунууд гээд л тэр өдрийнхөө сэтгэлзүйн байдлаас болоод янз янз даа. Нагабүчи Цүёошигийн дууг бүгдийг нь мэддэг болохоор дуулангаа л зураад байлаа.

-Ёстой санаанд оромгүй юм аа. За тэгээд ямар зураг урласан гэлээ?

-Фүжи уул.

-Яагаад Фүжи уул гэж?

-Ояагата сумогийн минь нэрийг Фүжи гэж хайрласан. Миний дуртай уул. Энэ хайрхан янз бүрийн дүр төрхтэй үзэсгэлэнт уул. Налгар тайван, их амар амгаланг мэдрүүлдэг. Бас хийморь сэргээж, зоригжуулдаг. Алсаас харахад л өөрийн мэдэлгүй сэтгэл тайвширч, сэтгэлийнхээ гүнээс мэдэрснээ чин сэтгэлээсээ л зуръя гэж хичээдэг юм. Энэ уулыг зурж байхад өөрийн эрхгүй хүч зориг орж, улам илүү хичээе гэсэн хүсэл сэтгэл оргилох шиг болдог учир зурах маш дуртай. Энэ уулыг янз янзаар зурж, “Өглөөний мэнд”, “Оройн мэнд” гэх мэтээр нэр өгч, олон янзын өнгөөр илэрхийлсэн. Эдгээрийн дотроос “Аав ба би” зураг их нандин.

-Тэр зурагт мөнхөд одсон аавыгаа санасан сэтгэлээ их зориулж дээ?

-Тийм шүү. Нарыг ааваар төсөөлж, Фүжи уул нь би өөрөө. Аав минь үргэлж намайг ивээлдээ авч, харж хамгаалж байгаа гэсэн утгатай. Ер нь зураг гэдэг чинь тухайн хүний төсөөлөл, мэдрэмж байдаг болохоос биш ингэж тайлбарлаад байдаг юм биш л дээ. Үзэж байгаа хүн л өөрөөрөө мэдэрч байвал болоо.

-Аав нь ямар хүн байсан бэ?

-Аав цагдаагийн хурандаа байсан. Хүн болгоны хайр хүндлэлийг хүлээсэн хүн байсан. Манайх халуун дулаан, дуу шуутай, аав ээж хоёрынхоо хайранд бөмбөрч өссөн гэх үү дээ. Аав ээж хоёртоо жигтэйхэн хайртай. Гэрийнхнээсээ долоо ч хоног холдож үзээгүй үргэлж хамт байдаг байлаа. Анх энд ирчихээд өдөр болгон уйлдаг байлаа.

-Харих юмсан гэж бодогддог байсан байх даа?

-Аав минь үндэсний бөхийн заан цолтой. Цагдаагийн хурандаа, олны танил хүн байсан болохоор би буцаад харивал аав минь олны шившиг болно гэж бодоод гүрийгээд л харихгүй гэж боддог байсан.

-Аварга багадаа ямар хүүхэд байсан бэ?

Айлын гурван эрэгтэй хүүхдийн хамгийн бага нь, эрх хүү байлаа.

-Айлын эрх хүү тэгээд том болоод юу болъё гэж боддог байсан бэ?

-Бага байхдаа бие хамгаалагч болъё гэж боддог байсан. Сүртэй гоё харагддаг байсан болохоор тэр байх даа.

-Тэгээд яагаад бөх болчихов?

-Сумо бол хувь заяа минь байсан юм шиг байгаа юм. Хүүхэд байхаасаа л Кёкүшюзан, Кёктэнхогийн барилдахыг үзэж нэг хэсэгтээ л Монгол сумогоор амьсгалж байсан үе. Бие бялдраа ер нь хөгжүүлэх дуртай, бөх барилдах юмсан гэж бас бодож явдаг байсан.

-Тэгээд яаж явж байгаад сумо руу орчихов?

-Ояагата Монголд очоод сумогийн тэмцээн зохион байгуулсан юм. Гучаад хүүхдээс би сонгогдлоо. Ояагата -”Сумо их хатуу спорт. Хүүгээ явуулчихад зүгээр үү” гэж ааваас асуухад.Танай сумо хатуу ширүүн байж магадгүй ээ. Би хүүгээ хатуу чанга өсгөсөн болохоор хүү минь зугатаж, халшрахгүй байх гэж бодож байна гэсэн гэлээ.

-Сайхан аав байжээ. Хүсч мөрөөдснөөрөө сумо бөх ч болчихлоо. Анх дэвжээнд ороод хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

-Хэл мэдэхгүй л хамгийн хэцүү байсан. Өвдчихөөд яг юу өвдөж, яагаад байгаагаа илэрхийлж чадахгүй, хүний газар өвдөж л болохгүй юм байна гэдгийг их мэдэрсэн. Дээр үеэс л маш хатуу кейко хийлгэдэг дэвжээ болохоор жаахан залхуурвал л ах дүү бөхчүүд муухай муухай хараад л эвгүй байдаг байсан. Хичээхээс л өөр аргагүй байдаг байлаа.

-Ийм хэцүү үед хамгийн их сэтгэл санааг тань өргөж дэм болж байсан юм юу байв аа?

-Монголоос аав ээж хоёроос минь үргэлж захиа ирдэг байв. Өдөр болгон кейкон дараа захиагаа унших хамгийн сайхан байдаг байлаа. “Сайн байна уу. Бие нь сайн уу. Ханиад хүрээгүй биз” гэсэн үргэлж надад санаа нь зовсон асуулт дүүрэн захидал байдаг байв. Би ингэж эжий аавыгаа сэтгэлийг нь зовоож болохгүй юм шүү. Тэр үед гар утас байсан биш. Захиаг нь дахин дахин уншиж, нойлын өрөөнд уйлаад л суудаг байлаа. Одоо тэр захидлууд миний нандин эрдэнэс болсон. Эргээд бодоход захиа гэдэг зүйл мэйл, утаснаас огт өөр нэг нандин сайхан зүйл гэх үү дээ.

-Түүнээс хойш Ёкозуна боллоо. Сайхан гэр бүлтэй. Одоо хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр охин, нэг хүүтэй.

-Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлье гэж боддог вэ?

-Хүүхэд гэдэг бол миний амьдарсны баталгаа болдог. Эцэг эхээс өвлөж авсан амь амьдралын үргэлжлэл. Халуун дулаан хайрыг өвлөн авч, цаашдаа тэр л хэвээр нь үргэлжлүүлээсэй. Хүүхэд болгонд өөрийнх нь амьдрал, хувь заяа бий. Дуртай юмаа хийгээд яваасай л гэж хүсч байна.

-Хүүхэд гэдэг аваргын хувьд ямар оршин тогтнолыг хэлэх вэ?

-Хичнээн ядарч, сэтгэл бие өвдөж байлаа ч хүүхдүүдээ хараад л эв эрүүл болчихдог. Эргээд хүүхдүүдээсээ их хүч, урам зориг авдаг гэх үү дээ.

-Ёкозунаг “Ээжийн хүү” гэж сонссон. Ер нь ээж гэж таны хувьд ямар хүн бэ?

-Эх хүн гэдэг бол хэзээд ч эх хүн байдаг даа. Ээж минь ээжээрээ, хааяа багш, хааяа найз, намайг хамгаалагч амин сахиус, талархаад ч баршгүй их хүндлэлийн оршин тогтнол юм.

-Эцэг гэдэг хүнийг тодорхойлбол?

-Аавыг үгээр илэрхийлж барахгүй нь ээ. Эргэж дахин төрдөг л юм бол энэ ижий, аавдаа хүү нь болж хамт байх юмсан л гэж би хариулна.

-Өдийг хүртэл сумогийн амьдралаар явж байхад өөрийг тань өөрчилсөн үг гэж байдаг уу?

-Ганцхан үгэнд л миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байсан. Нутгаасаа гарахдаа нэг арслан болчихоод л гэж энд ирж байлаа. Гэтэл энэ жижигхэн биеэрээ түрүүллээ. Арслан ч боллоо. Нэг л сэтгэл хангалуун болчихлоо. Озэки болчихоод хоёр дахь жилдээ Кюүшюү башёд найман даваатайгаар төгсгөв. Харамсалтай байсан ч цаашид яахаа мэдэхээ байлаа. Ояагатад дуудагдлаа. “Арайчүү л” качикоши хийж найм давах шив дээ. Ичихгүй байна уу” гэж байна. Хүн зорилгодоо хүрчихээр буурахаас биш дээшээ ахидаггүй юм. Аваргын төлөө зорилго тавьж байж л сайн арслан болно гэлээ. Нүд онгойх шиг болсон юм. Зорилгогүй болчихсоноо тэрхэн агшинд би ухаарч билээ. Ояагатагийн хэлсэн тэр үг л миний гацчихаад байсан гаргалгааг гаргаж, сэтгэл минь өөрийн эрхгүй хөнгөн болж байж билээ.

-Та жижиг биетэй бөхчүүдийн шүтээн, үлгэрлэн дагуулагч. Тэдэнд юу гэж захимаар байна?

-Гол нь сэтгэл л чухал. Сумог чин сэтгэлээсээ хайрлах. Кейког зүрх сэтгэлийнхээ угаас дуртай болж, сэтгэлээ зориулж хийх. Албадлагаар ч юм уу хүчээр дуртай дургүй 100 удаа шикко хийж байснаас чин сэтгэлээсээ аравхан удаа хийхэд л биенд наалдацтай, өөрчлөлт мэдэрнэ.

-Ийм биетэй та өөрөөсөө том аварга бөхчүүдтэй таарахдаа юу бодож барилддаг вэ?

-Мэдээж золгоо. Магадгүй би хамгийн хөнгөн жинтэй бөх байж болох ч сэтгэлийн хувьд хамгийн хүнд бөх юм шүү гэж дохёон дээр гардаг. Сэтгэлээрээ бол хэнд ч ялагдахгүй шүү гэж учраа бөхтэйгээ тулдаг.

-Ёкозуна байхын хариуцлагыг юу гэж боддог вэ?

-Нэг их түвэгтэй бодоод байдаггүй. Өөрийнхөөрөө байх л их чухал гэж бодож байна. Ёкозуна ч гэсэн хүн шүү дээ. Аварга гээд л нэг тийм онцгой юунд ч дийлдэшгүй хүчирхэг гэсэн үг биш шүү дээ. Зөв л амьдарч, зөв бодож, ёс зүйн өндөр хэм хэмжүүртэй байхыг хэлэх болов уу. Мэдээж түрүү, дэд түрүү авч тодорхой хэмжээний амжилт, үзүүлэлтүүдийг үлдээх нь ёкозуна байхын хариуцлага гэж бодож байна.

-Харумафүжи аваргын нүдээр Хакухо аварга яаж харагддаг вэ?

-Яг л байгаагаараа. Аварга байх бүх л нандин чанарууд бүрдсэн. Сумог хайрладаг. Юун түрүүнд тэр хүчтэй. Нэг гал болохоор бид хамт кейко хийж, барилдаж ноцолдож, хамт дээшээ явсан. Түүнийг давахгүйгээр би түрүүлж чадахгүй. Сэтгэлээрээ л би түүнд ялагдахгүй юм шүү гэж байнга боддог.

-Ганцхан насны зөрүү, хар багаасаа л хамт дотно нөхөрлөсөн хоёр ёкозуна болоход та хоёрын дунд харилцаа өөрчлөгдсөн үү?

-Дээр үед ч одоо ч хаа нэгтээ яагаад ч юм өрсөлдөгч гэдэг утгаараа хоёулаа уулзахаар нэг их яриад байдаггүй юм.

-Хамгийн сүүлд нь асуухад ойрын зорилтоо хуваалцана уу?

-Үргэлжлүүлэх явдал. Сумо бөх иднэ, унтаж амарна. Нэг өдрийн зөв хэмнэл маш чухал. Сумогийн замаар тэр чигээрээ, шулуухан явмаар байна. Намайг дэмждэг, хайрладаг хүн болгонд сайн бөх байж ачийг нь хариулмаар байна.

ОРЧУУЛСАН Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ В.ДАВАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *