Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны есөн давхар, угсармал 32 дугаар байрны дээврээс өчигдөр хүн үсрэхийг завджээ. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, иргэн 22 настай, эрэгтэй М согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн 14 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, түүнийг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.