1980 оны дунд үеэс Монголын түүхэн уран сайхны “Мандухай цэцэн хатан” киноны Алтжин хатны дүрээр олны танил болж үзэгчдийн дунд шуугиан тарьсан нэгэн жүжигчин бүсгүй байдаг. Түүнийг Намсрайн Отгонтогос гэдэг ч монголчууд “Алтжин хатан” хэмээнэ. Монголын анхны түүхэн кино “Цогт тайж”-ийн дараах түүхэн баатар эмэгтэй Мандухай цэцэн хатны гол дүрээс дутахгүй олныг шуугиулсан Алтжин хатан гэж хэн бэ? Мандухай хатны цухлыг хөдөлгөсөн дүр бол Алтжин хатан. Мандуул хааны Их хатан Юнгэний дүү Алтжин хатан хаанаас гараад ирэв? Тухайн үед ёстой л хэн хүнийг гайхшируулсан дүр билээ. Энэхүү Алтжин хатны дүрийг чадварлаг бүтээсэн залуу гоо бүсгүй бол одоо миний уулзан ярилцаж байгаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Намсрайн Отгонтогос юм. Алтжин хатан хаа явна гэж Монголын үзэгчид эрж сурсаар байна. Алтжин хатан ч нээрэн хаана явна вэ? Олон жил нам гүм яваа жүжигчин Н.Отгонтогостой шинэ театрын, шинэ жүжигт тоглохоор бэлтгэл хийж байхад нь уулзлаа.
Нэг. Алтан тайзыг шууд цэвэрлэдэггүй, цэвэрлэгч нь ч зэрэг зиндаатай байдаг
-Жүжигчин хүний адис авшиг оршсон газар бол театр буюу Урлагийн сүм билээ. Та нэлээн олон жилийн хойно тайзандаа гарч байгаа гэв үү?
-Урлагийн замд гараад 40 жилийг туулжээ. Театрын алтан тайзанд гаралгүй 20 жил өнгөрчихөж. Хүмүүс ч мартаа биз дээ бараг. Тайзанд л гараагүй удсанаас биш би ч кино дэлгэцэнд хааяа гарч, сүүлийн жилүүдээ Монголынхоо кино урлагт зориулсаар л яваа. Киноны ард нэлээн их юм хийж бүтээж байгааг маань хүмүүс мэдэхгүй л дээ. Харин тайзанд гарч ирэх болсон нь залуу жүжигчин дүү нарын буян. Дүү нар уриад л гэнэт том дүр бүтээх үүрэг өгчихлөө л дөө. “Монгол театр” гэж шив шинэ тайз нээж байна. Энэ тайзан дээрээ дэлхийн сонгодог жүжиг эхлэн тавих гэж байна. “Монгол театр”-ыг үүсгэн байгуулагч нь манай залуу жүжигчин Н. Баярмаа, УДЭТ-ын найруулагч А.Чингүүн, Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дарга Э.Идэрболд гэж гурван залуу. Энэ шинэ театрыг байгуулсан залуус маань нийслэлийн “Улаанбаатар” театрт байрлаж дэлхийн агуу хаан Клеопатра их хатны тухай шинэ жүжиг хийж байгаа. Намайг энэ том сонгодог жүжгийнхээ гол дүр Клеопатраг өсгөсөн асрагч эхийн түүхэн дүрд тоглохыг урьсан. Английн жүжгийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Бэрнард Шоугийн ” Цезарь Клеопатра ” жүжгийн зохиол дээр нь гардаг асрагч эх Фтатитита. Энэ дүр бол Клеопатраг хатан болгохын төлөө, улмаар дэлхийн хаан болгохын төлөө амь насаа өгөхөөс ч буцахгүй байдаг асрагч эхийн дүр юм. Клеопатраг Дэлхийн агуу хаан болгоход тусалсан асрагч эх нь гэсэн үг. Клеопатра хаан бол дэлхийн анхны эмэгтэй хаан. Бас Клеопатрагийн дүр бол дэлхийд ч маш алдартай. Яагаад энэ эмэгтэйг дэлхийн хамгийн хүчирхэг хатан хаан болгов оо. Египетээс гадна зэргэлдээ Ромын эзэнт гүрний хаан болохыг хүсч түүндээ хүрдэг. Энэ их хүчирхэг эмэгтэйг өсгөсөн хүн гэхээр түүнээс хавь илүү эмэгтэй гэсэн үг байх нь ээ? Энэ бас их ээдрээтэй дүр. Клеопатра өөрөө их ухаантай, сэргэлэн цовоо, их олон хэлээр ярьдаг хүн байсан байгаа юм. Клеопатрагийн дүү нь хаан болох байсан. Гэтэл тэр дүүгээ түлхэж хаяад өөрөө хаан болсон.
-Клеопатрагийн сүүдэр, нөгөө талаас зүрхэнд нь шингэсэн шахуу ийм асрагчийн дүр шдээ, тийм ээ. Энэ дүрийг бүтээж, та тайзан дээрээ эргэн ирнэ гэдэг бол танд ч бас сонин онцлог болж байгаа болов уу?
-Онцлог болж байна. Ер нь би 2005 оноос хойш тайзан дээр гараагүй. Тийм амар биш. Дүү нар надад итгээд сонгодог жүжгэнд урьсанд маш их баярлаж байна. Уран бүтээлчидтэй ажиллаж байсан тэр туршлага гэх юмуу эргэж сэргэж байна л даа. Хэрвээ өмнө нь тайзны урлагт хүчээ өгч ажиллаж байгаагүй байсан бол энэ жүжигт ажиллахад маш хэцүү байх байсан. Гэтэл энд ажиллахад яалт ч үгүй театр суурьтай байсан хүн учраас болж байна. Эхлээд би нэлээн айж эмээж, нас ахисан хойно тайзанд гарахад яадаг бол гэсэн зовнил байсан. Гэтэл залуу уран бүтээлчидтэй ажиллаад ирсэн чинь бүх юм сэргээд аягүй сайхан болчихлоо. 20 жилийн өмнөх байтугай хоёр жилийн өмнө ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрж, урамтай сайхан байна. Тайз бол их өндөр хариуцлага шаарддаг. Энэ жүжгийг босгох гэж Боловсролын их сургуулийн түүхийн ухааны тэнхим, утга зохиолын багш нартай хүртэл уулзаж судалгаа хийж, ажиллаж байгаа. Энэ жүжиг нөр их хөдөлмөр, маш их судалгаа шаардсан бүтээл. Энэ жүжиг бидний хуучин цагаас илүү техник технологи хөгжсөн үеийнх. Техник технологийн шинэ эрин үетэй зохицож ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Жүжгийн онцлог нь олон зууны өмнөх зохиолчдын түүхэн туульсын бүтээл, тэр хоёр том зохиолчийн тусдаа хоёр жүжгийг нийлүүлчихсэн. Эдгээр зохиол нь хоорондоо бүтэн зуун жилийн зайтай. Тийм түүхэн туульсын жүжгийг нэг болгон босгоно гэдэг бол их зориг. Намайг орж ирэхэд залуус Бэрнард Шоу, Шекспир хоёрын зохиолыг нийлүүлээд бэлдчихсэн байсан. Зохиолын задаргаа дээр дүрүүд зохицох нь уу, үгүй юу гэдэг дээр маш их ярилцсан. Эхний хэсэг бол Цезарь Клеопатра хоёрын хайр сэтгэл, дараагийнх нь Антони Клеопатра хоёрын хайр сэтгэл гардаг. Энэ нь зөрчилдөх юмгүй зохицож байгаа нь жүжгийн онцлог.
-Таны бүтээж байгаа асрагч эх Фтатитита бол Бернард Шоугийн зохиол дээр эмгэнэлт дүрээр гардаг. Клеопатра чинь асрагч эхийгээ алдаг биз дээ. Амийг нь егүүтгээд л. Гэтэл энэ жүжиг дээр арай өөрөөр тавигдаж байгаа гэсэн?
-Энэ жүжиг дээр Клеопатра асрагч эхийгээ алахгүй. Тэр нь онцлог болж байгаа байх.
-Таны хамгийн анхны тайз хаана байсан. Аль тайзанд хэдэн настайдаа гарч байсан бэ?
-Би чинь эхлээд цэвэрлэгчээр ажилд орж тайз руу ойртсон сонин түүхтэй. Улсын хүүхэлдэйн театрын дарга Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсон гуайгаар хэлүүлж байж Улсын драмын театрт цэвэрлэгчээр ажилд орж байлаа. Жүжигчний анги сургууль таараагүй үе таарсан болохоор л театрын цэвэрлэгч ч болсон хамаагүй хиймээр санагдсан.
-Цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлсэн гэхээр чинь театрын алтан тайзыг шүүрдээд цэвэрлэх их л гоё байх даа гэж бодогдож байна шүү?
-Би цэвэрлэгч болохын тулд Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсон гуайгаар хэлүүлж цэвэрлэгч болж байлаа. “Чи юм хийж чадах юм уу?” гэж асуугаад тэр үеийн боловсон хүчин Дагвадорж гэж хүн намайг авахгүй гэхэд нь Чойсон даргаар яриулж байж цэвэрлэгч болсон нь тэр л дээ. Эхлээд өлгүүрийн хэсгийн подволыг цэвэрлэдэг байлаа. Тэгээд арай дээшээ ахиад жүжигчдийн өрөөг цэвэрлэдэг болсон. Цэвэрлэгч ч гэсэн зэрэг зиндаатай. Гэвч гурван сарын дараа би цэвэрлэгчээсээ хөөгдсөн юм. Пионерын байгууллагын шинэ жилийн арга хэмжээн дээр жүжигчин Баасансүрэн гэдэг залуутай хамт хөтлөгч хийх гэж явж байгаад, нөгөө Дагвадорж даргадаа баригдаад, ажлын дундуур халтуур хийлээ гээд цэвэрлэгчээсээ хөөгдсөн. Цэвэрлэгч бол уг нь 280 төгрөгийн цалинтай, үйлчлэгчээсээ ч доогуур ажилчин шүү дээ.
Хоёр. “Мандухай цэцэн хатан” киноны Алтжингийн хэсгийгзөвхөн надад зориулж бичсэн гэдгээБалжиннямнайруулагч сүүлд нь хэлсэн…
-Цэвэрлэгчээсээ хөөгдөөд яав. Алтан тайз шүүрдэх байтугай ажилгүй болчихоор чинь хэцүү дээ?
-Баларсан л даа. Өнөөх Чойсон гуай дээрээ очиж Улсын хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчин болсон. Анхны дүр бол Улсын хүүхэлдэйн театрын “Алладины шидэт дэнлүү” жүжгийн гол дүр Бүдүрт тоглосон.
-Таныг тайзны ард шахуу туслан жүжигчний маягтай ажиллаж байхад дэлгэц рүү хэн уруу татсан бэ?
-Би цэвэрлэгчээс хөөгдөөд бүтэлгүйтсэн нь аз болсон ч юмуу гэж одоо бодогддог. Дагалдан жүжигчин болж суга ахисан. За тэгээд аз од улам гийсэн дээ. 1985 оны зургадугаар сард алдарт Д.Жигжид найруулагчийн анхааралд өртсөн дөө. Д.Жигжид найруулагч Ш.Нацагдоржийн “Мандухай” романыг кино болгон найруулах гэж байж. Монголын олон гоё охид, хүүхнүүдтэй киноны пробонд орсон. Азаар Алтжин хатны дүрд тэнцсэн юм. Кино үйлдвэрт очиж проб өгөөд гарч явахдаа “Тунгалаг тамир” киноны Дулмаад тоглож алдаршсан Дэлгэржаргал эгчтэй таарсан. Дээгий эгч охиноо Алтжингийн дүрд проб өгүүлээд явж байж. Тэр үед намайг Ж.Бунтар найруулагчтай танилцуулав. Дэлгэржаргал эгч Дарханы театрын жүжигчин байлаа. Намайг жүжигчин болоход их нөлөөлсөн хүн бол Дэлгэржаргал эгч байхгүй юу. Би чинь наймдугаар ангиасаа урлагийн гоо зүй судлаад эхэлсэн хүүхэд байсан юм. Дэлгэржаргал эгч ч “Жүжигчин болсноос судлаач болсон нь дээр” гэдэг байлаа. Гэвч Дэлгэржаргал эгч Ж.Бунтар найруулагчтай танилцуулсан чинь бүр өөр боломж гарч ирсэн. Ж.Бунтар найруулагч “Алив павилон руу буцаж оръё. Би чамайг нэг кинонд пробдоод орхие” гэсэн. Тэгээд “Ирж яваа цаг” кинонд пробдоод. Тэгсэн чинь өнөөх кино чинь “Мандухай цэцэн хатан”-аас өмнө хийгдээд үзэгчдэд хүрлээ. Өвөрхангайн Бүрд суманд гурван сарын турш кино зурганд явж байлаа. Тэгээд л “Ирж яваа цаг” кинонд анхныхаа дүрийг бүтээсэн. Нэгдлийн даргын дүү охин Солонгын дүр.
-Тэр дүр чинь хотын охины дүр байсан бил үү?
-Тийм, хотын охины дүр. Гэхдээ жаахан сурлага муутай, сургуульд тэнцэж чадаагүй эрх танхи охины дүр. Тэгээд мал дээр гаргая, амьдрал үзүүлье гэж эрх дураараа охиныг говийн малчин Шадавынд авчирч дүүгээ хөдөөгийн ажилд сургаж буй дүр л дээ. Тэнд л гэрт өсөөгүй хүн чинь ёстой хөдөөний охин болсон доо. Тэр кинон дээр хонины гэдэс арилгаж сурч байлаа. Морь унаж сурлаа. Гүү, үнээ саахыг сурлаа. Хөдөөний охин болохын тулд их юм хийж сурсан. Анхны киноны дүрээс сурсан зүйл одоо ч миний амьдралд их хэрэг болж байна. Монгол гэрийн хөшгийг ч мэддэггүй байлаа шүү дээ. Миний анхны дүр бол тэр.
-Та тэгэхээр бараг хоёр ч киноны дэндүү өөр дүрийг зэрэг шахуу бүтээж жүжигчний гараагаа их л сонирхолтой эхэлсэн юм байна. Эхний энгийн охины дүрээс туульсын том киноны Алтжин хатны дүр рүү ороход сонин байжээ. Батмөнх даян хааны өврийг хөвсөлзүүлээд, үзэгчдийг өндөлзүүлж байсан дүр чинь таныг ёстой л од болгосон биз дээ?
-Ёстой сонин л доо. Аз, эз зэрэгцсэн юм болсон. Мандухай хатны киног Д.Жигжид найруулахаа болилоо гээд бөөн юм болсон л доо. Тэр үед олон дүр солигдсон ч миний дүр солигдоогүй нь харин аз гэх үү. Найруулагч нь Б.Балжинням болжээ. Жүжигчдээ шинээр сонгож байгаа л гэсэн. “Ирж яваа цаг” киноны дуу оруулалт дээр байж байсан чинь Б.Балжинням дуудсан. Надад зузаан зохиол өгөөд чи энэ зохиолыг унш гэлээ. Би “Хэний дүрийг унших вэ” гэхгүй юу. Тэгсэн чинь Мандуул хааны хөгшин хатны туслах шивэгчиний дүрийг унш гэлээ. Уучлаарай! Би тэгвэл уншихгүй ээ гээд зохиолоо буцаагаад өглөө. Тэгсэн чинь Балжинням уурлаад “Чи хатны дүр болохоор уншаад, шивэгчний дүр болохоор уншдаггүй хүн үү?” гэхээр нь би “Тийм ээ” гээд гүрийгээд зогсоод байлаа. Тэрийг бодохоор би тэр үед ямар ч зоригтой байсан юм. Яагаад ч тэгээд хэлчихсэн юм гээд гайхдаг. Дараа нь харин магадгүй тэгж гүрийснээрээ Алтжин хатанд тоглох эрхээ улам ч баталгаажуулсан санагддаг. Мандухай кинондоо л намайг ямар ч байсан авч үлдэх хөшүүрэг нь болсон байх. Бүр сүүлд Б.Балжинням найруулагч “Тогос оо, чи мөн ч сонин шүү. Энэ кинонд орохын тулд хүмүүс шивэгчин ч болтугай тоглоё гээд зүтгэж байсан. Гэтэл чи дүр голоод зогсож байсан хүн шүү дээ” гээд намайг шоолоод байдаг байсан юм. Тэр бүү хэл Батмөнх хааны өвөрт нүцгэн ордог хэсгийг өөрөө нэмж бичээд кино зургийг авсан юм байна лээ.
-Алтжингийн дүрд их олон охин, бүсгүй шалгуулсан гэсэн дээ…? Олон ч хүн чамд тусалсан гэдэг байх аа?
-Өө нээрэн тийм. Ганц Алтжингийн дүрийг кинондоо авч үлдэх гэж найруулагч Балжинням гуай ч их зовсон байдаг. Хатуу хяналт, хаалттай цагт хүүхнийг нүцгэлж хааны өвөрт орууллаа гээд л…Кино гарсны дараа ч түүхчид, урлаг судлаачид ч уурлаад л…үзэгчид дуртай байсан ч үзэл сурталд болохгүй гэцгээгээд л… Ер нь Алтжингийн дүрийг нийгмээрээ л сайн муугаар хэлэлцсэн үе байдаг. Монголын кинонд гарч байгаагүй халуун хөнжлийн явдлыг авч үлдэх гэж Балжиннямд хэцүү л байсан байх. Гэвч авч үлдэж чадсан. Харин надад бол гол дүрийн Мандухайд тоглосон Н.Сувдаа эгч их нөлөөлсөн шүү дээ. Бүр намайг анх пробонд ороход л Н.Сувдаа эгч тусалсан байдаг юм. Учир нь “Оготны нүхэн дэх сувд” гэгчээр та нар гадуур өөр хүүхэн хайж цаг алдаад яах вэ. Хүүхэлдэйн театрт нэг сайхан охин бий. Тэр охиныг очоод үзээтхээч ээ гээд байж. Гавьяат жүжигчин Баяжихын Пүрвээ гуай ч үүнийг батлан ярьж байсан шүү. Сүүлд хоёрхон л охин үлдлээ гэж ярьцгаагаад. Тэгсэн чинь би Ж.Батцэцэг эгчтэй тунасан байсан. Ээ Дарь эх минь гэж. Тухайн үед Ж.Батцэцэг чинь олон кинонд тоглосон жинхэнэ од болчихсон жүжигчин шүү дээ. Олон охин дундаас шалгарч үлдсэндээ их баярласан шүү. Хамгийн гоё нь намайг сайхан төрүүлж өгсөн аав ээждээ илүү баярласан. Гоо сайхан төрүүлнэ гэдэг чинь аав ээжийн л ач гавьяа шүү дээ ер нь.
Гурав. Шавьгүй шүү дээби, кастингийн найруулагч буюу Дүр сонголтын найруулагчаар ажиллаж олон сайхан жүжигчдийгкиноны од болгосондоо бахархдаг
-Алтжингийн дүр бол тухайн үед Мандухайгаасаа ч илүү олны анхаарлыг татаж нийгмийн хурц сэдэв болсон шүү дээ. Та ч их зоримог байж дээ?
-Тухайн үе чинь социализмын оргил цаг байсан. Тэр хаалттай нийгэмд хүн нүцгэлээд гараад ирнэ гэдэг чинь найруулагчийн л мундаг шийдэл байхгүй юу. Найруулагч тэр хэсгийг хамгаалж, тасдуулахгүй авч үлдсэн. Тухайн үед олон шалгуураар ордог байсан шүү дээ. Одоо бол би Б.Балжинням найруулагчдаа баярладаг юм. Зохиол дээрээ нүцгэлнэ гэж бичээгүй. Найруулагч өөрөө л зориуд тэр хэсгийг гараараа нэмж бичиж байсан юм билээ. Амарбаясгалант хийд рүү байгалийн зураг авахаар явахад Балжинням найруулагч гар бичмэлээ надад өгсөн. Одоо тэр гар бичмэл нь надад байгаа. “Алтжин буюу Отгонтогост дурсгав” гэж бичсэн байдаг юм.
-Та бол дагалдан жүжигчнээр эхэлж ажилласан хүн. Уран бүтээлдээ голдуу туслах дүрүүдийг бүтээсэн байна. Гэхдээ туслах гээд жижигддэггүй, хүнд их хүрдэг байсан. Үүний учир юу вэ?
-Энэ асуултын хариултыг би өгмөөргүй байна. Намайг дүрдээ сонгож авсан найруулагч нар маань хариулаасай гэж би хүсч байна. Даанч бурхан болцгоож дээ. Миний ээж надад хэлж байсан. “Миний охин Тунгалаг тамирын Дулмаа шиг их сайхан эмэгтэй дүрийг бүтээж болохгүй юу гэж асууж байсан юм. Дүрийг би сонгодоггүй. Найруулагч нар дүрдээ тохирох жүжигчнээ сонгодог учраас энэ асуултад хариулахад хэцүү л юм байна.
-Жүжигчний үнэмлэхээ өвөртлөөгүй жүжигчин, үнэмлэх дипломоо өвөртөлсөн жүжигчин гэж байдаг. Таны хувьд диплом өвөртлөөгүй байхдаа л кино дэлгэцэнд мөнхөрсөн. Үнэмлэхээ аваад жүжиглэх, үнэмлэхгүй жүжиглэхийн ялгаа танд мэдрэгдэж л байсан байх даа?
-Би бол ерөөсөө багшийг шүтэж амьдардаг. Миний анхны багш бол Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр. Их сонин. Намайг цэвэрлэгч байхад Оросын нэрт зохиолч В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийг драмын театрт тавигдаж байхад нь би Гантөмөр жүжигчинд суфлер буюу үг сануулагчийг хийж өгч байлаа. Дараа нь СУИС-ийн анхны элсэлт авахад шалгалт өгч тэнцсэн. Манай ангийн багшаар Ц.Гантөмөр ажилласан. Тэр том хүний гарынх нь шавь гэхээр бахархалтай байдаг. Юм гэдэг тийм л учир ерөөлтэй юм билээ. За тэр үнэмлэхтэй байх, байхгүй гэдэг бол хүн өөрөө л мэдэх хэрэг. Хүн өөрөө л хөдөлмөрлөж л чадах юм бол үнэмлэх дипломны хэрэг нэг их байхгүй дээ. Жүжигчин болно гэж зүтгэсээр байгаад, кино драмын шалгалтад хоёр удаа унаад, гурав дахь дээр нь би тэнцэж байсан. Ц.Гантөмөр багш маань ч “Жүжигчид гэлтгүй хүн бүхэн алхам тутамдаа суралцаж байдаг” гэж хэлдэг байсан. “Хэн надад дүр өгөх вэ гэж хүлээж суухын оронд би юу хийх вэ, уран бүтээл дээр нь яаж туслах вэ?” гэж бодож олон жил өөрийгөө дайчлан огтхон ч завгүй өнгөрүүлсээр өнөөдрийг хүрлээ.
-Та багшийг шүтдэг гэж түрүүн ярьсан. 40 жил урлагт зүтгэхдээ олон шавьтай болсон байлгүй дээ?
-Шулуухан хэлэхэд, Кастинг найруулагч буюу дүр сонголтын найруулагч хийж байгаа. Урлагийн ямар ч сургуульд багшилж үзээгүй. Сүүлийн үед киноны дүр сонголтын найруулагч хийж байгаа. Энэ бол киног бүтээх гол дүрийг сонгож олж өгдөг гэсэн үг. Гол дүр болон туслах дүрүүдийг ч сонгоход тусална. Энэ их нарийн чимхлүүр ажил. Ёстой л туршлага зааж хийдэг гэхэд болно. Та санаж байвал манай нам төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх гуайн тухай “Бүү март” гэж кино байдаг даа. Тэр киноны Улс төрийн товчооны гишүүд, Сайд нарын зөвлөлийн гишүүн сайд нарын дүрийг би сонгож өгсөн. Бүгдээрээ их адилхан хүн олж дүрээ сайхан бүтээсэн. Тэр түүхэн бодит хүмүүсийн дүрийг сонгоход би өөрөө тэр дарга нарын үед амьдарч байсан болохоор сайн мэднэ. Тэгэхээр адилхан хүн сонгож олоход амар байсан. Иймэрхүү маягаар кино дэлгэцийн дүр сонгох чухал ажил байдаг юм. Сүүлийн шинэ тутмын олон киноны дүрийг сонгож, олж өгч байна. Яг тулсан гарын шавь гэж надад байхгүй. Тэд нар намайг багш гэдэггүй, би ч тэднийг шавь гэдэггүй. Уг нь намайг багш аа гэвэл баярлах л байх.
-Шохой бариад хичээл заасан багш ч бий, тэгж заагаагүй багш ч гэж байдаг шүү дээ. Та тэгэхээр амьдралын их сургуулийн багш болж таарах нь?
-Тийм байж болох л юм. Сүүлийн олон шинэ жүжигчнийг нээж өгснөө бодвол яг л таны хэлсэн шиг юм. Киноны дүр сонгохдоо намайг урьж дуудан кинондоо ажиллуулдаг уран бүтээлчдэд би их баярладаг шүү. Миний гаргаж ирсэн жүжигчдээс Улсын драмын театрын Шинэбаяр гэж залуу бий. Түүнийг анх нээж өгсөн, мартаагүй л байх. “Богд хаан” киноны Дондогдулам хатанд олж тоглуулсан Б.Батсумъяа гэж байгаа. Энэ мэтчилэн олон залуус жүжигчний гараагаа эхлүүлснийг санаж байгаа биз ээ. Олон кино гадаадын кино наадамд амжилттай оролцсон. Ганцханыг жишээлэхэд “Худалдагч охин“ кино 16 кино наадамд оролцож найман Гран приг авсан байдаг.
-Та төрүүлж өсгөсөн аав ээжээ дурсвал…
– Миний аав Алтанхуягийн Намсрай гэж насаараа Худалдааны байгууллагад ажиллаж байсан даа. Дархан хот байгуулагдахад л ирж ажилласан. Ээж маань Гэндэнпилийн Жамбаа гэж насаараа цэцэрлэгийн тогооч хийсэн. Аав ээж минь есөн хүүхэд төрүүлж өсгөн бүгдийг дээд боловсролтой хөдөлмөрч сайхан хүн болгосон доо. Дээрээ хоёр ах, зургаан эгчтэй. Отгон дүү намайгаа аавын оронд аав, ээжийн оронд ээж болон тусалсаар уран бүтээлийн ажилд үргэлж дэмжлэг үзүүлсээр байдагт нь баярладаг шүү. Гэр бүлийн хувьд би ганц хүүтэй. Хоёр ач охинтой, бэр минь гэж хүний сайхан охин байдаг. Ханийг маань Л.Батжаргал гэдэг. Найруулагч, бүжигчин бий. Монгол Улсын гавьяат цолтой. Миний орчин тойрон бас л урлагаар амьсгалсан сайхан орчин. Бид үүндээ л жаргалтай амьдардаг.
Ж.БАТСАЙХАН